| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0434/Э |
| Дугаар | 446 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б-хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ц.Л-, Ш.М-, С.Б-тэдгээрийн өмгөөлөгч Б.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Ц-ийн Л-, Ц- овогт Ш-ийн М-, Боржигон овогт С-ын Б-нарт холбогдох эрүүгийн 1910026450000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, дуудлагаар цахилгаан засварын хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ээж, эгч, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 711-41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогт Ц-ийн Л- /РД:УЧ89051000/,
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, нөхөр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 711-41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц- овогт Ш-ийн М- /РД:ЧО87011108/,
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61-1 байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт С-ын Б-/РД:ПЮ94061000/,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Л-, Ш.М-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа хорооллын 711 дүгээр байрны 48 тоотод иргэн Д.О-той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Д.О-ын дэлгүүрээс эд зүйл авахуулахаар Ш.М-д өгсөн Худалдаа хөгжлийн банкны картыг нь буцаан өгөлгүй, картнаас нийт 800.000 төгрөг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч Ш.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч С.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910026450000 дугаартай хэргээс:
Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
М.Н-ын гаргасан хүсэлт /хх-ийн 11-р хуудас/
Хүсэлтийг хангасан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р хуудас/
Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/
Д.О-, М.Н- нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 15-р хуудас/
Хохирогч М.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Хохирогч Д.О-ын Худалдаа хөгжлийн банкин дахь харилцах дансны хуулга /хх-ийн 58-р хуудас/
Хяналтын камерийн гэрэл зураг /хх-ийн 59-р хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-р хуудас/
Шүүгдэгч С.Б-мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/
Шүүгдэгч Ш.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/
Шүүгдэгч Ц.Л-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/
Шүүгдэгч С.Б-хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/, шүүгдэгч Ц.Л-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/, шүүгдэгч Ш.М-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-42-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх дүгнэлт.
Шүүгдэгч Ц.Л-, Ш.М-, С.Б-нар нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа хорооллын 711 дүгээр байрны 00 тоотод хохирогч Д.Отгонбаттай нийлж архидан согтуурч байхдаа түүний Худалдаа хөгжлийн банкны картнаас нийт 800.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:
Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Лл-, Б-нартай 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамт архи уусан юм. Би тухайн үед өөрийнхөө картыг Лл-гийн эхнэр З-д өгч дэлгүүрээс архи авахуулж уусан. Би банкны картны нууц үгээ З-д хэлэхэд Б-Лл- нар мэдсэн. Тухайн үед нилээн уусан болохоор согтсон. Би гэртээ хариад картаа үзтэл байхгүй байсан. Дансаа шалгатал миний данснаас 300.000 төгрөгөөр нэг удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа нийт 800.000 төгрөгийн зарлага гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10-11 цагийн үед манайд М-, Л-, Б-нар орж ирсэн. Удалгүй О- гаднаас тортой 2 шил 0.75 экс гэх нэртэй архи барьж орж ирснийг хувааж уугаад дуусаж байхад О- Л-ид бэлэн мөнгө өгөөд архинд гаргаж байсан. Би үүнээс хойш нилээд муудаад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирж сэрээгээд О- бид хоёрыг аваад гарсан. Би тухайн үед өөрөө нилээд согтуу байсан учраас бүх үйл явдлыг тодорхой санахгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/
Д.О-, М.Н- нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 15-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Нөхөр Д.О- нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зуурдаар нас барсан. Талийгаач нөхөр Д.Отгонбат маань 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л-, Б-, М- нартай хамт архи ууж байхдаа өөрийн виза картаа Л-, Б-, М- нарт өгч дэлгүүрээс архи зэрэг зүйл авахуулсан байсан. Өглөө карт нь байхгүй байсан тул үлдэгдлээ шалгахад 300.000 төгрөгөөр, 500.000 төгрөгөөр нэг удаа зарлага гарсан байсан. ...Үүнээс хойш цагаан сарын өмнө Б-100.000 төгрөг, Л-, М- нар нь 150.000 төгрөг О-од буцааж өгсөн. Энэ үед би О-ын дэргэд байсан учраас сайн мэдэж байна. Би үлдэгдэл 550.000 төгрөгөө авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй. Л-, Б-, М- нар нь надаас уучлалт гуйж, хохирлоо барагдуулж өгнө гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Хохирогч Д.О-ын Худалдаа хөгжлийн банкин дахь харилцах дансны хуулганд: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 500.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн зарлага... /хх-ийн 58-р хуудас/
Хяналтын камерийн гэрэл зураг /хх-ийн 59-р хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд: Д.О-ын эзэмшлийн 451028000 дугаартай Худалдаа хөгжлийн банкны харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 500.000 төгрөгийн зарлага гарсныг тэмдэглэл болгон бичив... гэжээ /хх-ийн 60-р хуудас/
Шүүгдэгч С.Б-мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... О-, М-, Л-, Г- бид 5 хамт 7-8 шил архи О-ын мөнгөөр авч уусан. О- нь виза картаа өгөөд 3-4 удаа М-, Л- нар ээлжлэн дэлгүүр гарсан. Цагдаа нар ирээд Г-, талийгаач хоёрыг аваад явахад карт надад байсан. Л- О-ын картнаас 300.000 төгрөг авч байхад би хажууд нь М- дотор АТМ-н цонхны хажууд хүлээж байсан. Лл- надад 100.000 төгрөг, М-д 100.000 төгрөг өгсөн. Дараа нь 500.000 төгрөг аваад 250.000 төгрөг Л-ид өгөөд өрөө 250.000 төгрөг аваад дахиад мөнгө авчихвий гэж бодоод виза картыг хугалж хаясан гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/
Шүүгдэгч Ш.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... О-, Б-, Л-, Г- бид 5 хамт архи хувааж уусан. О-ын виза картыг Б-, Л- бид 3 ээлжлэн авч гарч дэлгүүрээс архи, тамхи, ундаа, зайрмаг зэргийг авсан. Картны нууц кодыг Б-0924 гэж дэлгүүрт хэлж зуруулаад юм авч байсан. Ингээд бид нар дэлгүүрээс ойролцоогоор 5-6 удаа архи авч уусан. 23 цагийн үед цагдаа нар ирээд О- Г- хоёрыг аваад гарсан, Б-, Л- бид 3 гэртээ ороод унтчихъя гэж гуйгаад үлдсэн юм. Б-, Л- бид гурав 22 цагийн орчимд Нисэхийн байрны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөг аваад бид 3 хувааж авсан. Дараа нь 23 цаг өнгөрч байхад картнаас 500.000 төгрөг аваад 250.000 төгрөгөөр хувааж авсан. Ингээд 3-4 дүгээр хороолол орж Парадоксын Цуйван хаус орж хоол идээд Бүжин гэх зочид буудалд Б-, Л- бид 3 орж архи ууж мөнгөө үрээд дуусгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/
Шүүгдэгч Ц.Л-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... О-, Б-, М-, Г- бид нар 7-8 шил архи хувааж уусан. Б-, М- бид гурав ээлжлэн О-ын виза картаар дэлгүүрээс архи, тамхи, ундаа, зайрмаг зэрэг авсан. Б-картны нууц кодыг 0924 гэж хэлээд юм авч байсан. Бид нар ойролцоогоор 5-6 удаа дэлгүүр гарч архи авч уусан. 23 цагийн үед цагдаа нар ирээд О-, Г- хоёрыг аваад гарсан, Б-, М- бид 3 доод давхарт нь оршин суудаг бид гэртээ ороод унтчихъя гэж гуйгаад үлдсэн юм. Б-, М- бид гурав 22 цагийн орчимд Нисэхийн байрны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөг авч хувааж авсан. Дараа нь 23 цаг өнгөрч байхад 500.000 төгрөг аваад 250.000 төгрөгөөр хувааж авсан. Бид 3 согтчихвол дахиад мөнгө авчихаж магадгүй гэж бодоод картыг нь хугалсан. Дансанд нь 2 сая гаран төгрөг үлдэж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Л-, Ш.М-, С.Б-, нар нь бүлэглэн хохирогч Д.О-ын итгэмжлэн хариуцуулсан Худалдаа хөгжлийн банкны виза картнаас нийт 800.000 төгрөг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 800.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч С.Б-400.000 төгрөг, шүүгдэгч Ц.Л-, Ш.М- нар 400.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Л-, Ш.М- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-, С.Б-, Ш.М- нарт 2700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одонтуяа “гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү ” гэсэн саналыг гаргав.
Шүүгдэч Ш.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, нярай хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Л-, С.Б-нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б-нь энэ хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 12 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч Ц.Л-, Ш.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Х- овогт Ц-ийн Л-, Ц- овогт Ш-ийн М-, Боржигон овогт С-ын Б-нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-, С.Б-нарт тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.М- нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.М-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг 8 цагаар тооцон, 96 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, С.Б-биечлэн эдлэх ялыг 204 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Л-, С.Б-нарт мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Ц.Л-, С.Б-, Ш.М- нь бусдад төлөх төлбөргүй, Ц.Л-, Ш.М- нар хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Л-, Ш.М-, С.Б-, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР