| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0427/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-овогт Э-ын Н-д холбогдох эрүүгийн 1910015040000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Монгол-Солонгосын политехник коллежд үйлчлэгч ажилтай, ам бүл-6, нөхөр, хүүхэд, дүү, эх, эцгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, 14 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:ГЮ93020000/, Н-овогт Э-ын Н-.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү хорооллын 105-00д тоотод оршин суух Д.О-ы гэрт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Темберланд” брэндийн гутал, LV загварын түрийвч, Жордан брэндийн пүүз, Buscemi брэндийн гутал тус бүр 1 ширхэгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бага хэмжээнээс дээш буюу 928.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910015040194 дугаартай хэргээс:
Хохирогч Д.О-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-20-р хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/
“Д-” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33-р хуудас/
Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 82-р хуудас/
Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 101-р хуудас/
Баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110-р хуудас/
Монгол Солонгосын политехник коллежийн тодорхойлолт
Хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 116-р хуудас/
Зарим үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 126-р хуудас/
Шүүгдэгч Э.Н- мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг,/хх-ийн 101-102-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ж.Э-ын мэдүүлэг /хх-н 27-р хуудас/, гэрч Ц.С-ын мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтэр хуулбар /хх-ийн 52-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 53-р хуудас/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас / зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Н-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү хорооллын 105-00д тоотод оршин суух хохирогч Д.О-ы гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сард гэрээс нь “Timberland” брэндийн гутал, LV брэндийн түрийвч, хар өнгийн Jordan пүүз, Buscemi брэндийн гутал тус бүр 1 ширхэгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 928.760 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.О-ы мөрдөн байцаалтанд өгсөн: Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хүннү” хорооллын 105-00 д тоотод оршин суудаг. 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Э.Н- гэх эмэгтэйг гэрийн үйлчлэгчээр сарын 850.000 төгрөгийн цалинтай ажиллуулсан. Энэ хугацаанд Э.Н-д 21-76 УБЦ улсын дугаартай Тоёота Приус маркийн машин авмаар байна гэхээр 3.500.000 төгрөгийг нь төлж авч өгсөн. Э.Н-ийн сар бүр цалингаасаа 500.000 төгрөг машины суутгалд суутгаж, 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр явахдаа манай хадам аав нас барсан Архангай явах хэрэгтэй байна гээд машинаа унаад явсан. ... Манай гэрээс дээрх хугацаанд “LV” брэндийн бор өнгийн эмэгтэй хүний түрийвч алга болсон бөгөөд үүнийг 2 жилийн өмнө Солонгос улсаас авч байсан 2.200.000 төгрөгөөр үнэлж байна, мөн манай нөхрийн цагаан өнгийн хайрцагтайгаа хэрэглээгүй хар цагаан өнгийн пүүзэн гутал Хонконгоос 2 жилийн өмнө 400.000 орчим төгрөгөөр авч байсан одоо 450.000 төгрөгөөр үнэлж байна, мөн миний шинэ хэрэглээгүй цэнхэр өнгийн “Тимберланд” 37 размерийн эмэгтэй гутал ууттай байсан алдагдсан уг гутлыг 360.000 төгрөгөөр үнэлж байна зэрэг зүйлсүүд алдагдсан. ... Манай орцны үйлчлэгч э-эгч надад танай үйлчлэгч гэрээс чинь их юм аваад гарч байсан. Авсан юмаа үүдэнд хогийн цэг дээр тавьчихсан байхаар нь өрөөндөө оруулаад тавьсан. Н- ирээд “манай эгч надад өгсөн юмаа” гээд аваад явсан гэсэн. Нийт 2.595.567 төгрөгийг төлсөн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3.520.000 төгрөгийн бараа буцаасан. Одоо үлдэгдэл 3.649.333 төгрөгийн үлдэгдэл байгаа. Н- манайд 2 сар орчим хугацаанд гэрийн үйлчлэгч хийсэн байх. Би 2019 оны 04 дүгээр сард Гонконг яваад ирэхдээ зарахаар авчирсан байсан бараанаас Н-ийн ээж зарж өгнө гээд авч явсан. Э.Н- нь эрэгтэй өмд 9 ширхэг, нэг бүрийн үнэ 45.000, эмэгтэй цамц 1 ширхэг үнэс 45.000, Кензо подволк 6 ширхэг нэг бүрийн үнэ 45.000, Хэрмэс подволк 1 ширхэг үнэ 30.000, “Гүчи” подволк 3 ширхэг нэг бүрийн үнэ 25.000, эмэгтэй өмд 4 ширхэг нэг бүрийн үнэ 50.000, эрэгтэй Найк пүүз 1 ширхэг 150.000, Торон оруулгатай “Найк” пүүз 20 ширхэг нэг бүрийн үнэ 110.000, эрэгтэй Найк арьсан пүүз 1 ширхэг 130.000 төгрөг, эрэгтэй подволк 10 ширхэг нэг бүрийн үнэ 25.000, цэцэгтэй подволк 1 ширхэг 40.000 төгрөг, Балагансия нэртэй пүүз 3 ширхэг нэг бүрийн үнэ 90.000, “Гүчи” эмэгтэй пүүз 2 ширхэг нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, Фила пүүз 4 ширхэг нэг бүрийн үнэ 90.000 төгрөгөөр зарагддаг. Эдгээр барааг хүмүүст зараад өгье мөнгийг нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд аваад өгч болно гээд аваад явсан. ...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5.030.000 төгрөгийн бараа, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3.080.000 төгөргийн бараа материалыг авч явж нийт 8.110.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс буцааж авсан бараа болон мөнгө, цалинг суутгуулж тооцоход 3.595.000 төгрөгийн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-20-р хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Хан- Уул дүүргийн 15 дугаар хороонд байх Хүннү, СӨХ 00-д үйлчлэгчээр ажилд ороод 2 жил орчим болж байна. 2019 оны 5 дугаар сард би 000 дугаар байрыг өглөө 10 цагийн үед цэвэрлэж байхад 11 давхарт шатны хажууд хар ууттай юм байхаар үзтэл гутал хувцас байхаар нь өрөөндөө оруулаад тавьсан. Тэгээд орцоо цэвэрлэж дуусаад цайгаа уугаад өрөөндөө сууж байхад 11 давхрын С тоотын хүүхэд хардаг асрагч нь хүүхэд тэвэрчихсэн орж ирээд надаас “би хар ууттай зүйл шатан дээр тавьсан чинь алга болчихлоо та харсан уу” гэхээр би “энэ байна” гээд өгсөн тэгээд тэр эмэгтэйгээс “энэ юун хувцас юм бэ” гэхэд “хүн надад өгсөн би гэртээ авч явах гэж байсан юм” гээд аваад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа тус айлын эмэгтэйтэй таараад “танай давхрын шатны хажууд хар ууттай зүйл байхаар нь би өрөөндөө оруулсан танай хүүхэд хардаг эмэгтэй ирээд авсан” гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй “манай гэрээс юм алга болсон байна” гэж хэлээд явсан. Торонд байсан эд зүйлийг үзээгүй ямар ч байсан торны аман дээр шар ултай цэнхэр гутал байсан санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын эхээр охин Н- гэрийн эзэгтэй О- гэх эмэгтэй гадаад яваад хувцас, гутал зарах гэж авчирсан. Авах хүн байвал үзүүлье гээд би аваад ирлээ гээд 20 гаран гутал, биеийн тамирын өмд зэрэг авчирсан. Мөнгийг нь сарын сүүл гэхэд цалин дээрээс өгч болно гэж хэлсэн. Би Э.Н-ийн авчирсан хувцаснаас зарж О-ы хаан банкны данс руу нийт 1.500.000 төгрөгийг 3-4 удаа мөнгө шилжүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын эхээр охин Э.Н- “би ажилдаа явахгүй, ажлаасаа гарсан” гэсэн. 2019 оны 06 дугаар сард О- над руу залгаад “Н- манайхаас гутал хувцас хулгайлаад явсан байна, мөн та бараа зарсан мөнгөө хэзээ шилжүүлэх вэ” гэсэн. Би бүх мөнгийг нь шилжүүлсэн. Охин Нямэгэрэл хэлэхдээ хар өнгийн богино гутал, Темберланд гутлыг хулгайлсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/
“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Timberland” брэндийн гутал, LV брэндийн түрийвч, Jordan пүүз, Buscemi брэндийн гутал, нийт 928’760 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 30-31-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Хөн өнгийн “Тимберланд” брендийн гутал 1 хос, Хар өнгийн хайрцагтай “Жордан” нэртэй пүүз 1 хос, цэнхэр өнгийн эмэгтэй ноосон “Гүчи” брэндийн цамц 1 ширхэг, улаан өнгийн жижиг хүүхдийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хүүхдийн өмд 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв гэжээ. /хх-ийн 33-р хуудас/
Шүүгдэгч Э.Н- мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Д.О- гэх айлд хүүхэд асрагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаанд О- эгчээс “зарж өгнө” гээд гутал, өмд, цамц зэрэг нийт 5-6 сая төгрөгийн бараа аваад үлдэгдэл барааны мөнгө болох 3 сая гаран төгрөг буцааж өгөх юм. Би эдгээр барааг зарахдаа хүмүүст зээлээр өгсөн зарим хүмүүсээс мөнгийг авч чадаагүй байгаа. Би үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 сарын дундуур гэрээс нь Темберланд гутал 1 ширхэг, Жордан пүүз 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг, өмд хоёр ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлаж аваад 11 давхрын шатны хажууд тавиад эргээд очоод авах гэсэн чинь байхгүй байхаар орцны үйлчлэгчээс асуусан чинь би сая орц цэвэрлэж байгаад тортой хувцас байхаар нь өрөөндөө оруулсан байгаа гэхээр авсан. Би Темберланд гутал 1 ширхэг, хэтэвч, Жордан пүүз, өмд 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Н- нь хохирогч Д.О-ы гэрт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 05 дугаар сард гэрээс нь “Timberland” брэндийн гутал, LV брэндийн түрийвч, хар өнгийн Jordan пүүз, Buscemi брэндийн гутал тус бүр 1 ширхэгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 928.760 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-д 928.760 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Э.Н- нь уг хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Д.О- нь шүүгдэгч Э.Н-ээс заруулсан барааны үнэ 3.595.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Э.Н-д холбогдох 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү хорооллын 105-11д тоотод оршин суух хохирогч Д.О-ы гэрт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа Д.О-оос бараа зарж өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 6.177.650 төгрөгийн үнэ бүхий гутал, хувцсыг авч залилсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож /хх-ийн 126-р хуудас/ шийдвэрлэсэн тул Д.О-, Э.Н- нарын хооронд бараа материал худалдахтай холбоотой асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлт гаргасан,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Н-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Н- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н-овогт Э-ын Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Н-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Н-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Н-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Н- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР