Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 007

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ж.Д-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ё- овогт Ж-ын Д-д холбогдох эрүүгийн 1910017820000 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

.............................................................

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж 3-2-00тоотод Б.Б-г зодож биед нь тархи доргилт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, баруун шуу, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Эрүүгийн 1910017820000 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 37, 51-р хуудас/,        

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №8997 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 53-54-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 55-59-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/, “Хориулт” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, бусад /хх-ийн 42-47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж 3-200 тоотод хохирогч Б.Б-тай “хүүхдээ өгч явуулахгүй” гэж маргалдан улмаар түүнийг зодож биед нь “тархи доргилт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, баруун шуу, зүүн мөрөнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-гийн ...Д- бид хоёр 2015 оноос хойш хамт амьдарч байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3-2-00 тоот гэртээ очиж хүү А-ыг авч явах гэтэл нөхөр Д- өгч явуулахгүй гэж хэрүүл маргаан хийсэн тул гэртээ хоносон. Маргааш өглөө орон дотроо хэвтэж байтал нөхөр Д-тэй “явна, явахгүй” гэж дахин хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгтэл Д- миний хоёр талын чих рүү гараараа хоёр удаа цохиж, гуя руу өшиглөж, орноос татаж унагаагаад газар чирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 37, 51-р хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №8997 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Б-гийн биед тархи доргилт, зүун шуу, баруун гуянд цус хуралт, баруун шуу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 23-р хуудас/,

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 53-54-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 55-59-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Эхнэр Б- бид хоёр хоорондоо маргаад хэсэг хугацаанд тусдаа амьдарсан юм. Б- 2019 оны 7 дугааар сарын 20-ны өдөр гэрт ирчихээд надтай ямар нэгэн юм ярихгүй, гадаа машинд ор засаж унтлаа гээд байсан. Тэгэхээр нь би гуйж байгаад гэрт оруулж унтуулсан. Маргааш өглөө нь сэрээд бид хоёр маргаад уурандаа Б-гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа алгадсан. Бас өшиглөж орон дэрээс унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч Ж.Д-, хохирогч Б.Б- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2015 оноос хамтран амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.   

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэх бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан байна.

          Шүүгдэгч Ж.Д-ийн хамтран амьдрагч хохирогч Б.Б-гийн  зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Д- болон түүний өмгөөлөгч Д.Гомбо нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 16-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ж.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Б-, шүүгдэгч Ж.Д- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Д- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Д-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

            1. Ё- овогт Ж-ын Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР