| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0116/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 179
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөгөө овогт Н-ийн Н-т холбогдох эрүүгийн 1910007590000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
.......................................................................
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Н.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 26-0 тоотод хамт архи ууж байсан Т.Д-ын гэрийн ширээн дээр байсан 4 үе дамжсан мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1910007590000дугаартай хэргээс:
Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Т.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Л.Ч-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч А.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,
Гэрч Т.Т--ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/,
“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31, 102-103-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 29, 101-р хуудас/,
Шүүгдэгч Н.Н-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-78-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох ял шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Н-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Н.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 26-5 тоотод хохирогч Б.А-ийн мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.А-ийн “...2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө манай нөхөр мөнгөн аяганд зөгийн балтай ус хийгээд тавьчихаарай гэсэн. Тэгэхээр нь би мөнгөн аягандаа зөгийн балтай ус хийж тавиад гэрээсээ 09 цагийн үед гарсан. Намайг орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр согтуу унтаж байсан. Би хоол хийж дуусаад ширээ рүү хартал мөнгөн аяга байгаагүй тул нөхрөөсөө “хэнтэй архи уусан, мөнгөн аяга хаана байна” гэж асуухад “сайн санахгүй байна, архи уудаг л хүн байх шиг байсан хоёулаа байхаар нь нэгийг хөөж явуулаад арай хөгшин ахтай хамт гэрийн үүдэнд нэг шил архи уусан. Тэгээд дахиан нэг шил архи аваад гэрт орж уусан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс алдагдсан мөнгөн аяга дээд хэсгээрээ цулгай, доод ёроол хэсэгтээ хээтэй, дунд гарын мөнгөн аяга байгаа. Манай мөнгөн аяга 4 үе дамжиж ирсэн аяга болохоор 4.500.000 төгрөгөөр үнэлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч Т.Д-а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа буугаад 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн эцсийн буудлаас гэр рүүгээ харих гэж байгаад зүс таних хоёр залуу тааралдаад “баярын мэнд, нэг юм ууя” гээд байхаар нь манайд очоод ууя гэж хэлээд “БОССА” хүнсний дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай нэг шил архи аваад нөгөө хоёр хүнээ дагуулаад гэрийнхээ хашаанд нэг шил архиа ууж дуусгаад дахиан нэг шил архи ууя гээд “Гэгээт” хүнсний дэлгүүр рүү нэг хүнтэй нь цуг яваад нэг шил Хараа архи аваад буцаад гэртээ очтол нөгөө хүн явсан байсан. Бид хоёр манайд ороод архи ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Эхнэр орой 21 цагийн үед гэртээ ирээд ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга байхгүй байна гээд цагдаагийн байгууллагад хандсан. Би хамт архи уусан хүнийг урьд нь зүс үзэж байсан, харвал танина. Гэхдээ гэр нь хаана байдгийг сайн мэдэхгүй байна. Манай мөнгөн аяга 4 үе дамжиж ирсэн. Манай мөнгөн аяганы дээд хэсэг нь цулгай, доод ёроол нь хээтэй дунд гарын мөнгөн аяга...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Гэрч Т.Н-ийн “...Манай өвөөгөөс аавд, ааваас манай ахад өвлөгдөж ирсэн аяга байгаа юм. Тухайн аяга 4 үе дамжсан. Аяганы ерөнхий байдал нь модон тагштай, мөнгөөр бүрсэн, бага гарын аяга байсан ба доод суурь хэсэгтээ хээтэй, ёроол хэсэгтээ 3 хадаастай, том хээтэй биш ерөнхийдөө энгийн аяга байсан. Би мөнгөн аягаа сүүлд 2 дугаар сарын 07-ны өдөр ахынхаа гэрт харсан. Алдагдсан гэх аяга нь мөнгөний орц ихтэй аяга...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Д.С-ийн “...Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 26-00 тоотоос алдагдсан гэх мөнгөн аяга нь модон тагшийг гадна талаас нь мөнгөөр бүрсэн, доод ёроол хэсэгт тойрсон бөөрөнхий хээтэй, аяга нь дотор талдаа гүн биш өнгөц зураастай дотор талын ёроол хэсэгт 2 ширхэг жижиг мөнгөн хадаастай аяга байсан. Одоо би сайн санахгүй байна. Манай гэрийн авдарт байж байдаг байсан. Тухайн аяга алдагдсан гэх үед би цэрэгт байсан. Манай эмээ Нурмаажав болон аавын төрсөн дүү нар нь 4 үе дамжсан гэдгийг нь мэдэж байгаа. Манай аав Д-а надад 4 үе дамжсан ховор нандин мөнгөн аяга гэж хэлж байсан. Тухайн аяга нь бага гарын мөнгөн аяга байсан. Би сүүлд алдагдсан гэх мөнгөн аягыг эмээ болон Нурмаажавын гэрт харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,
Гэрч Т.Т--ын “...Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 26-00 тоотоос алдагдсан гэх мөнгөн аяга нь дунд гарын мөнгөний хольцтой. Би тухайн аягыг олон удаа харж байгаагүй. Манай өвөөгөөс аавд, ааваас
манай төрсөн ах Д-ад үе дамжиж ирсэн. Тухайн мөнгөн аягыг хамгийн сүүлд 2018
оны намар Д-а ахын гэрт харсан. Манай ах мөнгөн аягыг хоолны
ширээн дээр тавьчихсан байсан. Түүнээс хойш мөнгөн аяга харагдахаа
болиод Д-а ах мөнгөн аягаа хулгайд алдсан гэж хэлсэн. Тус
мөнгөн аягыг манай аав 1995 онд Д-а ахыг хуримаа хийсэн гэж
бэлэглэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/,
“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...4 үе дамжиж ирсэн заг гэдэг үндэс модоор хийсэн дунд гарын мөнгөн аягыг 4.500.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 30-31, 102-103-р хуудас/,
Шүүгдэгч Н.Н-ын “...Нөгөө залуу урд энгэрийн халааснаасаа карт гаргаад дэлгүүрт уншуулаад бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи, кола ундаа, хоёр ширхэг Эссэ тамхи авсан. Бид хоёр хашаанд нь ирэхэд манай найз Гамбаа явсан байсан. Бид хоёр гадаа архиа ууя гэхэд нөгөө залуу “манай гэрт орж ууя манай гэрийг сонирхоорой” гээд гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгож гэрт нь орсон... Ширээнийх нь гол хэсэгт нь бага гарын хэмжээтэй дотор тал нь харласан байдалтай хуучны мөнгө зэсний холимог аяга байхаар нь би нэхий күртикний баруун талын халаасандаа хийгээд архиа зүүн халаасандаа хийгээд гэрээс нь гараад явсан юм. Гудамжаар нь дээшээ өгсөөд хуучин эцсийн такси зогсдог газар ирээд дээлтэй өвгөнд “20.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхэд нөгөө өвгөн 20.000 төгрөг гаргаж өгөөд нөгөө хулгайлсан мөнгө аягыг аваад явсан. Тэгээд би 60 дугаар сургуулийн урд нь байх автобусны буудал дээр сууж байгаад үлдсэн архиа ууж дуусгаад Нисэхийн автобусанд суугаад гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-78-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Н- нь хохирогч Б.А-ийн 4 үе дамжиж ирсэн дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Н- болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
Хохирогч Б.А-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 4.500.000 төгрөгөөр үнэлсэн “Д-” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 30-31, 102-103-р хуудас / ба хохирогч нь “хохирлоо гаргуулж авмаар байна” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-аас 4.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.А-эд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “...Н.Н-ын насны байдал болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ял нь тооцож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.Н-д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний биеийн эрүүл мэндийн байдал болон тэрээр 59 настай хөдөлмөр эрхлэх боломжтой хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ хохирол нөхөн төлөөгүй байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н-ыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баривчилж /хх-ийн 67-р хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба /хх-ийн 82-р хуудас/ 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 63 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н-ын цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүхээс оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Н-ийн Н- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н-ын цагдан хоригдсон нийт 63 хоногийн нэг хоногийг найман цагийн ажлаар тооцон шүүхээс оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 96 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Н-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-аас 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.А-эд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР