Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2016/01534

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 29 өдөр           Дугаар184/ШШ2016/01534         Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

 

“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг шатахууны төлбөр 120,802,000 төгрөг, алданги 60,401,000 төгрөг, хүү 40,589,472 төгрөг, нийт 221,792,472 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “******* *******” ******* болон ОХУ-ын “Стандарт *******” *******-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээний улмаас зуучлагч “*******” *******-д учирсан хохирол 221,792,472 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч “*******” ******* нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, түүний алданги болох 60,401,000 төгрөг, хоног тутмын хүү 40,589,472 төгрөг нийт 221,792,472 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Манай компани нь “Уян-Ган” *******-тай 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ЖО/БХ-61/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан ба 2013 оны 8 дугаар сарын 2 -ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагч тал буюу “*******-Ойл” ******* нь өөрийн газрын тосны бүтээгдэхүүнийг шатахуун түгээх станцаас худалдан авагч тал буюу “*****” *******-д хэрэгцээт барааг гэрээнд заасан хугацаа, нөхцлийн дагуу нийлүүлэх, худалдан авагч нь барааг гэрээнд заасан хугацаа, нөхцлийн дагуу хүлээн авч, зээлээр худалдан авсан барааны тооцоог гэрээнд заасан журмын дагуу хугацаанд нь барагдуулахаар тохиролцсон билээ.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу худалдан авагч нь тухайн худалдан авсан барааны төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, хугацаа хэтэрснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрмөгц, холбогдох баримтыг шүүхэд шилжүүлэн, төлбөрийг хүү, алдангийн хамт нэхэмжлэн төлүүлнэ гэсэн байдаг.

Гэтэл худалдан авагч нь гэрээний үүргээ зохих ёсоор төлөөгүй байснаас өнөөдрийн байдлаар төлбөл зохих 120,802,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь “Уян-Ган” ******* нь гэрээний үүргээ зөрчиж байгааг харуулж байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг хүртэл хүргүүлж байсан боловч ямар ч үр дүн гараагүй юм.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу нийт 4 удаагийн тээвэрлэлтээр 140,802,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Үүнээс 20,000,000 төгрөгийг урьдчилж төлөөд авсан ба үлдэгдэл 120,802,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан. Шатахууны сүүлийн нийлүүлэлт 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийлүүлсэн. Гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан.

Нийлүүлэлтийн хувьд:

- 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 34,706,000 төгрөгийн үнэ бүхий 18,760 литр шатахуун,

- 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 35,150,000 төгрөгийн үнэ бүхий 19,000 литр шатахуун,

- 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 35,150,000 төгрөгийн үнэ бүхий 19,000 литр шатахуун,

- 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 35,796,000 төгрөгийн үнэ бүхий 18,840 литр шатахуун тус тус нийлүүлсэн. Нийт 140,802,000 төгрөгийн шатахуун нийлүүлснээс урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 120,802,000 төгрөгөөс нэг ч төгрөг өнөөдрийг болтол төлөөгүй юм. Хариуцагч “*******” ******* нь энэхүү төлбөрөө тодорхой хуваарь гарган төлнө гэж мэдэгдэж байсан боловч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Гэрээнд хуульд заасны дагуу хүү алданги тооцохоор заасан тул үндсэн үүрэг, хүү, алданги нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэрээнд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхээр байгаа тул алдангид 60,401,000  төгрөг нэхэмжилсэн. Хүүгийн хувьд хнонг тутамд 0,08 хувийн хүү төлөхөөр заасан тул хүүг 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тооцож 40,589,472 төгрөг нэхэмжилсэн.

Иймд “Уян-Ган” *******-иас “*******-Ойл” *******-иас авсан шатахууны үнийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, алданги болох 60,401,000 төгрөг, хоног тутмын хүү 40 589,472 төгрөг нийт 221,792,472  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

 Хариуцагч “*******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* Ойл" *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн 2015 оны 2 дугаар  сарын 11-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд "*******” *******-иас 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ -61/13 тоот "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, түүний алданги болох 60,401,000 төгрөг, хоног тутмын хүү 40,589,472 төгрөг нийт 221,792,472 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хавсаргасан нотлох баримтуудын жагсаалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.6-д заасан шаардлагуудыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжилж байгаа үнийн дүн нь тогтоогдох ямар ч боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч "******* Ойл" *******-ний "*******" *******-иас 221,792,472 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан бодит бус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр "******* Ойл" *******-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “*******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “******* *******” ******* нь 2012 оны 9 дүгээр сараас эхлэн “*******” *******-ийн тэргүүн дэд захирал Л.Батбилэгээр зуучлуулан Оросын холбооны улсаас 40,000 тонн дизелийн түлшийг зах зээлийн маш хямд үнээр, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр биш, Монголын арилжааны банкны аккердетивын дараа төлбөрт нөхцлөөр, барааг хүлээж авсны дараа зуучлагч талд тонн тутамд 50 ам.доллар төлөх нөхцлөөр нэг тонн дизелийн түлшийг ДАФ-Наушки нөхцлөөр 1,085 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “******* *******” ******* нь ОХУ-ын Уфа хотын “Стандарт *******” *******-тай №22/12-А тоот худалдааны гэрээг анх байгуулсан.

Худалдааны гэрээг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн тулд “******* *******” *******-ийн удирдлагууд болон зуучлагч “*******” *******-ийн тэргүүн дэд захирал Л.Батбилэгийн хамт ОХУ-ын Уфа хотын “Стандарт *******” *******-ийн ажлын байр дээр очиж 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл ОХУ-ын Уфа хотын “Стандарт *******” *******-ийн Валеев.О.Х нар Нийлүүлэлтийн №23/13-А тоот гэрээ, энэхүү гэрээний хавсралт №1-ийг байгуулан 30,000 тонн дизелийн түлш авахаар болсноос гадна “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл нь “*******” *******-ийн тэргүүн дэд захирал Л.Батбилэгтэй “Зуучлал”-ын №01/13 тоот гэрээг байгуулснаас гадна №01/13 тоот гэрээний хавсралтууд болох “Зуучлалын үйлчилгээний төлбөрийн баталгаа- 2 дугаар хавсралт, “Ажил хүлээлцэх акт” 3 дугаар хавсралт, “Банкны дансны бүртгэлийн тухай” 4 дүгээр хавсралтуудыг баталсан.

Гэрээ байгуулснаар 10 хоногийн дотор “******* *******” ******* нь Хадгаламж банкид 3,000,000 ам.долларын аккердетивыг нээх ёстой байсан боловч нээж чадахгүй нөхцөл байдал үүссэнээ ОХУ-ын Уфа хотын “Стандарт *******” *******-д мэдэгдэж, Хадгаламж банкыг эзэмшигч өөрсдийн “******* групп” *******-иар 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Нийлүүлэтийн 03/13А тоот гэрээ”-г “Стандарт *******” *******-тай дахин байгуулсан боловч “******* *******” ******* болон “******* групп” *******-иудын аль аль нь “Стандарт *******” *******-ийн өмнө хариуцлага хүлээлгүйгээр аккердетивээ нээлгүйгээр бултаж алга болсон болно.

ОХУ-ын компаниудтай хийгддэг худалдааны гэрээнүүд нь 100 хувь урьдчилсан төлбөрөөр хийгддэг байхад харин хоёр улсын компаниудын хооронд байгуулагдсан энэхүү худалдааны гэрээний төлбөрийн нөхцөл нь бараг анх удаагийнх гэж хэлж болохоор төлбөрийн маш таатай орчинтой маш хямд үнийн саналтай гэрээ байснаараа онцлог ашигтай гэрээ байсан.

Харин нефть боловсруулах үйлдвэрээс авах барааны квот хэмжээ үйлдвэрийн ачилтын график, түүний хэмжээ, цистерн вагоны урьдчилсан захиалга, төмөр замын гадаад ачааны график гэх мэт дахин давтагдашгүй цаг хугацаатай захиалгуудын урьдчилсан төлбөрт шаардагдсан 125,000 ам.долларыг захиалагч тал “*******” ******* нь ОХУ-ын талд төлж гэрээ хэрэгжиж эхэлсэн боловч “******* *******” *******-ийн хариуцлаггүй байдлаас 100 хувь шалтгаалж гэрээ хэрэгжээгүйгээс болж “*******” ******* нь 125,000 ам.долларын хохирол хүлээсэн. Зуучлагч “*******” *******-ийн ОХУ-ын талд төлсөн төлбөр нь эргэн төлөгдөх нөхцөлгүй, харин зөвхөн гэрээг хэрэгжүүлэхэд эхний нөхцөл бололцоог бүрэн хангасан төлбөр байсан бөгөөд гэрээ байгуулагч тал болох “******* *******” ******* ч ялгаагүй энэхүү төлбөрийг өөрсдөө төлсөн бол өөрсдөөс нь болж бас л хохироод үлдэх байсан. Энэхүү гэрээг бүгд хэрэгжинэ гэж бодож байсан тул бүх төлбөр тооцоо гэрээний дагуу цаг хугацааны дарааллаар хийгдсэн боловч “******* *******” *******-иас болж гэрээг хийгдээгүйгээс гадна зуучлагч “*******” ******* нь дахин ОХУ-ын талтай дизелийн түлшний гэрээ хийх эрхгүй болж, бизнесийн нэр хүндээ бусдаас болж алдсан юм. Гэрээг хэрэгжүүлж чадаагүй “******* *******” *******-ийн удирдлагууд зуучлагчийн хохиролд 2013 оны 7 дугаар сард 2 машин дизелийн түлшийг “*******” *******-д 120,802,000 төгрөгөөр өгснөөр энэхүү гэрээний маргааныг талууд дуусгавар болгоод байтал “******* *******” *******-ийн шинэ удирдлагууд “*******” *******-иас 221,792,472 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн гэрээний хохирол болгож “******* *******” *******-иас шатахуунаар бодож, “*******” *******-д өгсөн 120,802,000 төгрөгт хүү, алданги нь тооцох нь бүр ч хууль бус юм.

Иймд “******* *******” *******-ийн ОХУ-ын “Стандарт *******” *******-тай 2013    оны 01 дүгээр сард байгуулсан гэрээнд зуучлагч “*******” *******-ийн бодит хохирол болох 221,792,472 төгрөгийг “******* *******” *******-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмэжлэгч “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч “*******” ******* нь 2015 оны 8 дугаар сарын 04-ний  өдөр тус шүүхэд “******* Ойл” *******-иас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 221,792,472 төгрөгийг “*******” *******-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус болохыг шүүхээр тогтоолгож, “******* Ойл” *******-ийн иргэний шүүхэд “*******” *******-иас 221,792,472 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байсан билээ.

Уг нэхэмжлэлийн утга нь гэрээний зуучлагч тал “******* Ойл” *******-ийн худалдааны гэрээ бүхэн хэрэгжихийг баталгаажуулан 75,000 ам.долларыг ОХУ-н талд бэлнээр төлсөн боловч гэрээ хэрэгжээгүйн улмаас “Зуучлагч” тал алдагдалд орсон гэж мэдүүлж байсан. Тус шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 102\Ш32015\22457 дугаар бүхий сөрөг нэхэмжпэлийг хүлээж авахаас татгалзах тухай захирамж гарсан байдаг.

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “Нефть боловсруулах үйлдвэрээс авах барааны квот хэмжээ, үйлдвэрийн ачилтын график, түүний хэмжээ, цистерн вагонуудын урьдчилсан захиалга, төмөр замын гадаад ачааны график, хэмжээ гэх мэт давтагдашгүй цаг хугацаатай захиалгуудын урьдчилсан төлбөрт шаардагдсан 125,000 ам.долларыг “Зуучлагч” тал ОХУ-ын талд төлж гэрээ хэрэгжиж эхэлсэн боловч "******* Ойл’’ *******-ийн харуцлагагүй байдлаас 100 хувь шалтгаалан гэрээ хэрэгжээгүйгээс болж, “Зуучлагч” тал 125,000 ам.долларын хохирол хүлээсэн” иймээс “******* Ойл” *******-ийн ОХУ-ын “Стандарт Ойл” *******-тай 2013 оны 1 дүгээр сард байгуулсан гэрээнд “Зуучлагч” “*******” *******-ийн бодит хохирол болох 221,792,472 төгрөгийг гаргуулж “******* Ойл” *******-иас гаргуулах сөрөг нэхэмжпэлийн  шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай байсан бол 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч “******* Ойл” *******-иас 221,792,472 төгрөгийг гаргуулж өгнө үү утгатайгаар манай компаниас төлбөр нэхсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь “*******” ******* нь “******* Ойл” *******-д гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх нь доорхи баримтаар нотлогдож байна. 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ болон, “*******” *******-ийн захирал Х.Олонболдын 2014 оны 5 дугаар сарын 27-ний өдөр “*******” *******-д хүргүүлсэн төлбөр төлөх график юм.

“******* *******” ******* нь “*******” *******-иар зуучлуулаад ОХУ-ын “Стандарт *******” *******-тай гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй. Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг нотолсон “******* *******” ******* нь зуучлалын гэрээг “*******” *******-тай байгуулсан гэх баримт болон “******* *******” ******* нь зуучлалаар дамжуулж ОХУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан баримт хэрэгт байхгүй. Мөн “*******” ******* нь ОХУ-ын “Стандарт *******” *******-д 75,000 ам.доллар төлсөн гэх ч баримт хэрэгт байхгүй. Иймээс “*******” *******-ийн гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч “*******” *******-д холбогдуулан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шатахууны төлбөр 120,802,000 төгрөг, алданги 60,401,000 төгрөг, хүү 40,589,472 төгрөг, нийт 221,792,472 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “*******” ******* нь нэхэмжлэгч “******* *******” *******-д холбогдуулан “зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол 221,792,472 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “*******” ******* нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” *******-тай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар “*******” ******* нь зээлээр худалдах газрын тосны бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг “******* *******” *******-д урьдчилан төлөх, зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг 2013 оны  7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугцааа дууссанаас хойш хоног тутам 0,5 хувийн алданги төлөх, газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш хоног тутам 0,08 хувийн хүү төлөх үүргийг “*******” ******* нь тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №ЖО/БХ-61/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн дээрх гэрээнд зааснаар худалдагч тал болох “******* *******” ******* нь худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй, хугацаа хэтрүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрмөгц төлбөрийг хүү, алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар заажээ.

 

Хариуцагч “*******” ******* нь зохигчдын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” *******-иас 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 34,706,000 төгрөгийн үнэ бүхий 18,760 литр шатахуун, мөн өдөр 35,150,000 төгрөгийн үнэ бүхий 19,000 литр шатахуун, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 35,150,000 төгрөгийн үнэ бүхий 19,000 литр шатахуун, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 35,796,000 төгрөгийн үнэ бүхий 18,840 литр шатахуун, нийт 140,802,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдийн шатахуун олгох зөвшөөрлийн хуудас, шатахуун тослох материалын зарлагын баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь гэрээнд заасны дагуу хариуцагч “*******” *******-д 140,802,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун зээлээр худалдсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг хүлээн авсан талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлээр худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 120,802,000 төгрөгийг хариуцагч “******* *******” ******* нь нэхэмжлэгч “*******” *******-д тодорхой хуваарь гарган төлөх талаар санал хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан “*******” *******-ийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 014/36 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “*******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг нь  нэхэмжлэгч “******* *******” *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын жагсаалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.6-д заасан шаардлагуудыг хангахгүй, нэхэмжилж байгаа үнийн дүн нь тогтоогдох ямар ч боломжгүй, “******* *******” *******-ийн удирдлагууд зуучлагчийн хохиролд 2013 оны 7 дугаар сард 2 машин дизелийн түлшийг “*******” *******-д 120,802,000 төгрөгөөр өгснөөр гэрээний маргааныг талууд дуусгавар болгосон ...” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө…” гэж заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч “*******” *******-тай зуучлалын гэрээ байгуулсан болон зуучлалын гэрээний дагуу “******* *******” ******* нь ОХУ-ын “Стандарт *******” *******-тай гэрээ байгуулсан эсэх, зуучлалын гэрээний улмаас “*******” *******-д 221,792,472 төгрөгийн хохирол учирсан болох нь тус тус нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч “*******” *******-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр шаардсан нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч “*******” ******* нь зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт  шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан  шийдвэрлэх  эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч “*******” *******-ийн зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол 221,792,472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Хариуцагч “*******” ******* нь зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бие даан шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг заана гэж тус тус заажээ.

 

Хуульд зааснаар худалдан авагч тал болох хариуцагч “*******” ******* нь зээлээр худалдан авсан барааны үнийг төлөх, гэрээнд заасан бол хүү төлөх, үүргээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1-т зааснаар 2013 оны 7 дугаар сард зээлээр олгосон шатахууны төлбөр төлөх хугацааг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоосон байх тул 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон 18,760 литр шатахууны үнэ 34,706,000 төгрөг, мөн өдөр олгосон 19,000 литр шатахууны үнэ  35,150,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгсон 19,000 литр шатахууны үнэ 35,150,000 төгрөгт тооцогдох хүүг шатахуун олгосон өдрөөс төлбөр төлөх 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар хоног тутам 0,08 хувийн хүүгээр тооцох нь зүйтэй байна.

 

Мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1-д “... Худалдан авагч нь дараагийн саруудад худалдан авах шатахууны төлбөрийг урьдчилан төлөх ба дараа сарын 05-ны өдрийн дотор тооцоо нийлж акт үйлдэнэ” гэж заасан бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр олгосон 35,796,000 төгрөгийн үнэ бүхий 18,840 литр шатахууны үнийг урьдчилан төлөөгүй байх тул уг төлбөрт ногдох хүүг 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар тооцох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч “*******” *******-иас зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 120,802,000 төгрөг, гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас тооцсон алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 60,401,000 төгрөг, дээр дурьдсан байдлаар бодогдох хүү 2,651,260 төгрөг, нийт 183,854,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагч “*******” ******* болон итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Х.Олонболдод 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагч талын хэрэгт мэдүүлсэн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хаягуудаар шүүхийн мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч нь тухайн хаягуудад үйл ажиллагаа явуулдаггүй талаархи тодорх*******олтыг холбогдох Засаг даргуудаас ирүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн  77.8-д “Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч “*******” ******* нь хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдүүлээгүй тул шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч “*******” *******-иас зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 120,802,000 төгрөг, алданги 60,401,000 төгрөг, хүү 2,651,260 төгрөг, нийт 183,854,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 37,938,212 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч “*******” *******-ийн нэхэмжлэгч “******* *******” *******-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол 221,792,472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 26003030349 тоот дансанд төлсөн 1,266,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,077,221 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч “*******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 8 дугаар сарын 06-ын өдөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 26003030349 тоот дансанд төлсөн 1,266,912 төгрөгийг буцаан олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР