Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0040

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                             

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/305 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 703 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0409/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/305 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Нийслэлийн Засаг даргын 2018 ооны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1158 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулсан 182 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар “С” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.2.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/305 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Д.Энхцэцэг нь зориулалтын дагуу ашиглаагүй байна. Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан, гэрээ байгуулагдсан өдрөөс бүтэн 2 жилийн хугацаанд барилга байгууламж бариагүй, ямар нэгэн объект бий болоогүй тохиолдлыг хамруулахаар тайлбарласан байна.

3.4.Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлагуудыг хангаж, сонсох мэдэгдэх ажиллагааг явуулсны үндсэн дээр биечлэн уулзаж тайлбар, санал авсан байхад тайлбарыг судлалгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэмээн хэт нэг талыг баримтлан дүгнэлт гаргасан байна.

3.5.Захиргааны байгууллага буюу нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэх эрх хэмжээг мөн үгүйсгэсэн нь хууль бус болжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

3.1.Нэхэмжлэгч “С” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/305 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3.2.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/305 дугаар захирамжаар[1] Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн гэж “С” ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 182 м.кв газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3.3.Анх нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1158 дугаар захирамжаар иргэн Л.С-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч, уг газрыг 15 жилийн хугацаатай “худалдаа үйлчилгээний” зориулалтаар эзэмшихээр болжээ.

3.4.Хэрэгт авагдсан баримтуудаас маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарна гэдэг нь тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байна.

3.5.Нэхэмжлэгч компани маргаан бүхий газрыг эзэмшиж эхэлснээс хойш тухайн газрын ойролцоо байрлах байрны Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчдаас хашаа бариулах болон бусад үйл ажиллагаа эрхлэхийг эсэргүүцэж байсан гэдэг нь Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/144 албан бичиг[2], Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дуудлагын лавлагааны хуудас[3], “Итгэл-61” Сууц өмчлөгчдийн холбооноос 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлт[4], нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн видео бичлэг зэргээс тогтоогдож байна.

3.6.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахад тус компаниас хамаарахгүй буюу газрын ойролцоо байрлах Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн үйл ажиллагаанаас шалтгаалж хүндрэл учирсан, энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгч компани нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж чадаагүй гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.7.Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан, гэрээ байгуулагдсан өдрөөс бүтэн 2 жилийн хугацаанд барилга байгууламж бариагүй, ямар нэгэн объект бий болоогүй тохиолдлыг хамруулахаар тайлбарласан байна.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.8.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгч компанийн эзэмшил газар маргаан бүхий актад дурдсан шиг “нийтийн эзэмшлийн газар” мөн эсэхтэй холбоотой бодит нөхцөл байдлын үндэслэлийг тогтоогоогүй, судлаагүй, цаашлаад нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” эсэхийг шалган тогтоогоогүй, мөн нэхэмжлэгч компаниас үл хамаарах шалтгаан үүссэний улмаас нэхэмжлэгч зориулалтын дагуу газраас 2 жил дарааллан эзэмшиж чадаагүй бодит нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.

3.9.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26–ны өдрийн 703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 24 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 8 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 72-76 дахь тал