Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 559

 

М.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07092 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Туулд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц  чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяраа

Хариуцагч: Н.Туул

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сарын 17-ны өдөр Л.Батжаргалаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байр 19 тоот 109,72 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204068534 дугаарт бүртгэлтэй 3 өрөө сууцыг 140 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг дансаар шилжүүлж өгч,  2016 оны 8 сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэвч уг сууцанд өнөөдрийн байдлаар Н.Туул сууж хууль бусаар эзэмшиж ашиглаж байна.   Н.Туулын хууль бус эзэмшлээс сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Туул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хараа сүмбэр ХХК-наас 2015 оны 03-р сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол 37-р байрны 19 тоот 109,72 м2 орон сууцыг 257 000 000 төгрөгөөр худалдан авсан ба "Хараа сүмбэр" ХХК нь орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгсөн. Уг гэрчилгээг үндэслэн байраа барьцаалж зээл авч байрны үнийг төлөхөөр тохирч зээл авахаар хөөцөлдөн Эко капитал ББСБ-д хандахад надад 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээл гарган өгсөн ба барьцаалах байрыг эрсдэлээс хамгаалж түр хүний нэр дээр шилжүүлж байна гээд Л.Батжаргал гэдэг хүнд орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Гэтэл "Хараа сүмбэр" ХХК нь байрны үнийг төлөлгүй өөрийн нэр дээр болсон гэрчилгээг ашиглан бусдад худалдсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас надад холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 2016 оны 05-р сарын 30-ны өдөр 201625021426 дугаарын эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр түр нэр дээрээ шилжүүлэн авсан Л.Батжаргал нь уг байрны асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсээр байж 2016 оны 08-р сарын 17-ны өдөр М.Түмэнжаргал гэгчид орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн байна. Эко капитал ББСБ нь надад 80 000 000 төгрөгийн зээл гарган өгч урд авсан 50 000 000 төгрөгийн зээлийг маань хааж Л.Батжаргал надад үлдэгдэл 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.Энэ асуудал цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа ба эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх тул иргэний журмаар шийдвэрлэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068534 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүнгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Туулын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Туулаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Түмэнжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болсон ба шүүхээс шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хариуцагч түүний өмгөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан. Хариуцагчийн өмгөөлөгчид хуульд зааснаар хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хууль зөрчсөн ба товыг асууж лавлан ирээд шүүх хуралд оролцох гэхэд шүүгчийн туслах Б.Батцэнгэл гэгч шүүх хурлын заал сулраагүй, нарийн бичгийн дарга заал олоод хэлнэ гэдэг шалтгаанаар төөрөгдүүлэн хүлээлгэснээр шүүх хурал нэг зааланд орж эхэлсэн байсан ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа ирцээ бүрдүүлэлгүй хурлыг эхлүүлсэн байсан. Хэргийн оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчин шүүх хуралдааныг явуулсан. Хариуцагч шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах байсан ба энэ эрхийг хангаагүй.

  "Хараа сүмбэр" ХХК-ийн гомдлоор Н.Туулыг сэжигтнээр тооцон орон сууцыг зээлийн барьцаанд шилжүүлж залилсан асуудлаар шалгаж байгаа болох нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн тодорхойлолт, прокурорын 2016 оны 43-р тогтоолоор нотлогдож байх боловч уг ажиллагаа нь нэхэмжлэгч М.Түмэнжаргал орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан асуудалтай холбоогүй,  Н.Туулын өмчлөх эрх дуусгавар болсон  гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагчийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, уг байрны өмчлөгч хэн болох нь илт маргаантай, Н.Туул уг байрыг худалдсан эсэх зээлийн барьцаанд барьцаалсан эсэх талаар Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа хангалттай нотлох баримт байхад иргэний журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.Түмэнжаргал нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай, 3 өрөө сууцыг хариуцагч Н.Туулын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Хараа Сүмбэр ХХК-иас худалдах худалдан авах гэрээгээр уг сууцыг өмчлөлдөө авсан. Л.Батжаргал, М.Түмэнжаргал нар дүр үзүүлэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж маргажээ.

 

М.Түмэнжаргал нь маргаан бүхий орон сууцыг Л.Батжаргалаас худалдах- худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болсон байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Н.Туул нь Л.Батжаргалтай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй,  Эко капитал ББСБ ХХК-иас зээлсэн 80 000 000 төгрөгийн зээлд барьцаалуулсан гэх агуулгатай тайлбар гаргасан ч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, өөрийн эзэмшил хууль ёсных гэдгийг нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримт нь хариуцагч Н.Туул болон бусад этгээдүүдийн хооронд хамааралтай баримт байх бөгөөд уг асуудал нь нэхэмжлэгч М.Түмэнжаргалын нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэгт хамааралгүй гэж үзэж иргэний хэргийг түдгэлзүүлэх талаарх хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 02, 14-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцсан /хх-ийн 17, 68, 89/,  2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон бөгөөд уг шүүх хуралдаанд хариуцагч Н.Туул биечлэн оролцож, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн байна. /хх-ийн 120/

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй байна. Иймд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Тус хэргийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн, мөн оны 12 дугаар сарын 01, 19-ний өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлд дугаар тавигдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

     Ш.ОЮУНХАНД