| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0317/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрийнхэн овогт Содномын Б-өд холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1978 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 82/-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өндөрийнхэн овогт Содномын Б- /РД:ВЭ780110000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч С.Б- нь Н.О-оос түрээслэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 0 тоот 135 мкв орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуулиар хориглосон үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, ажиллуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-22-р хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 285-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ” /хх-ийн 31-34-р хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ” /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,
Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
Гэрч О.Ж-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч С.Б- нь иргэн Н.О-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 0 тоот орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж, ажиллуулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 2 тоот орон сууцанд үзлэг хийхэд: ... ариун цэврийн өрөөний шугамын доод талд 20.000 төгрөг 15 ширхэг, 10.000 төгрөг 63 ширхэг нийт 930.000 төгрөг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хурааж авав. Зочны өрөөний ширээн дээр байсан 64 ширхэг читон хэрэглэх, тоглож байсан хөзөрнүүдийг гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хурааж авав. ...цааш үргэлжлүүлэн жижиг өрөө рүү ороход шаргал өнгийн тавиуртай шкаф уг өрөөний гол хэсэгт 3 сандал гол хэсэгт нь тоглоомын зориулалттай рулетны ширээ байх бөгөөд ширээний дээд хэсгийг салгаж, дээд хэсгийн эргэдэг дугуй хэлбэртэйг хураан авч, доод хэсгээс хардыг эд мөрийн баримтаар хураан авав. ...шургуулганы дээд татахад хуучин задалсан хөзөр басныг хураан авав. ...3 ширхэг комьпютерийн дэлгэц байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Зочны өрөө рүү ороход саарал өнгийн буйдан ширээ, зурагт байрлуулсан тавилга байх бөгөөд зурагтны доод шургуулгыг татаж үзэхэд байр түрээслэх гэрээ 4 хуудас, саарал өнгийн төмрөн хайрцаганд 136 ширхэг читон, 5 ширхэг ягаан өнгийн шоо байсныг эд мөрийн баримтаар хураан авав... гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-22-р хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 285-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ” /хх-ийн 31-34-р хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ” /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 18:40 цагийн үед Баянаа ахын 9191 гэсэн дугаар руу залгаад байгаа газар руу буюу Удирдлагын Академийн урд Хүүхдийн хаяг тогтоох төвийн хажуу талын байранд очсон. Зүүн тал руу харсан шаргал өнгийн байрны нэг давхарт байдаг айлд орсон. Би Баянаа ах, Дүгэрээ ахтай уулзах гэж л очсон. Би цагдаагийн байгууллагын ажилтнууд орж ирэхэд гал тогооны ширээн дээр сууж байсан. Бид 5 покер тоглоод сууж байсан. Бид 5-д тус тусдаа 12-13 ширхэг четон байсан. Нэг хүнд 50.000 төгрөгийн четон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай дүү Б- над руу утасдаад “манай нутгийн залуучууд цугласан байна хүрээд ир” гэхээр нь очсон. Би цагдаа нар орж ирэхэд гал тогооны өрөөнд тоглоод сууж байсан. Намайг ороход 8-9 хүн байсан. Хөзөр тоглоод сууж байсан. Би бэлэн мөнгөөр тоглоогүй. Харин ороод 100.000 төгрөгөөр 10 гаран четон авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн үед Батзаяа ахтай уулзаж байхдаа Б- ах руу залгаж мэнд мэдсэн. Б- ах намайг “хүрээд ирээч” гэхээр нь би Батзаяа ахын дүү Ука гэх залуугийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-р байрны 102 тоотод очсон. Б- ах Мөнхбаатар ах, Мөнхбат ах, Ганхөлөг нар ширээний ард сууж байсан. Бид нар бөөндөө юм ярьж сууж байгаад “13 модны мөрийтэй тоглоом покер тоглох уу” гэж хэлэхээр нь тэгье гээд ширээний ард Б-, Ганхөлөг, Мөнхбат, Дүгэрсүрэн бид нар нэг хүний 50.000 төгрөг гаргаж тавиад мөрийтэй тоглож байсан. Гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг баримтжуулсан. Өмнө нь 2020 оны 1 дүгээр сар, 2019 оны 11 дүгээр сард ирж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Найзуудтайгаа жаахан сууж юм яръя гэж бодоод л очсон юм. Өөр зүйл байхгүй. Би тоглоогүй. 12-13 хүн байсан. Сүүлд 2 хүн орж ирсэн. Би мөнгөгүй орж ирсэн. Би тэр байранд тоглох гэж ороогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ороод манай нутгийн миний таних М, Д ах, М, Б- нар байсан. Нийт 14 орчим хүн байсан. Бас Ц начин байсан. ...Надтай нийлээд 8 хүн нь буйдан дээр суугаад ярилцаж, 6 хүн нь гал тогооны жижиг ширээ тойрч суугаад 500-1000 төгрөгөөр хөзөр тоглож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
Гэрч О.Ж-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Б- над руу залгаад ирээд ойр зуурын юм цэвэрлэж цэвэрлэгээ хийгээд юм дөхүүлж өгөөд яв гэхээр нь 17.00 өнгөрч байхад ус, ундаа, тамхи зэргийг аваад оруулж өгөөд цаад өрөөнд нь ороод утсаараа оролдоод сууж байсан. Хүмүүс явахаар нь цэвэрлэгээ хийе гээд хүлээгээд сууж байсан. Манай ахын найз юм. Таньдаг болоод удаагүй. Цэвэрлэхээр 50.000 төгрөг өгдөг... гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж 44/1 байрны 2 тоотод байрлах өөрийнхөө өмчлөлийн орон сууцаа түрээсийн гэрээ байгуулан Б.Даваадорж гэх хүнд түрээслүүлэх болсон. Надад түрээсийн мөнгийг С.Б- гэдэг хүн төлдөг байсан. Байрын сарын төлбөрийг эхлээд барьцаа мөнгөний хамт өгсөн. Сарын түрээс 1.800.000 төгрөг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,
Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Уг орон сууц дээр үл хөдлөх хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ байгуулсан боловч манай байгууллагаар дамжуулан түрээслүүлэгдээгүй. Иймд манай байгууллагад хамаарал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хороололд явж байхад Б- ах залгаад О- гэдэг хүнтэй уулзаад байр түрээслүүлэх гэрээ хийгээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би очиж байр түрээслүүлэх гэрээ хийсэн. Түүнээс би ямар нэгэн байр түрээсэлсэн зүйл байхгүй. Би нэг хоёр удаа очиж үзсэн бөгөөд уг байранд Б- ах хамаатны хүнээ суулгана гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 44/1 байрны 0 тоот байрыг Батсамбуу гэх танил залуугаар түрээслүүлэн мөрийтэй тоглоом тоглуулсан. Намайг уг байранд мөрийтэй тогтоом тоглуулж байгаа талаар Батсамбуу болон байрны эзэн О- нар мэдээгүй. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Анх удаа байранд тоглож байсан. Түүнээс өмнө тоглож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иргэн Н.О- Б.Даваадорж нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны \0 тоот 135 м.кв орон сууцыг хөлслөх гэрээг байгуулсан боловч /хх-ийн 27-28-р хуудас/ шүүгдэгч С.Баямөнх уг орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулж, ажиллуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсан байна.
Шүүхээс шүүгдэгч С.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Б-өд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-өд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Энэ хэрэгт хураагдсан 930.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл 4, 5-т зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 64 ширхэг читон, рулет ширээний дээд дугуй тавцан 1 ширхэг, рулет ширээний төхөөрөмж 1 ширхэг, задгай хөзөр 3 ширхэг, 3 ширхэг комьютерийн дэлгэц, саарал өнгийн төмөр хайрцаг 1 ширхэг, 136 ширхэг читон, 5 ширхэг улаан өнгийн шоо зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өндөрийнхэн овогт Содномын Б-ийг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-өд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл 4, 5-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн нийт 930.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 64 ширхэг читон, рулет ширээний дээд дугуй тавцан 1 ширхэг, рулет ширээний төхөөрөмж 1 ширхэг, задгай хөзөр 3 ширхэг, 3 ширхэг комьютерийн дэлгэц, саарал өнгийн төмөр хайрцаг 1 ширхэг, 136 ширхэг читон, 5 ширхэг улаан өнгийн шоо зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР