Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Н.П-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М овогт Н.П- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005003730717 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 583 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 000000000 тоот регистртэй,

Шүүгдэгч  Н.П- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж 2-11 тоотод байрлах иргэн Н.А- эд зүйлээ хадгалж байсан агуулах зорилгоор ашиглаж байсан объектод нууцаар, хууль бусаар нэвтэрч хувцасны 6 хаалгатай шкаф, гоо сайхны тольтой ширээ тус бүр 1 ширхэгийг хулгайлан усны тэргээр зөөвөрлөн авч бусдад нийт 1.399.000 төгрөгний буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.П- шүүх хуралдаанд: “...Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Том хүүхэд минь хөгжлийн бэрхшээлтэй, том охин минь хагалгаанд орно. Би 4 хүүхдээ харж хамгаалдаг” гэв.

Хохирогч Н.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг өөрийнхөө агуулах дээрээ очсон. Тэгсэн чинь манай агуулахын арын хаалгыг эвдэж ороод дотор нь байсан 6 хаалгатай шаргал өнгийн гипсэн материалаар хийсэн гоо сайхны тольтой шкаф... байхгүй болсон ба мөн байран дотор байдаг бүргэд хаалга эвдээд орхисон... байсан болохоор нь олдохгүй гэж бодоод цагдаад мэдэгдээгүй орхисон. Харин 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Нарантуул-2 худалдааны төв дээр хуучин тавилга худалдан борлуулдаг 21 дугаартай контейнер дээр миний хулгайд алдсан тольтой шкаф, хувцасны шкаф зэргийг үл таних эмэгтэй худалдан борлуулах гээд зогсож байхыг нь би харсан. Тэгээд уг худалдан борлуулж байгаа эд зүйлс нь миний эд зүйлс болохыг таньж мэдсэн. Миний эд зүйл булан дээрээ бага зэрэг гялгар зүйл наасан байдаг тэр тэмдэгээр нь таньж мэдсэн... би өөрийнхөө шкаф, тольтой шкаф зэргийг хүлээгээд авах юм бол гомдол санал байхгүй... Далантай гэж хүн манаачаар ажиллаж байгаад 2019 оны 5 байна уу, 6 сард ажлаасаа гараад, ажлаас гарсан цагаас нь хойш би гэр бүлтэйгээ амьдарч байгаад 2019 оны 11 дүгээр сараас хойш эзэнгүй байсан юм. Одоог хүртэл эзэнгүй байгаа... Би хамгийн сүүлд объект агуулахдаа хулгай орсон гэдгийг мэдсэн өдрөөс өмнө 7-10 хоногийн өмнө эргэсэн... яг хэзээ эд зүйл алдагдсан талаар мэдэгдэхгүй байгаа учраас энэ эд зүйлсийг алга болсон эсэхийг мэдэхгүй байна. Ийм учраас би улаан өнгийн цонхны хөшиг, хяналтын камер, 80-100 литрийн хуванцар савнуудыг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 33-34, 54-55/,

Гэрч С.Ж- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Нарантуул-2 захын гадна 21 дугаартай контейнерийг түрээслэн гэрийн тавилга худалдан борлуулдаг ажил хийдэг. Би хуучин тавилга худалдан авах талаар олон нийтийн Зар мэдээ, шуурхай мэдээ гэх мэтчилэн сонингуудад зар байршуулсан байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 18-ны орой миний гар утас руу дугаарыг нь сайн санахгүй байна хуучин тавилга зарах гэсэн юм гэж үл таних эрэгтэй хүн ярьсан. Тэгээд хуучин шкаф авах уу гэж асуусан, тэгэхэд нь би зургийг нь явуулчих гэж хэлсэн чинь танихгүй хүүхдийн фэйсбүүк чатыг ашиглан миний хаяг руу зургийг нь явуулсан. Тэгээд би үзэж хараад боломжийн юм байна гэж үзээд очиж авахаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байшин үйлдвэрлэх комбинатын хуучин нийтийн байрнуудын хамгийн урд талын байр дотроос уг шаргал өнгийн 6 хаалгатай шкаф, 3 шургуулагатай шар өнгийн тольтой шүүгээ хоёр байсныг үл таних залуу надад худалдсан. Надад эд зүйл худалдсан залууг би урд нь харж байгаагүй, өндөр нуруутай бор царайтай сахалтай 50-55 насны эрэгтэй байсан. Би уг тавилгыг хөлсний машин очоод ачиж авсан. Надад худалдсан уг эд зүйлийг би 200.000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь 5087308235 дансанд хийсэн. Тэгээд би худалдан авсан шкафнуудаа ачаад явсан. Шкаф, тольтой шүүгээ хоёр Нарантуул-2 зах дээр байдаг 21 дугаартай контейнер дотор байгаа. Би худалдан авсан шкафыг угсраад засварлаад тавьсан байгаа... би өрийнхөө эзэмшдэг Хаан банкны 5042303147 дугаарын данснаасаа 200.000 төгрөгийг шилжүүлсэн... Тэр эрэгтэй 50-55 орчим насны эрэгтэй байсан, 175-180 см өндөртэй, туранхай, өтгөн хөмсөгтэй, шар залуу байсан, би зургийг нь болон өөрийг нь одоо харвал шууд танина” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 40, 58/,

Гэрч Г.Х- мөрдөн байцаалтад өгсөн: “...ямар эд зүйл алдагдсан талаар мэдэхгүй байна. 2019 оны 12 сарын сүүлээр хулгай орсон гэж нөхөр Н.А- сонссон, манай объектод харуул хамгаалалт байхгүй, эзэнгүй объект байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...гэрч С.Ж- эдгээр 4 хүний гэрэл зурагнаас танд модон шкаф, модон тольтой шкаф зарсан эрэгтэй аль нь вэ гэж асуухад ...Н.П- 4 дугаартай эрэгтэй мөн байна, уг эрэгтэйг би хараад л шууд таньж байна” гэжээ /хх-н 41-42/,

Яллагдагчаар Н.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн хүү П.М- нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр дээрмийн хэрэгт холбогдоод шүүхээр орж ял авахад бэлэн болчихсон байсан бөгөөд шүүх дээр байхад нь хохирлыг барагдуулах хэрэгтэй байна. 800.000 төгрөгний хэрэг гараад байсан учраас хохирогчид өгөхийн тулд би мөнгө олохын тулд хулгай хийчихсэн юм. Хулгай хийгээд зарсан 200.000 төгрөгийг хүүхдийнхээ хэргийн хохиролд нь өөрт байсан мөнгөө нэмж байгаад өгчихсөн юм... Хулгай гардаг өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр жаахан уучихсан явж байсан бөгөөд Д- уулзах гэсэн боловч байхгүй байсан. Хулгай хийсэн агуулахын хаалга нь онгорхой, хаалга нь эвдэрчихсэн байсан учраас дотогшоо ороод хулгай хийчихсэн юм. Тэрнээс биш яг хулгай хийх санаа зорилготой бол очоогүй. Авчихаар эд зүйлс байхаар нь аваад зарчихъя гэж бодоод тухайн үедээ хулгай хийх санаа төрөөд хулгай хийчихсэн юм.... 4 хэсэг бүхий шургуулгатай гоо сайхны тольтой шүүгээ 1 ширхэг, хувцасны 6 хаалгатай шкафыг хулгайлж авсан. Өөр эд зүйлс хулгайлж аваагүй. Би түүнийг хулгайлж аваагүй, надаас хохирогч улаан хөшиг, 4-5 камер, усны савнууд асуугаад байсан би түүнийг хулгайлж аваагүй гэдгээ хэлсэн. Өмнө нь хулгай орсон юм байлгүй, би лав аваагүй, намайг агуулах руу ороход доторх эд зүйлс эмх замбараагүй хөглөрсөн байдалтай байсан... Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хулгайлсан байсан эд зүйлсээ бүрэн бүтэн эргүүлж өгсөн ийм учир надад холбогдох хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 64/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогчийн өргөдөл /хх 5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 18-20/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-28, 66-76, 78-87/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 49-51/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 52-53/, хохирогчийн хүсэлт /хх-н 90/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.П- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж 2-11 тоотод байрлах иргэн Н.А- эд зүйлээ хадгалж байсан агуулах зорилгоор ашиглаж байсан объектод нууцаар, хууль бусаар нэвтэрч хувцасны 6 хаалгатай шкаф, гоо сайхны тольтой ширээ тус бүр 1 ширхэгийг хулгайлан усны тэргээр зөөвөрлөн авч бусдад нийт 1.399.000 төгрөгний буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.А-: “...манай агуулахын арын хаалгыг эвдэж ороод дотор нь байсан 6 хаалгатай шаргал өнгийн гипсэн материалаар хийсэн гоо сайхны тольтой шкаф... байхгүй болсон ба мөн байран дотор байдаг бүргэд хаалга эвдээд орхисон... байсан болохоор нь олдохгүй гэж бодоод цагдаад мэдэгдээгүй орхисон. Харин 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Нарантуул-2 худалдааны төв дээр хуучин тавилга худалдан борлуулдаг 21 дугаартай контейнер дээр миний хулгайд алдсан тольтой шкаф, хувцасны шкаф зэргийг үл таних эмэгтэй худалдан борлуулах гээд зогсож байхыг нь би харсан. Тэгээд уг худалдан борлуулж байгаа эд зүйлс нь миний эд зүйлс болохыг таньж мэдсэн. Миний эд зүйл булан дээрээ бага зэрэг гялгар зүйл наасан байдаг тэр тэмдэгээр нь таньж мэдсэн... би өөрийнхөө шкаф, тольтой шкаф зэргийг хүлээгээд авах юм бол гомдол санал байхгүй. ...би улаан өнгийн цонхны хөшиг, хяналтын камер, 80-100 литрийн хуванцар савнуудыг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 33-34, 54-55/, гэрч С.Ж-: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны орой миний гар утас руу дугаарыг нь сайн санахгүй байна хуучин тавилга зарах гэсэн юм гэж үл таних эрэгтэй хүн ярьсан. Тэгээд хуучин шкаф авах уу гэж асуусан, тэгэхэд нь би зургийг нь явуулчих гэж хэлсэн чинь танихгүй хүүхдийн фэйсбүүк чатыг ашиглан миний хаяг руу зургийг нь явуулсан. Тэгээд би үзэж хараад боломжийн юм байна гэж үзээд очиж авахаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байшин үйлдвэрлэх комбинатын хуучин нийтийн байрнуудын хамгийн урд талын байр дотроос уг шаргал өнгийн 6 хаалгатай шкаф, 3 шургуулагатай шар өнгийн тольтой шүүгээ хоёр байсныг үл таних залуу надад худалдсан. Надад эд зүйл худалдсан залууг би урд нь харж байгаагүй, өндөр нуруутай бор царайтай сахалтай 50-55 насны эрэгтэй байсан. Би уг тавилгыг хөлсний машин аваад ачиж авсан. Надад худалдсан уг эд зүйлийг би 200.000 төгрөгөөр худалдан авсан. ...Тэр эрэгтэй 50-55 орчим насны эрэгтэй байсан, 175-180 см өндөртэй, туранхай, өтгөн хөмсөгтэй, шар залуу байсан, би зургийг нь болон өөрийг нь одоо харвал шууд танина” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 40, 58/, гэрч Г.Х-: “...ямар эд зүйл алдагдсан талаар мэдэхгүй байна, 2019 оны 12 сарын сүүлээр хулгай орсон гэж нөхөр Н.А- сонссон, манай объектод харуул хамгаалалт байхгүй, эзэнгүй объект байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 36/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.П-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.П- нь хохирогч Н.А- эд зүйлсээ хадгалдаг агуулахад нэвтэрч 1.399.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ хүлээн авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 90/ гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Гэрч С.Жавзмаа нь худалдан авсан 200.000 төгрөгөө буцаан авсан гэж бичгээр хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.П-ыг буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр хорих ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Н.П-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Н.П-ын насанд хүрээгүй хүүхдүүдэд болох 2006 оны 3 дугаар сарын 07-нд төрсөн Х.Э-, 2008 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн охин П.А- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Н.П- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.П-ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.П-т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч Н.П-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2006 оны 3 дугаар сарын 07-нд төрсөн Х.Э-, 2008 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн охин П.А- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАЙРИЙЖАВ