Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,улсын яллагч З.Алтансолонго,хохирогч Ш.Е******* түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, Л.Эрдэнэцэцэг,гэрч Б.Б*******, Х.К*******, шүүгдэгч Ж.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын Н*******д холбогдох эрүүгийн  2036001090119 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын дугаар /*******/  багт оршин суух хаягтай, ам бүл-6, аав, ээж, эхнэр, дүү, нэг хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овгийн *******ын Н*******, регистрийн дугаар: ПО901218;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Н******* нь  2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шинэ коронавирус /covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хамгаалах зорилгоор аймаг, сумын нутаг дэвсгэрээс гарах, орох, хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон үед хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчин Ховд аймгийн Жаргалант сумаас Ховд аймгийн Ховд сумын чиглэлд 55-68 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, улмаар Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт 55-68 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хууль сахиулагчийг буюу Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Е*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан өөрийн жолоодож явсан 55-68 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд бүтэн биений доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн--11х/

                 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн-12-16х/

                 Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн-22-23х/

                 Хохирогч Молхы машан овогт Шоханы Е*******ийн / 1989 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Ховд сумын хэсгийн төлөөлөгч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Ховд суманд байсан 55-68 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Н******* жолоодож яваад постоор золгсолгүй өнгөрөөд явчихлаа гэж Сайбол нар хэлсний дагуу би очиж шалгасан. Ж.Н******* намайг хараад, би жолооч талынхаа хаалгаар буух гэтэл шууд зугтсан. Ж.Н******* маш хурдтай явж байсан учир би араас нь хурдаа тааруулж явсан. Ж.Н******* нь замд явж байсан Р.Бахунжан гэх залууг тойроод дайрах шахсан учир бусдын амь насыг хамгаалах үүргийнхээ дагуу Балжинням, хошууч Бямбажав нарт үйл явдлын талаар танилцуулсан. Тухайн өдөр би Засаг даргын захирамжийн дагуу үүрэгт ажлаа хийж байсан учир очсон. Ж.Н******* ойролцоогоор 500 километр яваад буцаж иргээд пост руу дайрч гэр, машин шүргэх гээд сигналдаад тойроод байсан. Энэ талаарх үйл явц дуу дүрсний бичлэгт авагдсан байгаа. Тухайн үед ахмад настан Мейрамбай, цагдаагийн албан хаагч миний бие, олон нийтийн цагдаа Кенжебай хантааз өмсчихсөн Ж.Н*******ыг зогсоох гэж олон арга хэрэглэсэн. Миний хувьд цагдаагийн байгууллагад 13 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа төлөө өөрийн амь нас, гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэнд нэр төрийн хувьд цаашид ажил хийхэд маш хүндрэлтэй байна. Иймд Хуулийн дагуу шалгуулж, хариуцлага оногдуулах, хохирлыг гаргаж өгөхийг хүсэж байна.... гэх мэдүүлэг /хх-35-40х/

                 Гэрч Ж. Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нөгөө цагаан машин эргэж ирээд постны гэрийг сигнал дарж хэд эргэж байгаад сум руу ороод яваад өгсөн ...тухайн үед тэр машин үнэхээр аймаар явж байсан... гэх мэдүүлэг /хх-43-45х/

                 Гэрч Е. Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...цагаан өнгийн Прадо машин ирээд намайг мөргөх шахаад тойроод байхаар нь би зогсоод буусан, ...давааны наана намайг бүр мөргөх шахсан, ...хэсгийн төлөөлөгч дээр ирээд болсон зүйлийг хэлээд байж байтал мөн араас ирээд 2-3 удаа тойрч байгаад сумын төв рүү яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-46-48х/

                 Гэрч Н. Сабийтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би энэ өдөр постонд гарч байсан, ...манай хөршийн гадаа нэг машин нь нөгөө машинаа тойроод байсан, ...тэр цагаан өнгийн Прадо машин 20 цагийн үед манай пост оролгүй хогийн хараар дамжиж их хурдтай орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-52-54х/

                 Гэрч А.Ры мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тэр эргээд яваад байсан машин цагаан өнгийн жийп машин байсан. Эргэж байх үедээ зогсож байсан машиныг 2 удаа мөргөж байсан, ...голд нь зогсож байсан манай сумын хэсгийн төлөөлөгч Ш.Е******* “зогс” гээд дагаад явж байсан. Эргэж байсан цагаан машин их ойрхон шахаж эргээд төлөөлөгчийг мөргөх гээд байсан... гэх мэдүүлэг /хх-55-57х/

                 Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тойрч байсан машин нь цагаан өнгийн машин байсан бөгөөд нэг хүн тойрч байгаа машиныг дагаад тойроод яваад байсан. Нөгөө цагаан машин их шахаж байгаад 2 удаа хойд талаас нь мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-61-63х/

                 Гэрч Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Н. Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн тээврийн хэрэгсэл дотор 0.75 граммын шилтэй тал шил архи байсан. Машинд ороход архи уусан байдалтай үнэртэж байсан, ...бид нар ирээд Ш.Е******* өрөөнөөсөө гарч ирээд Ж.Н*******ын гарыг ард нь өчөөд өрөө рүүгээ аваад орсон түүнээс бол зодож цохисон асуудлыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-64-65х/

                 Гэрч Х.К*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....Тэр үед хэсгийн төлөөлөгч буугаад нөгөө машины жолооч Ж.Н*******ыг “чи одоо болно, дэмий юм битгий хий” гэж хэлсэн. Тухайн үед Ж.Н******* цонхоо нээгээд төлөөлөгчтэй юм ярьж машинтайгаа тойроод байсан. Тэгж хурдтай тойрч явж байгаад Ш.Е*******ийн машины баруун хойд талын хэсэгт 2 удаа машинаараа мөргөсөн. Машиныг мөргөөд дахиж эргээд машины урд талаас ирээд дахиж мөргөх гээд ирэх үед нь төлөөлөгч хоёр машины дундуур орж гараараа цагаан өнгийн Прадо машины жолооч талын хажуу хаалга хэсэгт нь хоёр гараараа тулж хойшоо нэг алхаж, хоёр машины дунд хавчигдсан, ...би тухайн үед болж байгаа зүйлийг машин дотроос бичлэг хийж сууж байсан... гэх мэдүүлэг /хх-73-75х/

                 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн  315 дугаартай ...Ш. Е*******ийн биед бүтэн биений доргилт гэмтэл тогтоогдлоо. Ш.Е*******ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой, Ш.Е*******ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-90-91х/

                 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №17173600 дугаартай, авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-99х/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

                 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов.

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт - Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.”гэжээ. Шүүгдэгч Ж.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ коронавирус /covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хамгаалах зорилгоор аймаг, сумын нутаг дэвсгэрээс гарах, орох хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон үед хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчин цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон автомашинаар олон удаа тойрч эргэлдэн улмаар цагдаагийн албан хаагчийг машины дунд хавчуулж эд хөрөнгөд нь 640.000 төгрөгний хохирол, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзэв.

                 Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”гэж хуульчилсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

                 Иймд шүүгдэгч Ж.Н******* нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш. Е*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан өөрийн жолоодож явсан 55-68 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хууль сахиулагчийг эсэргүүцэх  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

                Шүүгдэгч Ж.Н******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-146х/ тогтоогдсон.

                Шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, хохиролд 3 сая 58 мянга 360 төгрөгийг төлсөн, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр автомашины хохиролд 640.000 мянган төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн болно.

                Хохирогч, түүний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдаанд 6.8.000 төгрөгний баримт гаргаж өгсөн боловч шүүх эм тариа эмнэлэгт хэвтсэн, шинжилгээнд орсон, 2 удаагийн онгоцоор ниссэн зардал, зарим шатахууны зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэн 3 сая 58 мянга 360 төгрөгийн хохирлын баримтыг үнэлж бусад хоол, унаа, шатахууны нэр, хаяггүй, гаргацгүй балласан, тодорхойгүй баримт болох 2.359.640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ж.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                Шүүхээс шүүгдэгч Ж.Н*******д Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйчлэлийг зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүхээс тогтоосоноор нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

                Шүүгдэгч Ж.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй,шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-1ширхэгийг хэрэг хадгалах хугацаагаар хадгалж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах нь зүйтэй.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                1.Шүүгдэгч ******* овогт *******ын Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-дт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгч Ж. Н*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

                3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай  үйлдсэн бол шүүх тэнссэн шийлвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Н*******д тайлбарласугай.

4. Шүүгдэгч Ж.Н*******д тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

                5.Шүүгдэгч Ж.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг DVD-г хэрэгт хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчийн ХААН банкны 58614336 дугаартай данс битүүмжилсэн 2020 оны дугаар сарын 07-ны өдрийн 5/53 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

                6.Шүүгдэгч Ж.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

                7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гарган авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС