Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 478

 

А.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01407 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Юу Би Эйч проперти ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү 5 884 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу Би Эйч проперти” ХХК-ийн 2014 онд барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороололд байршилтай Хаппи таун орон сууцны хорооллоос иргэн Б.Энхтүвшин, А.Гэрэлтуяа нар 56.64 мкв орон сууцыг 1 мкв 1 880 000 төгрөгөөр захиалж, худалдан авсан. Гэвч дээрх орон сууцны ашигтай талбайг мэргэжлийн байгууллагаар дахин хэмжүүлэхэд Б.Энхтүвшин, А.Гэрэлтуяа нарын худалдан авсан 73 байрны 154 тоот орон сууц нь 56.64 мкв-аас 3.13 мкв талбай дутсан байна. Иймд анх захиалсан орон сууцны нийт талбайгаас дутсан 3.13 мкв талбайн үнэ болох 5 884 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Хаппи таун хотхонд байрлах, 71, 72, 73 тоот барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъянстехник” ХХК, “Ха-кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж, гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014.11.19-ний өдрийн 2014/709 тоот барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Бид хөндлөнгийн компаний талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар “Юу Би Эйч проперти” ХХК-иас 5 884 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гэрэлтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас 109 100 төгрөгийг гаргуулж А.Гэрэлтуяад олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барилгыг 2008 оны 05 сараас эхэлж барьж эхэлсэн бөгөөд тухайн үед Монгол Улсад MNS 6058:2009 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан. Иймд манай ХХК уг стандартыг хэрэгжүүлэх бодит боломж байгаагүй. Харин бид худалдан авагчидтайгаа гэрээ байгуулахдаа орон сууцны м.кв буюу талбайн хэмжээг гэрээгээр тогтоосон юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т талбайн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байдаг бөгөөд үүнд MNS 6058:2009 стандартыг баримтлан талбайн хэмжээг тогтооно гэж огт заагаагүй. Уг орон сууцны захиалсан талбайн нийт м.кв-ийг тооцохдоо хананаас хана хүртэлх хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0.5 хувиар тооцож сууцны нийт хэмжээнд оруулна тооцно гэж харилцан тохиролцсон. Гэвч үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ талуудын гэрээгээр тохиролцсон м.кв тооцох аргачлал нь MNS 6058:2009 стандартад нийцэж байна гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Уг стандартад гадны тагтны хэмжээг 0.3 хувиар тооцохоор заасан байгаагаас үзвэл шууд уг стандартыг хэрэглэх боломжгүй юм. Талбайн хэмжээг тогтоолгох талаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ирүүлсэн хувийн компаниар хийлгэсэн баримтыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй гээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн Инженер Геодизи ХХК-ийн нотлох баримтыг  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож,  хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 167.1.5-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А.Гэрэлтуяа нь хариуцагч Юу би эйч проперти ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр захиалан бариулсан  орон сууцны талбай гэрээгээр тохиролцсон 56,64 м.кв-аас 3,13 м.кв-аар дутсан, өөрөөр хэлбэл ажлын үр дүн гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй доголдолтой байх тул 3,13 м кв-ын үнэ 5 884 400 төгрөгийг буцаан гаргуулахаар  шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2008 онд барьж эхэлсэн барилгад  2009 оны стандартыг баримталж талбайн хэмжээг тооцсон нь үндэслэлгүй, түүнчлэн барилгын өмчлөх эрхийг өөр компаниас шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

А.Гэрэлтуяа, Б.Энхтүвшин нар нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Юу би эйч проперти ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороололд байршилтай Хаппи таун орон сууцны ХД 73 дугаар байрны 2 дугаар орцны 15 давхарт 56,64 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 880 000 төгрөгөөр захиалж бариулсан, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар хүлээлгэн өгч нэхэмжлэгч нар 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр сууцыг  өмчлөлдөө бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ. /х.х-ийн 7/

 

Талууд гэрээндээ “..,захиалсан орон сууцны нийт м.кв-ыг тооцохдоо хананаас хана хүртлэх хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0,5 хувиар тооцож сууцны нийт хэмжээнд оруулан тооцно” гэж тохиролцсон.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй, хэмжилтээр 3,13 м.кв дутуу байх бөгөөд  талбайн хэмжээ дутуу талаар захиалагч буюу нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргаж байгаагүй гэж хариуцагч  маргажээ.

Анхан шатны шүүхээс гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутсан талбайн үнийг хариуцагчаас гаргуулахаар заасан нь зөв боловч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга байшингийн дутагдлын талаар гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах зохицуулалтыг орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдолтой холбоотой маргаанд хэрэглэсэн нь буруу болжээ. Гэвч дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна. 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан байх ба доголдол илрэх, түүнийг илрүүлэх боломжтой эсэхээс хамаарч гомдлын шаардлага гаргах хугацааг ялгаатай тогтоожээ.

Гомдлын шаардлага нь гэрээний нэг тал нөгөө талдаа доголдлын талаар хуулиар тогтоосон журмаар гаргах шаардлага бөгөөд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг мөн хуулийн 349.3 дах хэсэгт заажээ.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа уг гэрээнд бүхэлдээ хамааралтай байхад барилгын ажил гүйцэтгэх гэрээний аливаа доголдлын талаар зөвхөн гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах зохицуулалт хамаарна гэж үзэх нь буруу болно. Барилга байшинг хүлээж авах үед мэдэх боломжтой, илрүүлж болох доголдлын хувьд хуулийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах 6 сар, 1 жилийн хугацаа хамаарах бөгөөд хэрэв бүх доголдолд 3 жилийн хугацааг хамаарна гэж үзвэл ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдол, ашиглалтаас үүсэх доголдлыг ялгаж зааглах боломжгүй, гурван жилийн хугацаанд хүлээж авах үед мэдэх боломжтой, илрэх боломжтой доголдолд хариуцлага хүлээлгэх нь талуудын тэгш байдлын зарчимд нийцэхгүй.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт “Ажлыг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол энэ хуулийн 352.2 дах хэсэгт заасан шаардах эрхээ алдана” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг хүлээж авах үедээ талбайн хэмжээ дутуу гэх доголдлыг мэдэж байсан байдал тогтоогдоогүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэхгүй.

Уг доголдлыг арилгах, шинээр гүйцэтгүүлэх боломжгүй тул захиалагчийн хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 325.2.3-д зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй. Гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээ дутуу учраас зөрүү үнийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулсан агуулгатай, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

  Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд ажил гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн орон сууцны талбай 3,13 м.кв хэмжээгээр дутуу болох нь “Инженер геодези” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсоноор ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл бий болсон байна. /хх-ийн 8-9/

 

Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө” гэж заасан тул орон сууцны талбайн хэмжилт нь МNS6058:2009 стандартад нийцэх ёстой. Инженер геодези ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийг МNS6058:2009 стандартаар тооцсоныг буруутгах боломжгүй.  

 

Нэхэмжлэгч А.Гэрэлтуяа нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдаагүй тул хариуцагч Юу Би Эй проперти ХХК-иас хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/1407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

     Ш.ОЮУНХАНД