Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б-ын Ц-т холбогдох эрүүгийн 191001776000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч, ам бүл-1, Төв аймгийн Зуунмод сум дэнжийн 16-6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигин овогт Б-ын Ц- /РД:НЭ99022000/,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 3-2-0000 тоотод иргэн Ц.Б-ай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, баруун өвдөгт шарх, нуруу, зүүн чих, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Эрүүгийн 1910017760000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Ө.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед  хийсэн шүүх эмнэлгийн 9024 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-ын  мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

          Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ц-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 3-2-0000 тоотод хохирогч Ц.Б-ай нийлж архидан согтуурсан үедээ түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, баруун өвдөгт шарх, нуруу, зүүн чих, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэлийг санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хадам эгч Э-ийн гэрт хөгжлийн бэрхшээлтэй хадам ах  А-, хадам дүү Г-, дүү О-, 5 настай дүү м-нарын хамт байсан. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад гаднаас Э- эгчийн хуурай дүү Х- танихгүй 2 залуугийн хамт согтуу орж ирсэн. Х- бид нар гадагш гарч 0,75 литрийн 2 шил архи, 2,5 литрийн 1 пивог авч уусан. Ингээд үүр цайх үед гадаа тамхилж байхад Х- нь над руу томроод намайг цохих гэж байгаад Ц- гэх залууг цохьсон. Ц- намайг өөрийг нь цохьчихлоо гэж ойлгоод намайг зодсон. Энэ үед Г- намайг салгаж гэр руу оруулахад нөгөө 3 залуу яваад өгсөн. Ц- нь намайг нүүр рүү цохиж унагаагаад дээрээс хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Мөн намайг босоод ирэхэд дахин цохиж унагаасан бөгөөд би өвдөгөөрөө газар унасан байхад нуруу руу 2-3 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...23 цаг өнгөрч байхад манайд Ж-ийн хуурай ах Х-, Ц-, Б-нарын хамт халамцуу ирсэн. Б- ах Х-, Ц- нарын хамтаар дэлгүүр явж 2,5 литрийн 1 пиво, 0,75 литрийн 1 шил архи авчирч ээж, А- ах, Б- ах, Х-, Ц- нар нь хувааж уусан. Ингээд үүрийн 05 цагийн үед Б- ах, Ц- нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би үлдсэн жаахан архийг нь асгасан юм. Тэд нар гадаа маргалдаад Б- ах Ц-ыг эхлээд цохьсон юм. Тэгтэл Ц- нь Б-г дэгээдэж унагаагаад босож ирээд хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгасан. Тэгээд Б-нь Х-, Ц- нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:  ...2019 оны 07 дугаар сарын дундуур би, дүү Б.Ц-, Ө.Э- нарын хамт хуурай эгч Э-ийнд очсон юм. Тэднийд Э- эгч, охин Г-, хүргэн дүү Б- дүү, А-ах нар байсан. Би 0,75 литрийн архитай очсон бөгөөд тэр архиа бүгдээрээ хувааж уугаад Б-, Э- эгч бид 3 дэлгүүр явж 0,75 литрийн 1 шил архи авч мөн бүгдээрээ хувааж уусан. Тухайн үед юунаас болсоныг нь санахгүй байна гэр дотор Б- бид 2 маргалдаад буцаад эвлэрсэн юм. Тэгтэл хэсэг хугацааны дараа Б-, Ц- 2 гэрийн гадаа муудалцаад байхаар нь гартал хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би, тэр хоёрыг салгаад дүү Б.Ц-, Ө.Э- нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Ө.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын дундуур буюу улсын баяр наадмын дараа би хуурай ах Б.Ц-, Х- нарын хамт Х- ахын таньдаг айлд очсон. Тэр айлд очихдоо Х- ах 1 шил архитай очсон бөгөөд Ц- ах, Х- ах, тэр айлын эгч,  зодуулдаг ах 4 хувааж уусан. Тухайн архиа ууж дуусаад Ц-, Х- ах нар дэлгүүр явж дахин 1 шил архи авчирч уусан. Би ерөөсөө архи уугаагүй. Тэгтэл Ц- ах тухайн айлд байсан ахтай маргалдаад хоорондоо зодолдохоор болж гэрээс гарсан юм. Би гэрээс гарч салгах гэтэл Х- “ах яах гэсэн юм бэ хэрэггүй, наад хоёрыгоо орхичих” гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа тэр айлын эгч, Х- ах, бид 3 гэрээс гартал тэр 2 хоорондоо заамдалцаад зодолдож байсан. Х- ах, бид хоёр тэр хоёрыг салгаад Ц-, Х- ах, бид 3 явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын дундуур буюу улсын баяр наадмын дараа манай гэрт манай хүү Ж-ийн хуурай ах Х- нь танихгүй 2 хүүхдийн хамт ирсэн. Тэр 3 ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад нэг шил архи, 2.5 литрийн пиво өгсөн. Манай хүргэн Б-гийн хамт архи хувааж уусан. Миний хувьд согтоод унтчихсан байсан. Б- согтолтын хувьд гайгүй байсан. Б-г хэрхэн яаж зодсоныг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн Хүний биед  үзлэг хийсэн 9000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б-гийн биед зүүн зовхинд цус хуралт, баруун өвдөгт шарх, нуруу, зүүн чих, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-ын  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг:  Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр орой Монх гэх ахтай нийлж Нийслэл гэх 2,5 литр пиво уусан. Монх ах “Хойшоогоо айлд очье” гээд Б-хочтой Э-ын хамт бид гурав хамт Б-гийн гэх айлд очсон. Б-, түүний хадам ээж, бид дөрөв нийлж 2 сав Нийслэл пиво, Хараа архи ууцгаасан. Тэгж байтал Б-, Монх ах хоёр гэрийн гадна муудалцаж байсан. Би Маралаа гэх дүүтэй нь хамт тэр хоёрыг салгасан. Тэгтэл Б- нь намайг баруун хацар руу цохиод авсан. Би зөрүүлээд 2 удаа нүүр, цээж рүү нь цохисон. Тэгээд би тэврээд дараад унагаасан. Би Монх ах, Бондооктой гэр рүүгээ явсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Ц.Б-гийн нүүр рүү цохих, өшиглөх, газар унагаах зэргээр зодож зүүн зовхинд цус хуралт, баруун өвдөгт шарх, нуруу, зүүн чих, зүүн шилбэ, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Ц.Б- нь шүүгдэгч Б.Ц-аас 170.000 төгрөг нэхэмжилсэн боловч тэрээр эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд зарцуулсан баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхив.

 

          Хохирогч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Б.Ц- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудасаар /хх-ийн 69-р хуудас/ батлагдаж байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Б-ын Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-т мэдэгдсүгэй.

4. Хохирогч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ц- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар  энэ тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ц-т авсан цэргийн анги удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР