Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2018/0015/з |
Дугаар | 27 |
Огноо | 2018-09-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б Т Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Засаг даргад холбогдох,
“Б Т Д” ХХК-ийн эзэмшлийн XV-017851, XV-00020505 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус сумын Засаг даргын орлогч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Б Т Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б Т Д” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л шаардлага, болзлыг хангасны үндсэн дээр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Цагааннуур нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-017851 дугааруудтай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 3-р сард авсан ба 2016 оны 04-р сарын 12-нд тодорхой хэсгийг хэсэгчлэн буцаан өгч, 2 хувааж шинээр XV-02тоот тусгай зөвшөөрөл авсан болно. Компаний зүгээс үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байгаа ба Ашигт малтмалын тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах шаардлагатай болсон. Хуулийн 22-р зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”-ийг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хавсаргаж өгөх ёстой гэж заасан бол 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан. Бид 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан бэлтгэж Увс аймгийн БОАЖГазарт хянуулан 2017 оны 11-р сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд очиж Засаг даргаар батлуулах гэсэн боловч бидэнтэй уулзахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзаж, батлаж өгөөгүй буцаасан. Үүнээс хойш 2018 оны төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа холбогдсон боловч тухай бүр татгалзсан хариу авч байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38-р зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тодорхой заасан байдаг. Гэвч Өндөрхангай сумын Засаг дарга энэхүү төлөвлөгөөг өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй байгаа юм. Баталж өгөхгүй байгаа шалтгаанаа 2018 оны 3 сарын 12-ны өдөр Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Саас 32 тоот мэдэгдэл ирж, тусгай зөвшөөрлийн талбай нь малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхцаж байгаа тул 2018 оны геологи хайгуулын ажил хийлгэхгүй, төлөвлөгөөг батлахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэр нь хуульд нийцсэн байх зарчимтай бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болоод бусад аль ч хууль, тогтоомжоор малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээртэй давхцаж байгаа үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах зохицуулалт байхгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.11-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газар нь хайгуулын тусай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоосон бөгөөд манай эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай нь уг солбилцолд багтсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй, цуцлагдах нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-т заасны дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-01, XV-02 дугааруудтай тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өндөрхангай сумын Засаг даргад төлөвлөгөө батлахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Б Т Д” ХХК-ийн захирал Х.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хийж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие 2018 оны 09 сарын 17-18-нд Монголын Өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнд оролцох болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.Өмгөөлөгчийн зүгээс өмнө нь шүүх хуралдааныг хойшуулах хүсэлт гаргаж байсан ба дахин хойшлуулах хүсэлт гаргах нь зохимжгүй тул шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүй хийж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн үед буюу 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дүгээр заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед аймгийн зүгээс сумаас санал авч ажиллаагүй, бидэнд ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас тухайн төлөвлөгөө нь баталж өгөх боломжгүй юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн е/ нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх/ гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй.Учир нь орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж, энэ талаар гарын үсгээ зурж өгсөн. Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээс эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцож, төлөвлөгөөг батлах ёс зүй надад байхгүй “гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Хариуцагчийн тайлбар хэвээрээ байгаа. Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багын иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б Т Д” ХХК шүүхэд”XV-017851, XV-00020505 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай “ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг өөрсдийг нь байлцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан бүхий л шаардлагыг хангаж авсан байхад сумын Засаг дарга иргэдийн өвөлжөө,хаваржааны нутаг гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхгүй” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “Тусгай зөвшөөрөл анх олгогдохдоо сумын удирдлагаас санал аваагүй, нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгохгүй тухай саналаа илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
“Б Т Д” ХХК-д Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур нэртэй газарт орших 14316.03 гектар талбайг хамарсан XV-017851 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 3 сард олгосон байх ба 2016 онд тухайн хайгуулын тайлбайгаас хэсэгчлэн буцаан өгч XV-017851 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын тайлбан хэмжээг 3061.48 гектар тайлбайг хамрахаар, мөн XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг 797.62 гектар талбайг хамрахаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2018 оны 03 сарын 17-ны өдөр дуустал олгогджээ.
Нэхэмжлэгч “Б Т Д” ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Өндөрхангай сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан талаар тайлбар гаргаж, хариуцагч энэ талаар маргаагүй ба Өндөрхангай сумын Засаг дарга 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр “тус компанийн эзэмшдэг XV-01XV-0 дугааруудтай Цагааннуур хайгуулын талбай нь тус сумын малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээр нутаг юм. Иймээс эдгээр газарт иргэдийн хүсэлтийн дагуу 2018 онд геологи хайгуулын ажил хийхгүй байхыг хүсье” гэсэн агуулгатай татгалзсан шийдвэрийг өгч 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн зүгээс батлаагүй байна.
Нэхэмжлэгч нь Увс аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасанд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн даргын 2018.04.13-ны өдрийн 8/475 дугаартай албан бичгээр “тухайн сумын удирдлага,багийн иргэдтэй ойлголцож ажиллахад анхаарах нь зүйтэй” талаар хариу өгчээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхаар заажээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан ба 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.
Хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, тухайн газар нутагт иргэдийн өвөлжөө, хаваржаа байгаа, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль орчыг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.
Тусгай зөвшөөрөл олгогдох үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулж байсан байх эрх бүхий захиргааны байгууллагаас “Б Т Д” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна.
Харин Өндөрхангай сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын зүгээс “Б Т Д” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хүчингүй болгуулах өргөдөл гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Нэгэнт аж ахуйн нэгж хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлахыг үүрэгжүүлсэн заалтын хүрээнд төлөвлөгөөг батлах нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д заасантай нийцээгүй байна.
Иймд Өндөрхангай сумын Засаг даргын “Б Т Д” ХХК-ийн XV-01, XV-00 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж, төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болно.
Өнөөдрийн байдлаар “Б Т Д” ХХК-д “Цагааннуур” нэртэй газарт олгогдсон хайгуулын XV-01, XV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 266 дугаартай шийдвэрээр сунгахаас татгалзсанаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон байна.
Шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь зүйтэй боловч нэхэмжлэгчийн хайгуулын XV-01, XV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон, эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас хугацааг сунгахаас татгалзсан байх тул дээрх тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатайн зэрэгцээ шүүхийн шийдвэр биелэгдэх боломж бүхий байх ёстой бөгөөд нэгэнт хугацаа дуусгавар болсон тусгай зөвшөөрөлд 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх шууд сэргэх боломжгүй, “Б Т Д” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлүүдээр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.
Харин тухайн тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс холбогдох төрийн захиргааны байгууллагад хандах боломжтой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь өөрөө төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм.
Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Б Т Д” ХХК-ийн эзэмшлийн XV-01, XV-00 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, XV-01, XV-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.13,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Б Т Д” ХХК-ийн XV-01, XV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б Т Д” ХХК-ийн XV-01, XV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б Т Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ