Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 06

 

 

Б.Мөнхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Аянагүл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1737000180014 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг  үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд  ял шийтгэлгүй, Хархүүхэн овогт Бүүвэйн Мөнхбаяр нь Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг Чацаргант гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ж.Хашхүүгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 50 кг ааруул, 10 литр монгол архи, мөн өдөр Улиаст багийн нутаг Арал гэх газарт иргэн Ж.Хашхүүгийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч 10 литр монгол архи тус тус хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Хархүүхэн овогт Бүүвэйн Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хархүүхэн овогт Бүүвэйн Мөнхбаярыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт оногдуулсан  1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг өгөөгүй ба шүүгдэгч нь боловсролгүй, хэрэгт боловсролын байдлын талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, бичиг, үсэг мэддэгүй байхад мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт харилцан хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Шүүгдэгч Б.Мөнхбаярын хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болох Ж.Хашхүүгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, Д.Төмөр, Г.Уранзаяа, Д.Эрхэмбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтооосон баримт, хохирлын хүснэгт буюу тооцоо, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хулгай хийсэн гэх орон байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэгдсэн гэж үзэх хууль зүйн  үндэслэлтэй болно. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан ба хэргийг шүүхээс  хянан шийдвэрлэхэд дан ганц яллагдагчийн мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрлэх боломжгүй юм. Шүүхээс уг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Мөнхбаярыг гэм буруутайд тооцохдоо түүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлээгүй болно. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тотгоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан ба шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэж, Б.Мөнхбаярыг гэм буруутайд тооцохдоо түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлж түүнийг гэм буруутайд тооцоогүй, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг  Чацаргант гэх газарт  2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ж.Хашхүүгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 50 кг ааруул, 10 литр монгол архи мөн өдөр Улиаст багийн нутаг Арал гэх газарт иргэн Ж.Хашхүүгийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч 10 литр монгол архи тус тус хулгайлж иргэн Ж.Хашхүүд 390000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын “ . . . шүүгдэгч нь боловсролгүй, хэрэгт боловсролын байдлын талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, бичиг үсэг мэддэггүй байхад мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан / монгол хэл, бичиг мэдэхгүй/ гэснийг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн нь буруу байна . . .” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна .   Учир нь:

  Мөрдөн байцаалтын үед яллагдагчийн эрх, үүргийг танилцуулсан байх бөгөөд Б.Мөнхбаяр нь өмгөөлөгч авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх ба шүүхийн шатанд өмгөөлөгчөөр  хангасан байна.

            Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Мөнхбаярын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Хашхүүгийн мөрдөн байцаалтад  хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Д.Төмөр, Г.Уранзаяа, Д.Эрхэмбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, хохирлын тооцоо, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хулгай хийсэн гэх орон байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна

                 Б.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  гэм буруугийн хэлбэрт  тохирсон, хуульзүйн үндэслэлтэй  байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Б.Мөнхбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 42   хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мөнхбаярын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон     хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3 Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

            ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

 

                ШҮҮГЧИД                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                  

 

Б.ДАМБА