Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 158

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангуучин овогт Энэбишийн А-эд холбогдох эрүүгийн 1910020000000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ... хороо, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 350000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 8 жил хорих, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сар хорих, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх ялыг 350000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил хорих ялаар тогтоосон ба 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Ш овогт Э-ийн А.

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гуравдугаар цахилгаан станцын баруун талын хашаанд хохирогч Д.Р тай ачааны мөнгөнөөс болж маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Эрүүгийн 1910020790000 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Р-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10551 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч Э.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-44-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, депозит дансны хуулга /хх-49-97-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гуравдугаар цахилгаан станцын баруун талд байрлах хашаанд ачаа авахаар ирсэн хохирогч Д.Р-тай “ачааны мөнгө төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь цохиж “баруун доод зовхи, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Д.Р-гийн ... 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би БНХАУ-ын Эрээн хотоос ирсэн ачаагаа авахаар эхнэр Батцэцэгийн хамт явсан. Би ачаа өгч байгаа хүнтэй утсаар холбогдсон. Гэтэл замаа буруу заагаад байсан. Би ТЭЦ-З-ын баруун талд очиж 78 ширхэг ачаагаа авсан. Цаанаас 79 ширхэг ачаа ачуулсан байх ёстой байсан. Дахин 12 ширхэг ачаагаа авч байж мөнгө төгрөгөө өгнө гэж хэлэхэд ачаа тарааж байгаа хүн зөвшөөрөхгүй байхаар нь би Эрээнээс ачаа ачуулсан хүнтэй утсаар холбогдоход тэр хүн нь “тэг тэг бүх бараагаа авчхаад тооцоогоо хийчих” гэж хэлсэн... Тухайн үед ачаа ачиж ирсэн жолооч нь явуулахгүй “та нар мөнгөө өгч байж яв, юм үзээгүй юмнууд” гэж доромжлоод байсан.  Тэгээд маргалдаж байтал ачаа тарааж байсан хүн намайг заамдаж аваад өмсөж явсан футболкийг урж, нүүр рүү цохиж нүдний шил хагалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би нүдний шилээ 150.000 төгрөгөөр хийлгэж байсан. Харин футболкийг 50.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10551 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.Р-гийн биед баруун доод зовхи, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч Э.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн... Би 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3 дугаар Дулааны цахилгаан станцын баруун талын континер зардаг хашаанд каргоны ачаа буулгаад байж байтал над руу Д.Р- гэх хүн ачаа авна гэж залгасан. Би түүнд ачаа буулгаж байгаа газраа зааж өгсөн. Гэтэл төөрч будилсан байсан... Тэгээд Д.Р- гэх хүн ачаа буулгаж байгаа газар ирчхээд намайг зам буруу зааж өглөө гэж уурлаад байсан ба ачаа авч байх хугацаандаа надтай байнга хэрэлдээд байсан. Д.Р-д тооцоогоо хий гэж хэлтэл мөнгөө өгөхгүй “дараагийн машинд чинь дахиад миний ачаа ирнэ, тэр ачаагаа авч байж тооцоогоо хийнэ” гэж хэлсэн. Тэгэхээр би “тэгэх боломжгүй, өнөөдөр авсан ачааныхаа хөлсийг одоо өгөх ёстой. Дараагийн ачааны мөнгөө тухайн үед нь ачаагаа аваад тооцоогоо хийдэг” гэж тайлбарлаж хэлтэл Д.Р- намайг заамдаж аваад чирээд толгой руу гараараа хоёроос гурван удаа цохисон. Тэгээд маргалдаж байгаад би гараараа Р-гийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон... Тухайн үед заамдалцаж байхад хохирогчийн фудболк нь урагдсан ба намайг гараараа нүүр рүү нь цохиход нүдний шил таараад нэг талын шил нь мултарч унасан... Гэтэл Д.Р- гэх хүн цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-44-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Э.А- нь хохирогч Д.Р-гийн нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Э.А- нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийн хохирогч Д.Р-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

  Хохирогч Д.Р- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нүдний шилний үнэ 180.000 төгрөг, фудволкийн үнэ 50.000 төгрөг, эм болон шарх цэвэрлэх материал, тос зэрэгт 100.000 төгрөг, 10 хоногийн цалин хөлс 650.000 төгрөг, нийт 980.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбоотой баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.   

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Э.А- нь гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчийг ачааны мөнгө төлсөнгүй гэсэн шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний урьд ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А-эд мэдэгдэх нь зүйтэй.

шүүгдэгч Э.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш овогт Э-ийн А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А-эд мэдэгдсүгэй.

4. Хохирогч Д.Р- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР