| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0017/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 34
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гт холбогдох эрүүгийн 1931004610015 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум 2-р баг, 2-р хэсэг 3-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р баг Боргио гэх газарт иргэн Н.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хашааны модоор баруун шуун тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Т.Гын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цагааннуур сумын 3-р баг “Боргио” гэх газар манай малыг хөлсөөр маллаж байсан Н.Г түүний нөхөр Тодбаяр нараас малаа буцааж авахаар болж улмаар малаа тоолж авч байгаад нилээд хэдэн тооны хонь
ямаа дутсан юм. Ингээд “хонь ямаа дутсан байна. Гүйцээж төлж өг” гэх шалтгаанаар Тодбаяртай маргалдаж байгаад малын цагаан хашааны шургааг модыг сугалан авч Тодбаярыг цохих гэтэл түүний эхнэр Н.Г нөхрийнхөө урдуур орж Н.Гийн баруун гарын булчингийн хэсэг цохиулах шиг болсон. Тэгээд Н.Г “ёо ёо, гар” гээд гараа бариад гэрлүүгээ орсон юм. Тухайн үед хажууд зогсож байсан Гантөмөр ах надад “Чи нөхөртэй нь маргалдаж байж эхнэрийг нь цохих юм. Н.Гийг авч явж эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. ...Би тухайн үед Тодбаяр болон түүний эхнэр Н.Г нартай л хэрүүл маргаан хийж тийм асуудал болсон. Өөр хэн нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/, 2.Шүүгдэгч Т.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Н.Г нь манай мал болон хүргэн дүү Гантөмөр нарын малыг малладаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүргэн дүү малаа тоолоход хүргэн дүү Гантөмөр болон манай малаас дутсан. Манай малаас 3 ишиг, 3 тугал 7 ямаа, 8 хонь дутсан. Яагаад ийм их мал дутаад байгаа талаар асуухад “Чононд бариулсан” гэж хэлсэн. Ойр хавийн айлаас асуухад “тийм их мал чононд бариулсан байх боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд маргалдаад зодсон... .гэх мэдүүлэг. 3.Хохирогч Н.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ганбаатар гэдэг хүнд малыг нь буцааж өгсөн юм. Ингээд өөрийнхөө гэрийн гадаа Ганбаатар, Цээмээ, Ганбаатарын ах Гантөмөр нар байсан. Би малыг нь тоолж өгтөл Ганбат нь “хоёр хонь дутсан байна” гэж хэлэхээр нь “тоолж дуусаагүй байхад” гэж хэлэхэд “хоёр хонь байхгүй байна” гээд намайг “муу авгай минь, тэр хоёр хонь гаргаж өг, чи энд ганцаараа байгаа шүү” гэх зэргээр намайг хэл үгээр доромжилсон. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байхад Ганбат нь хонины цагаан хашааны ойролцоогоор урт нь 4 метр, 10 гаран см диаметртэй модыг сугалан авч намайг “алчихъя, чиний ах дүү ямар энд байгаа биш” гээд далайж байгаад эхлээд баруун мөрний ард хэсэгт нэг удаа цохисон. Дараа нь дахиад модоороо цохих гээд далайх үед нь “би түүнд яах гээд байгаа юм болиоч” гэх хэлэхэд дахин миний баруун гарын шууны хэсэг газарт модоор цохисон. Тухайн үед Ганбаатарын модонд цохиулсан баруун гарын шууны хэсэг маш их өвдөж би “ёооё” гар гэж хэлэхэд тэр дороо газар сууж уйлсан. Тэгсэн Ганбаатар дахин модоороо цохих гэж байхад түүний хажууд байсан Гантөмөр болиулсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг явсны дараа миний баруун гарын шуу маш их өвдөж зүгээр болохгүй хавдаж эхлэхээр нь сумын төвд оршин суудаг өөрийн Урандолгор эгчийн утас руу залгаж болсон явдлыг хэлсэн. Тэгээд удалгүй сумын төвөөс Урандолгор эгч нөхрийн хамт ирж намайг сумын төвийн эмнэлэгт үзүүлж дараа нь Аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд эмч надад “чиний баруун гарын шууны яс хугарсан байна” гэж хэлсэн. ...Би Ганбаатарт маш их гомдолтой байна. Миний баруун гарын шууны ясыг модоор цохиж хугалсан асуудалд би цаашид эмчилгээний зардалд гарах төлбөрийг Ганбаатараас нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /ххийн 06-07-р ху/, 5.Гэрч А.Тодбаярын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ганбаатар “хоёр тооны хонь дутчихлаа” гэж хэлэхэд Гантөмөр нь эхнэр бид хоёрруу уурлаж эхэлсэн. Тэгэж байтал гэрт үлдсэн хүүхдүүд уйлж байхаар нь би гэртээ орж галаа түлээд байж байхад, миний эхнэр “ёо ёо гар” гэж их чанга орилохоор нь би гэрээс гартал миний
эхнэр баруун гараа бариад газар суусан байсан. Тэгээд би эхнэрийгээ гэрлүүгээ оруулж өөрөө гадаа малын хашааны хажууд зогсож байхад Ганбаатар надруу “та нар мал дутаасан байна” гээд хэл үгээр дайрч, хашаа налаад зогсож байсан намайг гараараа түлхэж унаган миний баруун шанаан тус газар хоёр удаа цохисон. Тэгээд бид дахин Ганбаатарын малыг тоолж үзэн бүртгэж байсан ба Гантөмөр, Ганбаатар нар хонь малаа аваад явсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р ху/, 6.Гэрч Ч.Чинзоригийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Т.Гыг ийм асуудалд холбогдсон талаар сонсоод гайхаж байсан. Ганбаатар бид хоёр одоогоор гэр бүлийн найзууд, хаяа нийлж суухад ямар нэгэн тийм муухай зан авир гаргаад байдаггүй ер нь бол хүнд их тусархуу, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, их ажилсаг, хөдөлмөрч залуу гэж би түүнийг үнэлдэг, тиймдээ ч бид багаасаа найз нөхөд олон жил хамт явсан хүмүүс. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/, 7.Гэрч Г.Гантөмөрийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр малаа тарилга хийж нэг бүрчлэн тоолсон. Тэгэхэд манай хадам ах Ганбаатарын малаас хонь дутаж байсан ба малчин Тодбаяр түүний эхнэр Н.Г нартай маргасан. Ингээд Ганбаатар малын хашааны 4 метр урттай шургааг мод хашаанаас нэг талын үзүүрээс нь барьж аваад Тодбаяр луу шидэхэл эхнэр Н.Г нь урдуур нь орж гартаа цохиулсан. Тэгээд би Ганбаатар, Тодбаяр, түүний эхнэр Н.Г нарыг салгасан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Бид нар хэрүүл маргаан болохоос өмнө тарилгаа хийгээд дууссан байсан юм. Тэгээд хамгийн сүүлд малаа тоолж байгаад мал дутаад Ганбаатарын малаас хонь дутаад тэрнээсээ болоод хэрүүл маргаан хийсэн. Манай хадам ах Ганбаатар төлөв даруу олон юм яриад байдаггүй хүн. Найз нөхөд, гэр бүлдээ -хүндтэй даруухан хүн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р ху/, 8.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 284 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Н.Гийн биед баруун шуу тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/, 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /ххийн 20-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 22-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 46-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 45-р ху/, хохирогч Н.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ
аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, /хх-ийн 47-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р баг “Боргио” гэх газарт иргэн Н.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хашааны модоор баруун шуун тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.Гын гэмт үйлдлийн хохирогч Н.Гийн биед хүндэвтэр хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Т.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал ирүүлсний дагуу шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Т.Гын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шаралдайхан овогт Т.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаралдайхан овогт Т.Гыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Гын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Гт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Г нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Т.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН