Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  Улсын яллагч                                          А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү Хэлмэрч И.Болормаа Хохирогч      Б.Шинэжаргал Нарийн бичгийн даргаар                        Ө.Энх-Амар нар  оролцов.          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овогт Чойжилийн Бат-Эрдэнэд холбогдох 1931004720021  тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн Ч.Б, РД:МТ84011616, Шүүгдэгч: Ч.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Сүхбаатар сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Шинэжаргалын эрх чөлөөнд халдан, зовхи, хацар, уруул, зүүн мөр, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд; 1.Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 07-нд яллагдагчаар өгсөн:  ...Би 2019 оны 11 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны спортын наадам болж 29-нд дууссан юм. Би гар бөмбөгийн тэмцээний төрөлд нэгдүгээр байранд орсон тул надтай хамт нэг баг болж тоглосон хүмүүс, мөн Мандал сумаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгдээрээ нийлж одоо би нэрийг нь санахгүй байна, нэг айлд цуглан оройн 23-н цагийн үед “Болор” нэртэй 0,75 литрийн архи хувааж ууцгаасан юм. Би тухайн үед тэмцээнд оролцож явсаар хоол унд идээгүй өлсгөлөн явж байсан болохоор уусан архиндаа их амархан согтож тэгээд гэрлүүгээ явна гэж бодож байсан.  Би уусан архиндаа согтсон байсан болохоор гэртээ яаж

очсоноо санахгүй байна. Тэгээд миний уусан архи гарч сэртэл Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн юм. Тэгээд өөрийн эхнэр Б.Шинэжаргалыг зодож манай хөрш айлын эмэгтэй Цагдаад дуудлага өгч намайг эрүүлжүүлсэн болохыг мэдсэн. Би өөрийн эхнэр Шинэжаргалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр надаас өөр эрэгтэй хүнтэй явж байсан талаар буруу ойлгож, хэрэг явдал болдог шөнө би эхнэр Шинэжаргалтай гэртээ хэрүүл маргаан хийж байгаад түүний нүүр зүүн талын хацар руу гараараа 2 удаа цохиж тэгээд газар шалан дээр унахаар нь зүүн гарнаас нь чирж хойд өрөө рүү оруулах гэж байгаад мөн зүүн талын мөрний хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж авсан. Бид хоёрыг зууралдаж байхад манай хөрш айлын эгч гэрт орж ирж бид хоёрыг салгаж гар утсаараа яриад байх шиг байсан. Ингээд удалгүй манай гэрт 2 цагдаа орж ирээд намайг “архи уусан байна, эрүүлжүүлнэ” гэж хэлээд аваад явсан. Би асуудал болдог өдөр эхнэр Б.Шинэжаргалыг надаас өөр хүнтэй гадуур явж байна гэх шалтгаанаар хардаж, уурласан уурандаа түүнтэй хэрэлдэж маргалдан цохичихсон юм. Би эхнэр Б.Шинэжаргалаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Одоогоор хамт амьдарч байгаа. Бид амьдралын асуудлаас болж хэрэлдэж  маргалдаж байсан зодоон цохион болж байсан асуудал байхгүй Би тухайн үед хийх үйлдлийнхээ үр дагаврыг бодолгүй тийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/, 2.Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Яагаад зодсон болохоо мэдэхгүй байна. Би тэмцээнд орж шагнал авсан юм. Тэгээд найзуудтайгаа баяраа тэмдэглэж уусан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрээд юу болсон талаар мэдэхгүй байсан. Тэгээд гэртээ ирж эхнэрээсээ сонсож мэдсэн. Би өөрийнхөө яасан талаар санаж байгаа зүйл байхгүй. Үнэхээр тэнэг зүйл хийсэн байна. Одоо маш их харамсаж байна. Би эхнэрээсээ уучлал гуйсан тэр үедээ ямар ч ухаангүй байсан. Дахин архи ууж эхнэрээ зовоохгүй.   ...гэх мэдүүлэг 3.Хохирогч Б.Шинэжаргалын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 22 цагийн үед би гэртээ байж байхад манай нөхөр Ч.Б нь гаднаас архи уучихсан байдалтай нилээд согтуу орж ирээд, намайг гадуур явсан. Гэртээ их оройтож ирсэн гэх шалтгаанаар намайг хардаж гэртээ орон дээрээ унтаж байсан намайг эхлээд үснээс  гараараа зулгааж муухай орилоод босох гэхээр нь, би тухайн үед “хүүхдүүд унтаж байна, чимээгүй бай, хоолоо ид” гээд аягатай хоолыг нь гал тогооны өрөөнөөс түүнд авч ирж өгөх гэтэл гараараа аягатай хоолыг цохиж асгасан. Тэгээд эхлээд миний зүүн талын нүдрүү гараараа 2 удаа цохисон.  Тэгээд газар шалан дээр унасны дараа нь хөлөөрөө зүүн талын хацар руу нэг удаа өшиглөсөн. Өшиглөх үед нь би хоёр гараараа нүүрээ хамгаалж хаасан байсан болохоор миний гар руу өшиглөсөн. Тэгээд дахин миний зүүн талын мөр рүү хөлөөрөө өшиглөж мөн зүүн гарнаас чирж хойд өрөө рүү оруулах гэж байхад манай зүүн талын залгаа байр, хөрш айлын эгч, байрны эзэн Мандал-Оюун эгч гаднаас орж ирж таарсан. Тэгээд нөхөр бид хоёрыг салгаж, өөрийнхөө гар утсаар залгаж Цагдаагийн газарт дуудлага өгч, тэгээд удалгүй дуудлагын цагдаа нар ирж манай нөхөр Бат-Эрдэнийг “эрүүлжүүлнэ” гэж хэлээд аваад явсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р ху/, 4.Хохирогч Б.Шинэжаргалын шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Тэр өдөр өглөө ажлаасаа буусан. Гэртээ очиж хувцсаа сольж хүүхдүүддээ хэлчихээд найзтайгаа явж кино үзсэн юм. Би кино үзэж ирчихээд ядарсан тул нойр хүрсэн ч хоол хийчихээд унтах гээд хэвтэж байсан юм. Гэтэл хүү маань зурагт үзэж байснаа “Аав ирж байна. Согтуу байна” гэж хэлсэн. Хоёр охин маань унтаж байсан юм.

Тэгсэн Ч.Б орж ирээд намайг “босоод ир юм яръя” гээд байхаар нь хоолыг нь аягалж өгтөл хоол цохиод асгасан. Тэгээд би “би ядраад байна” гэхэд намайг “бос, чамтай юм яримаар байна” гэж цохиод, унасан хойно нүүр лүү өшиглөөд асуудал үүссэн. Тэр үед хажуу айлын эгч маань чүдэнз авах гэж орж ирээд цагдаа дуудсан байсан. Эмнэлэгт үзүүлсэн бие маань энэ тэндээ хөх няц болсон байсан. Тэгээд өглөө “Чи яах гэж намайг зодож байгаа юм бэ?” гэхэд “Уучлаарай, би юу болсныг үнэхээр санахгүй байна” гэж байсан. Тэгсэн хажуу айлын эгч “цагдаад гомдол өг” гээд байсан болохоор цагдаад гомдол бичсэн. 2018 онд гомдолтой гэсээр байгаад хүнд шийтгүүлье гэж бодсон ч өрөвдөөд больсон юм. Гэтэл одоо давтагдаж байна. Гэр бүлээ бодоод одоо гомдолгүй гэж хэлсэн. Энэ хүн өөрөө ч надад амласан... .гэх мэдүүлэг 5.Гэрч М.Мандал-Оюуны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 11дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед ажиллаа тараад гэртээ ирээд, хажуу айлаас гал асаах, чүдэнз асуух гэж ороход, хажуу айлын Бат-Эрдэнэ, Шинэжаргал нар гэртээ юм яриад сууж байсан. Тэгтэл нөхөр нь эхнэртээ хандаж эвгүй үг хэлсэн байх, энэ хоёр нь хэлгүй хэл ярианы бэрхшээлтэй учраас би яриаг нь ойлгохгүй. Тэгээд эхнэр нь нөхрийнхөө өөдөөс гарын салаавч гарган нөхрөө хацар руу нь алгадаад цаашаа хойд өрөөндөө ороод зурагт үзээд сууж байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ араас нь очиж эхнэр Шинэжаргалын үснээс зулгааж үүдний гал тогооны өрөө рүү чирж гаргаж ирээд нүүр рүү өшиглөн дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Би дундуур нь орж БатЭрдэнийг салгаж аваад хүүхэд нь ээжийгээ аваад хойд өрөөнд орсон. Тэгтэл надад хүчрэгдэхгүй намайг хойш нь түлхээд миний гарыг тавиулаад эргэж хойд өрөөндөө орж орон дээрээ гараад эхнэрээ цохиж хоолойг нь боож багалзуурдаж татаж газар унагааж үснээс нь зулгааж шалан дээр унагаад дээрээс нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд би “гэртээ орж галаа асаалаа” гэж хэлээд гэртээ орж цагдаа дуудсан. Тэр хооронд хүүхэд нь миний араас орж ирэн намайг “цагдаа дуудаад өгөөч” гэж уйлаад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлсэн. Бат-Эрдэнийнд 3 хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Бат-Эрдэнэ их согтолттой Шинэжаргал бага зэрэг согтолттой байсан .Бат-Эрдэнэ Шинэжаргалын нүүр, толгой цээжин хэсэг рүү хөлөөрөө 4-5 өшиглөсөн ,үснээс нь зулгааж хоолойг нь багалзуурдсан. Намайг байхад хүүхдийн эрх чөлөөнд халдаж зодоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/, 6.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Б.Шинэжаргалийн биед зовхи, хацар, уруул, зүүн мөр, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 17-р ху/, 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 05-08-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 16-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 20-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 21-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 2324-р ху/, шүүгдэгчийн эрүүлжүүлэгдсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага

хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 31-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 42-68-р, ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 69-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 70-р ху/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Сүхбаатар сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Шинэжаргалын эрх чөлөөнд халдан, зовхи, хацар, уруул, зүүн мөр, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, аюулын зэргийн үнэлгээний маягт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хууль сануулан авсан хохирогч, гэрч  нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн гэмт үйлдлийн хохирогч Б.Шинэжаргалын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Ч.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна Шүүхээс шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5/таван/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэлмэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх эрхтэй боловч  шүүхэд энэ талаархи нотлох баримтаа гаргаж өгөөгүй  тул энэ шүүх хурлаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хянан шийдвэрлэх ажиллагааны энэ зардлыг  хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Монгол овогт Ч.Б мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Ч.Б 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан  Ч.Бат-Эрдэнийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Бд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ /хэлмэрчийн/ зардлыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

7.Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч   түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН