Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зууртаг овогт Мижиджавын Г-од холбогдох эрүүгийн 2010003810000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, M Lous ХХК-д туслах ажилчин, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 711-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зууртаг овогт Мижиджавын Г- /РД:оэ791000000/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын 711 дүгээр байрны 00 тоотод иргэн Э.О-ын баруун гарын шуунд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

 

Эрүүгийн 2010003810264 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шар өнгийн иштэй ахуйн хэрэглээний 1 ширхэг хутга, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 28-р хуудас/,

 

Хохирогч Э.Оын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч С.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №2293 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Г-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/, гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч М.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын 711 дүгээр байрны 11 тоотод хохирогч Э.О-ын баруун гарын шуунд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Том өрөөгөөр дамжин ариун цэврийн өрөөнд ороход тус өрөөний баруун хэсэгт нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шалны алчуураар том өрөөний шалан дээр байсан цусыг цэвэрлэсэн гэж гэрийн эзэн хэлэв. Коридорт асгарсан цусыг арчсан гэх хэсгийг криминалистикийн шинжээч гэрэл зургын аргаар бэхжүүлэн авав. ...3 давхарын улаан өнгийн унтраагуурын саван дотроос ажлын хэсэг нь 20 см бариул хэсэг нь 12 см урттай төмөр шаргал өнгийн хутга 1 ширхэгийг хураан авав... гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол- шар өнгийн иштэй ахуйн хэрэглээний 1 ширхэг хутга, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 28-р хуудас/

 

Хохирогч Э.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би нисэхэд таньдаг хүмүүсийн хамт архи уусан бөгөөд маргааш өглөө нь буюу 03-ны өдөр шартаад дотор муухан байхаар нь архи ууж шараа тайлахаар гэрээс гарсан. Нисэхийн байрны гадаа танил Т-тай таарч дэлгүүрээс 1 шил 0,75 граммын архи хувааж уусан. Улмаар дахин архи уучих санаатай алхаж байгаад зүс таних ахтай таараад 1 шил 0,75 граммын архи авахуулаад Г- ахтай таарсан.  Г- ахын гэрт очоод уг архиа задалж хувааж уусан. Миний хувьд 2 өдөр дараалан архи уучихсан хоолгүй явсан болохоор гар, хөл татаад байсан. Би олон хоног архи уусан болохоор согтоод зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход би Г- ахыг гэрээс нь гаргахгүй гээд коридорт хориод хоорондоо маргаад байсан. Гэтэл Г- ах гал тогооны хэсгийн текээ ухаад байхаар нь “түлхүүрээ хайгаад байгаа юм байхдаа” гэж бодож байтал гүйж ирээд миний баруун гарын шуу хэсэгт цохих шиг л болсон чинь халуу дүүгээд цус цоожоод эхэлсэн. Тухайн үед Гянболд ах гартаа шаргал өнгийн иштэй хутга барьчихсан байсан бөгөөд гадагшаа гараад гүйсэн. Тэгэхээр нь би цамцаараа гараа ороосон бөгөөд удалгүй Г- ах буцаж орж ирээд араас нь цагдаа, түргэн ирсэн. Ийм л зүйл болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Би Г- ахын гэрт нь орсон юм. Учир нь би урд өдөр нь архи уучихсан байсан болохоор шартаад байсан. Бид хоёр хамт гараад дэлгүүрээс 0,75 граммын архи авч буцаж гэрт нь орж хувааж уусан. Ингээд дахин архи уухаар болж гадагш гараад нисэхийн байрны голоор явж байгаад Т-, О- хоёртой таарсан. Миний таньдаг ах явж байхаар гуйж байгаад 0,75 граммын архи авахуулсан. Т-, О-, Г- бид нар Г- ахын гэрт нь орж уг архиа хувааж уусан. Энэ үед О- олон хоног архи уусан гээд гар хөл нь татаад байхаар эмнэлэг дуудах гэхээр дургүйлхээд байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд нэг ухаан ороход О-, Г- ах хоёр дотор коридорт маргаж байгаад Г- ах шүүгээнээс хутга аваад О-ын гарыг хутгалчихсан. Аль гарыг нь санахгүй байна аа ямар ч байсан аймаар их цус гараад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Гэрч М.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2020 оны 02 дугаар сарын эхээр байсан 18 цагийн орчим гадагшаа гарах гээд гэрээс гартал доод давхарт хүмүүс маргаад байгаа чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би хэрэгт дурлаад шатаар буутал Г-ын гэрт эрэгтэй хүмүүс маргаад байх шиг байсан. Тэгээд би цахилгаан шат хүлээгээд зогсож байтал Г- гэрээсээ гартаа шаргал өнгийн иштэй хутга барьсан гарч ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “би О-ыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Ингээд доошоо хутгаа бариад шатаар буухаар нь “сандарч яваад аягүй бол дахиад хүн хутгалчихна” гэж бодоод би хамт шатаар доошоо бууж байхдаа хутгыг нь авах санаатай Г-од хандаж “хутгаа ийшээ хийчих” гээд 3 давхарын шатны хажууд байх галын бүхээг рүү заасан. Г- хутгаа тийшээ хийчихээд “за за би буцаад орлоо” гээд дээшээ явахаар нь би гараад явсан... мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №2293 дугаартай шинжээчийн: ...Э.О-ын биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Г-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ... 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал гаднаас 10 цагийн орчим танил Б-ганцаараа орж ирсэн бөгөөд надад хандаж “өчигдөр архи уучихсан чинь шартаад байна аа” гэхээр нь би Б-дагуулж гараад дэлгүүр орж 0,75 граммын их монгол нэртэй архи авч үлдсэн мөнгөөр нь хүнсний зүйл авсан. Ингээд бид хоёр гэрт ороод хоол хийгээд авсан архиа ууж дуусгачихаад дахин архи уух болсон ч мөнгө байхгүй байсан. Тэгээд Б бид хоёр гэрээс гараад нисэхийн байрны дундуур явж байтал О-, Т- нартай таарсан. Тухайн үед тэр хэд хүнээс архи авахуулсан гээд 0,75 граммын хараа архи барьчихсан байсан бөгөөд бид дөрөв манайд орж уг архийг хувааж уусан. Гэхдээ Б-бид хоёр О-, Т- хоёртой таарахад үед тэр хоёр архи уучихсан байсан. Архийг ууж дуусах үед би бас сайн санаж өгөхгүй байгаа юм аа тэр хэд хоорондоо маргаад байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэтэл О- гаргахгүй гээд хориод байхаар нь би О-той маргасан. Аа нээрээ О- олон хоног архи уучихсан гээд гар нь татаад, уруул нь хөхрөөд байсан бөгөөд эмнэлэг дуудах гээд л байх шиг байсан даа. Ингээд л О- намайг гэрийн коридорт гаргахгүй гээд байхаар нь миний уур хүрээд гал тогооны хэсгийн текний доор байсан хоол хийдэг шаргал иштэй урт хутгыг аваад уурандаа О-ын баруун гар орчим хатгасан. Тэгэхэд О-ын гарнаас цус гарахаар нь би хутгаа бариад гэрийн хаалгаар гартал дээд давхарын Нараа гэх эмэгтэй яг манай хаалгыг цохиж таарсан. Тэгэхээр нь би Нараад хандаж “би О-ыг хутгалчихлаа” гэж хэлээд шатруу гүйхэд Нараа дагаад хамт доошоо буусан. Манайх 7 давхарт байдаг бөгөөд доошоо бууж байтал Нараа “хутгаа ийшээ хийчих” гэж хэлэхээр нь хартал галын улаан “ГК” гэсэн бичигтэй хаалт байхаар нь дотор нь хутгаа хийчихсэн. Ингээд О-ийг үхчихэж магадгүй гэж бодоод дээшээ гарахад манай хаалганы харалдаа гадна коридоор цус болчихсон байсан. Мөн дотогш ороход О- буйдан дээр суусан байдалтай баруун гарнаас нь цус гараад цусаа тогтоох гээд сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Э.О-ын баруун гарын шуунд нь хутгаар хатгаж хохирогчийн биед “баруун шуунд шарх гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч М.Г- нь хохирогч Э.О-ын баруун шуунд хутгаар хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна

 

           Иймд шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

           Гэмт хэргийн улмаас хохирогч Э.О-ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос “...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралд оролцохгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү...” /хх-ийн 16-17, 55-р хуудас/ гэх мэдүүлэг гаргасан байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

         

Шүүгдэгч М.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжээр тооцон хасч, 1185 нэгжээр торгох ялыг биечлэн эдлүүлэх дүгнэлт гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон нийт 1 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 15.000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1.185.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Г- нь эрхэлсэн тодорхой ажилтай ба түүний сарын цалин орлогын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-од мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй 1 ширхэг ахуйн хэрэглээний хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Зууртаг овогт Мижиджавын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон нийт 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 15.000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1.185.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Г-од шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-од мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч М.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй 1 ширхэг ахуйн хэрэглээний хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР