Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга  хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

хохирогч Г.Ц-,

шүүгдэгч Ө.М-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:/0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгин овогт Өлзийбадрахын М-ад холбогдох эрүүгийн 191001817000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 27 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,   Меркури худалдааны төвд хүний лангуунд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 40-88 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:УШ9212000/, Элжгин овогт Өлзийбадрахын М-.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ө.М- нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “Хөвсгөр бүсгүй” гэх хуудас үүсгэн, гадаадаас булган шуба захиалгын дагуу оруулж ирнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Гц-2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 120.000 төгрөг тус тус Хаан банкны 5020746516 дугаарын дансаар дамжуулан авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.М- шүүхийн хэлэлцүүлэгт  “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүкт мэдээлэл үзэж байгаад “Хөвсгөр бүсгүй” гэх сайт олоод хувцас захиалсан. Канадаас булган шуба захиалж авчирна гэсэн болохоор захиалга өгсөн. Фэйсбүүкт тавьсан шубаны зураг нь үнэхээр гоё байсан. Миний захиалсан барааг  2 сарын дараа “таны бараа ирсэн шүү” гээд над руу залгахаар нь “бараагаа авъя” гээд дуудсан газар бүрт нь очсон. Гэвч надтай уулзана гэсэн газраа ирдэггүй утасаа нэг бол авахгүй нэг бол утас нь холбогдох боломжгүй болчихдог байсан. Надад учирсан хохирлоос 1.000.000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 620.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн 1910018170185 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Г.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-26-р хуудас/,

 

Гэрч Г.Д-гийн  мэдүүлэг/хх-ийн 35-36-р хуудас/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-51-р хуудас/,

Хаан банкны 5020746516 дугаарын дансны гүйлгээний хуулга /хх-ийн 99/,

“Х-” гэх фэйсбүүк хэрэглэгчийн зурвасууд /хх-ийн 56-70-р хуудас/,

Монгол шуудан ХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08/88 дугаартай “...шуудан хүргэлт, гардуулалтын дэвтрээс шүүж шалгуулахад Ө.М- /УШ9212000/ нь шуудангаар үйлчлүүлж байсан нь нотлогдохгүй байна...” гэсэн албан бичиг /хх-ийн 120/,

 

Арилжааны банкуудаас ирүүлсэн Ө.М-ын нэр дээрх дансны хуулга, үлдэгдэлийн байдал /92-111/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55-р хуудас/,

Шүүгдэгч Ө.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/,

Шүүгдэгч Ө.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 86-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 87-р хуудас/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 128-130-р хуудас/ зэрэг болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.М- нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “Хөвсгөр бүсгүй” гэх хуудас үүсгэн, гадаадаас булган шуба захиалгын дагуу оруулж ирнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Гц-2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 120.000 төгрөг нийт 1.620.000 төгрөгийг авч залилсан болох нь:

 

  Хохирогч Г.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкээр юм үзэж байгаад “Хөвсгөр бүсгүй” нэртэй хуудсыг нээж үзэхэд онлайн худалдаа  байсан. Булган шуба 5.000.000 төгрөгөөс хямдраад 3.000.000 төгрөг гэсэн тул чатаар нь харилцсан ба Канадаас ирдэг гэсэн байсан. ...захиалахад урьдчилгаа 40 хувь өгөөд 7-14 хоногийн дараа ирнэ гэхээр нь үнийн дүнгийн 50 хувь болох 1.500.000 төгрөгийг 5020746516 Нямсүрэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Маргааш нь дахин тэр хуудсанд эмэгтэй хүний богино куртка байсныг худалдан авахаар урьдчилгаанд 120.000 төгрөг дээрх данс руу шилжүүлсэн. Дээрх бараануудыг захиалахад бонусанд нь үнэгэн үстэй хантааз өгнө гэж хэлсэн. ...би захиалсан бараагаа авахын тулд 89064601 дугаартай М- гэх эмэгтэйтэй холбогдож байсан. Тэгээд энд ирээд ав гээд заасан газар бүрт нь очихоор нэг бол утас нь холбогдохгүй, эсхүл утас нь дуудаад авах таг алга болчихдог. Дараа нь янз бүрийн шалтаг тоочдог байсан. Би энэ хүнд өгсөн мөнгөө олж авмаар байна. Бараа захиалсанаас хойш 1 жил өнгөрч байна. Цагдаагийн байгууллагад өгснөөс хойш 1.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр  одоог хүртэл төлбөр төлөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-26-р хуудас/,

 

Гэрч Г.Д-гийн “...Ө.М- нь манай ломбарданд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манжуур булган шубыг 500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. ...М- тухайн шубыг авахгүй гээд барьцааны гэрээнд заасны дагуу худалдан борлуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-51-р хуудас/,

Хаан банкны 5020746516 дугаарын дансны гүйлгээний хуулганд: “...5020746516 Шаравын Нямсүрэн гэх эзэмшигчтэй харилцах дансанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5015064520 дугаартай харилцах данснаас “shuup uridchilgaa” гэх утга бүхий 1.500.000 төгрөгийн орлого, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дээрх харилцах данснаас “kurchig zahialga” гэх гүйлгээний утга бүхий 120.000 төгрөгийн орлого тус тус хийгдсэн байв...” /хх-ийн 99-р хуудас/,

 

“Х-” гэх фэйсбүүк хэрэглэгчийн зурвасууд /хх-ийн 56-70-р хуудас/,

 

Монгол шуудан ХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08/88 дугаартай “...шуудан хүргэлт, гардуулалтын дэвтрээс шүүж шалгуулахад Ө.М- /УШ92120540/ нь шуудангаар үйлчлүүлж байсан нь нотлогдохгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 120-р хуудас/,

 

Арилжааны банкуудаас ирүүлсэн Ө.М-ын нэр дээрх дансны хуулга, үлдэгдэлийн байдал /92-111/,

 

Шүүгдэгч Ө.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Би “Хөвсгөр бүсгүй” гэх хувцас захиалгын цахим хуудас нээн ажиллуулж байгаад Ц- гэх эмэгтэйгээс 1.620.000 төгрөгийн урьдчилгаа авч булган шуба захиалгаар авчрахаар болсон. Захиалгын мөнгийг 2019 оны 3 дугаар сард ээж Нямсүрэнгийн дансаар хүлээн авсан. ...Тухайн үед надад Хаан банкны данс байхгүй байсан болохоор ээжийнхээ дансаар авсан. Захиалсан бараа 04 дүгээр сарын сүүлээр ирсэн. ...Захиалсан барааг нь хүлээлгэн өгөөгүй нь миний буруу. Би барааг нь захиалаад хүлээлгэж өгөх гэсэн боловч чадаагүй. Харагдах байдал нь залилсан юм шиг болоод байна. ...Надаас өмнө нь бараа худалдаж авсан хүмүүсээс Хулан гэж эмэгтэйтэй 8070000 дугаарын утсаар холбогдоход “хөдөө байна, хөл хорио тавигдахаар холбогдоё” гэж хэлсэн. Хас банкин дээр очиж уулзахад дансаа 2019 оны 04 дүгээр сараас хойш ашиглаагүй учир уг данс 6 сар болоод хүчингүй болдог тул дансны хуулга авах боломжгүй гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ө.М- нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд “Хөвсгөр бүсгүй” гэх хуудас үүсгэн, канад булган шуба захиалгын дагуу оруулж ирнэ гэж хуурамч зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Гц-2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 120.000 төгрөг, нийт 1.620.000 төгрөгийг өөрийн ээж Нямсүрэнгийн Хаан банкны 5020746516 дугаартай харилцах дансаар авч буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.М- болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугий талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол, төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-д 1.620.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ө.М- нь хохирогчид 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, 620.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-аас 620.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Ц-д олгож шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

           Шүүгдэгч Ө.М- нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ө.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагаас “Ө.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон, мөн хохирогчид үлдэгдэл 620.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү ” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Ө.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй боловч тэрээр 02-08 насны гурван хүүхэдтэй ба 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүүхэд нь гурван нас хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зугтах, мөн хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Ө.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Элжгин овогт Өлзийбадрахын М-ыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг 7 /долоо/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ад оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.М-ад 7 /долоо/ сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийх, мөн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгч Ө.М-ад мэдэгдсүгэй.

 

6.  Шүүгдэгч Ө.М- нь хохирогч Г.Ц-д 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.М-аас 620.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Ц-д олгосугай.

 

8. Шүүгдэгч Ө.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.М-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР