| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2018/0023/з |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-09-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: иргэн Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрийн захиргааны албан тушаалаас халагдсан. Үндэслэлгүйгээр халагдсан гэх шалтгаанаар шүүхэд маргаан үүсгэж улмаар эвлэрлийн гэрээ байгуулан төрийн захиргааны албан тушаалд ажилд томилохоор тохиролцсон. Шүүхээс эвлэрлийн гэрээг баталж шүүгчийн захирамж гарч 1 жилийн дараа зөвхөн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Б ажилд эргүүлэн томилох тушаал гаргасан. Уг албан тушаал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд байхгүй ба өмнө нь ажиллаж байсан хүнийг бүтэц орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн байдаг ба уг байхгүй болсон албан тушаал дээр намайг томилох тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Увс аймгийн Засаг даргын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс нь дарга 2 мэргэжилтний орон тоотой ба 1 мэргэжилтэн нь жирэмсний амралттай байсан. Миний хувьд шүүхийн шийдвэрээр ямар нэг сул орон тоон дээр томилогдох ёстой байсан боловч дотоод бүтэц зохион байгуулалтад байхгүй орон тоон дээр тушаал гаргаж томилсон тохиолдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож өгнө үү...“ гэв.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай Б/24 тоот тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон.
Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь сайн дураар ажиллахаас татгалзсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь дарга, 2 мэргэжилтэнтэй бөгөөд нэхэмжлэгчийг томилсон ажлын байр өнөөдрийг хүртэл сул хэвээр байна.
Иймд нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү “ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Б-ний ямар эрх ашиг хөндөгдөж байгааг ойлгохгүй байна. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Г.Б-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр томилсон. Тухайн томилсон тушаалын агуулгад хэн нэгний оронд томилсон болон түр хугацаагаар орон тооны бүтцэд байхгүй ажлын байранд хугацаа зааж томилсон зүйл байхгүй. Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ажилладаг Адилбиш мэргэжилтэн нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар жирэмсний амралт авсан ба шүүхийн шийдвэрийн биелэлтийг хурдан биелүүлэхийн тулд эзгүй байгаа ажилтны орон тоон дээр Г.Б-ийг авсан ба сул орон тоо гармагц үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн тооцоололтой байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх дүр эсгэж байгаад халах санаа зорилго байхгүй байсан. Жирэмсний амралт авсан байсан Адилбиш мэргэжилтний жирэмсний амралтын хугацаа дуусаж, ажилдаа буцаж орсон байгаа. Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Б нь Төрийн захиргаа удирдлагын хэлтэст шилжсэн тул нэхэмжлэгч Г.Б-ийн албан тушаал өнөөдрийг хүртэл сул байна. Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны Б/24 дугаартай тушаал нь нэхэмжлэгч Г.Б-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ”гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тул захиргааны хэргийн шүүхэд хандаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ан хүсэлтээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд 2017 оны 3 дугаар сард багтааж, төрийн захиргааны албан тушаалд томилохоор тохиролцсон боловч 1 жилийн дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох тушаал гарсан. Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс нь дарга, хоёр мэргэжилтнийн орон тоотой бөгөөд мэргэжилтнээр ажиллаж байсан А.Аг бүтэц орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дахин 3 орон тоотой буюу дарга 2 мэргэжилтэнтэй байхаар баталсан. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 хэсэгт заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Мэргэжилтэн А нь жирэмсний амралттай байсан ба тухайн хүний ажил, албан тушаал хууль зааснаар хадгалагдаж байх ёстой байсан. мэргэжилтэн Д.Бг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б/37 гэх тушаалаар өөр ажилд шилжүүлсэн ба Г.Б-ийг ажилд томилсон тушаал нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/24 гэх тушаал гарсан. Энэ тушаал гарснаас хойш 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Д.Б, А нар хийж байгаад нэг нь өөр ажилд томилогдож, нөгөө нь жирэмсний амралттай байсан. Миний үйлчлүүлэгч Г.Б нь шүүхийн шийдвэрт зааснаар жирэмсэн хүний оронд түр хугацаагаар томилогдох ёсгүй бөгөөд сул орон тоо гарсан албан тушаалд ажиллах ёстой.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг баримтлан хууль бус тушаалаар ажилд томилогдохгүй гэсний үндсэн дээр Захиргааны хэргийн шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан байх ба Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийни 717 дугаартай албан бичгээр хариуг авч, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаандаа гаргасан байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр томилох тухай тушаал нь байхгүй орон тоонд ажиллуулахаар гарсан тушаал ба зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд гаргасан тушаал юм“ гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгчийг томилсон ажлын байр өнөөдрийг хүртэл сул байгаа ба нэхэмжлэгч сайн дураар ажиллахаас татгалзсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Г.Б урьд нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан байх ба Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 сарын 16-ны өдрийн А/428 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчдын эвлэрийг баталж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн захирамжаар баталсан эвлэрлийн гэрээнийн 3 дугаар заалтад “ нэхэмжлэгч Г.Б-ийг 2017 оны нэгдүгээр улиралд багтааж аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас бусад төрийн захиргааны ангиллын албан тушаалын ажлын байраар хангах” гэсэн заалтыг оруулсан байна.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 4 сарын 5-ны өдөр 04 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдон 2017 оны 04 сарын 14-ний өдөр 312 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарч хувийн хэрэг нээгдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.
Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газрын дарга 2018 оны 04 сарын 10-ны өдөр Б/24 дугаартай тушаал гаргаж Г.Б-ийг Аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн нэгжид ажиллаж байсан ажилтныг цомхтголоор ажлаас чөлөөлсөн, одоо тус хэлтэст 2 хүн мэргэжилтнээр ажиллаж байгаа, сул орон тоо байхгүй тул ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр ажилд томолсон тушаалыг зөвшөөрөхгүй байна.
Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/56 дугаартай “Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай” захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтэс нь дарга,3 мэргэжилтэн нийт 4 орон тоотой байхаар баталжээ.
Үүний дараа Увс аймгийн Засаг даргын 2017 оны 09 сарын 01-ний өдрийн А/403 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтэс нь дарга,2 мэргэжилтэн нийт 3 орон тоотой байхаар баталж,тухайн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан А.Аг албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог Увс аймгийн Засаг даргын 2018 оны 06 сарын 13-ны өдөр А/353 дугаартай захирамжаар баталсан байх ба Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтэс нь дарга,2 мэргэжилтэн нийт 3 орон тоотой байхаар батлагдсан байна.
Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн даргаар Б.Баяртайханцэцэг ажиллаж байгаа бөгөөд шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “намайг анх ажилд ороход манай хэлтэс дарга,2 мэргэжилтний орон тоотой байсан ба бүтэц орон тоо шинэчлэгдэж 3 мэргэжилтэнтэй болж Д.Б, Д.А, А.А нар ажиллаж байсан.2017 оны 9 сард орон тоо шинэчлэн батлагдаж дарга 2 мэргэжилтний орон тоотой болсон ба А.А орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн. Одоогоор А мэргэжилтэн ажиллаж байна.Д.Б нь Төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтнээр шилжсэн байгаа” гэжээ.
Тус хэлтсийн мэргэжилтэн Д.Ад Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар жирэмсний амралтыг олгосон байх ба мэргэжилтэн Д.Бг Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудит хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж,Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Сум,багийн бодлого,зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр 2018 оны 06 сарын 18-ны өдрөөс эхлэн томилсон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгчийг 2018 оны 4 сарын 10-ны өдрийн тушаалаар мэргэжилтэн Д.Ан жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллуулаад Д.Б мэргэжилтэн өөр хэлтэсрүү шилжих гэж байсан тул үргэжлүүлэн Д.Бн орон тоонд ажиллуулах боломжтой гэж үзэж тушаал гаргасан” гэж тайлбарлав.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаартай тогтоолоор “ Төрийн жинэхэн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталсан бөгөөлд тус журмын 4.1-д албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заахаар зохицуулсан байх шаардлагыг тавьсан байна.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар Г.Б-ийг Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоонд албан үүргийг түр орлон гүйцэтгэх ямар нэгэн хугацаа заахгүй томилсноос үзэхэд сул орон тоонд томилсон шийдвэр гэж үзэхээр байна.
Тухайн үед буюу 2018 оны 4 сарын 10-ны өдөр мэргэжилтэн Д.А жирэмсний амралтаа авч тухайн ажилтны орон тоо түр эзгүй байсан байх ба мэргэжилтэн Д.Б ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байсан байна.Үүнээс үзэхэд Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтэс нь батлагдсан орон тооныхоо хүрээнд 2 мэргэжилтэнтэй ажиллаж сул орон тоо гараагүй байсан байна.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний агуулга нь нэхэмжлэгчийг Төрийн захиргааны ангиллын албан тушаалын ажлын байраар хангах буюу сул орон тоонд томилж цаашид төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар олгогдсон баталгааг эдлэх боломжтой болох зорилгыг агуулсан байна.
Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь Увс аймгийн Засаг даргын ажлын алба болохын хувьд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой боловч уг шийдвэр нь хуульд нийцсэн байх шаардлагатай.
Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтэст тухайн үед 2 мэргэжилтний орон тоонд 2 албан тушаалтан томилогдсон байсан, дахин нэмж 3 дахь мэргэжилтэн ажиллах боломжгүй нөхцөл байдал бүхий байхад хариуцагч тушаал гарган нэхэмжлэгчийг мэргэжилтнээр томилох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хөндсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэж мөн зүйлийн 133.2-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж тус тус зохицуулжээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийг ажилд томилсон захиргааны актыг гаргасан байдал нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцогдохоор байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийн дагуу ажлын байраар хангагдах эрхийг зохих ёсоор нь хангасан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим,шаардлагыг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1,133.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ