Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 592

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Ш.О-,

Шүүгдэгч: Э.У-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005013200895 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.У- нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангирмаа” өрхийн эмнэлэг дотор хохирогч Ш.О-тэй маргалдан улмаар биед нь халдаж тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дух зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.У- шүүх хуралдаанд: “...Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би түрүүлж Ш.О-ийн биед халдсан. Би Ш.О- биед гэмтэл учруулсан. Надан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

            Хохирогч Ш.О- шүүх хуралдаанд: “...Би Э.У- гэх хүнтэй таарахаас айдаг болсон. Ер нь эмэгтэй хүн тэвчээртэй байх ёстой гэж би боддог. Э.У-г цаашид ийм үйлдэл хийхгүй байх гэж бодож байна. Их гомдоод байгаа зүйл байхгүй. Зөвхөн эмчлүүлсэн эмчилгээний зардлаа авсан. Илүү зүйл нэхэхгүй. Эмэгтэй хүн нүүрнийхээ тал хэсэгт сорвитой байна. Үүнийгээ эмчлүүлнэ Цаашид 960.000 төгрөгөөр лазер эмчилгээ хийлгэнэ, тухайн мөнгийг нэхэмжилнэ” гэв.

            Хохирогч Ш.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 13:30 цагийн үед өөрийн бага 9 сартай охиныхоо вакциныг хийлгэх гээд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт цайны цаг дуусахыг нь хүлээж байгаад орсон. Тэгэхэд намайг ороход оочер /дараалал/ байхгүй байсан ба би хүүхдээ сувилагчид жинлүүлээд эмчийн өрөө рүү орно гэхэд үүдэнд нь 3 орчим насны охиноо дагуулсан эмэгтэй зогсож байсан. Тэгээд би тэр эмэгтэйд хандан “би орчих уу, өмнө чинь ирсэн байсан юм. Хүүхдийн вакцин хийлгэх гээд яарч байна” гэхэд тэр эмэгтэй оруулахгүй гэж чанга над руу уурлаж эхэлсэн. Уг нь  эгч нь түрүүлээд ирсэн байсан даа гэхэд хажуунаас өрхийн эмнэлгийн үйлчлэгч эгч “вакцины хүүхдүүд түрүүлж оочиргүй ордог ор ор” гэхээр нь эмчийн өрөөнөөс нэг хүн зөрөөд гарч байхаар нь би зөрөөд ороход араас толгой дээр тас гээд цохиод авсан. Тэгээд би эргээд хартал үгийн зөрүүгүй уг эмэгтэй үснээс зулгаагаад толгой руу цохиж нүүр маажиж, намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн үед би хүүхдээ тэврээд зогсож байсан болохоор уг эмэгтэйгээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалж нүүр рүү нь 1 удаа гараараа түлхсэн. Тэгээд эмчийн өрөөнд байсан эмэгтэйд хүүхдээ өгөх гэхэд тэр эмэгтэй би айгаад байна гээд миний хүүхдийг аваагүй, би эмчид хүүхдээ бариулчихаад хаалга хаахаар очтол уг эмэгтэйг 2 эмнэлгийн ажилтан 2 гарнаас нь барьсан байсан. Тэгээд тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод нүүр рүү нулимаад байсан. Тэгээд би том хүүхдээ хаалганы цаанаас дуудахад манай том хүү Баатархаан ирээд дүүгээ аваад эмч бид хоёр хаалгыг цоожлоод хүүхдээ үзүүлсэн. Тэгээд би 102-т дуудлага өгөөд, нөхрөө дуудсан. Тэр эмэгтэй бас нөхрөө дуудсан байсан. Тэгээд удалгүй манай нөхөр болон тэр эмэгтэйн нөхөр ирээд тэр эмэгтэй нөхөртэйгээ яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд би өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

            Гэрч Б.Д- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр цайны цагийн дараа манай өрхийн эмнэлэг дээр 7-8 сартай хүүхдээ тэвэрсэн эмэгтэй орж ирсэн. Тэгээд цаад өрөөнд орж хүүхдийнхээ жинг үзүүлчихээд эмчийн өрөөнд орох гэхэд үүдэнд 3-4 настай хүүхдээ дагуулсан махлаг эмэгтэй тэр эмэгтэйд хандаж чи дараалал дайраад орлоо балай авгай минь гэсэн. Тэгэхэд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй эмчийн өрөөнд ороход нөгөө махлаг эмэгтэй эмчийн өрөөний хаалгыг онгойлгоод цүнхээрээ тэр эмэгтэй рүү цохиж харагдсан. Тэгэхэд тэр эмэгтэйгийн үсний хавчаар нь салаад газар унаж байсан. Тэгээд эмчийн өрөөнд ороод хаалгаа хаагаад тэр 2 эмэгтэй орилоод байсан. Би очоод махлаг эмэгтэйг татаж гаргасан. Тэгэхэд махлаг эмэгтэй хэл амаар доромжлоод орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

            Гэрч Ш.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр цайны цагийн дараа намайг өрөөндөө сууж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирэхэд араас нь махлаг эмэгтэй хэрүүл хийгээд өрөөнд орох гэхэд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хаалга хаагаад оруулахгүй түлхээд байсан. Тэгээд араас нь толгой руу нь цүнхээрээ нэг удаа цохиход хүүхдээ тэвэрсэн эмэгтэйгийн үсний хавчаар нь хугарч унасан. Тэгээд тэр эмэгтэй хүүхдээ надад тэврүүлчихээд коридорт гарч уг махлаг эмэгтэй тэр хоёр орилоод хашгираад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө хүүхэдтэй эмэгтэй тайвшираад хүүхдээ үзүүлээд гараад явсан. Миний харсанаар махлаг эмэгтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг гар цүнхээрээ толгой руу нь 1-2 уадаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

            Шинжээчийн 4503 тоот дүгнэлтэд: “...Ш.О-ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 40-41/,

            Шинжээчийн 621 тоот дүгнэлтэд: “...2020.04.09-ний өдөр үзлэг хийхэд Ш.О-ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл хэрэг болсон гэх 2020.04.06-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 2020.04.09-ний Натур эмнэлгийн толгой компьютер томографийн шинжилгээгээр илэрсэн духны зүүн хэсэгт зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэж оношлогдсон ба уг өөрчлөлт хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Ш.О-ийн биед тогтоогдсон тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, дээд зовхинд зулгаралт гэмтэл нь дөрвөн долоо хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл байна. 2020.04.09-ний өдрийн Натур эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш хуучин мурийлт нь Ш.О-ийн биед тогтоогдсон тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, дээд зовхины зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 55-57/,

            Яллагдагчаар Э.У-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгэхээр нь би гартаа барьсан цүнхээрээ тэр эмэгтэйгийн нүүр рүү нь 1 удаа цохьсон. Тэгэхэд тэр эмэгтэй зөрүүлээд намайг гэдэс гуя руу 3 удаа өшиглөхөөр нь уурлаад нүүр рүү нь самардсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5-12/, хохирлын баримтууд /хх-н 45-46/, компьютер томографийн оношлогоо /хх-н 47-48/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 87-99/ зэрэг болно.  

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.У- нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангирмаа” өрхийн эмнэлэг дотор хохирогч Ш.О-тэй маргалдан улмаар биед нь халдаж тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дух зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.О-ийн: “...өрхийн эмнэлгийн үйлчлэгч эгч “вакцины хүүхдүүд түрүүлж оочергүй ордог ор ор” гэхээр нь эмчийн өрөөнөөс нэг хүн зөрөөд гарч байхаар нь би зөрөөд ороход араас толгой дээр тас гээд цохиод авсан. Тэгээд би эргээд хартал үгийн зөрүүгүй уг эмэгтэй үснээс зулгаагаад толгой руу цохиж нүүр маажиж, намайг хэл амаар доромжилж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч Б.Д-: “...эмчийн өрөөнд орох гэхэд үүдэнд 3-4 настай хүүхдээ дагуулсан махлаг эмэгтэй тэр эмэгтэйд хандаж чи дараалал дайраад орлоо балай авгай минь гэсэн. Тэгэхэд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй эмчийн өрөөнд ороход нөгөө махлаг эмэгтэй эмчийн өрөөний хаалгыг онгойлгоод цүнхээрээ тэр эмэгтэй рүү цохиж харагдсан. Тэгэхэд тэр эмэгтэйгийн үсний хавчаар нь салаад газар унаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, гэрч Ш.А-: “...Тухайн өдөр цайны цагийн дараа намайг өрөөндөө сууж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирэхэд араас нь махлаг эмэгтэй хэрүүл хийгээд өрөөнд орох гэхэд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хаалга хаагаад оруулахгүй түлхээд байсан. Тэгээд араас нь толгой руу нь цүнхээрээ нэг удаа цохиход хүүхдээ тэвэрсэн эмэгтэйгийн үсний хавчаар нь хугарч унасан. ...Миний харсанаар махлаг эмэгтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг гар цүнхээрээ толгой руу нь 1-2 удаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/, шинжээчийн 4503 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.У-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У- нь хохирогчтой маргалдаж түүнийг цүнхээрээ цохиж, үснээс нь зулгаан бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.О-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлыг хохирогч нь шүүх хуралдаанд авсан гэж мэдүүлсэнийг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ш.О- нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс лазер эмчилгээ 7-8 удаа хийлгэх мөнгө болох 960.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаархи цаашид гарах эмчилгээний зардал, хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.У-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Э.У-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Э.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Ш.О- нь цаашид гарах эмчилгээний холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ