Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 634

 

                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч  Н.Энхболд,

шүүгдэгч Ж.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ж овогт Ж.О-д холбогдох эрүүгийн 2005004370520 дугаартай хэргийг 2020 оны 6 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-нд Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбоо ашиглалтын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 0 эхнэрийн хамт Төв аймаг Цээл сум 0 дугаар баг Хүүлэй хан гэх газарт оршин суух буртгэлтэй, Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүн нарангийн 0 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй,

         ял шийтгэл: урьд нь 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, уг биелэгдсэн /РД:000000/ Ж овогт Ж.О  

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

  Ж.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбүрд" нэртэй дэлгүүрийн гадна иргэн Д.Б- нь автомашиныхаа хаалгыг онгойлгохоор гэрлийг нь асаан ашиглаж байсан Самсунг Эс-9 маркийн гар утсаа автомашин дээрээсээ авахаа мартан, автомашинаа жолоодон хөдлөх үед унасан гар утсыг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж 600.000 төrрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                      

 

      

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Ж.О- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохиролд 600.000 төгрөг төлсөн гэв.

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтанд "...2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд дэлгүүрийн орчим явж байгаад дэлгүүр орох болоод Баянбүрд дэлгүүрийн гадаа машинаа байрлуулаад уг дэлгүүр рүү орсон юм. Тухайн үед би нөхрийн хамт хадмынхаа гэр рүү явж байсан ба дэлгүүрээс гарч ирээд машиндаа суух гэтэл манай нөхөр машин дотроо түлхүүрээ үлдээчихсэн байна гээд миний утсыг аваад гар чийдэнг нь асаан машины урд талын салхины шилэн дээр тавиад ашиглаж байсан юм. Тэгээд түлхүүрээ аваад би машинаа жолоодон ухраах үйлдэл хийсэн бөгөөд тэр үед манай нөхөр машины хаалга онгойлгож өгсөн хүнд баярлалаа гэж хэлэх гээд явчихсан байсан юм. Тэгээд манай нөхөр ирээд нөхөр машинаа жолоодон хөдлөөд явсан ба дөнгөж хөдлөөд би нөхрөөсөө  утсаа авъя гэтэл манай нөхөр би аваагүй гэхээр нь машин дээрээс уначихсан юм байна гэж бодоод буцаад Баянбүрд гэх дэлгүүр рүү очиж асуутал мэдэхгүй гэж хэлсэн. Баянбүрд дэлгүүр гаднаа хяналтын камертай гэхээр нь уг дэлгүүрийн хяналтын камерыг очиж шүүтэл намайг машин жолоодон ухрах үйлдэл хийж байхад миний машин дээрээс миний гар утас унасан ба уг дэлгүүр рүү орох гэж байсан хүн миний утсыг аваад явж байгаа дүрс бичигдсэн байсан. Миний утсыг авсан хүн дэлгүүрт тооцоо хийхдээ утсаар яриад дансаар уг дэлгүүрийн хүн рүү мөнгө шилжүүлэн тооцоо хийж байсан... Миний гар утас Самсунг Галакси Эс-9 маркийн гар утас байсан юм. 2019 оны 8 сард манай нөхөр БНСУ-д ажиллаж байхдаа төрсөн өдрийн бэлэг гээд авч өгч байсан юм" гэсэн мэдүүлэг /хх-38-39/

 

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээгээр “...Samsung s9 маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 600.000 /зургаан зуун мянган төгрөг/-өөр тогтоолоо...”  /хх-50-51/ гэжээ.

 

       Гэрч Д.Д- мөрдөн байцаалтанд “...Эхнэр Д.Б- гар утасны гэрлийг нь асаагаад машины урд талын шилэн дээр нь тавьсан, тэгээд машинаа онгойлгож дуусаад...машиндаа суугаад хөдөлж явж байгаад эхнэр надаас гар утсаа нэхтэл “надад байхгүй, чи өөрөө аваагүй юм уу” гэж асуухад аваагүй гэж хэлсэн. Тэгээд залгахад дуудаж байгаад унтарсан...” гэсэн мэдүүлэг /хх-40-42/

 

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд “....Хаан банкны 5099103696 дугаарын данс миний данс байгаа юмаа. Тухайн өдөр манай найз Г, О хоёр архины мөнгө шилжүүлээч гэж байсан ба манай аймгийн зүс таних ах Ж.О- над руу залгаад “Баянбүрд дэлгүүрт байна, худалдагчтай нь яриад мөнгийг нь шилжүүлчих” гэхээр би гүйлгээний утга дээр “Ойдов” гэж бичээд тухайн худалдан авсан эд зүйлийнх нь төлбөрийг худалдагчийн данс руу интернет банкаар шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-46/

 

Яллагдагч Ж.О- мөрдөн байцаалтанд“...би гар утсыг олохдоо ганцаараа явж байсан. Намайг гар утас олсон талаар надаас өөр хүн мэдэхгүй. Миний олсон утас нарийхан, гадна гэр нь онгойдог, хавтас гэртэй, гэр нь улаан өнгөтэй байх шиг байсан. Би уг утасны маркийг нь хэлж мэдэхгүй байна. Би олсон гэр утсаа тэр оройноо таксины жолоочид 50.000 төгрөгөнд зарчихсан юм аа. Би Г, О хоёрт архийг нь оруулж өгчихөөд шууд Дэнжийн 1000-руу явсан ба явахдаа суусан таксины жолоочид зарчихсан”  гэсэн мэдүүлэг /хх-47-48/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, ял шалгах хуудас /хх-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О- 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбүрд" дэлгүүрийн гадна Д.Б-гийн унагасан Самсунг Эс-9 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж 600.000 төrрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

        үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ж.О-гийн “...Би олсон гар утсаа тэр оройноо таксины жолоочид 50.000 төгрөгөнд зарчихсан юм аа...” /хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-гийн “...Баянбүрд дэлгүүр гаднаа хяналтын камертай гэхээр нь уг дэлгүүрийн хяналтын камерыг очиж шүүтэл намайг машин жолоодон ухрах үйлдэл хийж байхад миний машин дээрээс миний гар утас унасан ба уг дэлгүүр рүү орох гэж байсан хүн миний утсыг аваад явж байгаа дүрс бичигдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-38-39/, гэрч Д.Д-ын “...машиндаа суугаад хөдөлж явж байгаад эхнэр надаас гар утсаа нэхтэл...залгахад дуудаж байгаад унтарсан...” гэсэн мэдүүлэг /хх-40-42/, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-50-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүгдэгч Ж.О- гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Ж.О-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд Ж.О- гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.  

 

 

 

       Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

       Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

      Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохиролын хэр хэмжээ болон түүний үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

        1.Ж овогт Ж.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Ж.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ