Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 20

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суух , Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

      Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Ж.О-ыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,  хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Г, гуравдагч этгээд Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.О нь 2013 оны 01 дугаар сарын 31-ны өдөр Улаангом сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд мөн оны 8 дугаар сарын 30-нд жинхэлсэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ алба хаагч юм. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 16-нд "гадаад улсад мэргэжил дээшлүүлхээр суралцах болсон тул 3 сарын чөлөө олгож өгнө үү" гэсэн хүсэлт бичиж үүний дагуу мөн өдөр Улаангом сумын ИТХ-ын тэргүүлэгчидийн 331 дугаартай тогтоол гарч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 3 сарын чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусч 2018 оны 3 дугаар сарын 01-нд ажилдаа орохоор ирхэд түүний оронд түр ажиллаж байсан Нансалжав нь ажлаа өгөхгүй дарга нартай тохиролц одоо энэ ажлыг би хийнэ гэсэн тул Н.Г даргатай уулзахад чи өөрийн хүсэлтээр ажлаас гар гэхээр нь Ж.О гармааргүй байна анх чөлөө хүсэхдээ буцаж ирээд ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн хийнэ гэж хүсэлт бичсэн гэхэд би цаашид чамтай хамт ажиллахгүй хэрэв чи ажилдаа ороод өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн гэсэн өргөдөл бичиж өгөх юм бол чамайг авч болно гэхээр нь аргагүйн эрхэнд тийм өргөдлийг бичиж өгөөд ажилдаа орсон. Ажил хийж байх үедээ Н.Г даргад ажлаас гармааргүй байна гэж удаа дараа амаар хэлсэн боловч тоохгүй байсаар ажлаас чөлөөлөх болоход нь 2018 оны 4 дүгээр сарын 26- ны өдрийн 15 цагт бичгээр өргөдөл гаргаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн боловч тоолгүй 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Ж.О нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэлт хийлгэхээр аймгийн төрийн албаны зөвлөлд 2018 оны 05 сарын 03-нд хандсан боловч одоо болтол ямар нэг хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Энэ маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн Хуулийн 63.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурал эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, Засаг дарга захирамж гаргана гэсэн заалттай, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга захирамж гаргахгүй, тогтоол гаргаж явах ёстой. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль дээр тодорхой заасан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт гэж үндэслэлэсэн байгаа. Энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай заалт байдаг. Тэгэхээр 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дарамт шахалтанд орж өгсөн өргөдлөөсөө удаа дараа татгалзаад байхад хүлээн авахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэж байгаа нь хууль бус гэдгийг хэлмээр байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлүүдийг дурдсан байдаг. Сонсох ажиллагаа явагдсан ч гэсэн талуудын эрх тэгш оролцоог хангах, боломж нөхцлийг нээж өгөөгүй. Өөрөөр хэлбэл ажлаасаа гарахгүй гэдгээ хэлээд байхад хүчээр ажлаас халж байгаа нь хуулийн үзэл санааг зөрчиж байгаа хэрэг юм. Тийм учраас Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/02 тоот захирамжыг хүчингүй болгож Ж.О-ыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү”гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.О нь намайг ИТХ-ын даргаар томилогдон ажиллах үед сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтран ажиллаж ирсэн болно.

         Ж.О нь 2017 оны сүүлээс надад хандаж амаар хүсэлт тавихдаа би Солонгос улсад гараад 3 сар ажиллаад ирмээр байна гэсэн саналыг тавихад нь миний зүгээс ИТХ-ын ажлын хувьд оны төгсгөл болсон, цаг хугацааны бүх тайлан мэдээ, хуралдаан гээд ажил давхацсан, хүндхэн байгаа үед чөлөө өгөх боломжгүй байна гэж хариуг нь өгч байлаа.

       Улмаар удаа дараа хүсэлт тавиад байхаар нь Ж.О-ыг залуу хүний хувьд нь хүндэтгэн газар үзэж нүд тайлаг гэж бодсоны дээр харилцан ярилцаад Солонгос явах асуудлыг нь тухайн үед зөвшөөрч, Ж.О-тай холбоотой шийдвэрийг гаргах үед өөрт нь цаашид ашигтай хуулийн ямар заалтыг барьж шийдвэр гаргах талаар судлахыг зөвлөж, мөн нөгөө талаас нь ИТХ-ын Тэргүүлэгчийн ажлын байрыг урт хугацаагаар орхих зайлшгүй шаардлага гарч буй тул орны хүнийг нь түр томилон ажиллуулах шаардлагатай байгааг дурдаад Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтын дагуу "Гурван сараас дээш хугацааны сургалтаар /шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан/ бэлтгэгдэх болсон" заалтыг хууль эрх зүйн бусад заалттай нийцүүлэн өөрөөр нь тогтоолын төслийг төлөвлүүлээд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 331 тоот тогтоолоор Ж.О-д 3-н сарын хугацаатай түр чөлөөг олгож оронд нь Д.Н-ыг түр хугацаагаар томилон ажиллуулсан юм.

        ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.О нь Солонгос улс руу явж ирчихээд 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс ажилд орохоор ирэхдээ миний бие цаашид гадаад улсруу дахин явах хүсэттэй байгаа бөгөөд 04 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд виз ерөнхийдөө гарчих байх гэж бодоод өргөдлөө бичиж өгч байна. Учир нь надад ямар нэгэн гэнэтийн гачигдал, зовлон гарах ч юмуу, эсвэл алс хол байх ч юмуу, ийм тохиолдолд энэ хүсэлтийн дагуу намайг байхгүй ч гэсэн нэгэнт өргөдөл өгсөн юм чинь шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, харин би өөрөө байвал тухайн үед өөрийн биеэр Тэргүүлэгчдийн хуралдаанд орж асуудлаа танилцуулаад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх болно гэж хэлж байсан.

        Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ИТХ-ын 5-р хуралдаан хуралдахад Ж.О нь өөрийн биеэр байгаад, өмнө нь өгсөн хүсэлтээрээ Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд, холбогдох тайлбараа хэлж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ зөвшөөрч, хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурсан болно.

    Тухайн хуралдаан дээр Сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн С.Булгамаа "Та яагаад ажлаас чөлөөлөгдөх гээд байгаа юм" гэж асуухад нь Ж.О хариулахдаа "Миний бие нь гадаадад гарч, сурч боловсрох, мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг та бүхэн шийдвэрлэж өгнө үү гэж хариулж байсан юм.

       Дээрх асуулт, болон хариулт нь хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй үлдсэн байна.

      2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаанаар Ж.О-ын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нь хуралдааны хэлэлцэх асуудлын "Бусад асуудал"-ын хүрээнд төлөвлөн оруулж, танилцуулаад улмаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09.20 минутанд Ж.О-тай сонсох үйл ажиллагааг явуулж мөн өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5-р хуралдаанаар Ж.Очирбатыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлж, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Н-ыг томилсон болно.

       Ж.О нь Сумын ИТХ-ын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн ч тухайн сарын цалинг бүрэн олгох өөрийнх нь хүсэлтийн дагуу мөн сарын 30-ны өдрөөр тооцон, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5-р хуралдааны шийдвэрийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/02 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

       Миний хувьд үнэхээр харамсалтай байна. Ж.О-ыг залуу хүнийх нь хувьд маш их дэмжиж ажиллаж байсан.

       Ж.О нь ажилдаа орж удаагүй байж миний өрөөнд орж ирээд “даргаа би дахиад БНСУ-руу явахаар боллоо гэхэд нь би хэлсэн. Би хариуд нь “юу яриад байгаа юм бэ?, Ид ажлын үеэр явж ирчихээд дахиад юу яриад байгаа юм, Төрийн энэ алба чинь хариуцлагатай ажил, хэн ч орлоод явах ажил биш” гэдгийг хэлсэн. Гэтэл ажлаас чөлөөлөгдөөд БНСУ-руу явна гэж хэлсэн. Энэ бол өөрийнх нь сонголт гэдгийг би хэлсэн. Энэ алба бол ажлынхаа хажуугаар харь оронд очоод ажиллаж ирчихээд дахин дахин яваад ажил цалгардуулаад байдаг тийм ажил биш. Төрийн албаар тоглож, тоглочихоод сүүлдээ шүүх цагдаагаар явж байгааг нь гайхаж байна. Сонсох ажиллагаан дээр ч гэсэн ажилдаа орох талаар зүйл яриагүй байдаг. Юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Тэр ч байтугай миний өрөөнд орж ирээд “ажлаас гарсан болохоор тэтгэмжийн мөнгө өгөх боломж байна уу” гэж асууж байсан. Боломжгүй гэсэн хариуг тухайн үед нь хэлсэн ийм л зүйл болсон Энэ асуудалд ямар нэгэн байдлаар улс төржүүлээд намын харьяалал гэх зүйл болоогүй. Ажилдаа орсон 4 сарын хугацаанд Ж.О нь ямар ч ажил хийгээгүй. Бид 4 дүгээр сард хийх ёстой байсан ажлуудыг 5, 6 дугаар сард нөхөж хийсэн байдаг. Мөн нэмж хэлэхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй гэж заасан байдаг бөгөөд үүний дагуу захирамжаа гаргасан.

      Ажлаас чөлөөлсөн захирамжийн хувьд түрүүлж өмнө нь гаргаад гарын үсэг зураад 2018 оны 4 сарын 27-ны орой хотруу машинаар явсан зүйл байдаг. Миний зүгээс нэхэмжлэгчийг дарамталсан зүйл огтхон ч байгаагүй” гэжээ.

       Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие нь Улаангом сумын ИТХ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

    Тухайн албан тушаалаас өмнө нь Улаангом сумын ЗДТГ-ын дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд, Сумын ИТХ-ын даргын зүгээс надад хандан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.О нь Солонгос улс руу 3 сарын хугацаатай яваад ирэхээр хүсэлт тавиад байна.

      Иймд сумын ИТХ-ын хувьд 2017 оны төгсгөлийн хуралдаан болох дөхчихсөн, бэлтгэлийг хангах, тайлан мэдээ гаргах гээд маш их ажилтай байгаа учир, урьд нь энэ ажлыг хашиж байсан хүнийхээ хувьд, дадлага туршлагыг тань харгалзан дээрх ажлыг түр орлоод ажиллах боломж байна уу гэж санал хэлснийг, миний зүгээс зөвшөөрч тухайн үед сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 331 тоот тогтоолоор Ж.О-д түр чөлөө олгож, намайг дээрх албан тушаалд түр томилон ажлуулахаар шийдвэрийг гаргаж, ажлыг хүлээлцүүлсэн болно.

     Энэ хугацаанд миний зүгээс сумын ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг, зөвлөмж чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, хариуцсан ажлыг нь ямар нэгэн доголдол дутагдал гаргалгүйгээр ажиллаж, сумын ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар ИТХ-ын ажилд "Хангалттай" гэсэн үнэлгээг өгсөн болно.

        Нэхэмжлэгч Д.Д нь Ж.О-ыг 2017 оны 11 дүгээр сарын 16-нд гадаад улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцах болсон тул 3 сарын чөлөө өгнө үү гэсэн хүсэлтийг өгч чөлөөний хугацаа дуусахад эргэж ажилдаа орох гэхээр оронд нь ажиллаж байсан Д.Н нь ажлаа өгөхгүй, дарга нартай тохиролц, одоо энэ ажлыг би хийнэ гэсэн тул ИТХ-ын дарга Н.Г-той уулзахад чи өөрийнхөө хүсэлтээр ажлаас гар гэхээр би ажлаас гармааргүй байна гэхэд чамтай хамтран ажилламааргүй байна гэхээр аргагүйн эрхэнд тухайн өргөдлийг бичиж өгсөн тухай нэхэмжлэлдээ дурджээ. Миний бие нь тухайн үед ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд, Ж.О-ыг Солонгос улсаас 2018-02-26-ны өдөр ажлынхаа өрөөндөө ирж надтай уулзаж сум, орон нутаг ИТХ-ын ажлынхаа талаар асууж харицан ярилцаад ажилдаа орохоор ирсэн тухайгаа хэлсэн. Тухайн үед миний зүгээс нэхэмжлэлд дурьдсанаар ажлаа өгөхгүй гэж огт хэлээгүй бөгөөд Улаангом сумын 12 багийн ИНХурал болж, хурлын үеэр гарсан маш олон саналуудыг нэгтгэн түүвэрлэж, холбогдох газарт хүргэх, мэдээлэх, хариуг нь авах, эргэж иргэдэд нь хүргэх, Алдарт эхийн одонгийн 2018 оны материалыг хүлээн авчихсан, түүнийг хянаж, эмхэтгэн аймагт хүргүүлэх зэрэг тулгамдсан ажлууд байсныг дурьдаад яаралтай хугацаанд нь гүйцээгээд өгмөөр байна, түр хүлээнэ үү гэж хэлсэн бөгөөд тэр саналыг зөвшөөрөхгүй болохоор нь 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс тухайн ажлыг өгч, нэр заасан дээрх ажлуудыг Д.Н миний бие өөрөө хариуцан үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгасан болно. Миний зүгээс Ж.О-ын хувьд өөрийнхөө хүүхэдтэй адилхан залуу боловсон хүчин учраас тухайн албан тушаалыг нь авахаар ИТХ-ын даргатай ямар нэгэн байдлаар ашиг сонирхол үүсгэж, тохиролцсон зүйл байхгүй гэдгийг онцгойлон хэлэхийг хүсч байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5-р хуралдаан дээр бид 2-ыг дуудан ирүүлж сумын ИТХ-ын даргын зүгээс Ж.О-ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгааг нь дурьдаад, ЗЗНДНТУТХ-ын 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасны дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх заалтын дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад Д.Н-ыг томилуулахаар саналыг оруулж байна гэдгээ хурлын даргын зүгээс хэлж байсан. Тус хуралдаан дээр Ж.О нь ямар нэгэн гомдол тайлбарыг тухайн үед огт гаргаагүй бөгөөд, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, чөлөөлөгдсөн болон томилогдох албан тушаалтан бидний зүгээс зарчмын ямар нэгэн зөрүүтэй санал огтхон ч гараагүй, ИТХ- ын Тэргүүлэгчдээс бидэнд хандан ажлын амжилт хүсч байсныг би санаж байна. Иймд миний зүгээс ямар нэгэн зөрчил гомдолгүй албан тушаалд очиж байгаа юм байна гэж тооцож эдүгээ хүртэл үүрэгт ажлаа хэвийн явуулж байгаа бөгөөд Ж.О-ын зүгээс өөрийн гараар чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгчихөөд хожим нь эргэж гомдолтой байгаа тухайгаа нэхэмжлэгчээр дамжуулан сүүлд нь гаргаж байгаа нь надад үл ойлгогдох эргэлзээ төрүүлж байгааг хэлмээр байна” гэжээ.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан тус хурлын даргын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Ж.О-ыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Иргэн Ж.О нь Д.Д-д Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад холбогдох эрхийг 1 жилийн хугацаатай итгэмжлэн олгож нотариатаар батлуулсан байх бөгөөд шүүхээс итгэмжлэлийг хуулийн шаардлага хангасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

    Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ,гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

      Ж.О нь маргааны бүхий актын талаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандаж Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 6 сарын 4-ний өдрийн 44 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ж.О ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөөсөө татгалзсан байтал “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргасан нь үндэслэлгүй, мөн хурлын дарга захирамж нэртэй акт гаргах эрхгүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

       Хариуцагчийн зүгээс “Ж.О-ын өөрийнх нь хүсэлтийг үндэслэж 2018 оны 4 сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн ч тухайн сарын цалинг бүрэн олгох өөрийнх нь хүсэлтийн дагуу мөн сарын 30-ны өдрөөр тооцон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 5-р хуралдааны шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн“ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Гуравдагч этгээд Д.Н-ын хувьд Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар тайлбар гаргасан болно.

      Иргэн Ж.О нь анх Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013.01.31-ний өдрийн 05 дугаартай захирамжаар Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013.08.30-ны өдрийн 12 дугаартай захирамжаар Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд жинхлэн томилогдон 2013.10.04-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан байна.

       Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай захирамжинд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 сарын 25-ны өдрийн 04 тоот хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Ж.О-ыг 2018 оны 4 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

       Хариуцагчийн зүгээс Ж.О-ыг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д зааснаар буюу “ өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

        Ж.О нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017.11.16-ны өдөр 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож өгөх тухай хүсэлтийг гаргаж, Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017.11.16-ны өдрийн 331 дугаартай тогтоолоор 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон байна.

      Чөлөөний хугацаа дуусаж Ж.О нь ажилдаа эргэн ирж орохдоо 2018.03.01-ний өдөр “ хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 331 дугаартай шийдвэрээр чөлөө авсан. 2018.03.01-ний өдрөөс ажилдаа эргэн орохоор ирээд байна. Гэхдээ ажил амьдралын шаардлагын улмаас түр хугацаанд ажиллаад ажлаа хүлээлгэн өгөх хүсэлттэй байгаа тул 2018 оны 4 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг хурлын дарга Н.Г-д хаяглан бичжээ.

      Хариуцагчийн зүгээс Ж.О-ыг ажлаас чөлөөлөх болсон талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд 2018.04.25-ны өдөр танилцуулж хуралдаанд оролцсон тэргүүлэгчид Ж.О-д хандан ажлын амжилтыг хүссэн нь тус хурлын 4 тоот тэмдэглэлд тусгагджээ.

       Хариуцагчаас 2018 оны 04 сарын 26-ны өдөр 09 цаг 20 минутанд хурлын даргын өрөөнд Ж.О-тай уулзаж сонсох ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулан саналыг нь сонссон байна. Сонсох ажиллагаа явуулахад Ж.О өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзаж төрийн албыг үргэлжлүүлэн хаших талаараа мэдэгдсэн байх бөгөөд “Би өөрийн өгсөн өргөдлийг судлаж үзээд өргөдлөөсөө би татгалзах  эрхтэй гэдгийг олж мэдсэн.Тиймээс албан ёсоор өөрийнхөө өгсөн өргөдлөөсөө татгалзаж байна” гэх тайлбарыг гаргасан нь сонсох ажиллагааны үед хөтөлсөн тэмдэглэлээр нотлогдож байна.

    Хариуцагчийн хувьд 2018 оны 4 сарын 26-ны өдрийн 17:00 цагт эхэлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд Ж.О-ыг ажлаас чөлөөлөх шийдвэрээ 2018 оны 4 сарын 30-ны өдөр гаргах тухайгаа мэдэгдэж, оронд нь ажиллах хүнийг танилцуулсан байна.

      Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх эрхтэй талаар заасан ба мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлөхөөр заажээ.

      Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийн асуудал байх ба уг эрхээ хэрэгжүүлэх, эсхүл уг эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах нь тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байх юм.

      Хариуцагч нь Ж.О-ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хянан үзэж байх үеэр Ж.О өөрийн гаргасан хүсэлтээсээ татгалзсан байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “ энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” талаарх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хөнджээ.

      Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ж.О-ыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

       Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “ Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн шүүх хуралдаанд гаргасан “Хурлын дарга захирамж гаргах эрхгүй” гэх тайлбарыг, мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.О нь хариуцагчийн дарамт шахалтаар өргөдөл бичсэн гэх нөхцөл тогтооогдоогүй тул энэ талаарх тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

       Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” нь хурлын даргын бүрэн эрхийн асуудалд хамаарагдахаар хуульчилсан ба нарийн бичгийн даргыг чөлөөлөхөд хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр заагаагүй, хурлын даргын өөрийн эрх хэмжээний асуудал байх тул хариуцагийн шүүх хуралдаанд гаргасан “ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийг үндэслэсэн“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдав.

     Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 27 дугаар зүйлийн 27.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ж.О-ыг Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-д  олгосугай.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ