| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0283/Э/ |
| Дугаар | 281 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 281
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Ж.Чанцалдулам,
улсын яллагч Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил /томилолтоор/,
хохирогч Б.С-,
шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогт Сэрээнэнгийн Т-т холбогдох эрүүгийн 1805038170135 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй,
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 29 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 06 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 06 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 6 жилийн хорих, хөнгөн ялын зарим хэсгийг хүнд ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хорих ялаар тогтоосон, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 жил 8 сар 17 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан.
Б овогт С-ийн Т.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч С.Т- нь 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хорооллын 45 дугаар байрны 91 тоотод хамтран амьдрагч Б.С-ыг хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий “хүнд” гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 21-752 тоотод хамтран амьдрагч Б.С-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны задгайд найзынхаа гэрт хамтран амьдрагч Б.С-ыг бусадтай хардан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь баруун гарын богтос ясны хугарал, зулайн хуйханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан,
2018 онд 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өргөө хорооллын 45 дугаар байрны 91 тоотод мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 21-752 тоотод, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны задгайд найзынхаа гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.С-ыг байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсандараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр С- бид 2 уулзаад архи авч уусан. Эхлээд нэг шил архи хувааж уусан. Дахиан нэг шил архи авч уусан боловч тэр архиа барахгүй болохоор хувааж уух хүн олохоор гарсан. Би 100-н айлаас таньдаг хүн олж ирэхээр явсан боловч таньдаг хүн маань байхгүй болохоор танихгүй хоёр хүн дагуулж ирээд хамт уусан. Би тэр хоёр хүний нэгэнтэй нь барилдаад чимээ гарахад хажуу айлын хүмүүс цагдаа дуудсан юм байна лээ. Хоёр цагдаа ирээд бид гуравыг аваад гадаа гарсан. Цагдаа нарт барилдсан тухайгаа хэлэхэд дахиад ийм асуудал гаргахгүй шүү гээд явсан. Би гадаа замын хашлага дээр толгой эргээд байхаар нь суугаад салхинд цохиулаад нам согтоод тэндээ унтаад үүрээр сэрсэн. Тэгээд С-ын хаалгыг нүүдэхэд нэг нүцгэн залуу гарч ирээд тийм хүн байхгүй гээд хаалгаа хаасан. Би тэгээд буруу айлынхаа хаалгыг нүдсэн юм болов уу гээд Б- гэдэг найзындаа очсон. Тэгээд би найзындаа байж байхад өдөр нь С- ирсэн. Би С-аас нүдээ яасан юм бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Тийм учраас С-ын нүдийг гэмтээсэн хүнд гэмтлийг би учруулаагүй зөвшөөрөхгүй. С-т учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрнө гэв.
Хохирогч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би 2018 оноос хамтран амьдарсан. Би нүдээ гэмтсэн гэж мэдээгүй байсан. Маргааш нь хүүхэд ирээд “ээж таны нүд чинь яасан юм бэ” гээд эмнэлэгт үзүүлэхэд “нүд чинь сохорсон байна” гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд орсон. Би хаана, яаж яваад гэмтэл авснаа мэдэхгүй байна. С.Т- намайг хана руу түлхсэн тэгээд доргиолтоос болоод сохорсон болов уу гэж бодож байна. С.Т-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Эрүүгийн 1805038170000 дугаартай хавтас хэргээс:
Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28, 84-86-р тал/,
Гэрч Ч.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Т.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч С.Д-тын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №11149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №8316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №5984 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-р хуудас/,
Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн байцаалтанд мэдүүлэг/хх-ийн 45-46-р хуудас/,
“Б-” нүдний эмнэлэгт хохирогч Б.С- хагалгаанд орсон өвчний түүхийн хуулбар /хх-ийн 49-60-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 109-110-р хуудас/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 178-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 107, 193, 194-р хуудас/, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 192-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 196-225-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлдзаасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тулпрокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Т-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Т- нь согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хорооллын 45 дугаар байрны 00 тоотод хамтран амьдрагч Б.С-ыг нүүрэн тус газар нь цохиж “баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий хүнд” гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 21-752 тоотод хамтран амьдрагч Б.С-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны задгайд найзынхаа гэрт хамтран амьдрагч Б.С-ыг хардалтийн улмаас зодож баруун гарын богтос ясны хугарал, зулайн хуйханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороолол 45 дугаар байр 91 тоотод дүүгийнхээ гэрт ганцаараа байхдаа Т-тэй утсаар яриад хүрээд ир гэж дуудсан. Бид хоёр 1 шил 0.75 гр архи ууж юм ярьж сууж байгаад Т- намайг хардаад миний баруун нүдний хажуу хэсэгт нэг удаа цохисон. ...тухайн үед нүд гэмтсэнийг мэдээгүй, нүд хавдчихсан байсан. ...Би Б- эмнэлэгт баруун нүдэндээ хагалгаанд орсон. ...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горкийн 21-752 тоотод байхдаа миний баруун нүд рүү ахин нэг удаа гараар цохисон. Тэр үед Б-,Т- бид гурав байсан. Б- Т-ийг боль гээд хориглосон. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд байрлах найзынхаа гэрт очсон ба найз нь хөдөө явсан эзэнгүй байсан болохоор бид 2 хамт тэндээ 3 хоносон. Ингээд 3 дахь хоног буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Т- өглөө гарч яваад орой ирэхдээ архи уучихсан согтуу ирээд ямар нэг шалтгаангүйгээр тэлээгээрээ ороолгож, галын дөрвөлжин дотор байсан хагалсан түлээний модоор миний баруун гар, биед цохиж зодсон. Миний гар хөндүүрлээд байсан ба Т- намайг гэрээс гаргалгүй 5 хоног найзынхаа гэрт байлгасан. 2019 оны 05 дугаар 13-ны өдөр би тэндээс зугтааж гараад цагдаад хандсан ...дүгнэлтэнд дурдагдсан баруун гарын богтос ясны хугарал гэмтлийг Т- түлээний модоор цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 84-86-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №8316 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.С-ын биед баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7.31.1/ зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр буюу 65%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 44-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №11149 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.С-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №5984 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.С-ын биед нь баруун гарын богтос ясны хугарал, зулаин хуиханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван гэмтэл тогтоогдлоо.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 102-р хуудас/
Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Б.С- нь дээрх гэмтлийг аваад харах боломжгүй, хараагүй болох шинж тэмдэг илэрнэ. Бага цохиолтоос үүсэх боломж илүү их гэсэн /хх-ийн 45-46-р хуудас/,
“Б-” нүдний эмнэлэгт хохирогч Б.С- хагалгаанд орсон өвчний түүхийн хуулбар /хх-ийн 49-60-р хуудас/
Гэрч Т.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Өнөр” хороололд байх Б.С- эгчийн гэрт очоод хаалгыг нь цохиход хаалгаа онгойлгохгүй, дотор нь хүмүүс орилолдоод байсан. С-ын төрсөн эцэг болох Бадрахтай холбогдоод С- эгч хаалгаа онгойлгохгүй дотор нь эрэгтэй хүмүүс орилолдоод байна гэж хэлсэн. Бадрах ах цагдаа дуудсан. ...С- эгчийн үүдэнд нэг хүн согтуу хэвтэж байхаар нь цагдаа нар тэр хүнийг аваад явсан. ...Би тагтан дээр гарахад С- эгч шоконд орчихсон, баруун нүд нь цус хурчихсан, нилээн зодуулсан байдалтай, нүүр ам нь хавагначихсан байдалтай байсан. С- эгч надтай юм ярихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Т.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын сүүлчээр байсан билүү, дундуур миний утас руу С- залгаад “Т- намайг зодсон, миний баруун гар хугарсан юм шиг байна, би Хан-Уулын цагдаад өргөдөл гаргаад сууж байна” гэж хэлсэн. Би шууд гэрээс гараад Цагдаагийн хэлтэс дээр иртэл С- эгчийн баруун гар нь хавдаж, уг гараа сойж боосон байдалтай байсан. Ингээд яг юу болсон талаар асуухад Т- согтуу байхдаа намайг бусадтай хардаж тэлээгээр зодож бас түлээний модоор цохиж гар хугалсан, эхэндээ гайгүй байх гэж бодтол сүүлдээ гар өвдөөд, хавдаад болохоо байгаад би цагдаа дээр ирж байна, зугтаж гарч ирлээ” гэж хэлсэн. Миний мэдэхийн 2015 оноос хамт амьдрах болсон байх. Өөрийн гэсэн орох орон байхгүй, гадуур л тэнэж амьдардаг хүмүүс. Т- архи их уудаг, архи уухаараа эгчийг маань хүмүүстэй хардаж зодож, байнга дарамтладаг. Энэ хоёрт гэр орон байхгүй болохоор дандаа гадуур тэнэж явдаг. Ер нь ч тэгээд манай эгч ч өөрөө хамт архи уугаад яваад байдаг гэхэд болно. Т- архи уучихсан байхдаа эгчийг зодож нүдийг нь сохолсон байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/,
Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын эхээр байх Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горкийн 21-752 тоотод манай гэрт Т-, С- нар байсан.Би тэр өдөр ажилдаа гараад орой гэртээ ирэхэд С-, Т- нар архи уучихсан орж ирээд С- надруу салаавч гаргаад агсам тавиад байхаар нь Т- С-ыг зүгээр байгаач гээд хажуу талаас нь нэг удаа алгадаад авсан. С- нь их архи уудаг...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч С.Д-тын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...манай ээж С- нь 4-5 жилийн өмнөөс гэрээсээ гараад хэдэн сараар алга болчхоод хаяа ирж хэд хоночхоод л алга болчихдог байсан. Би 2-3 жилийн өмнөөс ээжийгээ Т- гэдэг хүнтэй хамтран амьдарч байгааг мэдсэн. Манай ээж Т-дээ зодуулчихаараа гэртээ хүрээд ирдэг байсан. 2018 оны 05 сард Т-д зодуулж нэг нүд нь сохорсон. Үүнээс хойш Т-тэйгээ эвлэрээд дахиад нилээд алга болсон. 2019 оны 05 дугаар сарын дундуур ээж гэртээ ирэхдээ баруун гар нь хугарсан, бие нь хөхөрсөн байдалтай ирэхээр нь юу болсон талаар асуухад “Т- найзынхаа гэрт зодоод гаргахгүй хэд хоног байлгасан” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/,
Шүүгдэгч С.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ....2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С- “Би ганцаараа Өнөр хороололд байна чи хүрээд ир” гэхээр нь очсон. Би хоёр 0.75 литрийн архи хувааж уугаад дахиад нэг 0.75 литр архи авч уусан. С- бид хоёр гадагшаа гараад гудамжинд явж байсан танихгүй хоёр хүнийг гэртээ оруулж ирээд хамт архи уусан. ...Би Б-ы гэр рүү явсан. С- над руу залгаад араас ирсэн. Ирэхдээ нүд нь хавдчихсан ирсэн. ...2018 оны дундуур Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-000 тоотод байрлах Б-ы гэрт 7687С- манай найз Б- руу агсарч орилоод дайраад байхаар нь би түүнийг боль гэхэд С- миний үгэнд орохгүй байхаар нь хацар руу нь алгадсан. ...Нүхтийн аманд нэг айлын хашаанд гэр аваачиж бариад хамт амьдарч байсан. С- архи ууж байгаад гэнэт алга болоод байдаг. Тэгэхээр нь би уурлаад өөрийнхөө тэлээгээр хэд хэдэн удаа ороолгосон. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр С-ыг галын хажууд байрлах түлээний хагалсан модоор зодоод баруун гарын савхан ясыг нь хугалчихсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 178-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд ньэнэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыгхангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нараас “С-ын баруун нүдэнд хүнд гэмтэл учруулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэж зүйлчилсэн байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар давхар зүйлчилж эрх зүйн байдлыг нь дордуулсан” гэж мэтгэлцэв.
Шүүгдэгч С.Т- нь хохирогч Б.С-ын “баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт, баруун нүдний доод зовхинд сорви бүхий” хүнд гэмтлийг учруулаагүй гэж маргаж байгаа боловч 2018 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө шүүгдэгч хохи78+9+98рогч нар нийлж архидан согтуурсан үедээ шүүгдэгч нь хамтран амьдрагч Б.С-ын нүүрэн тус газар нь цохиж учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хохирогч Б.С-ын ...Бид хоёр 1 шил 0.75 гр архи ууж юм ярьж сууж байгаад Т- намайг хардаад гараараа миний баруун нүдний хажуу хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 84-86-р тал/, Гэрч Т.Д-гийн ...Би тагтан дээр гарахад С- эгч шоконд орчихсон, баруун нүд нь цус хурчихсан, нилээн зодуулсан байдалтай, нүүр ам нь хавагначихсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, гэрч Т.Б-ийн: ...Т- архи уучихсан байхдаа эгчийг зодож нүдийг нь сохолсон байгаа... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн № 8316 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Т-, хохирогч Б.С- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2014 оноос хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай этгээд байна.
Иймд шүүгдэгч С.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн үндсэн шинж нь тоогоор буюу давтамжийн хувьд гурваас дээш удаа үйлдэгдсэн байхаас гадна гэрлэгчдийн хэн нэг гэр бүлийн харилцаанд давуу эрх олж авах гэсэн, өөрийн эрхшээл дарамтанд байлгах зорилготой нөгөө этгээдийнхээ бие махбодод халдаж буй идэвхтэй үйлдэл ба энэ үйлдэл удаан хугацаагаар дадал зуршил болсон, тогтмол байхыг ойлгоно.
Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зармыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэрхүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсанэтгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдонгарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газартсувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэнийхуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирснаас гадна баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирч ерөнхий хөдөлмөрийн чадварыг нь 65 хувиар тогтонги алдагдуулсан байна.
Хохирогч Б.С- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Б.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэмбуруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хоруршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагынхөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагахүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн 60 хоног хорих ялаар тооцон, биечлэн эдлэх ялыг 8 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа хохирогч гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч С.Т-т ял оногдуулахдаа согтуурсан үедээ хамтран амьдрагч хохирогч Б.С-ыг удаа дараа зодож гэмтэл учруулсан нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжээр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн 60 хоног хорих ялаар тооцон, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 2 /хоёр/ хоног баривчлагдсан ба 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 129 /нэг зуун хорин ес/ өдөр цагдан хоригдсон байх ба дээрх хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Б овогт С-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжээр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн 60 хоног хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-т оногдуулсан 7 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-ийн цагдан хоригдсон нийт 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний ялд оруулан тооцсугай.
7. Хохирогч Б.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
С.БАЗАРХАНД