Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0338/3 |
Дугаар | 221/МА2022/0047 |
Огноо | 2022-01-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0047
Д.Ү-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 622 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0338/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ү нь нийслэлийн Дотоод аудитын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Гуравдагч этгээд Ч.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Санхүүгийн аудитын хэлтэст дотоод аудитороор томилогдон ажиллаж байсан бөгөөд 13 сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ахлах аудиторын албан тушаалыг алгасан Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 он 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Б/04 дугаар тушаалаар Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаа бөгөөд Анхан шатны шүүх гуравдагч этгээдийг Төрийн албаны тухай хууль /2002/, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу удирдах албаны шалгалт өгч томилогдсон байсан тул Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 107 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод боловсролыг магистраас дээш зэрэгтэй байхаар заасан ба гуравдагч этгээд нь тус албан тушаалын тодорхойлолт батлагдахаас өмнө хуульд заасан журмын дагуу тус албан тушаалд томилогдсон байх тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэсэн байдаг.
3.2.Ийнхүү дүгнэхдээ анхан шатны шүүх Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан эсэх, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан боловсролын үзүүлэлтийн дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг хангасан эсэх, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ажлын байр(Албан тушаалын) тодорхойлолт боловсруулах зааврын 4 дүгээр зүйлд заасан “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна” гэх зохицуулалт зөрчигдсөн байхад үүнийг анхаарч үзээгүйн дээр 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 3.5.1-д заасан 3.5.1.төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолтод тусгагдах тусгай шаардлагыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шаардлагыг баримтлах шаардлагыг хангасан эсэх, 3.6 дахь хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагыг бусад хууль, тогтоомжоор тусгайлан тогтоосон бол тухайн хууль, тогтоомжийн заалтад нийцүүлэн боловсруулсан эсэхийг нягтлаагүй байдаг. Учир нь “2018 онд Нийслэлийн дотоод аудитын газрын тухайн үеийн дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.4, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан боловсролын үзүүлэлтийн дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагуудыг хангаагүй Ч.Г-ын боловсролын зэрэгт албан тушаалын тодорхойлолтыг тохируулан боловсруулж, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оруулсан, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл ажлын байрны тодорхойлолтыг нягтлан хянаагүйн улмаас шаардлага хангаагүй этгээдийг удирдах албан тушаалд томилсон, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтыг төрийн албаны зөвлөлөөр батлуулаагүй нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ажлын байр (Албан тушаалын) тодорхойлолт боловсруулах зааврын 4 дүгээр зүйлд заасан “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ.үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна” гэх зохицуулалт, 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын дээр дурдсан зохицуулалт зөрчигдсөн байдаг. Мөн уг зөрчлийн талаар хэрэгт авагдсан Авилгатай тэмцэх газрын 2021 оны 05-р сарын 27-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 05/5780 тоот мэдэгдэлд тодорхой тусгагдсан хэдий ч Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг харгалзаж үзээгүй байна.
3.3.Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 39 дүгээр зүйлийн 39.1.15, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч шүүхийн тус шийдвэрийг биелүүлж, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Д. Ү-г Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргаар Ч.Г-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-т заасантай нийсэн” хэмээн дүгнэсэн байна.
3.4.2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/1235 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулан Нийслэлийн Дотоод аудитын газар нь захиргааны хэлтэс, Аудит хяналт шалгалтын хэлтэс, Эрсдэл дотоод хяналтын хэлтэс гэсэн үндсэн зохион байгуулалтын бүтэц, орон тоогоор 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллахыг Дотоод аудитын газрын дарга Я.С-д зөвшөөрсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр нэхэмжлэгч Б.Үг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын Б/08 дугаар тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон байдаг.
3.5.Гуравдагч этгээд Ч.Гын өмнө нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд Аудит, хяналт шалгалтын хэлтэс нь шинээр бий болсон бүтэц төдийгүй чиг үүргийн хувьд ялгаатай болохыг өмнөх хэсэгт дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглосон байна. Дээрх зохицуулалт нь юуны өмнө төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалыг бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглосон буюу тухайн төрийн албан хаагчийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд л хэрэглэгдэхээр байна. Гэтэл гуравдагч этгээд Ч.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын Б/05 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
3.5.Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдагч этгээдийг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байсан хэмээн үзэж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.З-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна хэмээн заасан байна.
3.6.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь зохицуулалт нь ялгаатай урьдчилсан нөхцөл үр дагавар бүхий зохицуулалт юм. Учир нь тус хуулийн 62.1.3-с үзвэл (1)-т Төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл Зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, (2)-т хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар заасан байна. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/1235 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулан шинэчилсэн бүтэц орон тоогоор 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллахыг Дотоод аудитын газрын дарга Я.С-д зөвшөөрсөн байдаг. Ийнхүү уг захирамжийн хавсралтаар Нийслэлийн Дотоод аудитын газар нь Захиргааны хэлтэс, Аудит хяналт шалгалтын хэлтэс, Эрсдэл дотоод хяналтын хэлтэс гэсэн үндсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон байдаг.
3.7.Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 0622 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ч.Гын ажиллаж байсан Санхүүгийн аудитын хэлтсийг Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтэстэй нэгтгэж Аудит хяналт шалгалтын хэлтэс болгосноор хэлтсийн даргын орон тоо цөөрсөн ч хэлтсийн даргын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч хуулийн дээрх заалтын дагуу Санхүүгийн аудитын хэлтсийн дарга болон Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах боловч Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ш нь Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31 -ны өдрийн Б/06 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Ийнхүү цөөрсөн албан тушаалд ажиллаж байсан хоёр албан тушаалтны нэг нь ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй тул гуравдагч этгээд Ч.Г-г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон хариуцагчийн шийдвэр төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй" гэх дүгнэлтийг хийсэн байдаг.
3.8.Дээрх дүгнэлтээс үзвэл шүүхээс зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн эсэхийг нягтлаагүй байдаг. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтуудыг харьцуулан үзвэл дээрх албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын II дахь хэсэгт тусгасан албан тушаалын зорилтын 2-т тусгагдсан Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад эрсдэлд суурилсан дотоод аудит, хяналт шалгалтыг холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах 3-т тусгагдсан нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг чиг үүрэг бүхий зорилтууд Нийслэлийн Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод хамаарахгүй болохыг харж болно. Мөн нэгдүгээр зорилтын хүрээнд аудит, хяналт шалгалтын дунд хугацааны болон жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, нийслэлийн удирдлагын шийдвэр, захирамжлалын баримт бичиг цаг үеийн шинжтэй үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, 2 дахь үндсэн зорилтын хүрээнд эрсдэлд суурилсан дотоод аудитыг төлөвлөх, гүйцэтгэх тайлагнах, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичих, 3 дугаар зорилтын хүрээнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж мэдээлэл боловсруулж удирдлагад танилцуулах, албан хэрэг хөтлөлтийг холбогдох заавар, стандартад нийцүүлэн үйлдэх, байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу цаасан болон цахим баримт бичгийг архивд хүлээлгэн өгөх гэх мэт албан тушаалын чиг үүргүүд Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүйн дээр Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан дийлэнх чиг үүргүүд аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй буюу хэвээр хадгалагдаагүй байна.
3.9.Үүний заримаас дурдвал, албан тушаалын зорилгын хувьд Хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах, хэлтсийг удирдан зохион байгуулж, албаны үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, албан тушаалын зорилтын хувьд холбогдох аудитын төрлөөр дотоод стандарт заавар, журам аргачлал, зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах холбогдох байгууллагуудад дотоод аудит хийх багийг ахлан ажиллаж аудитын зөвлөмжийг хангуулан хяналт тавих зэрэг зорилтууд агуулгын хувьд хэвээр хадгалагдаагүй болох нь харагддаг. Зорилтуудын хүрээнд гүйцэтгэх чиг үүргийн тухайд Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Холбогдох байгууллагуудад дотоод аудит хийх багийг ахлан ажиллаж аудитын зөвлөмжийг ханган ажиллах, Холбогдох аудитын төрлөөр дотоод стандарт, заавар журам, аргачлал зөвлөмж боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах, Аудитын бодлого, төлөвлөлт, сэдэв сонголтын үндэслэл чанар үр өгөөжийг үнэлж, дүгнэх, стандарт арга зүй, гарын авлагад тусгасан аудитын үйл ажиллагааны горимын хэрэгжилтийг хянаж, аудитын явцад зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх, аудитын тогтолцооны болон гүйцэтгэлийн түвшиний чанарын баталгаажуулалт хийх тайлан бэлтгэн хэлэлцүүлэх зэрэг арга замаар аудитын чанарыг дээшлүүлэх, хэлтсийн ажлын байр нэг бүрээр ажлын байрны тодорхойлолт боловсруулж батлуулах, аудитын зорилго цар хүрээ эрсдэлийн арга хандлагыг тодорхойлж, төлөвлөх, түүний хэрэгжилтэд хяналт тавих гэх мэт чиг үүргүүд аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй буюу эдгээр чиг үүргүүд хэвээр хадгалагдаагүй болохыг харж болно.
3.10.Эндээс дүгнэн үзвэл Зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн хэмээн үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад “Ч.Гын ажиллаж байсан Санхүүгийн аудитын хэлтсийг Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтэстэй нэгтгэж Аудит хяналт шалгалтын хэлтэс болгосноор хэлтсийн даргын орон тоо цөөрсөн ч хэлтсийн даргын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” хэмээн үзсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзэх үндэслэл болж байна.
3.11.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгохоор заасан байна.
3.12.Тус зүйлд заасны дагуу Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Гуравдагч этгээд Ч.Г нь Нийслэлийн Дотоод аудитын газрын бүтэц өөрчлөгдсөн буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан бөгөөд Нийслэлийн дотоод аудитын газраас өмнө эрхэлж байсан мэргэжил, мэргэшлийн дагуу Аудит, хяналт шалгалтын хэлтэст ахлах аудиторын орон тоог санал болгон сонсох ажиллагаа явуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг өгөөгүй байдаг. Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг Нийслэлийн дотоод аудитын газраас олгосон байдаг.
3.13.Мөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дэх хэсэгт зааснаас үзвэл тусгай/тухайн албан тушаалын шалгалт/-ыг хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна хэмээн заасан байна. Хуулийн 3.1.2-т зааснаар төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж буй этгээдийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Эндээс дүгнэн үзвэл төрийн байгууллагад ажиллаж байгаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан/албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан/ төрийн албан хаагчдаас шатлан дэвших зарчмын дагуу тухайн албан тушаалын тусгай шалгалтыг авахаар заасан байна. Мөн нөгөөтэйгүүр дээр дурдсан журмын 4 дүгээр бүлэгт зохицуулсан шалгалт өгөх болзлоос үзвэл ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэний хувьд тухайн орон нутгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх шалгуур хангасан иргэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Эндээс дүгнэн үзвэл төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан төрийн удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэнийг төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөн томилоход тусгай шалгалт өгөх шаардлага тавигдахгүй болох нь харагдаж байна
3.14.Гэтэл Нэхэмжлэгч Д.Ү нь Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсаар тогтоогдсон төдийгүй тухайн албан тушаалын шаардлагыг хангасан удирдах албан тушаалтны нөөцөд байсан иргэнийг хуулийн 27.1.1 -д заасны дагуу томилсон байхад хуулийн 33.3-т тусгагдсан тусгай шалгалтын талаарх нэхэмжлэгчид хамааралгүй зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.15.Нэхэмжлэгч Д.Ү-ийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “1. Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын /Б.Ж/ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2. Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн /Б.Ж/ Ч.Гыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон билээ.
3.16.Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 2877 дугаар захирамжаар “Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн /Б.Ж/ Ч.Гыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрх тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлдээ бичээгүй байх тул энэ талаар тодруулах нь зүйтэй байна. ...” гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” №2879 дүгээр захирамжаар тус дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн билээ.
3.17.Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаар шийдвэрийн үндэслэл хэсэгт “...Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1- д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн., 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар Д.Ү-аас Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.” гэж өмнө нь “хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэл байхгүй гэж үзэж хүлээн авч, хэрэг үүсгэсэн шаардлагаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хүлээн авахаас татгалзсан.
3.18.Нөгөөтээгүүр, дээрх үндэслэлийг баримтлахдаа нэхэмжлэлийн “Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн /Б.Ж/ Ч.Г-ыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагад дурдагдсан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын үйлчлэл дууссан буюу Ч.Гыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилсон тул хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3.19.Шүүх хуралдааныг товлон зарлахад процессын алдаа гаргасан тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ.” гэж зохицуулсан. Уг хэм хэмжээ нь императив буюу заавал биелэгдэх хэм хэмжээ билээ.
3.20.Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12/Ш32021/6143 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “...хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, ...түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг товлох нь зүйтэй байна.” гэж дурдаад уг зохицуулалтыг үндэслэн шүүх хуралдааныг товлосон. Ийнхүү товлохдоо нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг зарлах, биечлэн оролцох талаар мэдэгдээгүйг дурдах нь зүйтэй.
3.21.Ийнхүү хуралдааныг товлосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ.” гэх императив буюу заавал биелэгдэх хэм хэмжээг баримтлаагүй тул процессын алдаа гаргасан гэж үзэж байна.
3.22.Ийнхүү алдаа гаргасан нь нэхэмжлэгч талын урьдчилан хэлэлцүүлэгт мэтгэлцэх, хүсэлт, татгалзал гаргах хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
3.23.Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12/Ш32021/6143 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “...Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар урьдчилан хэлэлцүүлэгт биечлэн оролцохгүйгээр шүүх хуралдааныг товлуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэнийг дурдах нь зүйтэй.” гэжээ. Урьдчилан хэлэлцүүлэгт биечлэн оролцохгүй гэдэг нь урьдчилан хэлэлцүүлэг хийхгүй гэсэн зүйл биш бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргах ёстой.
3.24.Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн процессын алдааны тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 63.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно." гэж зохицуулсан.
3.25.Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зөвлөгөөний 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай” 0866 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2 дахь удаагаа буюу 15 хоногоор сунгасан. Уг хугацаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр дуусахаар байсан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12/Ш32021/6143 дугаар захирамжаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад товлосон байдаг.
3.26.Мөн хэргийн хугацааг сунгуулах хүсэлтэд “...Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаж өгнө үү.” гэсний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зөвлөгөөний 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай” 0866 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 15 хоногоор сунгаснаас хойш тухайн Шүүхээс ямар нэгэн нотлох баримт гаргуулах тухай нэг ч албан тоот гараагүй байгааг дурдах нь зүйтэй. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдаагүй тухайд Захиргааны байгууллага тухайн захиргааны акт гаргаснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй эсхүл хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж сонсох ажиллагаа явуулдаг.
3.27.Ийнхүү сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, ямар дэгээр явуулах болон биечлэн уулзаж санал авах бол хаана, ямар албан тушаалтан, хэдий хугацаанд авах тухайгаа сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлд тусгасан байх хуулийн шаардлага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт хуульчилсан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. Ийнхүү хугацаа тогтоохдоо оролцогч ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан өгөх, тайлбар хийх боломжийг олгосон байх шаардлагатай.
3.28.Гэтэл Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга нэхэмжлэгч Д.Үг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлээгүйн дээр сонсох ажиллагааг явуулахдаа оролцогч Д.Ү-д тайлбар, санал гаргах боломжийг олгоогүйн дээр хэт богино хугацаа тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй болох нь хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Захиргааны шийдвэр гаргах буюу сонсох ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтаас тодорхой харагддаг.
3.29.Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дэх хэсэгт тусгагдсан Захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхин шийдвэрлэв.
3.Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж, зарим хэсгийг хангахгүй орхив. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч Д.Ү-аас “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг[1] хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн дотоод аудитын газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал[2] хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргад холбогдуулан гаргажээ.
3.2.Маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар “төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн Санхүүгийн аудитын хэлтсийн даргыг сонгон шалгаруулж, томилох хүртэл Санхүүгийн аудитын хэлтсийн аудитор Ч.Г-аар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1. “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заажээ.
Маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг гарснаас хойш 4 жил гаруйн дараа уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн талаарх шийдвэр байхгүй тул анхан шатны шүүхээс уг Б/24 актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул маргаан бүхий Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
3.4.Маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар “шүүхээс аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Г-ыг томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Ү-г маргаан бүхий албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгож, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс нэхэмжлэгч Д.Үг” чөлөөлжээ.
3.5.Маргаан бүхий Б/03 дугаар тушаал гарах, нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болсон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Гыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.
3.6.Ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлд “...хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчийг мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоож мөн хуулийн 45.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан талаар дүгнэж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д ...гэж заасныг хариуцагчаас хэрхэн хангасан нь тодорхой бус уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд л мөн хуулийн 62.1.4-д заасныг захиргаа хэрэгжүүлэх байсныг тэмдэглэх нь зүйтэй.” гэж дүгнэсэн гэдэг нь шийдвэрийн Үндэслэх хэсгээс[3] тогтоогдож байна.
3.7.Үүнээс дүгнэхэд маргаан бүхий Б/03 дугаар тушаал гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Г-ыг маргаан бүхий Аудит, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг уг албан тушаалд томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Үг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй, “Ч.Гын мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан ... гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг тогтоох, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д ...гэж заасныг хариуцагчаас тодорхой болгох” замаар дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгасан агуулгаар гарсан байна.
3.8.Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит, хяналтын хэлтсийн даргаар шууд томилон, маргаан бүхий албан тушаалд Ч.Г-ыг томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Үг томилсон тушаалыг дуусгавар болгож, түүнийг албан үүргээс чөлөөлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны шүүхийн шийдвэрийг ...захиргааны байгууллага заавал биелүүлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох” зэрэг хуулийн заалттай тус тус нийцээгүй байна.
Уг хуульд нийцээгүй маргаан бүхий Б/03 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, сонгогдох боломжоор хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн ханган шийдвэрлэв.
3.9.Ийнхүү маргаан бүхий Б/03 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосны эрх зүйн дагаврыг хариуцагчаас биелүүлэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар байгааг дурдах нь зүйтэй.
3.10.Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч Д.Ү нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр захиргааны байгууллагатай холбогдох харилцаа дууссан тул Төрийн албаны тухай хуульд заасан орон тоо цөөрсөн албан хаагчийн хувьд хэрэглэх сонгон шалгаруулах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй юм. ...нэхэмжлэгч 2017 онд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн учир 2019 оны бүтэц өөрчлөгдөж Ч.Г албан тушаалаас чөлөөлөгдөх үед тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж төрийн албан хаагчийг сонгон шалгаруулан томилох зохицуулалтад хамаарахгүй” гэсэн дүгнэлтүүд үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь анх хуульд заасны дагуу шалгалт өгч 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тангараг өргөж, удирдах ажилтны сонгон шалгаруулалт оролцон тэнцсэн, төрийн жинхэнэ хаагч буюу Нийслэлийн дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитороор ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөгдөж, төрийн албан нөөцөд үлдсэн, үүний дараа Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн захиргааны удирдах албан тушаалд буюу Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл томилогдсон гэдэг нь тогтоогдож байна.
Энэхүү нэхэмжлэгчийг томилсон Б/08 дугаар тушаал гарахаас өмнө шинэ бүтцийн дагуу бий болсон маргаан бүхий Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байх тул тухайн албан тушаалд түр томилогдсон, бүтэц өөрчлөгдөх үед ажиллаж байгаагүй зэргээс үл хамааран төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” зэрэг зарчмын дагуу маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй юм.
3.11.Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийх, хуульд заасан хугацааг 2 өдрөөр хэтрүүлэн шүүх хуралдааныг товлосон, хэргийн хугацаа сунгаснаас хойш нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч шүүх хуралдааныг товлон зарлах захирамж гарган, уг хугацаанд шүүх хуралдааныг зохион байгуулж, шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоог ханган оролцуулж, хүсэлт, тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх зэргээр нэхэмжлэгч болон хэргийн бусад оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байх тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан үндэслэлээр захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзэв.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01–ний өдрийн 622 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ү-аас Нийслэлийн дотоод аудитын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ