Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0683

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Б.Ундрах /томилолт/,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Гэд холбогдох 2008017500819 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “...”-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн Эрдэнэбулган, ...-р баг, Бор толгой, ... дугаар гудамж, ... тоот оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х.Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн хашааны үүдэнд иргэн Ч.Гтэй “...чи гадуур халтуур хийгээд намайг гүйцэхгүй, чамайг ажлаас халахад би нэг гарын үсэг зураад болоо шүү...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, цээж, толгой, нүүрэн тус газрууд нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон хажуу хана, зүүн хацрын нумны хугарал, тархины доргилт, зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацар, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, цээжний зүүн ар доод хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 49-50х/, хохирогч Ч.Гийн мэдүүлэг /хх-ийн 8х/, гэрч Г.Оын мэдүүлэг /хх-ийн 18х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 646 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 32-34х/, шинжээч эмч Ч.Эын мэдүүлэг /хх-ийн 35-36х/, шүүгдэгч Х.Гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 54х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 56х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 58-60х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 61х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62х/, шүүгдэгч Х.Гийн мэдүүлэг /хх-ийн 44-46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн хашааны үүдэнд иргэн Ч.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, цээж, толгой, нүүрэн тус газрууд нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ч.Гийн: “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний орой би ... ХХК-д хамт ажилладаг Г, А, О нартай хамт Агийн найзын машинд шил 0.75 литрийн архи хувааж уусан юм. Тэгсэн 2 цаг өнгөрч байхад А яваад О, Г ах бид гурав ажлын хашааны үүдэн дээр үлдсэн. Тэгээд би Г ахтай юм ярьж байхдаа ажлын гадуур халтуур хийнэ гэж ярьсанд Г ах уурлаад байсан. Чи халтуур хийгээд надаас дээр гарна гэж байхгүй шүү, ажлаас халах тушаал дээр би гарын үсэг зураад л боллоо шүү” гэснээс үүдэн муудалцсан. Би тухайн үед архи уугаад нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь л би газар унасан, Г ах намайг гараараа цохиж зодоод байсан бөгөөд О Г ахыг надаас салгасан, би цагдаагийн байгууллагад хандсан. ...Г надад эмчилгээний төлбөр болгож 1.500.000 төгрөг өгсөн. Миний эмчилгээний баримт алга болсон. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,

Гэрч Г.Оын: “...Би ... ХХК-д засварчнаар хоёр сар орчим ажиллаж байна. 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой инженер Г, ажилтан Г, А бид нар Агийн авах гэж ирсэн найзынх нь машинд 2 шил 0.75 литрийн Экс архи хувааж уусан. Агийн эхнэр нь утсаар яриад А найзтайгаа 22 цаг өнгөрч байхад явсан. Г, Г бид гурав машинаас буугаад явцгаах гэхэд Г, Г инженерт үг хаяаад байх шиг байсан, би одоо юу ярьж байсныг нь мэдэхгүй байна. Би Гийг унаанд суулгаад өгье, явъя гэж хэлээд дагуулаад явах гэхээр явахгүй, Гтэй ажлын гадаа муудалцаад байсан. Би салгаад Гийг явъя гэхээр надаас зугтаагаад Г дээр гүйж очоод Гтэй зууралдаад нэг нэгийгээ цохилцоод цементэн зам дээр зууралдсан хоёулаа газар унасан хэвтэж байхад нь би салгасан. Тэрнээс хойш ерөөсөө зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4610 дугаартай шинжээчийн: “...Ч.Гийн биед зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон хажуу хана, зүүн хацрын нумны хугарал, тархины доргилт, зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацар, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, цээжний зүүн ар доод хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 646 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн: “...Ч.Гийн биед зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон хажуу хана, зүүн хацрын нумны хугарал, тархины доргилт, зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацар, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, цээжний зүүн ар доод хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг зулгаралт, хамрын яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүдээс зүүн хоншоор ясны хөндийд өмнөд болон хажуу хана, зүүн хацрын нумны хугарал, тархи доргилт, зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацар, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, цээжний зүүн ар доод хэсэг, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Мөн хамрын яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтлүүдээс зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон хажуу хана, зүүн хацрын нумны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт, тархины доргилт, зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацар, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалга, цээжний зүүн ар доод хэсэг, бүсэлхийн зүүн хэсгийн зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34х/,

Шинжээч эмч Ч.Эын: “...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн буюу шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад мод, чулуу, гар гэх мэт зүйлс орно. Дээрх гэмтэл нь хуучин бороолж эдгэрсэн хуучин гэмтэл учир 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...Уг хуучин гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэхгүй хуучин эдгэрсэн гэмтэл учраас дүгнэлтэд тусгагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Шүүгдэгч Х.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 49-50х/,

Шүүгдэгч Х.Гийн: “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний орой ажлаа тараад хамт ажилладаг Г, О, А нартай хамт Агийн найзын машинд сууж байгаад 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад А гэр рүүгээ явж, Г, О бид гурав ажлын хашааны үүдэнд үлдсэн. Тухайн үед Г “би ажлаас гадуур халтуур хийлээ, би өөрөөс чинь дээгүүр гарчихна гэж бодоод байна уу” гээд агсраад над руу дайраад байхаар нь О надаас салгаад аваад явсан. Тэгээд эргэж буцаж ирээд над руу агсраад дайраад намайг цохихоор нь би буцааж хэдэн удаа цохиж аваад хоёулаа газар өнхрөөд унасан чинь О ирж бид хоёрыг салгасан. ...Энэ гэмтлийг би гараараа 2-3 удаа цохиж учруулсан. Гийг надаас өөр хүн цохиж зодоогүй... ...Би Ч.Гийг гэмтээсэн үйлдэлдээ харамсаж байна. Би Ч.Гөд эмчилгээнд зориулж 1.500.000 төгрөг өгсөн. Ч.Г бид хоёр одоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-94х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Г нь хохирогч Ч.Гийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Х.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчээс хохирогчид 1.500.000 төгрөгийг өгсөн, хохирогч нь цаашид хохирол нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...би сард 1200.000 төгрөг авдаг, нялх 3 хүүхэдтэй, эхнэр одоо гэртээ хүүхдээ хардаг, ажил одоогоор эрхлээгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Х.Гийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, тодруулбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ