Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

иргэдийн төлөөлөгч А.Баянсүх

улсын яллагч С.Батгэрэл

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ү.Амарбат

шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-нд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байрны 0 дүгээр орц 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 1998 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 372 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94-р зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /РД:0000000/, Х овогт М.Г- холбогдох эрүүгийн 2005014690711 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр

        М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Б.С- хоолойг боомилж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч М.Г-  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа” гэв.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач Б.С- бол миний төрсөн эгч юм.  Талийгаачийн 20 настай хүү Отгонтэнгэр сургуульд суралцдаг. Сургуулиа төгсөхөд 2 жил дутуу байгаа бөгөөд түүний сургалтын төлбөрт нийт 5.200.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэв.

       Хавтаст хэргээс: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- мөрдөн байцаалтанд “Миний эгч Б.С- нь 1977 оны 10 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дороо 4 дүүтэй бид нар айлаас 5-уулаа юм...нөхөр нь 2004 оны үед хүүхдээ 4 нас хүрэхэд 2 дах амьдрал зохиож салсан юм. 2008 оны үед Г- гэдэг хүнтэй танилцсан. Г- нь тухайн үед шугаманд явдаг микро автобусын жолоочоор ажилладаг байсан. Эгч маань ажил төрөл хийхээр Г- хардаад байна гээд олон удаа ажлаас нь гаргаж байсан, нилээн хартай хүн байдаг юм шиг байна лээ.  Ерөнхийдөө 2010 оноос хойш Г-ын гэрт амьдрах болсон бөгөөд хүүхэд нь ээж дээр байдаг байсан учраас хүүхэдтэйгээ уулзах гээд ирэн очин байдаг байсан юм. Г- гэдэг хүнтэй танилцсанаас хойш сүүлийн 2,3 жилийн хугацаанд архи уух болсон...хамгийн сүүлд 2020 оны 4 сарын 26-ны өдөр 12 цагийн орчим би С- руу залгаж утсаар ярихад орой гэртээ ирнэ гэж ярьж байсан. Тэгэхэд Г- гэрт байхгүй байна, ирээд гарах байх гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй бөгөөд 18-19 цагийн орчим залгахад утас нь холбогдохгүй байсан.  2020 оны 4 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Ж.Буянжаргал гэдэг хүн гэрт ирж уулзаад Б.С-г нас барсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Талийгаач архи согтууруулах ундааг хэтрүүлсэн үедээ орилж хашгираад  байдаггүй. 2019 оны 10 сард би Г-ын гэрт очиж С-г авахад нүд нь хөхөрсөн байсан бөгөөд шалтгааныг нь асуухад уначихсан гэж тайлбарлаж байсан. С- нь эд хөрөнгөөс болж Г-тай маргалдаж байсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: “...Нас бараад 3-4 цаг болсон байна. 2 нүдний алимны салст болон дээд доод зовхины салст, уруулын дотор талын салстад цэгчилсэн цус харвалтуудтай, хүзүүний дээд хэсэгт оочны доор харалдаа хэсэгт 5,2 см урт, хүрэн ягаан өнгийн тод 0,3 см өргөн оромтой, уг ором нь оочноос доош 5 см байрлалтай, уг оромноос баруун тийш хүзүүний баруун хэсэг хүртэл хүрсэн 10 см урт арьсны түвшингээс үл ялиг тодорсон, зүүн тийш 4 см хүрэн ягаан өнгөөр бүдэг үргэлжилсэн оромтой, баруун шанаанд цэгчилсэн хар хүрэн өнгийн цус хуралттай, өөр ил харагдах гэмтэлгүй” гэсэн тэмдэглэл /хх-ийн 17/,

 

Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/,

Илтгэх хуудаст: “...хэрэг учрал болоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, драгейр багаж үлээлгэхэд 1,06 % согтолттой гарсан...Хэрэг учрал болсон газрын үзлэгээр амь хохирогчийн хүзүүний хойд хэсгээс хар өнгийн nokai загварын гар утасны хар цэнэглэгч илэрсэн тухайн цэнэглэгчийг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 40/

 

      

       

        Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд дуудлагын их эмчийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 22 цаг 07 минутад 95444015 гэсэн дугаараас “Ухаангүй архи уусан Б.С-, 44 настай, эмэгтэй” гэдэг утгаар дуудлага орж ирсэн. Дуудлаганд 12 минутын дараа буюу 20 цаг 12 минутад дуудлаган дээр очсон. Намайг дуудлаган дээр очиход цагдаагийн хоёр алба хаагч орцны хаалгаар цуг орж таарсан. Дуудлагын хаягаар ороход 40-50 орчим насны, эрэгтэй хаалга онгойлгож өгч гэрт оруулсан гэрт ороход үүдний шалан дээр дээшээ харсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан юу болсон талаар асуухад уг эрэгтэй тайлбарлахдаа “Гаднаас согтуу орж ирээд саваад уначихсан, тэгээд амьсгалахгүй болохоор нь дуудлага өгсөн” гэж тайлбарлаж байсан юм. Ингээд газар унасан эмэгтэйг үзэхэд амьсгал нь бүрэн зогссон, биологийн үхэлд бүрэн шилжсэн байсан тул хамт орсон цагдаад уг эмэгтэй нас барсаныг хэлж эмнэлгийн хуудсыг үлдээсэн юм...ер нь бол тайван байдалтай байгаа юм шиг харагдах гэж хичээж байсан бөгөөд асуулт асуухад тойруулсан байдлаар шууд бусаар хариулж байсан...Үзлэгээр амьсгал зүрх судас бүрэн зогссон, бие хөрсөн, амнаас цус гарсан байдалтай, уруул хөхөрсөн, хүзүүг нарийн зүйлээр ороож боосон байдалтай улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа ажилтай Б.О- гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Орон сууцанд ороход үл таних, 40 гаран насны, махлаг биетэй шардуу арьстай, эмэгтэй үүдний том өрөөнд дээш харсан, толгой нь зүүн урагш харсан, хоёр гар нь шулуун байрлалтай эмэгтэй нас барсан болохыг хэлсэн. Тухай үед цогцосын хүзүүнд боогдолтын ул мөр болох ором үлдсэн байсныг би харсан. Тухайн үед М.Г- нь болсон үйл явдлыг тайлбарлахдаа “Орой 19 цагаас хойш хүний төрсөн өдөр тэмдэглэж, хамт архи уусан, манай эхнэр гарч яваад эргэж орж ирээд гэрт ухаан алдаад газар унасан, би дээш нь өргөөд орон дээр хэвтүүлэх гэсэн чинь амьсгалахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан гэж хэлсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №994 дугаартай “...Талийгаач Б.С- цогцост хүзүүнд боолтын ором, баруун талын гүрээний ерөнхий артерийн гадна хальс, судас мэдрэлийн багцын цус хуралт, уруулын салстын хуучин шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүн дэх боолтын ором нь нарийн уяа гогцоо, эрүүний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт, уруулын салстын хуучин шарх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач амьддаа үүсгэгдсэн боолтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-83/,

 

Шинжээч эмч Н.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “талийгаач Б.С- хүзүүнд үүссэн боолтын ором нь талийгаач өөрөө өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй, гадны нөлөөтэй үүссэн гэмтэл. Эрүүний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт нь боолтын улмаас үүссэн байх боломжтой. Харин уруулын салстын шарх гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Талийгаачийн хоолойг нарын цэнэглэгчийн уяагаар боох үед нарын утас зүйлээр бооход үүсэх боломжтой. Талийгаачийн ард шилэн хүзүүний орчим гэмтэл үүсээгүй байсан. Боолтын төгсгөл нь хүзүүний урд хэсэгт 5,2 см урт нарийн боолтын оромтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,

 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2591 дугаартай шинжээчийн: “....Шинжилгээнд ирүүлсэн хоёр сэрээтэй хар утас, 63 см урттай хар утас урьд нэг бүхэл байсан байна.. гэх дүгнэлт /хх-ийн 113-114/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №584 дугаартай: “М.Г- нь сэтгэцийн талаас өөрчлөлтгүй. Мэдрэлийн талаас шинж тэмдэгийн уналт таталт эмгэгтэй байна. М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь сэтгэцийн цочрон давчдах нөхцөл байдал үүсэхэд нөлөөлөхгүй болно. М.Г- нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд сэтгэл санаа нь цочрон давчдах гэх шинж тэмдэг илрээгүй байна. М.Г- нь хэрэг үйлдэхээс өмнө эсхүл хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн талаас өөрчлөлтгүй. Мэдрэлийн талаас шинж тэмдэгийн уналт таталт байсан байна. М.Г- нь хэрэг хариуцах чадвартай байна. М.Г- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Г- нь асуусан асуултыг ухамсарлан ойлгох чадвартай байна” гэсэн комиссын дүгнэлт /хх-ийн 123-125/,

 

Яллагдагч М.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “Миний хувьд  талийгаач С-тай хувийн өс хонзон, өр авлага, бие биенээ үзэн ядсан зүйл байхгүй учраас надад тухайн хүнийг санаатай алах шалтгаан байхгүй. Харин 2020 оны 5 сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ би С-г өөрийгөө боомилж үхсэн мэтээр  мэдүүлэг өгсөн. Тухайн үед би өөрийгөө өндөр ял авна, бусдыг санаатайгаар алчихсан гэж буруутгагдахаас сэргийлж, мөн миний толгой өвдсөн байсан учраас нөхцөл байдалдаа зөвөөр дүгнэх чадваргүй байсан юм. Би С-г санаатайгаар алаагүй бөгөөд бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2-лаа согтолттой байсан мөн дээр нь С- хаалга онгойлгож өгөхдөө хэн нэгэнтэй үнсэлцэж байгаа мэт үйлдэл хийсэн, тэгснээ удаагүй гэрээс гарч явах гээд байсан. Би түүнийг гаргахгүй гэхэд С- зурагтны тавиурын доод талаас цэнэглэгч аваад хүзүүгээ ороогоод татаад байсан бөгөөд би С-гийн хүзүү рүү түлхэх үед хойшоо газар унасан бөгөөд би хүзүүн дээр нь дарсан. Тухайн үед яг гараараа боосон уу, цэнэглэгчний утаснаас барьж байгаад боосон уу гэдгээ сайн санахгүй байна. Тэгээд цэнэглэгчийг аваад цааш шидэх болсон. Би С-г тэр чигт нь үлдээгээд тайвширчих байх гэж бодоод унтлагын өрөөнд ороод хэвтсэн чинь унтаад өгсөн байсан. Тэгээд С-г чимээ гаргахгүй байхаар нь очоод харахад амьсгалахгүй байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 151/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 171/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

        Шүүгдэгч М.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Б.С- хоолойг боомилж алсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон болох нь:

        гэрч Б.Б- /түргэний эмч/ “...тухайн өдөр 22 цаг 07 минутад 95444015 гэсэн дугаараас “Ухаангүй архи уусан Б.С-, 44 настай, эмэгтэй” гэдэг утгаар дуудлага орж ирсэн...эмэгтэйг үзэхэд амьсгал нь бүрэн зогссон, биологийн үхэлд бүрэн шилжсэн байсан тул хамт орсон цагдаад уг эмэгтэй нас барсаныг хэлж эмнэлгийн хуудсыг үлдээсэн юм...Үзлэгээр амьсгал зүрх судас бүрэн зогссон, бие хөрсөн, амнаас цус гарсан байдалтай, уруул хөхөрсөн, хүзүүг нарийн зүйлээр ороож боосон байдалтай улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, гэрч Б.О- /цагдаа/ “...эмэгтэй үүдний том өрөөнд дээш харсан, толгой нь зүүн урагш харсан, хоёр гар нь шулуун байрлалтай эмэгтэй нас барсан болохыг хэлсэн. Тухай үед цогцосын хүзүүнд боогдолтын ул мөр болох ором үлдсэн байсныг би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл “...нас бараад 3-4 цаг болсон байна...хүзүүний дээд хэсэгт оочны доор харалдаа хэсэгт 5,2 см урт, хүрэн ягаан өнгийн тод 0,3 см өргөн оромтой, уг ором нь оочноос доош 5 см байрлалтай, уг оромноос баруун тийш хүзүүний баруун хэсэг хүртэл хүрсэн 10 см урт арьсны түвшингээс үл ялиг тодорсон, зүүн тийш 4 см хүрэн ягаан өнгөөр бүдэг үргэлжилсэн оромтой...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 17/, илтгэх хуудас “...хэрэг учрал болсон газрын үзлэгээр амь хохирогчийн хүзүүний хойд хэсгээс хар өнгийн nokai загварын гар утасны хар цэнэглэгч илэрсэн тухайн цэнэглэгчийг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан” тэмдэглэл /хх-ийн 40/, шинжээчийн №994 дугаартай “...талийгаач амьддаа үүсгэгдсэн боолтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-83/,  шинжээч эмчийн “талийгаач Б.С- хүзүүнд үүссэн боолтын ором нь талийгаач өөрөө өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй, гадны нөлөөтэй үүссэн гэмтэл...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 6-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32/, илтгэх хуудас /хх-ийн 39/ болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Г-, Б.С- хоолойг боомилж амь насыг хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт тооцогдоно.

 

М.Г-ын дээрхи хууль бус үйлдлийн улмаас Б.С- амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл  хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

        

         Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

      Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд М.Г-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд;

 

      Улсын яллагчаас шүүгдэгч М.Г-ыг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

      Хохирол хор уршгийн хувьд талийгаач Б.С- оршуулгын зардалтай холбогдох нийт 10.100.000 төгрөг  шүүгдэгч М.Г-ын ар гэрээс төлсөн байна.

    

        Шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- “талийгаачийн хүүхэд 20 настай оюутан, сургуулиа төгсөхөд 2 жил дутуу байгаа тул 2 жилийн сургалтын төлбөрт нийт 5.200.000 төгрөгийг  нэхэмжилнэ” гэж мэдүүлж  байна.  Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон бичгийн баримт шүүхэд гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодох боломжгүй  үндэслэлээр тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

        

      Талийгаачийн хүүхэд 20 настай, насанд хүрсэн гэх боловч тэрээр өсвөр насны оюутан, айлын ганц хүүхэд зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлуудыг нь харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдох сургалтын төлбөрийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Г-аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

       Шүүхээс, шүүгдэгч  М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

        М.Г- өөрөө түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгч гэмт хэрэг үйлдсэнээ хэн нэгний шахалт шаардлагагүйгээр өөрийгөө илчилсэн болон үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

       М.Г-ын эдлэх ялыг шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №584 дугаартай “Мэдрэлийн талаас шинж тэмдэгийн уналт таталт эмгэгтэй байна” гэсэн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 төгсгөл нь залгуурны хэсэгтэй, нөгөө төгсгөл нь гадна хар өнгийн хүрээн дотроос зэс утас цухуйн гарсан 58см урттай залгуур, тасархай цэнэглэгчний урд талын хэсэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

       1. Х овогт М.Г-ыг Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. М.Г-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-ын цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 төгсгөл нь залгуурны хэсэгтэй, нөгөө төгсгөл нь гадна хар өнгийн хүрээн дотроос зэс утас цухуйн гарсан 58см урттай залгуур, тасархай цэнэглэгчний урд талын хэсэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

  

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

                      ШҮҮГЧИД                                    М.ДАЛАЙХҮҮ

 

                                                                                    Г.ЗОЛБОО