Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 09

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                          А.Энхтуяа  Нарийн бичгийн даргаар                        Г.Нандин Эрдэнэ нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Бд холбогдох 1931003320213 тоот  хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1969 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг Буурагчин дарь эхийн гудамж 3-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт С.Б /РД:МЕ69100514/, Шүүгдэгч  С.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгана” гэх нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                      Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд; 1.Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын  20-нд яллагдагчаар өгсөн: ...Манай хүргэн Шинэбаяр нь өөрийн эзэмшлийн 2 экскаватортой бөгөөд, уг 2 техник нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүргэн болох Шинэбаяртай гар утсаар холбогдоод “Ахад нь мөнгөний хэрэг гараад байна. Чиний 2 экскаваторыг түрээслээд ажилламаар байна” гэж хэлэхэд Шинэбаяр “тэг, тэг” гэж хэлсэн. Би тэгээд Шинэбаярт “Харганат” гэх газар руу явлаа гэж хэлэлгүйгээр 2 оператор залуугаар 2 экскаваторыг хөдөлгүүлээд “Харганат” гэх газарт очсон. Тухайн газарт техникүүдээ аваачаад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалт хийж ажилласан. Тухайн үед Шинэбаярт хэлэлгүйгээр дур мэдэн ажилласан. Уг өдрөө ашигт малтмал хайх зорилгоор хөрс хуулалт хийж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Би ашигт малтмал олборлох эрхтэй нөхөрлөл болон аж ахуй нэгж байгууллагад хамаарагддаггүй. Уг талбай нь миний эзэмшлийн талбай биш. Уг талбай нь орон нутгийн өмчид хамаарах талбай гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2-р баг “Харганат”

гэх газар ашигт малтмал олборлох зорилгоор үйл ажиллагаа явуулсан. ...Би хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаад ямар нэг алт олж чадаагүй. Би хууль бусаар ашигт малтмал олборлосондоо их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р ху/, 2.Шүүгдэгч С.Бийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ерөө сумын “Харганат” гэх газар 1 гэр, 2 экскаватортай очсон. Тэгээд шалгалт явж байна гэх сургаар газар ухалгүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой газар ухаад үзье гэж шийдээд, газар ухаж байхад шалгалт хийж байсан цагдаа нар ирээд баригдсан. Тус газраас бид нар бүх техник хэрэгслээ хураалгаад тэгээд цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Миний хувьд С.Б нь гэрээ байгуулсан эсэхийг бол сайн мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагад хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдэг асуудлаар шалгагдаж байгаа юм чинь гэрээ байгуулаагүй холбогдох баримт бичиггүй байсан байх гэж бодож байна. Миний хувьд бол иргэн С.Бийн хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдэх зүйл байхгүй байна. Мэргэжлийн байгууллагын шинжээч хохирлыг тооцож гаргасан болохоор би тухайн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутай хүмүүсээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж зохих журмын дагуу арга хэмжээ тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулж, нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/, 4.Гэрч Д.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харгана” гэх газарт хадам ах С.Б “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж байна. Холбогдох бичиг баримт нь гарч байгаа” гэж надад хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний эзэмшлийн “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC9S” маркийн 2 ширхэг экскаваторыг амаар харилцан тохиролцож ямар ч байсан эхлээд ажиллуулаад үз, тэгээд гайгүй бол тухайн үед нь харилцан тохиролцож түрээслэхээр болсон юм. Тэгээд хэрэв гайгүй ажиллах юм бол түрээсээ тухайн үед нэмэхээр тохиролцсон юм. Би тэгээд тухайн газарт 2 ширхэг экскаватороо ажилчдынх нь хамтаар хүргэж өгөөд ашигт малтмал угаах төхөөрөмж олж авчирч өгөх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө Ерөө сумруу явж хадам ах С.Б нь тухайн газарт ажилчидтайгаа үлдсэн юм. Миний хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Тухайн “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC-9S” маркийн 2 ширхэг экскаватор нь миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Тухайн “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC-9S” маркийн 2 ширхэг экскаваторыг одоогоос 4-5 жилийн өмнө би Улаанбаатар хотын хүнээс тухайн үед утсаар ярьж “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC-9S” маркийн экскаватор нь мотор нь цохисон байхад 15 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм.

Харин Huyndai -30001-С-95 маркийн экскаваторыг нь 12 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Ер нь жаахан тааруухан экскаваторууд байсан. С.Бд албан ёсоор түрээслээгүй “ямар ч байсан эхний ээлжинд ажиллуулаад үз тэгээд гайгүй бол дараа нь түрээсээ тохирно” гэж ярилцсан байсан. Тухайн “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC-9S”  техникүүдийг надад зарсан хүнийг би танихгүй тухайн үед л утсаар ярьж уулзаад экскаваторыг үзэж хараад харилцан тохиролцож “хямдхан зарлаа” гэхээр нь би худалдаж авч байсан юм. Тухайн хүн надад хэлэхдээ “техник хэрэгслүүдээ зарчхаад гадагшаа явна” гэж байсан. Түүнээс хойш холбоо бариагүй мэдэхгүй. Хаана байдаг талаар бол би сайн мэдэхгүй. Намайг анх авахад л огт бичиг баримтгүй, улсын дугааргүй байсан. Одоо ч гэсэн тэр хэвээрээ байгаа. Би “Huyndai-3000LC-9S” маркийн экскаваторыг 9 сая төгрөг, харин “Huyndai-480LC-9S” маркийн экскаватораа 12 сая төгрөгөөр ер нь жаахан тааруу муу учраас одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна. Миний хувьд гомдол санал байхгүй. Харин өөрийн эзэмшлийн “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC-9S” маркийн экскаваторуудаа нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/, 5.Гэрч Д.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харгана” гэх газарт хадам ах С.Б “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж байна, холбогдох бичиг баримт нь гарч байгаа” гэж надад хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр миний эзэмшлийн “Huyndai-3000LC-9S”, “Huyndai-480LC9S”  маркийн 2 ширхэг экскаваторыг амаар харилцан тохиролцож ямар ч байсан эхлээд ажиллуулаад үз тэгээд гайгүй бол тухайн үед нь харилцан тохиролцож түрээслэхээр болсон юм. Би тэгээд тухайн газарт 2 ширхэг экскаватораа ажилчдынх нь хамтаар хүргэж өгөөд ашигт малтмал угаах төхөөрөмж олж авчирч өгөх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө Ерөө сумлуу явж хадам ах С.Б нь тухайн газарт ажилчидтайгаа үлдсэн юм. Тэгтэл Баттөр ах намайг явсан хойгуур зөвшөөрөл бичиг баримт нь гараагүй байхад хууль бусаар газрын хөрс хуулж цагдаагийн хяналт шалгалтанд баригдсан. С.Бд тухайн газарт ашигт малтмал олборлох зорилгоор сум орон нутагтай байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох одоогоор бол байгуулсан гэрээ байхгүй байх гэрээ байгуулах гээд хөөцөлдөж байгаа гэж байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/, 6.Гэрч П.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28ны өдөр өгсөн:  ...Би Хэнтий аймагт амьдардаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үнэгүй.мн гэсэн сайтаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оператор авна гэсэн байсны дагуу утсаар залгаж холбогдоход Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа хэлсэн. Түүний дагуу би Хэнтий аймгаас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гараад 2019 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирсэн юм. Намайг Сэлэнгэ аймгийн Ерөө сум Харганат гэх газарт ирэхэд 2 экскаватор, 31 загварын тээврийн хэрэгсэл, нэг гэр барьчихсан байсан ба Баттөр ах тогооч эгч 2 байсан. Өөр ямар нэг техник, хүн бол байгаагүй. Яг иргэн юм уу нөхөрлөл юм уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Баттөр ах газар ух гэсний дагуу би экскаватор

бариад газар ухсан юм. Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд хяналт. шалгалт байна гээд ямар нэг ажил хийхгүй байсан. Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр орой байх цагийг нь бол сайн санахгүй байна бараг цаг ч хүрээгүй газар ухсан. Тухайн үед Баттөр ах Болдоо та 2 энэ газрыг ухаад байх гэж хэлсэн бөгөөд Баттөр ахын хэлсний дагуу Эрка бид 2 газар ухсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р ху/, 7.Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...Би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд Дархан ТВ-н зараар “оператор ажилд авна” гэсэн зар явсны дагуу холбогдох гар утас руу ярихад “хөдөө экскаватор барина” гэхээр нь “за за тэгье” гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд машинаар 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн юм. Би уг газарт экскаваторын операторын ажил хийхээр ирсэн. Ямар ч байсан надад нөхөрлөл гэж хэлсэн. Баттөр ах намайг “газар ингэж ух, тэгж ух” гээд байхаар нь би ахлагч нь юм болов уу гэж бодож байсан. 2 экскаватор байсан. Өөр ямар нэг техник байгаагүй бөгөөд Баттөр ах Болдоо гэх оператор, тогооч эгч бид 4 гэр бариад хамт байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд хяналт, шалгалт байна гээд ямар нэг ажил хийхгүй байсан. Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр орой байх цагийг нь бол сайн санахгүй байна бараг цаг ч хүрээгүй газар ухсан. Тухайн үед Баттөр ах Болдоо та 2 энэ газрыг ухаад байж бай гэж хэлсэн бөгөөд Баттөр ахын хэлсний дагуу Болдоо бид 2 газар ухсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/, 8.Гэрч К.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:  ...Манай суманд амьдардаг Баттөр надад “чи жолооч хийгээд өгөх боломж байна уу?” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд бид нар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Харганат” гэх газар ирсэн юм. 2 оператор Баттөр бид бид 4 байсан бөгөөд 2 экскаватор байсан. Ямар ч байсан газрын хэвлийг ухсан би өөр зүйл мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/, 9.Гэрч Б.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харгана”, “Өлөнт”, “Могойн гол”, “Цамхаг” гэх газруудад Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсгийн хамт хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахад “Харгана” гэх газарт нэг монгол гэртэй 5-6 орчим хүн 2 экскаватортайгаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хөрс хуулах үйл ажиллагаа явуулсан байсан. Тухайн газарт ажлын хэсгийн алба хаагчид ажиллаж үйл ажиллагааг таслан зогсоосон. Яг хэн гэдэг хүн хариуцаж байсан талаар бол сайн мэдэхгүй байна. Шалгалтаар биднийг очиход угаах төхөөрөмж байгаагүй. Харин 2 ширхэг экскаватор байсан. Мөн нэг монгол гэр байсан. Тухайн газарт тогтмол сум орон нутгийн зүгээс эргүүл шалгалтыг хийж байсан. Энэ үеэр С.Б гэгч нь тухайн газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р ху/,

10.Гэрч М.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өгсөн: ...Миний бие 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалт зохион байгуулж ажиллахад оролцож ажилласан. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харгана” гэх газарт иргэн С.Б гэгч нь холбогдох үзүүлж харуулах бичиг баримтгүйгээр 2 ширхэг экскаватор 5-6 хүн ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан байсан. Иймд ажлын хэсгийн алба хаагчдаас хяналт шалгалтыг зохион байгуулж тухайн иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож техник хэрэгсэл болон амьдарч байсан монгол гэрийг албадан буулгаж хуулийн дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулсан. Яг тухайн үед бол хэн гэдэг хүн хариуцаж үйл ажиллагаа явуулж байсан талаар бол сайн мэдэхгүй байна. Тухайн үед ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс бол мэдүүлэг тэмдэглэл авч байсан. Тухайн иргэд нь бол газрын хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулахдаа бол мод бут устгаж гэмтээсэн зүйл байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р ху/, 11.2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1.С.Бийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал /13917+3297600+702000+2754000/ нийт 6767517 /зургаан сая долоон зуун жаран долоон мянга таван зуун арван долоо/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна. гэж дүгнэв. ...гэх дүгнэлт /хх-ийн 37-39-р ху/, 10.”Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний дүгнэлт: 1.2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI 480 LC-9s” маркийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 11 сарын байдлаар 11.000.000 төгрөгний үнэтэй болно.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 48-р ху/ 11.”Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний дүгнэлт: 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI 300LC-9s” маркийн экскаваторын өнгө үзэмж техниктийн байдлаас хамаарч 2019 оны 11 сарын байдлаар 8.000.000 төгрөгний үнэтэй болно.  ... гэх дүгнэлт, /хх-ийн 52-р ху/ 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 91-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-10-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 32-34, 42-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 34-39, 47-50, 51-54-р ху/, Монгол Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх-ийн 39-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 40, 55-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 41, 56-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 57-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 58-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж

яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 62-63-р ху/, эд хөрөнгө битүүмжилсан тэмдэглэл, /хх-ийн 71-р ху/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 76-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 79-р ху/, бусад цагдаагийн газар, хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 80-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 82-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 83-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 81-р ху/, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгана” гэх нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, Монгол Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч С.Б гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн, нөхөн сэргээлтэнд 5.461.827 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч С.Б нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 2.255.839 төгрөгийн бодит хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилсны дагуу байгаль экологид учирсан хохирлыг 3 нугалан нийт 6.767.517 төгрөгний  хохирлыг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэргийн улмаас учирсан төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Бд мэдэгдэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн  хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI 480 LC-9s” маркийн экскаватор, /11.000.000 төгрөгний үнэтэй/, 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI 300LC-9s” маркийн экскаватор, /8.000.000 төгрөгний үнэтэй/   нь Д.Шинэбаярын эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул дээрхи экскаваторуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Шинэбаярт олгож, шүүгдэгч С.Бөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийн үнэ нийт 19.000.000 /арван есөн сая/  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй. Шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Б мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Бөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан текникүүдийн үнэ 19.000.000 /арван есөн сая/  төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, “Huyndai 480 LC-9s” маркийн экскаватор, “Huyndai 300LC-9s” маркийн  экскаваторуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Шинэбаярт олгосугай.

6.Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             С.НОЛХООСҮРЭН