Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01114

 

 “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 479 дүгээр магадлалтай

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох,

бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан /хуучин нэрээр/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Янжинхорлоо, Ц.Давхарбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е” ХХК Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард НИТХ-ийн 2006 оны шийдвэрээр зохих газрын болон барилгын эрхтэйгээр 2007 оны 10 дугаар сараас орон сууцны барилга барьж, 6 давхар карказ бариад манай барилгын ажил зогссон. Иргэн М.Насанбат 2008 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан “Е” ХХК барилга барьснаас болж, түүний гараашид нөлөөлөн, зүүн талын хана суултад орж цууран, бетонон шал нь хагарсан тул гарааш өмчлөх эрхэд саад учруулж байгаа үйлдэл гэж үзэн барилгын ажлыг зогсоож, урьд байсан хэвийн байдалд оруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2008 оны 1090 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн дээрх заалтын үндэслэл бол М.Насанбатын гарааш өмчлөх эрхэд баригдаж байгаа барилга тодорхой хэсгээрээ ойртож баригдсан үйл ажиллагаа нөлөөлсөн бол гараашийг хэвийн байдалд оруулах л үйлдэл хийгдэх ёстой. Гэтэл дээрх шийдвэрийг тайлбарласан Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн тайлбар нь Иргэний хуулийн зохицуулалтын агуулгатай зөрчилдсөн, хэрэгжүүлэх үндэслэлгүй тайлбар болсон.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэрт барилгын ажлыг зогсоож, гараашийг анхны байдалд оруулах гэсэн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн бөгөөд шийдвэр дэх гараашийг анхны байдалд оруулах тухай хэсгийг биелүүлэхээр тулаас бэхлэлт хийх, норм дүрмийн дагуу бусад ажиллагаа хийгдээд эхлэхэд гарааш өмчлөгч нь 2011 онд дахин нэхэмжлэл гаргаж, хуучин гараашийг нурааж, шинийг барихад гарах зардал гэж 217 000 000 төгрөг нэхэмжилснийг нь Чингэлтэй дүүргийн шүүхээс 145 000 000 төгрөг гаргуулахаар 2011 оны 520 тоот шийдвэр гаргасан.

НШШГА-ны 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/8033 тоот албан бичиг, ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5/560 тоот албан бичиг, мөн ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/10998 тоот албан бичиг, НШШГА-ны 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/22013 тоот бичгээр “Е” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан дутуу баригдсан 7 давхар барилгыг гараашаас 5.3 метр зайд буулгахад холбогдон гарах зардлыг гаргуулах, үүний хамт 145 000 000 төгрөгийг НШШГА-ны дансанд байршуулахыг удаа дараа мэдэгдсэн. Шүүхийн 1090 тоот шийдвэрт буулгах талаар заагаагүй тул НШШГА-ны барилгыг буулгуулахаар шаардаж байгаа нь хууль бус үйлдэл болохыг харуулж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 ба 1090 ба 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэрийн дагуу 146 062 950 төгрөг төлөгдсөнөөр хоёр холбоотой хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагаа, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1038 тоот мэдэгдлээр хориглосон ажиллагаа, мөн өдрийн 2/1037 тоот мэдэгдлээр хориглосон ажиллагаа, төлбөр төлөгч компанийн захирал Ма Ён Чолыг хилээр гарахыг хориглосон ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 523 тоот магадлалаар “Е” ХХК-иас 145 882 950 төгрөгийг гаргуулж М.Насанбатад олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч “Е” ХХК 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 124/13 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарсан.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр “Е” ХХК-ийг иргэн М.Насанбатын гараашийн зүүн хананаас 5.3 метр зайд барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар тогтоолоор тус тус хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүд тусдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд тус албанаас 2008 оны 1090 тоот шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч “Е” ХХК-д хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2012 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 2/1027 тоот албан бичгээр “Е” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 133 дугаар зүйлийн 133.4.4-т заасныг үндэслэн төлбөр төлөгч “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чолыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүмүүсийн нэрсийн жагсаалтад оруулж, хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх тухай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/3506 дугаар албан бичгийг Улсын ерөнхий гүйцэтгэгчид хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чол нь Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3046 тоот шүүгчийн захирамж, 251 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч, БНСУ-ын иргэн, “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чолоос төлбөр гаргуулах хоёр тусдаа шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чол-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж ажилласан боловч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа.

Дээрх үйл баримтад дурдагдаж буй “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт иргэн М.Насанбат миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байгаа учир иргэн намайг гуравдагч этгээдээр татан оролцуулж байсан. Тухайн үед “Е” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч БНСУ-ын Эскорт Имэйж Корпорэшн ХК-ийн асуудал яригддаг, хөндөгддөг байсан. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32017/09472 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосонтой яг адилхан агуулга бүхий нэхэмжлэлийг Эскорт Имэйж Корпорэшн-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Болдбаатар дахин гаргасан байна. Энэ тохиолдолд өмнө нь хууль бусаар нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгүүлж, гуравдагч этгээдээр миний оролцож байсан маргаан бүхий тохиолдол ямар ч өөрчлөлтгүйгээр дахин бий болсон гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болох, бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөн тул 1090 тоот шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Е” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эскорт Имэйж Корпорэшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 479 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 479 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

НШШГГ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр, 2011 оны 520 тоот шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулан, удаа дараагийн албан бичгүүдээр төлбөр төлөгч байгууллагад барилгыг 5,3 зайд хэвийн байдалд оруулах буюу буулгах, 145 сая төгрөг төлөх талаарх шаардлагыг 2014 оноос хойш тавьж ирсэн болно. Шүүхээр маргаан хэлэлцэгдэж байх хугацаанд 520 дугаар шийдвэрийг биелүүлсэн.

1. Шүүхийн 1090 дугаар шийдвэрт буулгах талаар тусгаагүй, Иргэний хуулийн 106.2-ын үндэслэл бол Насанбатын гарааш өмчлөх эрхэд баригдаж байгаа барилга тодорхой хэсгээрээ ойртож баригдсан үйл ажиллагаа нөлөөлсөн бол гараашийг хэвийн байдалд оруулах л үйлдэл хийгдэх ёстой байтал барилгыг буулгах, буулгах байгууллага олох, түүний зардлыг тооцох зэрэг ажиллагааг хийхдээ хууль зөрчжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дүгээр зүйлд заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэснийг зөрчиж, шүүхийн шийдвэрийг бус, албан бичгийг биелүүлэх ажиллагаа хийснийг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдсоор байтал ШШГТХ-ийн 4.1, 5.1-г үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлгүй байна.

Барилгыг албадан нураа гэсэн үг, үсэг байхгүй учраас л шийдвэр гүйцэтгэгч шийдвэрийг биелүүлэх боломжгүй 2011 он хүргэсэн, харин шүүхийн шийдвэрт тайлбар 2011 оны 01 дүгээр сарын 13-нд /166 тоот албан бичиг/ хийлгэснээс хойш буулгах талаар хариуцагч байгууллага ажиллагаа явуулсан байдаг.

“Е” ХХК нь М.Насанбатын газар луу нэвтэрч барилга бариагүй, харин гараашид ойртуулж барьснаас гараашид учирсан хохирлыг буюу шинэ гарааш барих үнийг бүрэн нөхөн төлж, түүний зөрчигдсөн эрхийг /өөрийнх нь тодорхойлсон болон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон/ бүрэн нөхөн сэргээсэн. Зөрчигдсөн эрхийг нэг удаа сэргээхээс бус, давтан давтан сэргээх тухай ойлголт байхгүй. Иргэний хуулийн 106.2-т зааснаар өмчлөх эрхийг нь зөрчиж буй үйлдлээ буюу барилгын ажлаа зогсоосны дараа, тэрээр гарааш өмчлөх эрхээ дуусгавар болгоё, тэртэй тэргүй ашиглах боломжгүй болсон, энэ нь барилгыг ойртуулж барьснаас болсон тул гараашийн нөхөн төлбөр буюу учирсан хохирлоо олж авъя гэж хандсан. Гарааш өмчлөх боломжгүй болчихлоо нөхөн төлбөрөө авъя гээд авчихсан бол анхны шүүхийн шийдвэр буюу 1090 тоот шийдвэрээр М.Насанбатын гараашийн зүүн хананаас 5.3 метрийн зайд барилгыг байлгаж байх ёстой гэсэн шаардлага хэвээр оршин байх боломжгүй юм. Байхгүй болчихсон гараашаас 5.3 метрт байрлах тухай яригдахгүй. Эрх нь зөрчигдсөний нөхөн төлбөрийг нэгэнт олж авснаар эрх нь сэргээгдчихсэн хүн шүү дээ. Нэхэмжлэгч нь өөрөө гараашаасаа татгалзаж, нөхөн төлбөр шаардсанаар гарааш өмчлөх эрх нөхөн төлбөрөөр солигдсон, төлбөр төлөгдсөнөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байтал дахин барилгыг буулгах ажиллагаа хийгдэнэ гэж үзэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болно гэж үзэж байгаа болно.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн шийдвэрийг үндэслэх хэсэгт маргаж байгаа шийдвэрт барилгыг нураа гэсэн агуулга байхгүй байна гэж дурдсан. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй практик энэ хэрэг дээр гарч ирлээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байтал хариуцагч болон гуравдагч этгээд нар давах гомдол гаргаж үндэслэх хэсгийн дээр дурдсан үгийг хүчингүй болгуулахыг хүссэн байдаг. Давах шатны хуралдаанд, “үндэслэх хэсэгт гомдол гаргахгүй ээ, хариуцагч, гуравдагч этгээдийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо” гэж зөвлөлдөөд шийдсэн үндэслэлээ тайлбарлахдаа хэлж танилцуулсан атлаа магадлалд уг гомдол үндэслэлтэй байна гэж тусгасан нь хуралдааны үйл явцаас өөрөөр, магадлалд тусгагдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Үүнтэй холбоотойгоор, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулан, нөгөө нураа гэж бичээгүй гэсэн үгийг авч хаясан, зөвхөн нэг талыг эрх ашгийг хэт барьж шийдсэнд маш их гомдолтой байна. Хэргийг хянаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Иргэн Насанбат гэгч хүний 1994 онд баригдсан, өнгө үзэмж, чанар байдлын хувьд доройтолд орсон гараашийн асуудлын цаана өөр этгээдүүд байдаг учраас эрх ашиг нь бодит байдалд хөндөгдөөгүй эдгээр хүмүүсийн зүтгэл, санаачлагаар арваад удаа эвлэрэх санал гарсан ч шийдэгддэггүй, тохиролцох хэмжээг зөвхөн ганц хүн бус 3 хүн гаргахаар “Е” ХХК-ийн хувьд хүлээж авахад хүндрэлтэй асуудал болчихдог байдал явсаар байгаад өдийг хүрсэн.

“Е” ХХК НИТХ-ийн 2006 оны шийдвэрээр зохих газрын болон барилгын эрхтэйгээр /тухайн үед/ 2007 оны 10 сараас орон сууцны барилга барьж, 6 давхар карказ бариад барилгын ажил зогсон, 2008 оноос хойш шүүхийн байгууллагын хаалга сахидаг ажилтай болсон. Тус барилгад 2007-2008 оны хугацаанд 1 500 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн атлаа хөрөнгө оруулалт ч үгүй, асуудлыг эв зүйгээр шийдье гэхээр шийдсэн зүйл ч үгүй өнөөдрийг хүрээд байгаа нөхцөл байдлыг харж үзнэ үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Е” ХХК Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох,

бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан /хуучин нэрээр/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

“Е” ХХК нь 2007 оны 10 сараас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, оффис үйлчилгээний зориулалттай 12 давхар барилга угсралтын ажил эхэлсэн, уг барилга нь иргэн М.Насанбатын гараашаас 5.3м зайд баригдах байтал 1.26м зайтай баригдсанаас М.Насанбатын өмчлөлийн гараашид суулт өгч, зүүн хана цуурч, шал хагарч гэмтсэн нь М.Насанбатын гарааш өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэн М.Насанбат шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүх №1090 дугаартай шийдвэрээр “иргэн М.Насанбатын гараашийн барилгын зүүн хананаас 5.3м зайд барилгын үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн байдалд оруулахыг хариуцагч “Е” ХХК-д даалгаж” шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №3046 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барилгын үйл ажиллагааг зогсоож, “Е” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсэн байна.

Улмаар “Е” ХХК-ийн барилга М.Насанбатын өмчлөлийн гараашид шахаж баригдсны улмаас гараашийн  суурь болон хана нэлэнхүйдээ суултад орж, дээвэр эвдэрч, хана, бетонон шал хагарч, цаашид ашиглах боломжгүй болсны учраас гараашийг нурааж, дахин шинээр барихаас өөр аргагүй болсон үндэслэлээр гараашид учруулсан бодит хохирол 203 250 896 төгрөг, барилгыг буулгах зардалд 13 794 353 төгрөг, нийт 217 045 249 төгрөгийг гаргуулахаар М.Насанбат нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаар шийдвэрээр “Е” ХХК-иас 145 000 000 төгрөгийг гаргуулж М.Насанбатад олгуулах”-аар шийдвэрлэж, уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үйл ажиллагаа явагдсанаар төлбөр төлөгч “Е” ХХК 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлбөр авагч М.Насанбатын Голомт банкин дахь дансанд 146 062 950 төгрөгийг шилжүүлснээр 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийдвэрт үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 124/13 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-оор дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаартай шийдвэрт заасан “...”Е” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг даалгах” шийдвэр нь уг барилгыг цаашид үргэлжлүүлэн барихгүйгээр зогсоож, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг урьд байсан хэвийн байдалд оруулж, эвдрэл хохирлыг арилгуулах агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгч нь барилгыг нураах, буулгах шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд  хэвийн байдалд оруулах гэдгийг барилгыг нураах, буулгах гэж ойлгох боломжгүй юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “Е” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа зогсож, цаашид баригдаагүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгаснаар шүүхийн шийдвэр биелэгдэх байжээ.

Улмаар 2013 онд нэхэмжлэгч М.Насанбат өөрийн барилгад учирсан хохирлын хэмжээ нэмэгдэж, цаашид ашиглах боломжгүй болсон үндэслэлээр барилгыг бүхэлд нь буулгаж, дахин шинээр барихад шаардагдах хөрөнгийг “Е” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн өмнөх шийдвэрт заасан нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэвийн байдалд оруулахад шаардагдах зардлын хэмжээ гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийдвэрийг биелүүлж төлбөр авагчид 146 062 950 төгрөг төлөгдсөнөөр 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаартай шийдвэр биелэгджээ.

Дээрх төлбөр төлөгдсөнөөр “Е” ХХК Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийдвэрийг биелүүлсэн нь тогтоогдсон тул тус компанид холбогдох 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийдвэрт үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа аль аль нь дуусгавар болсон байна.

Иймд бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлснөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шүүгчийн тайлбарыг үндэслэн шүүхийн дээрх хоёр шийдвэрийг тус тусад нь явуулж байгааг хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэх үндэстэй. Хариун хариуцагч “Е” ХХК-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг даалгах шаардлага нь тус нэхэмжлэлийн үр дагавартай холбоотой шийдвэрлэгдэх тул тусдаа шаардлага гэж үзэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 479 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “1., 2.” дахь заалтыг нэгтгэн “1.” гэж дугаарлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3., 29.1.5., 29.5.-д зааснаар “Е” ХХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаартай шийдвэр, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийдвэрт үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус дуусгавар болгож, төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн,

3 дахь заалтын “...олгосугай.” гэснийг “...олгож, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж, шийдвэрийн “3., 4.” дэх заалтын дугаарыг “2., 3.” болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Е” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД