Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0039

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч З.Н, гуравдагч этгээд А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У

Нэхэмжлэлийн шаардлага: “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч З.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 126/2021/0005/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар маргасан байна.

2.Булган аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч З.Ноос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүгч шийдвэртээ "... харин дээрх хуулийн дагуу сонгогдсон захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр дараагийн шинээр сонгогдсон захирагчийг эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч, тосгоны захирагчаар томилсон шийдвэр гарснаар дуусна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ‘Тосгоны захирагч” нь улс төрийн албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу тус албан хаагчийн зарим эрх зүйн байдлыг Хот. тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 14 дүгээр зүйлд Тосгоны захирагчийг хэн сонгох, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг зохицуулснаас бус түүний бүрэн эрхийн хугацаа дараагийн Тосгоны захирагчийг сонгосноор дуусгавар болно гэсэн эрхийн зүйн зохицуулалт байхгүй. Гэтэл шүүгч хуулиар зохицуулагдаагүй харилцааг зохицуулсан мэтээр тайлбарласан нь хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэхээр байна. Харин Тосгоны захирагчийн бүрэн эрх хэзээ дуусгавар болох талаар хугацааны хувьд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхой хуульчилж өгсөн Гэтэл дараагийн тосгоны Захирагч томилогдсоноор өмнөх тосгоны Захирагчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн эрх зүйн зохицуулалт Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд байхгүй байхад шүүгч өөрийн үзэмжээр хуулийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2.Мөн шүүгч шийдвэртээ Хатгал тосгоны захирагчийг сонгох ээлжит сонгууль 2018 онд явагдсан боловч сонгуулийн үр дүн. үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд маргаан үүсэж, тус сонгуулийн зохион байгуулалттай холбоотой шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар дурджээ. Эдгээр үйл явцаас үзэхэд өмнөх 2014 онд сонгогдсон Тосгоны захирагчийн бүрэн эрхийг хугацааг дуусгавар болсныг баталгаажуулж, 2018 онд дараачийн Тосгоны захирагч сонгох ажиллагааг зохион байгуулсан явдалтай холбогдуулан өмнөх захирагчийн эрх зүйн байдал дордох, зөрчигдөх тухай эрх зүйн харилцаа үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаагаар бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд энэ хуулийн хугацаан дотор уг албан хаагчийн эрх зүйн байдал хамгаалалтын асуудал ярих ёстой. Гэтэл шүүгч шийдвэртээ дээрх хугацааны агуулгыг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж, хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

3.3.Шүүгч шийдвэртээ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийг хэрэглэн захирагчийг сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг дурджээ. Хот. тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд 12.1 гэсэн зохицуулалт байхгүй юм Нөгөөтээгүүр цаашлаад "... хурлыг зарлан хуралдуулаагүй, ... оршин суугчдын олонхийн санал авсан хүнийг тодроогүй байхад ... албан үүргээ гүйцэтгэж байгаа захирагчийг чөлөөлсөн” гэж буруутгажээ. Гэтэл шүүгч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл, хэрэглээ орон нутагт үүссэн нөхцөл байдлыг үнэлж, дүгнээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 3.2 дахь зохицуулалтаар шүүхийн шийдвэрт дурдсан процесс ажиллагааг зохион байгуулах олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах ямар ч боломжгүй юм, Гэтэл Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн явдал нь ойлгомжгүй байна. Тодруулбал. шүүгч шийдвэртээ "өөрөөр хэлбэл дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх гүйцэтгэх арга нь Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг тухай тосгоны сонгох эрх бүхий оршин суугчдаас бүрдсэн хурлаар хэлэлцэж захирагчийг сонгох сонгуулийг дахин явуулж, захирагчийг сонгох ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг дурдвал зохино" гэсэн байх бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар тосгоны захирагчийн сонгуулийг зарлан явуулах тухай энэ хуулиар зөвшөөрөөгүй тул сонгууль зарлан явуулах боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй орхигдуулсан байна.

3.4.Засаг даргын зүгээс 2014 онд сонгогдсон Захирагчийн хувьд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Хатгал тосгоны Захирагчийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, доголдлыг арилгуулахын тулд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-д “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Хатгал тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн хүрээнд удирдан чиглүүлж зохион байгуулах, иргэд төрийн үйлчилгээг тасралтгүй явуулахын тулд удирдлагаар хангах бүрэн эрхээ төлөөлүүлэн 2020 оны Б/18 дугаар захирамж гаргаж, үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Үүрэг гүйцэтгэгчийн хувьд ялгаагүй Хатгал тосгоны иргэдийн олонхын саналыг авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон иргэн юм. Засаг даргын 2020 оны Б/18 захирамж нь Хатгал тосгоны Захирагчийг шууд томилж байгаа шийдвэр биш бөгөөд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сонгууль зарлагдаж, дараачийн Захирагчийг Хот, тосгоны эрх зүйн байдлын хуульд заасан ажиллагааг хийж томилогдох хүртэл түр хугацаанд удирдлагаар хангах чиг үүргээ төлөөлүүлэн томилсон гэж үзэж байгаа болно.

3.5.Шүүгч шийдвэртээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба энэ хуулийн дагуу гарсан албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар аймгийн засаг даргад хандах шаардлагагүй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болно” гэсэн нь захиргааны хэрэг 'шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 1 дэх заалттай нийцэхгүй бөгөөд үгүйсгэсэн агуулгатай байна.

3.6.Мөн шийдвэртээ маргаан бүхий Засаг даргын 2020 оны Б/18 тоот захирамжийн үндэслэлийн талаар дурдсан байх бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд дагуу "Бусад үндэслэл” гэдэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоол хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэсний дагуу гаргасан байтал энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг хэрэгжүүлсэн Нөгөөтээгүүр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулан шүүхийн магадлал. тогтоолыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байтал хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

3.7.Шүүхийн шийдвэрт “... Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нь нэхэмжлэгчийг захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагаанд хамааралгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байхаар хэд хэдэн нөхцөлийг хуульчилсан байх боловч Хатгал тосгоны захирагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж буй захиргааны актыг гаргахад хуульд заасан дээрх тохиолдлууд үүсээгүй гэж үзэхээр байна” гэсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн д сонсох ажиллагааг хийхгүй байх гээд 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол гэж хуульчилсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн Засаг даргын 2020 Б/18 дугаар захирамжийг гаргасан явдалд сонсох ажиллагааг хийхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байхад 'Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байхаар хэд хэдэн нөхцөлийг хуульчилсан байх боловч Хатгал тосгоны захирагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж буй захиргааны актыг гаргахад хуульд заасан дээрх тохиолдлууд үүсээгүй гэж үзэхээр байна" гэсэн нь захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д нийцэхгүй байна.

3.8.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хурал, засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ" гэсний дагуу засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг дээрх хуульд зааснаар сумын Засаг дарга хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт 14.979.648 төгрөгийг Алаг-эрдэнэ сумын Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэлээ” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж заасантай нийцэхгүй байна.

3.9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д “шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1,5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан. Миний хувьд нэхэмжлэл гаргагчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Б.Г-ын Хатгал тосгоны захирагчийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд дууссан бөгөөд 2018 онд тус тосгоны захирагчийн сонгууль явагдсан. Эндээс үзэхэд түүний Хатгал тосгоны захирагчаар ажиллах хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй юм. Харин 2018 онд тэрбээр дахин сонгогдсон гэх боловч шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул түүнд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй Тодруулбал. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд ...” гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хөндөгдсөн захиргааны хууль бус үйл ажиллагаа байхгүй юм. Б.Г-ын 2018 онд томилогдсон асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул мөн хуулийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт. захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасан нэхэмжлэлээс татгалзах үндэслэл үүссэн гэж үзэж байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүх тал бүрээс нь үнэлж, нотлох баримтын хэмжээнд хянан хэлэлцээгүй байна. Тухайлбал хууль зөрчсөн үйлдлээр /хүчингүй 41 хуудсыг хасч тоолсон нь тогтоогдсон/ хүчингүй “булхайтай" сонгуулиар сонгогдсонд тооцогдсон Б.Гыг зөвтгөх хандлага гаргаж байгаа нь шүүхийн шударга ёсыг тогтоох зарчимтай зөрчилдөж байна. Мөн хянан хэлэлцээгүй орхигдуулсан Мөн Хатгал тосгоны захирагчийн 2018 оны сонгуультай холбоотой тухайн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн нэгдсэн хорооны дарга нь Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл сонгууль хууль бус, шударга ёсонд нийцээгүй Б.Г-т давуу эрх олгосон сонгууль болсон нь тогтоогдсон байтал Б.Г-аар дахин захирагч хийлгэх нь иргэдийн төр болон шүүхэд итгэх итгэл үнэмшил, шударга ёс, үндсэн хуулийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 20 дугаартай шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Б.Г нь улс төрийн албан хаагч бөгөөд 4 жилийн хугацаатай. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хот, тосгоны захирагчийг сонгох тухай Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно гэж тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгч Б.Г нь анх 2014 онд Хатгал тосгоны Захирагчид нэр дэвшиж сонгогдон олонхийн санал авч сонгогдсон тооцогдон ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусаж, улмаар 2018 оны 10-р сарын 05 ны өдөр ээлжит сонгууль зарлагдаж, уг сонгуульд дахин өрсөлдөн уг сонгуулийн үр дүнгээр 2018 оны 10 сарын 09-ны өдрийн Б/07 тоот захирамжаар дахин томилогдож шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлсэн. Б.Г нь 2014 онд томилогдсон захирамжаа шүүхэд гаргаж өгсөн байдаг. Харин хариуцагч талаас 2018 онд томилогдсон Захирамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

4.2.2018 оны 10 сарын 05-ны өдөр болсон сонгуульд олонхийн санал авч чадаагүй гэж үзэж, сонгуулийн дүнг үндэслэж томилогдсон 2018 оны 10 сарын 09 өдрийн Б/07 тоот захирамжийг, давж заалдах шатны 2019 оны 03-р сарын 21 өдрийн дугаар221/МА2019/0169 шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 06-р сарын 17-ны өдрийн 214 дугаар шүүх хуралдааны тогтоолоор хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 06-р сарын 17 ны өдрийн 214 дугаар шүүх хуралдааны тогтоол бол эцсийн шийдвэр болно.

4.3.Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж хуульд тодорхой заасан атал шүүхийн шийдвэр хэрэгжүүлэхгүй 2020 оны 12-р сарын 17-ыг хүртэл нэхэмжлэгч Б.Г нь ажил үүргээ гүйцэтгэж ямар ч эрх зүйн чадамжгүй шийдвэр гаргаж ирсэн байгаа болно.

4.4.Харин нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэр хэрэгжүүлсэн бөгөөд уг шийдвэртээ ч шүүхийн шийдвэр үндэслэж тодорхой дурдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123.1.3ахиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж тодорхой заасан байгаа. Алаг- Эрдэнэ сумын Засаг дарга энэ үүргээ биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадлага хэрэглэхгүй өөрийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийдвэр хэрэгжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.5.Б.Г нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана...54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байтал 2018 оны сонгуулийн үр дүнгээр томилогдсон захирамжийг шүүхээс хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй хууль тогтоомж зөрчин шийдвэрлэлээ гэж үзэж байна.

4.6.Шүүгч шийдвэрийн үндэслэх нь хэсгийн хуудас 10 дугаар талд “ ээлжит сонгуулийн үр дүнгээр дараагийн шинээр сонгогдсон захирагчийг эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч, тосгоны захирагчаар шийдвэр гарснаар дуусна. Учир нь хот, тосгоны захирагч нь улс төрийн албан тушаалтан ба улс улс төрийн тушаалтныг сонгох, томилох ээлжит сонгууль болох хугацаа 4 жил гэж хуульд заасан боловч орон нутгийн ээлжит сонгуулиар дараагийн улс төрийн албан тушаалтан сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болно. Хуульд зааны дагуу орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүн гарсны дараа шинээр сонгогдсон хүнд албан тушаалаа хүлээлгэн өгдөг улс төрийн албан тушаалтны шинэ хүн сонгогдоогүй байхад байхад 4 жилийн хугацааг барьж бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа дууссан гэж шинээр хүн томилоогүй шүүхийн шийдвэр биелүүлж томилж байгааг ойлгохгүй буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн Хуудас 10 дугаар талд Хатгал тосгоны захирагчийг сонгох ээлжит сонгууль 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан боловч сонгуулийн үр дүн, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд маргаан үүсгэснээр дээрх сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна гэж бичсэн нь шүүхийн шийдвэрийг гуйвуулан худал бичиж буруу үнэлж дүгнэсэн байна гэж үзлээ. Хавтас хэрэгт шүүхийн шийдвэр байгаа бөгөөд Хатгал тосгоны нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05 өдрийн 06 тогтоол гэж таслал аваад мөн аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай гэсэн шийдвэрийг нь худлаа бичээд шинээр бүрэн эрхийн хугацаа эхэлж томилсон захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үнэлж дүгнэхгүй шүүхийн эцэслэн гарсан шүүхийн шийдвэрийг шүүгч өөрөө үгүйсгэж шийдвэр гаргалаа.

4.7.Мөн шүүгч Үндэслэх хэсгийн 12 дугаар хуудасны 24-дахь мөрнөөс 13 дахь хуудасны 4 дахь мөр хүртэл маргаан бүхий Б/18 тоот захирамжийн үндэслэлийн талаар дурдсан байх бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1-д “Хот, тосгоны захирагчийг өөрийн нь хүсэлт, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлнө”, 15.3-д “Гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон мөн түүнчлэн тухайн хот, тосгоны захирагчийг огцруулах тухай санал хураалтад оролцсон оршин суугчдын олонх нь огцруулахыг дэмжвэл захирагчийг огцруулна гэж тус тус заажээ” гээд хуульд заасан захирагчийг чөлөөлөх, огцруулах нөхцөл байдал үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй мөн энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. гэсэн нь үндэслэлгүй байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1-д “Хот, тосгоны захирагчийг өөрийн нь хүсэлт, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлнө” гэсний дагуу хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэдэгт шүүхийн эцэслэн гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг хамруулан үзэх байтал үнэлж дүгнэхгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоол хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэж зааснаар хууль тогтоомж, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэн гаргасан захиргааны акт гэж ойлгож байна.

4.8.Шүүхийн эцсийн шийдвэр гармагц нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн шийдвэр биелүүлж, сонгууль дахин явуулах талаар санаачилга гаргаж, Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд албан хүсэлтээ явуулж ажиллах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлээгүй хуралд сонгууль зарлан явуулах талаар огт хандаж байгаагүй шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх талаар огт оролдлого хийж ирээгүй ирсэн байгаа. Гэтэл шүүгч Үндэслэх хэсгийн 13 дугаар хуудасны 20-24 дахь мөрөнд “Өөрөөр хэлбэл дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх гүйцэтгэх арга нь Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг тухай тосгоны сонгох эрх бүхий оршин суугчдаас бүрдсэн хурлаар хэлэлцэж захирагчийг сонгох сонгуулийг дахин явуулж, захирагчийг сонгох ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг дурдвал зохино” гэж буруу тайлбарлан дүгнэлт хийжээ. Захирагчийн сонгуулийг сонгох эрх бүхий оршин суугчдаас бүрдсэн хурлаар хэлэлцэж захирагчийг сонгох сонгуулийг дахин явуулж сонгодоггүй, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж.... сонгоно гэж хуульчилсан байгаа.

4.9.2020 онд Захирагчийн сонгууль явуулах хүсэлтийг хариуцагч болох Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  Тэргүүлэгчид гаргаж байсан бөгөөд хуулиар хязгаарласан учраас явуулах боломжгүй гэж Хурлын даргаас хариу өгсөн тул шүүхийн шийдвэр хэрэгжүүлэн чөлөөлж түр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан заалтыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй.

4.10.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тодорхойлсон. Одоогоор улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоосон эрх зүйн акт гараагүй төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөж үйл ажиллагаандаа баримталдаг. Улс төрийн албан хаагч шүүхийн шийдвэр хэрэгжүүлэхгүй байж болох эрх зүйн зохицуулалт ямар ч хууль тогтоомжоор олгогдоогүй учраас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгжүүлэн үндэслэж Б. Ганбаатарыг чөлөөлсөн мөн улс төрийн апбан хаагчийг түр томилохыг хориглосон ямар ч эрх зүйн акт байхгүй байгаа бөгөөд түр томилсон тохиолдол нь Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэсэн хуульд үндэслэн А. Баттүшигийг хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдлэн хүндэлж сахин биелүүлэх үүргийнхээ дагуу хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээд Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд хууль тогтоомж хэрэгжүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2.Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч Б.Г-аас Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2.Нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд томилогдсон, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл  бүрдээгүй байхад Хатгал тосгоны захирагчийн ажлаас чөлөөлсөн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэсэн үндэслэлээр, харин хариуцагчаас Б.Г-ын бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусгавар болсон, захиргааны хэргийн шүүхээс 2018 оны захирагчийн сонгуулийн хүчинтэйд тооцсон сонгуулийн хорооны тогтоол, уг тогтоолыг үндэслэн Б.Гыг ажилд томилсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тул шүүхийн шийдвэрийг биелүүлэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн” гэж тус тус  маргадаг.

2.3.Анх нэхэмжлэгч Б.Г нь 2014 оны сонгуулийн дүнг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар[1] Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд томилогдсон байна.

2.4.Үүний дараа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны  захирагчийн ээлжит сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, сонгуулийн дүнгээр нэхэмжлэгч Б.Гыг сонгогдсонд тооцож Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос 06 дугаар тогтоол гаргасан, уг тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 захирамжаар[2] Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд нэхэмжлэгч Б.Г-ыг томилсон байна.

2.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 169 дүгээр магадлалаар дээрх сонгуулийн дүнгээр нэхэмжлэгч Б.Г-ыг сонгогдсонд тооцсон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, мөн Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд нэхэмжлэгч Б.Г-ыг томилсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийг “нийт сонгогчийн олонхийн санал аваагүй  нэр дэвшигч Б.Гыг сонгогдсонд тооцож, захирагчаар томилсон нь “нийт сонгогчийн олонхийн санал авсан бол сонгогдсонд тооцох” хуулийн заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн[3]. Уг магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор[4] хэвээр үлдээж, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.6.Уг шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэн маргаан бүхий Б/18 дугаар захирамжаар хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Хатгал тосгоны үүрэг гүйцэтгэгчээр А.Б-ийг томилжээ.

2.7.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хот, тосгоны удирдлага нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх болон оршин суугчдын ашиг сонирхлыг төлөөлөх үндсэн зарчим баримтална.”, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.”, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно.”, 2 дахь хэсэгт “Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно.” гэж тус тус заажээ.

2.8.Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд хот, тосгоны захирагчийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж заасан, харин захирагчийн бүрэн эрхийн хугацаа хэзээ хүртэл үргэлжлэх талаарх харилцааг энэ хуульд тодорхой заагаагүй.

2.9.Ийнхүү сонгогчид (оршин суугчид)-оос уг тосгоны захирагчийг сонгох хугацааг 4 жил байхаар заасан тул 2014 онд Б.Гыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны оршин суугчид тус тосгоны захирагчаар 4 жилийн хугацаатай  сонгосон гэж үзэх нь тус тосгоны сонгогчид буюу оршин суугчдын хүсэл зоригийн илэрхийлэлд нийцнэ.

Тодруулбал, Үндсэн хуулийн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д зааснаар ардчилсан ёсны үзэл санаа нь ард түмэн сонгох эрхийн үндсэн дээр төрийн үйл хэрэгт шууд оролцох, сонгож байгуулсан байгууллаар уламжлан тэрхүү эрхээ эдлэхэд оршдог. Хот, тосгоны захирагчийг мөн ардчилсан ёсны дагуу тухайн хот, тосгоны оршин суугчид нь нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр хуульд заасан 4 жилээр хугацаагаар сонгодог. 

2.10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд Хатгал тосгоны захирагчаар ажиллах бүрэн эрх нь 2014 оны сонгуулийн дүнг үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар хэрэгжиж эхэлж 2018 оны сонгуулийн дүнг үндэслэн гарсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 захирамжаар дуусгавар болсон.

2.11.Харин нэхэмжлэгчийн 2018 оны сонгуулийн дүнг үндэслэн хэрэгжиж эхэлсэн захирагчийн албан тушаалын бүрэн эрх нь тус сонгуулийн дүн болон нэхэмжлэгчийг томилсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 захирамжийг тус тус хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болжээ.

2.12.Хатгал тосгоны захирагчийн 2018 оны сонгуулийг шүүхээс хүчингүй болгосноос хойш дахин сонгууль өнөөдрийг хүртэл зохион байгуулагдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

2.13.Ийнхүү нэхэмжлэгчийн 2014, 2018 оны сонгуулийн дүнг үндэслэн хэрэгжиж эхэлсэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн бүрэн эрх тус тус дуусгавар болсон байхад 2014 онд сонгогдсон бүрэн эрхийг хүчинтэй, үргэлжилж байгаа гэж үзэн өнөөдрийг хүртэл үндсэндээ 8 жилийн дараа буюу 2022 онд нэхэмжлэгчийг тосгоны өөрийн удирдлагыг хэрэгжүүлэгч буюу захирагч гэж үзэх, захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэх нь Үндсэн хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасан тухайн тосгоны иргэдийн сонгох эрх, мөн төрийн үйл ажиллагааны “ардчилсан ёс, “шударга ёс”, хууль дээдлэх” болон “оршин суугчдын ашиг сонирхлыг төлөөлөх” зарчимд нийцэхгүй юм.

2.14.Нэхэмжлэгчийн хувьд тосгоны захирагчийн бүрэн эрх нь хуульд заасны дагуу дуусгавар болсон байхад анхан шатны шүүхээс “...хуульд заасны дагуу сонгогдсон захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр дараагийн шинээр сонгогдсон захирагчийг эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч, тосгоны захирагчаар томилсон шийдвэр гарснаар дуусна...”[5] гэсэн дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хуульд тусгайлан заагаагүй үндэслэлээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгийг тус тус тайлбарлан хэрэглэсэн нь маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. 

2.15.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.”, 14 дүгээр зүйлийн 4-т “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус зохицуулсан.

Бусад тохиолдолд буюу тосгоны оршин суугчдаас захирагчаар сонгогдоогүй этгээдийг тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд нийцээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

2.16.Хэдийгээр маргаан бүхий Б/18 дугаар захирамжийн 2 дахь хэсгээр тосгоны оршин суугчдаас захирагчаар сонгогдоогүй этгээдийг тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцээгүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу энэхүү захиргааны хэргийн хувьд дээр дурдсанаар нэхэмжлэгчийн 2014, 2018 оны сонгуулийн дүнг үндэслэн хэрэгжиж эхэлсэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн бүрэн эрх тус тус дуусгавар болсон тул маргаан бүхий Б/18 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд томилогдох, захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул маргаан бүхий Б/18 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08–ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-аас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч З.Н, гуравдагч этгээд А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 8 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 26 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 43 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 48 дахь тал

[5] Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн 9, 10 дахь тал