Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 05

 

 

 

С.Лхагвасүрэн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир, Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолтой, С.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн 1736000000039 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн

Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг,

Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Эмчийнхэн овогт Цахиуртайн Баярмаа нь С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нар нь бүлэглэн хохирогч Ц.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг, Эмчийнхэн овогт Цахиуртайгийн Баярмаа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг, Эмчийнхэн овогт Цахиуртайгийн Баярмаа нарыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь 450000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баярмаагаас 134500 төгрөг гаргуулж хохирогч Д.Уранбилэгт олгох, шүүгдэгч Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нараас 251800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Баярмаад олгож, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Баярмаа намайг гэм буруутайд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу шүүгдэгч Д.Уранбилэгт хохирол 134500 төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл тус 134500 төгрөгийн эмийн баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж  өгч нотлох баримтын хэмжээнд үнэлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин худалдаж аваагүй эмийг Шимт-Ганга эмийн сангаас хуурамчаар баримт бүрдүүлж анхан шатны шүүхээр үнэлүүлсэн нь мөн бүлэглэн Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нар нь шүүх шинжилгээний шинжээч нарт нөлөөлж шинжилгээг хуурамчаар гаргуулсан байх магадлалтай тул дахин шинжээч томилуулах, хуурамчаар бүрдүүлсэн хохирлын баримтыг шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Баярмаагийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгдэгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдол үндэслэлтэй юм гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Шүүхийн шнижээч эмчийг бусдын нөлөөнд автаж хуурамч дүгнэлт гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Баярмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:  Шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нар нь бүлэглэн хохирогч Ц.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Баярмаа нь С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Баярмаагийн “. . . Шүүх намайг гэм буруутайд тооцон надаас шүүгдэгч Д.Уранбилэгт хохирол 134500 төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн.

            Гэтэл тус 134500 төгрөгийн эмийн баримтыг шүүх хуралдаан дээр гарган өгч нотлох баримтын хэмжээнд үнэлүүлсэн энэ “Шимт-Ганга “ эмийн сангийн эм зүйч Цэцэгээс худалдаж авсан баримт нь хуурамч баримт байсан мөн бүлэглэн Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нар нь 443, 442 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх шинжилгээний шинжээчдэд нөлөөлж хуурамчаар гаргуулсан байх магадлалтай тул дахин шинжээч томилуулах, хуурамчаар бүрдүүлсэн хохирлын баримтыг шалгуулах хүсэлтэй байна “ гэж давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.Учир нь:

            Шүүгдэгч Ц.Баярмаа нь анхан шатны шүүхээс үнэлсэн 134500 төгрөгийн хохирлын баримтыг, хуурамч баримтыг шүүх үнэлсэн мөн Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээч эмч нарын гаргасан 443, 442 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг хуурамчаар гаргуулсан байх тул дахин шинжээч томилуулах талаар гомдол гаргасан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шинжээч эмч нарын гаргасан 443, 442 дугаартай дүгнэлтүүдийг хуурамчаар гаргасан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөн шүүхээс “Шимт-Ганга “ эмийн сангаас авсан баримтаар гаргасан хохирлын 134500 төгрөгийг хуурамчаар авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна дээрх баримтыг хуурамч гэдгийг үгүйсгэсэн  баримт хэрэгт байхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Баярмаагаас 134500 төгрөг гаргуулан Д.Уранбилэгт олгуулахаар мөн шинжээч эмч нарын гаргасан 443, 442 дугаартай С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ц.Баярмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                              Н.МӨНХЖАРГАЛ

 

 

                                                               Б.ДАМБА