Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 163

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шүүгдэгч Н.П-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-ын П-д холбогдох эрүүгийн 1810022600000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, тогооч, номын санч, хүний нөөц мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Нарны замын 59 дүгээр байр, 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны баруун талд аж ахуйн хашаад амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н-ын П.

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.П- нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо 94 дүгээр байрны 00 тоотод оршин суух хохирогч Б.Б-ийн гэрт байхдаа 3 ширхэг алтан бөгж, нэг хос алтан ээмэг зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.088.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Н.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Эрүүгийн 1810022600000 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-35-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

           “Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-61-р хуудас/,

“Т-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-69р хуудас/,

Шүүгдэгч Н.П-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч П.Баярзулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 111-112-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 95-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 122-р хуудас/, депозит дансны хуулга /хх-ийн 84-86-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.П-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Н.П- нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо 94 дүгээр байрны 00 тоотод оршин суух хохирогч Б.Б-ийн гэрт байхдаа 3 ширхэг алтан бөгж, нэг хос алтан ээмэг зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.088.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Б-ийн “...2016 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 93 дугаар сургуульд эмчээр ажиллаж байхдаа П- эгчтэй танилцаж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр П- эгч бид хоёр уулзаад манай гэрт хонохоор болоод 00 цагийн үед ирж унтацгаасан. П- эгч маргааш нь манайхаас яваагүй. Би эгч хүнийг хөөгөөд байлтай нь биш гээд гэртээ хонуулсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө найз залуутайгаа уулзахаар 04 цагийн үед гэрээсээ гараад 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой 20 цагт гэртээ ирэхэд П- эгч манайхаас явсан байсан. Би гэрийнхээ эд зүйлийг шалгахад алтан ээмэг 1 хос, 3 ширхэг алтан бөгж байхгүй байхаар нь П- эгчийн утас руу нь залгахад утасаа авахгүй байж байгаад холбогдохгүй болчихоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийн “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш “Д-ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт нэг эмэгтэй орж ирээд хос алтан ээмэг барьцаанд тавина гэхээр нь тэр хүний бичиг баримтыг үзэж сувдан шигтгээтэй байгалийн алтан ээмгийг 100.000 төгрөгөөр барьцаанд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн “...Би барьцаат зээлийн үйлчилгээний газраа 2015 оноос эхлэн одоог хүртэл ажиллуулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Н.П- гэх 40 гаран насны эмэгтэй нэг эмэгтэй хүнтэй хамт ирж 3.2 грамм сорьцгүй алтан бөгж 1 ширхэгийг 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн үер ирэхдээ өөрийнхөө иргэний үнэмлэхтэй ирж үйлчлүүлсэн. Бидний зүгээс  таны эд зүйл мөн үү гэж асуух үедээ асуудагч тухайн үед хэний эд зүйл вэ гэж асуугаагүй барьцаанд авсан. Гэтэл уг барьцаанд тавьсан бөгжийг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Тэгэхээр манай компани Н.П- гэх хүнээс 200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Г-ын “...Би барьцаат зээлийн үйлчилгээний газраа 2013 оноос эхлэн одоог хүртэл ажиллуулж байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр манай ажилтан болох Дарьсүрэн над руу залгаад манай ломбарданд П- гэх хүн хулгайн эд зүйл тавьсан байна. Цагдаагийн байгууллагаас хүн ирээд хурааж авна гэнэ яах вэ гэхээр нь би бичиг баримтыг нь үзээд хүлээлгэж өг гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н.П- гэх хүн алтан бөгж 1 ширхэгийг барьцаанд тавьсан байсан. Тухайн үед манай ажилтан Дарьсүрэн ажиллаж байсан. Тэгэхээр манай компани Н.П- гэх хүнээс 207.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг  Эс голд загварын гар утсыг 198.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 60-61-р хуудас/,

 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Алтан бөгж 960 сорьцтой 2.8 грамм жинтэй 1 ширхэг 504.000 төгрөг, Алтан бөгж 3.2 грамм жинтэй, 960 сорьцтой 1 ширхэг 576.000 төгрөг, Алтан ээмэг 960 сорьцтой 2.8 грамм жинтэй 1 ширхэг 504.000 төгрөг, Алтан бөгж 960 сорьцтой 1 ширхэг 504.000 төгрөг, нийт 2.088.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 67-69-р хуудас/,

Шүүгдэгч Н.П-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Д.Б-т 2 ширхэг алтан бөгж болон 1 ширхэг алтан ээмгийг нь хүлээлгэн өгсөн байгаа. Мөн нэг ширхэг бөгжийг нь алга болгосон тул оронд нь өөрийнхөө барьж байсан “Самсунг глакси эс 6” маркийн гар утсыг өгөөд одоо ямар нэгэн гомдол саналгүй болгосон ...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

            Шүүгдэгч Н.П- нь хохирогч Д.Б-ийн 3 ширхэг алтан бөгж, нэг хос алтан ээмэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.П- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-т 2.088.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид 2 ширхэг алтан бөгж, хос алтан ээмэгийг буцаан өгсөн ба нэг алтан бөгжний үнэд “Самсунг Эс голд загварын гар утасыг шүүгдэгч Н.П- нь хүлээлгэн өгсөн тул хохирогч Д.Б- нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 29-р хуудас/ гэжээ.

           Шүүгдэгч Н.П- нь хохирогчийн 1 ширхэг алтан бөгжийг “Ж-” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр /хх-ийн 117-р хуудас/,1 ширхэг алтан бөгжийг “Хаан” барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр /хх-ийн 118-р хуудас/, хос алтан ээмгийг “Д-” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 100.000 төгрөгөөр, тус тус барьцаалсан байсныг хохирогч Д.Б-т хүлээлгэн өгсөн байна. Иймд  шүүгдэгч Н.П-аас нийт 507.000 төгрөг гаргуулж “Хаан” барьцаат зээлийн газрын төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Х.Г-ад 207.000 төгрөг, “Ж-” ХХК-ны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.С-д 200.000 төгрөг, “Д-” ХХК-ны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлд 100.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагаас Н.П- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан. Хэдийгээр иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөртэй боловч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүдэгч Н.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр 49 настай хөдөлмөр эрхлэх боломжтой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Шүүгдэгч Б.П-ын цагдан хоригдсон 01 хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн хамт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Н-ын П-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.П-ын цагдан хоригдсон 01 хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцонг хасч, 392 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял биечлэн эдлүүлэхээр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.П-д мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Н.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-аас нийт 507.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч /Хаан барьцаат зээлийн газар/ Х.Г-ад 207.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч /Ж-” ХХК/ Ж.С-д 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч /“Д-” ХХК/ Д.Түмэндэмбэрэлд 100.000 төгрөг тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР