| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0653/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэмболор /ҮД:0248/,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч О.Батсүх /ҮД:1970/,
шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД:2142/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д-ийн Б-, З- М-ын Н- нарт холбогдох эрүүгийн 17100076400000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн 1987 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн холбоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 51 дүгээр гудамж 200в тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн ургамлын 10 дугаар гудамж 00 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-ийн Б-
2. Монгол Улсын иргэн 1964 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ус хангамжийн инженер мэргэжилтэй, Б-ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо усны гудамж 2а байрны 000 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, З- М-ын Н-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Н- нь Барилга угсралтын ажил мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 1.4-д “Газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээ урьдчилан авна” Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “зураг төслийн дагуу баригдсан байх” заалтуудыг ажил олгогч хэрэгжүүлж ажиллуулаагүй буюу газар шорооны ажил хийхийн өмнө хөрсний геотехникийн шинжилгээг хийлгэж, ухалтын налууг тогтоож хагаралт, цууралт, үүссэн эсэхийг сайтар шалгаагүй, газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан бүрэн аваагүй, ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төслийг зөрчиж шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалт хийгээгүйгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил явагдаж байх үед хөрс нурж улмаар ажиллаж байсан 67-88 УБ улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгсэл унаж, тус газар туслах ажилтнаар ажиллаж байсан Д.Л- нь экскаваторт дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч Д.Б- нь 67-88 00 улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэж байх үедээ “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтлээс сэргийлэх, 18.2.8-д ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй” заалтуудыг зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс тус газар туслах ажилтнаар ажиллаж байсан Д.Л- нь экскаваторт дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарсан өдөр над руу залгаж хэргийн талаар хэлэхэд нь би очсон. Энэ хүмүүс сэтгэл гаргахгүй байгаад гомдолтой байна. Манай ээж нэг удаа ажил дээр нь очиж уулзсан. Тэгтэл зайлцгаа би өөрөө хохирогч гэж хөөсөн байсан. Шүүгдэгч нар сэтгэл гаргахгүй байгаад гомдолтой байна. Тэр хүмүүсээс уучлалт гуйлгамаар байна. Мөнгө болон эд зүйл нэхэмжлэхгүй...” гэв.
Эрүүгийн 171000764000 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 14-15-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 21-23-р хуудас/
Эд зүйл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 25-26-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-34, 36-37-р хуудас/
Гэрч П.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-51-р хуудас/,
Гэрч М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 56-59-р хуудас/
Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 60-69-р, 3-р хавтас 80-р хуудас/,
Гэрч Х.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-85-р хуудас/
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/
Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/
Гэрч Д. Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-р хуудас/
Гэрч Ж.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/
Гэрч Н.С-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 93-95-р хуудас/
Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 97-98-р хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 82-83-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2085 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 102-105-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9977 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 111-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5582 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 114-118-р хуудас/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 122-128-р хуудас/,
Шинжээч Ш.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 141-145-р хуудас/
2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 161-169-р хуудас/
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №05/092/12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 161-169-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 191-195-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 223-224-р хуудас/
Шүүгдэгч М.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 228-229, 3-р хавтас 108-109-р хуудас/
Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газар ОНӨААТҮГ-н албан бичиг /хх-ийн 2-р хавтас 10-12-р хуудас/
Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын жагсаалт /хх-ийн 2-р хавтас 4-р хуудас/
Машин механизмаар үйлчлэх гэрээ /хх-ийн 2-р хавтас 44-46-р хуудас/
Б-ХХК-ийн ирцийн бүртгэл /хх-ийн 2-р хавтас 53-р хуудас/
“П” ХХК, “П-” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор хорооллуудын гадна усан хангамжийн магистрал шугамын зураг төсөл /хх-ийн 2-р хавтас 54-63-р хуудас/
Шинжээч С.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 79, 97-р хуудас/
Шинжээч Я.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 17-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 231, 234-р хуудас/, “К-” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 75, 81-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл /хх-ийн 2-р хавтас 250-р хуудас/, мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 2-р хавтас 76-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 142-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 227-р хуудас/
Шүүгдэгч М.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 233-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 228-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-, М.Н- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Н- нь “Б-ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Барилга угсралтын ажил мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 1.4-д “Газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээ урьдчилан авна”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх” заалтуудыг ажил олгогч хэрэгжүүлж ажиллуулаагүй буюу газар шорооны ажил хийхийн өмнө хөрсний геотехникийн шинжилгээг хийлгэж, ухалтын налууг тогтоож хагаралт, цууралт, үүссэн эсэхийг сайтар шалгаагүй, газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан бүрэн аваагүй, ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төслийг зөрчиж шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалт хийгээгүйгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил явагдаж байх үед хөрс нурж “Хьюндай ровекс” 1400 загварын УБ улсын дугаартай экскаватор нүр рүү унахад туслах ажилтнаар ажиллаж байсан Д.Л- нь экскаваторын шанаганд дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хьюндай ровекс 1400 загварын 67-88 УБ улсын дугаартай экскаватораар цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэж байхдаа “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтлээс сэргийлэх, 18.2.8-д ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс экскаватор нүх рүү унаж, туслах ажилтан Д.Л- экскаваторын шанаганд дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүннү Молл худалдааны төвийн ертөнцийн зүгээр төв замын урд талд Э-ХХК-ний туслан гүйцэтгэж компаниар ажиллаж байгаа Б-ХХК-ний цэвэр усны шугамын ажил хийж хийж байсан газарт үзлэгийг эхлэв. Уг цэвэр усны шугамын ажил хийж байгаа газар нь төв замаас ертөнцийн зүгээр урд талд 250 метр зайд байх ба газрыг 2 талд далан хэлбэрээр ухаж гаргаж цэвэр ус, дулаан шугамын хоолой байрлуулж тавьсан байлаа.Уг цэвэр ус дулааны хоолой нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явсан өнцгийн хоолойн баруун талд шар өнгийн Хюндай 1400W маркийн /00-00 УБ/ улсын дугаартай дугуйт экскаватор ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай 45 градусын өнцөгтэйгөөр цэвэр ус, дулааны хоолойн баруун талд ухаж байсан гэх нүх рүү шанаганы хэсгээрээ тулж унасан байдалтай байлаа. Уг экскаваторын шанаганы босоо сумны доод талд ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 2 хөлөө урагшаа жийсэн байдалтай эрэгтэй хүний цогцос байх уг цогцсын толгой хэсэг нь экскаваторын шанаганы босоо сумны хэсэгт дарагдсанаас улмаас толгойн дээд хэсэг нь бяцарч үүрсэн байдалтай байлаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 14-15-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 21-23-р хуудас/
Гэрч М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Д.Б- нь экскаватор шугамын булангийн урд зүг талд зогсож байсан. Талбайн инженер шугамын хойд зүг талд, хавтангийн дээр дурангаа тавьсан байсан. Би шугамын зүүн хажуу хэсэгт байсан. Л- шугамын булангийн баруун зүг талд, булан хэсэгт дурангийн хэмжүүр мод барьж байсан. Экскаваторчин худаг тавих хэсгийн нүхийг ухчхаад шанагаа зүүн тийш харуулж зогсоод кабины хаалганаас үзээрэй, болсон уу гэж хэлсэн. Талийгаач Л- хэмжүүр модоо ухаж байгаа кольцо байрлах суурь хэсэгт тавьж Э- дурандаж хараад арай болоогүй байна 10 см дутуу байна, 10 см доошоо ухна гэж хэлсэн. Б- энэ үед хаана байсныг мэдэхгүй байна. Экскаваторчин толгойгоо чанагаа эргүүлж ухах гэж байхад шороо нь мултарсан уу, яасан мэдэхгүй нүх рүү унасан. Инженер Э- холдоорой гэж хашхирсан. Талийгаач Л- худгийн суурь байрлах хэсэгт хэмжилт хийгээд наашаа алхаж байхад экскаватор унасан гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 56-59-р хуудас/
Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 11 цагийн үед Хан- Уул дүүргийн 4 хороо Хүннү Молл худалдааны төвийн замын урд талд баригдаж байгаа Э-ХХК-ний барьж байгаа хорооллын баруун хойд талд цэвэр усны шугамын ажил хийж байсан юм. Тэр үед экскаватороор цэвэр усны шугамын худаг ухуулж байсан ба жолоочоор нь Б- ажиллаж байсан би туслах ажилтан М-, М- нарын хамт худгийн гүний түвшин гаргах гээд ажиллаж байсан юм. Би тэр үед дулаан суваг дээр дурангаа зоогоод туслах ажилчин М-ад “худгийн түвшин болж байна, та хэмжээст шугаман мод бариад худаг ухсан газарт очоод зогсож бай” гэж хэлэхэд М- ах очоод зогсохоор би дурангаараа харахад 10 см гүний хэмжээнд нь хүрээгүй байхаар нь 10 см орчим ухаж тэгшлэх хэрэгтэй байна та 10 см ухчихаа гэж хэлсэн. М- ах урд талд нь байсан экскаваторын жолоочид очоод “10 см орчим ухчих” гэж хэлээд надад хэмжээст шугаман модыг өгөхөөр нь би хэмжээс шугаман модыг нь шугамын баруун талд тавьсан Тэгэхэд М- ах хүрзээ бариад над руу ирж явахад ар талд нь ажиллаж байсан экскаватор гулсаж орж ирээд М- ахын толгой руу экскаваторын сумны хэсгээр цохисон ба шугам, экскаваторын сумны хэсэгт толгой нь хавчуулагдсан. Тэгээд би онцгой байдлын 105 дугаар луу залгаж дуудсан ба дараа 102- т дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 60-69-р, 3-р хавтас 80-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2085 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг: Талийгаачийн цогцост толгойн хуйх, хатуу хальс бүрэн урагдаж тархины эд ил гарсан, нүүр, гавлын орой хэсгээр их хэмжээтэй хуваагдаж, салж, гавлын орой, суурийн яснууд, баруун, зүүн нүдний ухархайн дээд хана, самалдаг цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, зулайн, дагз яс, суурийн ясны үйрч бяцарсан, хэлбэр алдсан, ил хугарал, тархины эдийн хэлбэр алдагдсан, тархины эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн амьд үед үүссэн дээрх гэмтлүүд нь амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэх гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болно. Талийгаач нь A/II/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 102-105-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9977 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн ажлын өмд, хар өнгийн тэлээ, юүдэнтэй улбар шар өнгийн цамц, ногоон өнгийн футболк, урдаа шоо хээтэй саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн өрөөсөн оймс, өрөөсөн ажлын бээлий, богино түрийтэй хар өнгийн хос гутал, цагаан өнгийн дэвсгэр даавуун дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Юүдэнтэй улбар шар өнгийн цамц, ногоон өнгийн футболк, урдаа шоо хээтэй саарал өнгийн ноосон цамц, цагаан өнгийн дэвсгэр даавуун дээрх цус нь ABO системээр A/II/ бүлгийн харьяалалтай байна. Хар хөх өнгийн ажлын өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн өрөөсөн оймс, өрөөсөн ажлын бээлий, богино түрийтэй хар өнгийн хос гутал дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Ногоон өнгийн хос оймс, саарал эрээн өнгийн өрөөсөн оймс, цайвар ягаан эрээн өнгийн 2 хэсэг даавуу, шар болон цэнхэр өнгийн хуванцар 2 ширхэг асаагуур, улаан өнгийн 11,5x4,5см хэмжээтэй гар утсан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 111-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5582 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг: Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд ханзралт, түлэгдэлт урагдалт, саарал өмдөнд цооролтууд хуучин эдэлгээний явцад гарсан байна. Харин хар бүсэнд зүсэгдтэл, бор цамцанд ханзралт цооролтууд, бээлийнд зүсэгдэлт шинээр гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 114-118-р хуудас/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтэд:
1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд Э-ХХК-ний захиалгаар баригдаж байгаа Эко аялал жуулчлалын цогцолбор хотхоны дулааны шугамын эргэлтийн буланд цэвэр усны шугамын гаргалгааны худгийг суурилуулахаар 2,6 метрийн өргөн, 3,2 метрийн өндөр бүхий нүхийг ухах газар шорооны ажил гүйцэтгэж байсан HYUNDAI 1400 маркийн улсын дугаар 67-88 УБВ бүхий экскаваторын зогсож байсан хөрс нурж, улмаар уг экскаватор шанаган талаараа урагшаа унахад Б-ХХК-ний туслах ажилтан Д.Л- / 38 настай, эрэгтэй/ шанаганд цохигдож, толгойдоо хүнд гэмтэл авч нас барсан байна. Б-ХХК-ний туслах ажилтан Д.Л- нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөн амь нас нь хохирсон тул үйлдвэрийн ослын улмаас нас барсан гэх үндэслэлтэй байна. Газар доорх байгууламжийн ойр орчинд нүх ухахдаа гүнийг 1,5 метрээс хэтрүүлсэн нь БНбД 12-04-06-ийн 5 дахь хэсгийн 5.6, үзлэг хийлгүйгээр 1,3 метрээс гүн нүх рүү ажилтан орж ажилласан нь дүрмийн 5.10 болон 5.12 дахь заалтыг, сувагчлах ажлыг гүйцэтгэхийн өмнө тухайн ажлын эрсдэлийн үнэлгээг хийж ажиллаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт / ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийнэ/-ыг тус тус зөрчсөн байна. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу ажил олгогч буюу “Б-ХХК-ийн захирал М.Н- нь хуулийн дээрх заалтыг биелүүлэн ажиллах үүрэгтэй. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх зэрэг үүрэгтэй бөгөөд эдгээрт хамаарах холбогдох баримтууд хавтас хэрэгт авагдаагүй байна. Экскаватороор ажил гүйцэтгэх үед БД12-106-00 тоот Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж, БД 12-101-00 тоот Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар, БНбД 12-04-00 тоот Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг үйл ажиллагаандаа баримталж, холбогдох заалтуудын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана. гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 122-128-р хуудас/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Б-ХХК Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүргийг заасан байх ба дээрх асуулт нь ажил олгогчийн нэг үүрэг болно. Энэ чиг үүргийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-д заасанчлан ажил олгогчийн шийдвэрээр байгуулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл хэрэгжүүлнэ. Д.Б- нь Конском ХХК-ийн үндсэн ажилтан тул дээрх хуулийн шаардлагыг “Конском” ХХК хэрэгжүүлэх үүрэгтэй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Харин Д.Б-ийг гэрээгээр ажиллах хугацаанд ажлын байран дах өдөр тутмын зааварчилгааг “Б-ХХК хангаж байсан байна.
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-00-ийн 7.2.9 / хөдөлгөөнт тоноглол бүхий машин ашиглах үед ажлын аюултай бүсэд хүмүүс орохоос урьдчилан сэргийлж, хэрвээ үйлдвэрлэгч- заводын зааварт өөр нэмэгдэл шаардлага тавиагүй бол машин төхөөрөмжөөс 5м- ээс багагүй зайд аюултай бүсийн хилийн зайг тогтооно/-д заасныг захиалагч тал хэрэгжүүлнэ.
“Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-00-ын 1.4-д” газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна”, 1.5-д” Суурийн суваг, хүнхрийн ханын налуугийн хэмжээг хөрсний геотехникийн шинж чанараас хамааруулж хүснэгтэд заасны дагуу гаргаж гүйцэтгэнэ.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэргийн газарт үйлдсэн фото зургаас үзэхэд тухайн үед шуудууны ханын налуу хийгдээгүй байсан байна.
Хавтаст хэрэгт хавсрагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд далангийн өргөн 2.4 метр, өндөр нь 3,2 метр байна гэж тэмдэглэсэн байна.
Гэхдээ Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/-ийн 5.10 /Шавар шавранцар зэрэг холбоос сайтай хөрсөнд шуудууг тасралтгүй ажиллагаатай экскаватороор ханыг бэхэлгээгүйгээр зөвхөн 3 м-ээс хэтрэхгүй гүн ухаж болно./-д заасан байна. Тухайн үед Б-ХХК-ийн инженер Н.Э- нь ухалтын гүний хэмжээг тодорхойлж, худгийг кольцо суулгах бэлтгэл ажил хийгдэж байсан байна.
Б-ХХК нь орон сууцны цэвэр усны шугамын ажлыг эхлүүлэхдээ зохих зөвшөөрлийг аваагүй байна. Захиалагч “Э” ХХК-ийн авсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” нь зөвхөн баригдаж байгаа барилга байгууламжид хамаарах бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.12 / Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг захиалагчийн хүсэлтийг үндэслэн барилга угсралтын ажлын дараах үе шатаар олгож болно./, 6.12.4 /гадна шугам сүлжээний ажил/ -д заасны дагуу гадна шугам сүлжээний ажилд ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах ёстой.
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/- ийн 7.2.4 “ Машин, тээврийн хэрэгслийг бэхэлгээгүй налуу ухсан /хүнхээл, суваг, шуудуу, г.м/ нүхний ойролцоох орчинд шилжүүлэх, байрлуулах, ажиллуулахдаа зөвхөн хөрсний нуралтын налуугийн зохион байгуулалт-технологийн баримт бичгээр тогтоосон зайд байрлуулж шилжүүлэх буюу ажиллуулахыг зөвшөөрнө. Ажил гүйцэтгэх төсөлд холбогдох заалт байхгүй нөхцөлд хэвтээ чиглэлд ухдасны налалтын сууриас машины хамгийн ойрын тулгуур хүртэлх зайг хүснэгт 1-т зааснаар авч, хэрэглэхийг зөвшөөрнө.
Амь хохирогч Д.Л- нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх ямар нэгэн хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэх үйлдэл тогтоодохгүй байна.
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/-ийн 7.2.2-д “Ашиглагдаж байгаа бүх төрөл, марк, зориулалтын автомашины тусгай зориулалтын тоног төхөөрөмж нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаж байвал зохино: Замын Цагдаагийн газар, Авто тээврийн газар, тээврийн хяналтын бусад газраас зохион байгуулдаг техникийн улсын үзлэг, тооллого явуулах журмын дагуу жил бүр техникийн үзлэгт хамрагдсан байна” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд уг экскаватор нь “Конском” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2017 оны 08 дугаар сарын 08-н өдөр техникийн улсын үзлэгт хамрагдсанаар тэмдэглэгээ хийгдсэн байна. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтээр тэнцэж, 57428 дугаар бүхий үзлэгийн хуудаст тэмдэглэгдсэн байна. “Конском” ХХК болон “Б-ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/12 дугаартай “Машин механизмаар үйлчлэх гэрээ”-ний Ажил гүйцэтгэгчийн эрх үүргийн 3.4 /машин механизмын ажиллах болон зогсох үеийн аюулгүй ажиллагааг ханган ажиллана/ гэж заасны дагуу гүйцэтгэгч тал хариуцна.
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/-ийн 7.2.4 дэх заалтыг экскаватор эзэмшигч шууд хэрэгжүүлэх бөгөөд дээрх заалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гарахад нөлөөлсөн байна гэх дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 161-169-р хуудас/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №05/092/12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
-“Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” /БД12-101-00/-ын 1.4-д “Газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна”, мөн дүрмийн 1.5-д “Суурийн суваг, хүнхрийн ханын налуугийн хэмжээг хөрсний геотехникийн шинж -анараас хамааруулж гүйцэтгэнэ”, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/-ийн 5.10-д “Шавар шавранцар зэрэг холбоос сайтай хөрсөнд шуудууг тасралтгүй ажиллагаатай экскаватороор ханыг сэхэлгээгүйгээр зөвхөн 3 м-ээс хэтрэхгүй гүн ухаж болно” мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. “зураг төслийн дагуу баригдсан байх” заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд газар шорооны ажил хийхийн өмнө хөрсний геотехникийн шинжилгээг хийлгүүлж ухалтын налууг тогтоож хагаралт, цууралт үүссэн эсэхийг сайтар шалгаагүй, газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан бүрэн аваагүй, ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төслийг зөрчиж шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалт хийгээгүй зэргээс шалтгаалан осол гарсан гэж дүгнэж байна.
“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дах заалт, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтооно” гэсэн заалтад хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн болно.
Талийгаач Д.Л- нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Экскаваторын операторч Д.Б-ийг аюулгүй ажиллах мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн /БНбД 12-03-04/ 4.6-д “Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгуулга хариуцна” гэж заасан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28...8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, байдлын сургалтад хамааруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж заасан үүргийг ажил олгогч хүлээнэ.
Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/-ийн 4.52-д / Объектын барилга байгуулалтад оролцогчид энэхүү норм ба дүрмийн шаардлагыг зөрчвөл хуулиар тогтоосон хариуцлагыг хүлээнэ. 4.6-д Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд: барилгын машин,.... техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна. -Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./ гэж заасны дагуу Б-ХХК-ийн ажил олгогч хариуцна.
Э-ХХК, М- констракшн ХХК, А- ХХК-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүннү молл худалдаа, үйлчилгээний төвийн урд баригдах “Т-” цогцолборын дулаан зогсоол спорт заал бүхий орон сууцны хорооллын барилгажих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийг Барилгын инженер геологийн “Эко Гидро Гео” ХХК 2017онд ЗТ19-1400/16 шифртэйгээр боловсруулж, улсын магадлалаар баталгаажуулсан байна. Харин, ус дулааны гадна шугам сүлжээний талбайн инженер геологийн дүгнэлт гэж тусад нь гаргасан дүгнэлт байхгүй байна.
Ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төсөлд шуудууны /газар шорооны ажлын/ эрэг ханыг 1:0.5 харьцааны налуутайгаар ухахаар төлөвлөсөн байна.
Тус ажлыг гүйцэтгэгч Б-ХХК нь Барилга угсралтын ажилд гүйцэтгэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05-ын 1 дэх хэсгийн 1.4-д /газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна./ гэсэн заалт болон ажлын зураг төслийг зөрчиж, сувгийн шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалтыг хийгээгүй байгаа нь хэргийн газарт авагдсан фото зураг, хавтаст материалуудаас харагдаж байна./х.х. 017-019 дүгээр хуудас/
Газар шорооны ажлыг/шуудууг/ экскаватороор 3 метрээс гүн ухах бол эргийн налууг ажлын зургийн дагуу хийсэн байх, шуудуунд хүмүүс орж ажиллах бол эгц хананд бэхэлгээ хийсэн байх шаардлагатай гэсэн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 5.7 дахь 5.10 дахь заалтуудыг зөрчсөн.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтлээс сэргийлэх .../, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй/-уудыг зөрчсөн байна.
“Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” /БД12-101-05/-ын 1.4-д “Газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. “зураг төслийн дагуу баригдсан байх” заалтуудыг ажил олгогч хэрэгжүүлж ажиллуулаагүй талаар хариулсан болно.
Иймд газар шорооны ажил хийхийн өмнө хөрсний геотехникийн шинжилгээг хийлгүүлж ухалтын налууг тогтоож хагаралт, цууралт үүссэн эсэхийг сайтар шалгаагүй, газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан бүрэн аваагүй, ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төслийг зөрчиж шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалт хийгээгүйгээс осол гарсан гэж дүгнэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 60-69-р хуудас/
Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2/468 дугаартай албан бичигт: “Э-ХХК-ийн эко аялал жуулчлалын цогцолбор барилгын эхний ээлжийн 1-9 давхар барилгуудад манай байгууллагаас 2017 онд 595/17 тоот техникийн нөхцөл олгосон бөгөөд уг нөхцлийн дагуу гадна цэвэр, бохир усны шугамын ажлын зургийг зураг төслийн “Х-” ХХК хийж гүйцэтгэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагтай зөвшилцсөн байна. Харин шугам сүлжээний угсралтын ажлын явцад манай холбогдох ажилтнуудаар хяналт тавиулаагүй /хх-ийн 2-р хавтас 10-12-р хуудаc
Шинжээч С.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Осол болсон газарт ухаж байсан цэвэр усны гадна инженерийн шугамын ажлыг хийхдээ зураг төслийн дагуу хийх үүргийг гүйцэтгэгч Б-ХХК нь зураг төслийн дагуу хийх үүргийг хариуцна. Тухайн ажлыг хариуцаж газар дээр нь ажил хийлгүүлж байгаа талбайн инженер нь зураг төслийн дагуу ажлыг хийлгүүлэх үүрэг хүлээнэ. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг, хэрэгт авагдсан бусад баримт, материалуудад хөрс нурсан нь тогтоогдсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 79, 97-р хуудас/
Эд зүйл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд: ... “Э-” ХХК “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр”-ын хоёроос долоо хүртэлх хуудсанд Д.Б-д 2017 оны 10 дугаар сарын 16, 17, 18, 19, 20-ны өдрүүдэд зааварчилгаа өгөгдсөнөөр тэмдэглэгдсэн байна. ...2-7 дугаар хуудсанд амь хохирогч Д.Л-д хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөгдсөн эсэхийг үзэхэд “М-” гэж 2017 оны 10 дугаар сарын 13, 14, 15, 16, 17, 19, 20-ны өдрүүдэд зааварчилгаа өгөгдсөнөөр тэмдэглэгдсэн...” гэжээ. /хх-ийн 1-р хавтас 25-26-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн: ... 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Б-ХХК-ийн инженер Э- над руу залгаад “Ах чинь өнгөрчихлөө, хурдан ирээрэй” гэж хэлсэн. Би дүү нарынхаа хамтаар хэргийн газар очиход цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар ирээд хэргийн газрын үзлэг хийж байсан. Намайг ирэхэд талийгаач нас барсан газартаа байсан. Талийгаачийг Төв аймгийн Баянхангай сумын нутагт оршуулсан. Талийгаачийн газарт очиход 10 гаран машин явсан бензин шатахуун их зарцуулсан. Миний ах ажил төрөл хийж ар гэрээ авч явдаг байсан. Ахаа алдсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдүүлмээр байна. Нийт 8,426,740 /Найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга долоон зуун дөчин/ төгрөгийг буруутай хүнээс нэхэмжлэх болно. /хх-ийн 1-р хавтас 33-34, 36-37-р хуудас/
Гэрч П.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: Манай Конс Ком ХХК нь барилга, шугам сүлжээний компани юм. Манай компани 2017 оны 08 дугаар сард Б-гэх компанитай гэрээ байгуулан компанийн экскаваторыг өдрөөр Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороонд газар шорооны ажил хийлгүүлэхээр ажиллуулж байсан. Манай компанийн экскаваторыг операторч ажилтай Д.Б- жолоодон ажиллуулж байгаа юм. Д- овогтой Б- нь манай компанид оператороор ажиллаад 5жил болж байна. 2017 оны 10 дугаар сарын 20- ны өдрийн 12 цагийн орчимд манай ажилтан Д.Б- над руу өөрийнхөө гар утаснаас залгаад “Экскаватор шороо руу гулсаж ороод хүн дарагдаж нас барчихлаа” гээд уйлаад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 45-51-р хуудас/,
Гэрч Х.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр осол болсон газар дээр байгаагүй. Энэ ажлын төсвийг би хийсэн. Энэ Арцатын амны орон сууцны хорооллын Э-ХХК-ний гадна цэвэр усны шугамын угсралтын ажлын гэрээ 2017 оны 9-р сарын 20-ны өдөр байгуулагдсан. Осол болох үед би байгаагүй. 2017 оны 9-р сарын 20-ны өдөр ажил эхлэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалт явуулсан. Энэ сургалтад инженер Баасанбаатар, инженер Төмөрчөдөр, туслах ажилчид хамаарагдаж орсон. Туслах ажилтнуудын нэрийг мэдэхгүй байна. /хх-ийн 1-р хавтас 81-85-р хуудас/
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би энэ өдөр осол болсон газарт байгаагүй ба Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах бетон эдлэлийн үйлдвэрийн талбайд байсан. Осол гарсны дараа надад Э- хэлсэн. Тэгээд осол гарсан газарт ирж үзсэн. Кран дуудаж унасан экскаваторыг нүхнээс гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/
Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Энэ газарт “М-”, “А-”, “Ш-” сургууль, “Э-” зэрэг дөрвөн аж ахуй нэгж гадна дулаан, цэвэр ус, бохир усны шугамын ажлыг бусдаар хийлгүүлэхээр болсон. Эдгээр дөрвөн аж ахуй нэгж нь Хүннү молл худалдааны төвийн урд талд тус тусдаа өөр өөрсдийн газар дээр орон сууцны хороолол барьж байгаа юм. Манай Э-ХХК нь Арцат вила, Хүннү вила, Ш- гэсэн сургууль, Ш- хороолол зэрэг цогц хороолол барьж байгаа. Гадна дулаан, цэвэр, бохир усны шугамын ажлыг хийлгүүлэхээр төсөл шалгаруулахад Б-ХХК нь төслөөр шалгарсан. Б-ХХК нь эдгээр дөрвөн компанитай гэрээ хийгээд гадна шугамын ажлыг хийж эхэлсэн. Гадна шугамын ажлын зураг тусдаа хийгдсэн. Дээр хэлсэн дөрвөн компани захиалж зураг төсвийн гадна шугамын ажлын зураг төсөв нь хийгдэн. Дулааны шугамын ажил хийх үед учрах эрсдэл, аюулаас сэргийлэх хамгаалах талаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг манайх хийхгүй. Манайх хийгээгүй. Энэ арга хэмжээний төлөвлөгөөг ажлыг хийхээр гэрээ байгуулж авсан Б-ХХК нь хийнэ. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хамгаалах ажлыг Б-ХХК нь өөрөө 100 хувь хариуцна. Энэ талаар гэрээнд тусгасан эсэхийг сайн санахгүй байна. Манай компанийн менежер Б- энэ талаар мэдэх байхаа гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би “Э-” ХХК-ний үндсэн ажилтан биш юм. Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт бариулж байгаа Б- зааны “Э-” ХХК-ний ажилд сайн дураараа тусалдаг юм. Түүнээс биш би “Э-” ХХК-ний менежер биш. Намайг Э-ХХК-ний менежерээр томилсон ямар нэг тушаал шийдвэр байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн татвар төлдөггүй гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-р хуудас/
Гэрч Ж.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хаспроперти ХХК-ний сантехникийн инженерээр ажиллаж байхад Э-ХХК-ний эко аялал жуулчлалын цогцолборын гадна талын цэвэр, бохир усны шугамын ажлын хэсэг газрын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Манай компанийн англи сургуулийн цуглуулах цооног хүртэлх бохир усны шугамын 163 метр газрын бохирын шугамын зураг төслийн ажлыг хийсэн. Энэ шугамын зургийн ажлыг 2017 ерөнхий төлөвлөгөөний газарт аваачиж хянуулсан байх ёстой. Хянуулах ажлыг захиалагч авч явж хянуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 90-91-р хуудас/
Гэрч Н.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: Б-ХХК-ний захирал Д.Н-ын 2017 оны 9-р сарын 01-ний өдрийн захиалгаар Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Э-” хорооллын цэвэр, бохир усны шугамын зураг төслийн ажлыг хийсэн. Энэ зураг төсөл нь 2017 оны 10-р сарын 01-ний өдөр дууссан. Уг зураг төслийг Ус сувгийн удирдах газраар 2017 оны 10-р сарын 19-ны өдөр хянасан. Хянагдахаас өмнө буюу 2017 оны 10-р сарын 19-ний өдрөөс өмнө цэвэр, бохир усны ажлын техникийн нөхцөлийг Ус сувгийн удирдах газраас баталсан ба баталсан техникийн нөхцөлийн дагуу зураг төслөө хийсэн. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар энэ зураг төслийг 2017 оны 10-р сарын 13-ны өдөр хянуулж зургаа зөвшөөрүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 93-95-р хуудас/
Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Т-” нэртэй орон сууцны цогцолбор хорооллын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг Б-ХХК-ний захиалгаар 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр гэрээ байгуулж хийж эхэлсэн. Энэ дулааны ажлын зураг төслийг хийж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Энэ дулааны шугамын зураг төслийн ажлыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний ерөнхий инженер Батбаяраар хянуулж зөвшөөрүүлсэн төлөвлөгөөний газрын дулааны инженер Ц.Лхамсүрэнгээр хянуулж зөвшөөрүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 24- ний өдөр Нийслэлийн автозамын хөгжлийн газрын нэг хэлтсийн дарга Ж.Д-гээр мөн хянуулж зөвшөөрөл авсан. Энэ зураг төслийг зохих байгууллагуудаар хянуулж зөвшөөрөл авсны дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр захиалагч Б-ХХК-д хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 97-98-р хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Э-” ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “А-” нэртэй орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлж байсан. “А-” ХХК нь “Сити палаз” ХХК-ний охин компани юм. “А-” ХХК нь “А-” нэртэй орон сууцны хорооллын төслийн захиалагч байсан. Би 2017 оны 10-р сарын үед энэ орон сууцны хорооллын төслийн ажилд захиалагчийн зүгээс ажиллаж байсан. Осол болсон өдөр би барилгын талбайд ирэх үед энэ осол гарсан цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Би осол хэрхэн яаж гарсныг мэдэхгүй. Осол болсон газрын баруун зүг талд баригдаж байсан “Харүмафүжи Ш-” сургуулийн талбайд хяналтын камер байрладаг байсан. Энэ хяналтын камер байрлах талбай болон осол газрын хооронд барилгын хашаа байсан. Осол болсон өдөр осол болсон газраас зүүн урд талд байрлах хяналтын камерын бичлэгийг цагдаа нар үзээд байх шиг байсан. Тэр үед бичлэгийг харсан. Бичлэгийг харахад экскаватор газар ухаж байгаад шанагаа өргөөд зогсож байсан. Нүхний цаана хүний толгой цухуйж харагдаж байсан. Энэ хохирогч болов уу гэж бодсон. Удалгүй шанага доошоо буугаад тэгээд шууд шанагаа дагаад нүх руу орсон бичлэг байсан. Камерын бичлэгийн хадгалах хугацаа дууссан тул устгагдсан. Манайх хадгалж аваагүй болно. Энэ камер бид нарын мэдэлд байдаг камер биш гүйцэтгэгч байгууллагын мэдэлд байсан камер байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 3-р хавтас 82-83-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Т-” цогцолбор буюу Эко аялал жуулчлал орон сууцны цогцолборын барилга байгууламжуудын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлуудыг гүйцэтгэхээр Б-ХХК нь 2017 оны 09 дүгээр сард 08/17 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэх явцад хөрс нурсны улмаас Хьюндай ровекс 1400 загварын 67-88 УБ улсын дугаартай экскаватор нүх рүү унахад туслах ажилтан Д.Л- нь экскаваторын шанаганд дарагдан нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн / удаа дараагийн дүгнэлтүүд болон шинжээч Ш.Хонгорзул, Б.Баяраа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн шинжээчдийн дүгнэлтүүд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан байх бөгөөд шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 4-т “иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн бүлэгт тусгагдсан байдаг. Мөн түүнчлэн энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
"Б-" ХХК-ийн захирал М.Н-, экскаваторчин Д.Б- нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэж байхад туслах ажилтан Д.Л- нь экскаваторын шанаганд дарагдан амь насыг хохироосон нь нотлогдсон тул “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба шүүгдэгч Д.Б-, М.Н- нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-өд амь хохирогч Д.Лхагвыг оршуулахтай холбоотой зардалд нийт 10.000.000 төгрөгийг нөхөн төлснийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б-, М.Н- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, М.Н- нарт тус бүр 3 жилийн хорих ялыг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав
Шүүгдэгч Д.Б-, М.Н- нар нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-, М.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Д-ийн Б-, З- М-ын Н- нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч М.Н-ыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, М.Н- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б-, М.Н- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 07 дүгээр сарын 03-ны өдрөөс тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-, М.Н- нар нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-өд 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Б-, М.Н- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-, М.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР