Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

                            

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Н.Уранбайгаль

хохирогч Т.Т-

иргэний нэхэмжлэгч Б.Н-

шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2005012420183 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-нд Увс аймаг Улаангом хотод төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 0, хүүхдийн  хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалантын 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  /РД:000000/ Б овогт Н.Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Ц- нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны шөнө согтуугаар 23 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баруун дөрвөн замын уулзварын урд замд өөрийн эзэмшлийн “Toyota” маркийн “Harrier” загварын 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, мөн дүрмийн 11.14-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Т-ийн жолоодож явсан “Toyota” маркийн “Land Cruiser Prado” загварын 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Т.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.О- эрүүл мэндэд хөнгөн хохирол “Toyota” маркийн “Land Cruiser Prado” загварын 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Н-д нийт 5.345.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ц- шүүх хуралдаанд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ маш их шаналж байна. Хохирогч Т.Т-ийн хохиролд 2.996.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.О-од 340.000 төгрөг, Б.Н-д 5.345.000 төгрөг төлсөн. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг би төлнө” гэв.

 

       Хохирогч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэгт гаргасан баримтын хүрээнд миний хохиролд 2.996.000 төгрөг бүрэн төлөгдсөн учир гомдолгүй.  Ер нь бол би эмчийн хяналтанд байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилмээр байна” гэв.

       Иргэний нэхэмжлэгч  Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “Миний хохирлын 5.345.000 төгрөг бүрэн төлсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

         Хавтаст хэргээс:

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 9-10/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 00 минутад осол болсон гэх газар очиход 00-00 УБУ дугаартай тээврийн хэрэгсэл 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай байв. 00-00 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу байв” гэжээ /хх-н 8/,

 

Хохирогч Т.Т- мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21:50 цагийн үед би Прадо маркийн 00-00 УБД дугаартай автомашинаа жолоодон Төв цэнгэлдэхийн ойр байх Рапид хотхоноос ганцаараа гараад Тэнгис кино театрын арын байрнаас ажлын газрын залуу О-ыг аваад хоёулаа Яармаг орохоор хойноосоо урагшаа чигт баруун 4-н замын уулзвар уруудаад зорчих хэсгийн голын эгнээнд гэрлэн дохион дээр зогсож байсан. Тэгтэл гэнэт маш хүчтэй  миний машины араас юм мөргөж тоос бужигнаад машин тормостой чигээрээ урагшаа яваад зогссон. Би машинаас бууж ирээд хартал миний машины араас Т.Хариер маркийн машин мөргөсөн зогсож  байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан жолооны хүрдэн дээрээ тонгойгоод хөдөлгөөнгүй сууж байсан. Би 102, 103-т дуудлага өгсөн. Тэр жолооч эмэгтэйгээс их архи үнэртэж байсан. Тэр эмэгтэй хэсэг хугацааны дараа машинаасаа бууж ирээд миний буруу, би бүх төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Би ослын улмаас толгойгоороо жолооны хүрдээ мөргөж гэмтээсэн. Түргэний эмч ирээд даралт үзэж гэмтлийн эмнэлэгт очиж зураг авахуулахыг зөвлөөд явсан. Тухайн үед би эрүүл явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/

 

Хохирогч Т.Т-ийн өвчний түүх /хх-ийн 25-30/

Хохирлын баримт /хх-ийн 18-20/

 

Иргэний нэхэмжлэгч Н.О- мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 28-ны орой 22:00 цагийн үед би Тэнгис кино театрын ард байх ээжийнхээ гэрт байхад манай ажлын хамтрагч Т- намайг машинтай ирж авсан. Бид хоёр Яармаг руу барилгын ажил эхлүүлэх гээд баруун 4 зам уруудаад хойноосоо урагшаа чигт гэрлэн дохион дээр зогсож байтал гэнэт миний сууж явсан машины араас хүчтэй юм мөргөсөн. Энэ үед би машины урд суудалд сууж явсан суудлын дэрээ толгойгоороо цохиж гэмтсэн. Би машинаас бууж ирээд хартал манай машиныг Т.Хариер маркийн машин мөргөсөн зогсож байсан. Би Т-ийг 102, 103-т дуудлага өг гэж хэлээд залгуулсан. Энэ үед жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд гуйвж хөл дээр тогтож чадахгүй согтуу байсан. Тухайн үед би эрүүл явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

Иргэний нэхэмжлэгч Н.О-ын хохирлын баримт /хх-ийн 35-36/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Н- мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цаг 20 минутын үед намайг гэртээ байж байхад манай хүргэн Т- над руу залгаж осол болсон талаар мэдэгдсэн. Би яваад очиход цагдаа нар ирсэн хэмжилт хийгээд дуусч байсан. Жолооч эмэгтэйг цагдаа аваад явсан байсан. Би ослын газарт очоод Бодь даатгалын 70004800 дугаарын утсанд ослын талаар мэдэгдсэн. Хүргэн болон хамт явсан О- хоёр толгой өвдөөд байна гэхэд би хамт гэмтлийн эмнэлэг рүү өөрийнхөө машиныг жолоодон явж эмчид үзүүлсэн. Дараа нь цагдаа дээр очиж уулзсан. Маргааш нь Мөнххада дээр очиж сэлбэгийн үнэлгээ гаргуулаад дараа нь улсын үнэлгээний газраар автомашиныхаа эвдрэлийн үнэлгээ гаргуулсан. Үнэлгээ гаргуулахад буруутай жолооч эмэгтэй хүргэнтэй хамт явсан. Үнэлгээгээр автомашины хохирол 5 сая 345 мянга төгрөг гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

Итгэлт Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 43-45/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4200 дугаартай дүгнэлтэнд “Т.Т-ийн биед хүзүүний С5-р нугалмын их биеийн доод гадаргууд зөрүү багатай хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-ийн 53-54/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4201 дугаартай дүгнэлтэнд “Н.О-ын биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-ийн 56-57/

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 277 дугаартай дүгнэлтэнд “Т.Харриер маркийн 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэргэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11 дүгээр бүлгийн 11.14 дэх заалт “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Т.Прадо маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй, замын гэрэлтүүлэг явган хүний гарцын гэрэл дохионы ажиллагаа хэвийн тул уг осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй, хавтас хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно” гэжээ /хх-ийн 60/

 

 

Яллагдагч Н.Ц- мөрдөн байцаалтад: “Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өглөө гэрээсээ гарч найзуудтайгаа Чингэлтэйн зүрх ууланд гарч алхалт хийсэн. Өдөр 15 цагийн үед найз дуудаж Тэнгис кино театрын орчимд байх айлд очсон. Тэнд найзуудтайгаа архи уусан. Хоорондоо маргалдаж би орой 23 цагийн үед харихаар ганцаараа гарсан. Байрны гадаа зогсоолд тавьсан өөрийн эзэмшлийн Т.Харриер маркийн 00-00 УБУ дугаартай автомашинаа жолоодон баруун 4 замын уулзвараар хойноосоо урагшаа чигт уруудан явахдаа гар утсаараа ярьж явтал гэнэт түс хийх чимээ гарч би урдаа зогсож байсан машины араас мөргөсөн байсан. Урд машинаас 2 залуу бууж ирээд эгч ээ та яаж байгаа юм бэ гэсэн би яанаа эгчийгээ уучлаарай гэж хэлсэн. Багаж үлээсэн 2.25% согтолттой гарсан. Хохирогч Т-ийн эмчилгээний зардалд 665.000 төгрөг, хохирогч О-ын эмчилгээний зардалд 241.000 төгрөг нийт 906.000 төгрөг баримтын дагуу одоогоор зарцуулсан байгаа. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би бусдад учруулсан хохирлоо барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  73/, ял шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Ц- нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны орой согтуурсан үедээ 23 цаг 25 минутыг орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баруун дөрвөн замын уулзварын урд замд өөрийн эзэмшлийн “Toyota” маркийн “Harrier” загварын 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан...согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 11.14-т заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондоо болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Т-ийн жолоодож явсан “Toyota” маркийн “Land Cruiser Prado” загварын 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Т.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.О- эрүүл мэндэд хөнгөн хохирол “Toyota” маркийн “Land Cruiser Prado” загварын 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Н-д нийт 5.345.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

     үйлдсэн хэргээ мэдүүлсэн Н.Ц-ийн“...найзуудтайгаа архи уусан. Хоорондоо маргалдаж би орой 23 цагийн үед харихаар ганцаараа гарсан. Байрны гадаа зогсоолд тавьсан өөрийн эзэмшлийн Т.Хариер маркийн 00-00 УБУ дугаартай автомашинаа жолоодон баруун 4 замын уулзвараар хойноосоо урагшаа чигт уруудан явахдаа гар утсаараа ярьж явтал гэнэт түс хийх чимээ гарч би урдаа зогсож байсан машины араас мөргөсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/, хохирогч Т.Т-ийн “...гэнэт маш хүчтэй  миний машины араас юм мөргөж тоос бужигнаад машин тормостой чигээрээ урагшаа яваад зогссон. Би машинаас бууж ирээд хартал миний машины араас Т.Хариер маркийн машин мөргөсөн зогсож  байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан жолооны хүрдэн дээрээ тонгойгоод хөдөлгөөнгүй сууж байсан...Тэр жолооч эмэгтэйгээс их архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, иргэний нэхэмжлэгч Н.О-ын “...гэнэт миний сууж явсан машины араас хүчтэй юм мөргөсөн. Энэ үед би машины урд суудалд сууж явсан суудлын дэрээ толгойгоороо цохиж гэмтсэн...жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд гуйвж хөл дээр тогтож чадахгүй согтуу байсан...” гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 32-33/, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн “...Үнэлгээгээр автомашины хохирол 5 сая 345 мянга төгрөг гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 9-10/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10/

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8/, хохирогч Т.Т-ийн өвчний түүх /хх-ийн 25-30/, хохирлын баримт /хх-ийн 18-20/, иргэний нэхэмжлэгч Н.О-ын хохирлын баримт /хх-ийн 35-36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4200, 4201 дугаартай дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 277 дугаартай дүгнэлт Итгэл Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

 

Н.Ц- нь согтуугаар /2.25 хувь/ өөрийн эзэмшлийн 00-00 УБУ улсын дугаартай Т.Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн эзэмшлийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг автомашинд 5.345.000 төгрөгийн хохирол, тухайн автомашиныг жолоодож явсан Т.Т-ийн эрүүл мэндэд хүнд,  уг автомашинд сууж явсан зорчигч Б.О- эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэнд  тооцогдоно.  

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Н.Ц-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч Н.Ц-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Н.Ц- иргэний нэхэмжлэгч Н.О-од 340.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Б.Н-д 5.345.000 төгрөг тус тус төлсөн нь тэдгээрт төлөх төлбөргүйд тооцогдоно. 

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох баримтын хүрээнд хохирогчид нийт 2.996.000 төгрөг төлсөн байх ба шүүх хуралдаанд хохирогч Т.Т- “гомдолгүй, гэхдээ цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

         Шүүгдэгч Н.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Н.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

       

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Шүүгдэгч Н.Ц- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүхээс Н.Ц-эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн хохирлыг баримтын хүрээнд төлсөн боловч, хохирогч цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаагаас үзэхэд эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсан хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүгдэгчид “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг шүүхээс хүлээлгэсэн болно.

        

Н.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын №277917 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Н.Ц согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Н.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

       3. Н.Ц-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Н.Ц-эд анхааруулж мэдэгдсүгэй.

 

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-эд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

       7. Хэрэгт хураагдсан Н.Ц-ийн В ангилалын 277917 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

       8. Н.Ц- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч нарт төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

        9. Хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ