Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 64

 

С.Од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

             

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Оы гаргасан давж заалдах гомдлоор С.Од холбогдох 1711002780023 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.О, 1956 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

О нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах өөрийн гэртээ иргэн Ц.Эгийн зүүн далан тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Оыг 3 /гурав/  жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 ширхэг хутгыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би ам бүл 2. Хөгшиний хамт амьдардаг. Манай хөгшин өндөр настай, тэтгэвэрт байдаг, хүнд өвчтэй. Миний гурван хүүхэд мөнх бусыг үзээд 1 сар гаруй болж байна. Миний амьдрал хүнд үлдсэн. Хүнд өвчтэй байгаа хөгшинийг асран хамгаалах хүнгүй болсон. Би хэрэгт холбогдохын өмнө хөгшинтэйгээ хамт боломжийн сайхан амьдарч байхад хөрш айлын Ц.Э манай гэрт орж хоол унд идээд гарах болгондоо манай гэрээс байнга хулгай хийдэг байсан. Сүүлдээ архи, тамхи нэхэж, хөгшин бид хоёрын гар утсыг хүртэл хулгайлаад авсан байсан. Бид 2 ядарсан хүн гэж өрөвдөн цагдаад гомдол гаргаж байгаагүй. Согтуу ирж амгалан, тайван байдал алдагдуулах болгонд нь аргадан гаргадаг байсан. Хэрэг гардаг өдөр Ц.Э намайг хоол хийж байхад согтуу орж ирээд, элдэв ааш гаргахаар нь би “манай гэрээс гар, унтаж амар” гэхэд гарахгүй, хэл амаар доромжлоод байсан. Би өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж Ц.Эг түлхэх гэж байгаад хоол хийж байсан хутгаар нуруунд нь хутгалсан байсан. Би сандарч түргэн дуудсан. Би тухайн үед хохирогчийн биед санаатайгаар гэмтэл учруулъя гэсэн санаа зорилгогүй байсан. Үр хүүхдүүдээ алдаад сэтгэл санааны хүнд дарамттай, өвчтэй байхад тайван бус байдал үүсгэж байсан тул гаргах гэж байгаад хохирогчийг гэмтээсэн. Би хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн. Хэргийг шалгах үед байцаалтыг үнэн зөв, тогтвортой өгч байсан. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж дуусгасан. Мөн миний эрүүл мэндийн байдал хүнд, бөөрний архаг дутагдалтай, нурууны суулттай, зүрхний инфакттаас болж байнга даралт өндөр, хэлбэлздэг. Ар гэр болон эрүүл мэндийн хүнд байдлыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд С.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх хүсэлттэй байна. Хохирогчийг байцаасан тэмдэглэлд “Т.Туваансүрэн “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэхэд С.О “яанаа, би хүн хутгалчихлаа” гээд алчуур тавьсан” гэсэн байдаг. Тухайн үед зөвхөн Т.Туваансүрэн дэргэд нь байсан гэрч бөгөөд шүүх хуралдаанд тэрээр хохирогч С.Од “миний 4 хүүхэд амьд байгаа. Харин чиний хүүхдүүд үхсэн” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Мөн С.О нь тухайн үед үйлдэл холбогдлыг ухамсарлахгүй байсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээс тогтоогддог. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч гэрт нь орж тамхи нэхсэн асуудал байгаа. С.О “чи дандаа ийм байдлаар манай гэрт орж ирдэг, дандаа юм гуйна, эсхүл хулгай хийнэ” гэж хохирогчид хэлж маргалдаад хохирогчийг гэр тойрж хөөсөн. Ингэж хөөх явцдаа гэрээс гарах гэж байхад нь нуруун тус газар нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь зөв гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Оы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.О нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах өөрийн гэртээ иргэн Ц.Эы зүүн далан тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Эы “...Би 2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 18-19 цагийн орчим өөрийн гэрээс гараад тамхи асуухаар танил ах Нэргүй ахынд очсон. Намайг гэрт нь ороход Нэргүй ах болон түүний найз Туваан нар тамхи татаад сууж байсан. Тэгээд би “тамхи байна уу” гэтэл Нэргүй ах ороодог тамхи надад өгсөн. Тэгээд би тамхи ороогоод сууж байтал 5-10 орчим минутын дараа Нэргүй ахын эхнэр Оогий эгч гаднаас орж ирсэн. Тэгээд намайг “янхан, юу хийж манай гэрт орж ирсэн юм бэ?” гэхээр нь би “уучлаарай Оогий эгчээ, би тамхи гуйж орж ирсэн юм, одоо гарлаа” гэсэн. Тэгээд тамхиа хагас дутуу ороож байтал Оогий эгч гэр дотроо намайг гэрийнхээ багана тойроод хөөсөн. Тэгээд би гэрийнх нь босгыг даваад гишгэтэл миний зүүн талын дал руу халуун оргиод эхэлсэн. Тэгэхээр нь би урагшаа 2 гараараа тулаад унасан. Тэгтэл Оогий эгч миний зүүн далан дээр алчуур тавиад “яанаа би хүн хутгалчихлаа” гээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад ухаан ортол Оогий эгчийг цагдаа нар авч явсан. Нөхөр нь хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд цагдаа нарт өгч байсан. ..." /Хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Т.Туваансүрэнгийн “...Тайван гэх эмэгтэй гаднаас согтуу орж ирээд “С.О эгч хаашаа явсан юм” гэсэн. Тэгтэл удалгүй араас нь С.О орж ирээд “Тайван яах гэж манай гэрт орж ирсэн юм. Чи дандаа элдэв янзын юм ярьж явдаг” гээд тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүмүүсийн маргаанд оролцоод яахав гээд сууж байгаад С.Ооос тэдний гэрт үлдээсэн ажлын куртикээ асуух гээд гарсан чинь Тайван “намайг С.О эгч хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага болон түргэний байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирээд Тайваныг аваад, цагдаа ирээд С.Оыг аваад явсан. ...” /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

С.Оы яллагдагчаар өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед ...гэртээ ороход манай гэрт Ц.Э нь нилээн согтуу байдалтай сууж байхаар нь Ц.Эд хандаж “чи яахаараа дандаа манай гэрт согтуу сууж байдаг юм бэ” гэж хэлэхэд Ц.Э “чиний гэрт би суугаагүй ээ, би ахынхаа гэрт сууж байна” гэж хэлэхээр нь би уурлаад Ц.Эг хөөж гаргасан. Тухайн үед би өөрөө бага зэргийн согтолттой байсан. Намайг Ц.Э нь байнга хэл амаар доромжилж, гэр орноор орж ирэхдээ гар утас, үнэртэй ус зэргийг дур мэдэн хулгайлдаг байсан болохоор дургүй хүрээд маргалдсан. ...Хэрэг болох үед намайг байнга үгээр дарамталж, харааж зүхсэний улмаас Ц.Эг хөөж гэрээс гаргасан. Тэгтэл Ц.Э нь буцаад гэр лүү орж ирэх гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь манай нөхрийн найз Т.Туваансүрэн “С.Ооо чи хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь Ц.Э руу харахад Ц.Эы зүүн далны орчимоос цус гарсан. Би баруун гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан байсан. ...” /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн №9810 дугаартай “...Ц.Эы биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

С.О нь архи ууж, согтуурсан үедээ хохирогч Ц.Этай “юу хийж манай гэрт орж ирсэн юм, дандаа элдэв янзын юм ярьж явдаг” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн далан тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Оы үйлдэлд болгоомжгүй гэмт хэргийн шинж байхгүй байна.

С.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Оы гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч цаашид гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.