Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0083

 

 

“А Д С С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн 22200600085 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 718 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0335/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “А Д С С” ХХК нь нийслэлийн Татварын газар, нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид тус тус холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн 22200600085 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 718 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгч Б.Чулуунзоригт дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.0718 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ажлын утасны тэмдэглэлээс үзэхэд, 2020 оны 06 сарын 15-ны өдөр тус компанийн нягтлан бодогч Нямцэцэгтэй холбогдон..мэдэгдсэн байна. Мөн татварын албаны 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №20/06/01 тоот мэдэгдлээр ...ирж уулзахыг мэдэгдсэн байна. Иймд гомдол гаргагч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна ”гэжээ.

3.2.Хавтаст хэрэгт авагдсан материалд гомдол гаргагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болон нягтлан бодогч нарын нэрийг бичсэн боловч хэнд нь ч материалыг танилцуулж актыг зөвшөөрөх эсэх эсхүл хүлээн зөвшөөрөх боломжгүй эсэх талаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, эдгээр оролцогчид мэдэгдсэн гэж баримт үйлдсэн боловч тухайн баримт нь гомдол гаргагч хуулийн этгээдэд ирээгүй, мэдэгдээгүй гэсэн байдаг. Улмаар хариуцагч нөхөн ногдуулалтын актыг шуудангаар гомдол гаргагчид хүргүүлсэн байдаг. Иймээс гомдол гаргагч нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан хариуцлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллагад гомдол гаргасан.

3.3.Өөрөөр хэлбэл гомдол гаргагч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх хууль ёсны төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт бичигдсэн эсэхийг мэдээгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны байгууллагаа болох татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гэвч анхан шатны шүүх гомдол гаргагчийг мэдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.4.0718 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “..гомдол гаргагч нэхэмжлэлдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас үйлдэх байтал нөхөн ногдуулалтын акт үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

3.5.Хариуцагч Татварын улсын байцаагч нар 2020 оны 06 сарын 30-ны өдөр 22200600085 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “ 2019 оны 03 сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль буцаан хэрэгдэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дахь хэсгийг буцаан хэрэглэж тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу шийдвэрлэснийг тэмдэглэв гээд актын тогтоох хэсэгтээ” Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байдаг.

3.6.Иймээс хариуцагч нар гомдол гаргагч хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ Зөрчлийн тухай хуулийг мөрдсөн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мөн мөрдөж ажиллах үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл хариуцагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөөгүй.

3.7.Нөгөөтээгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 665 тоот магадлалын Хянавал хэсэгт “ ...шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл холбогдогчийг тогтоох ажиллагааг хэрхэн хийсэн болох нь тодорхойгүй, “.....зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “А Д С С” ХХК-ийн захирал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 13-50 тоот хаягт оршин суух Б.Ч-ыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг гэж Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн боловч бодит байдалд холбогдогчийг татаагүй, хэрхэн татах ажиллагаа хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй." гэж дүгнэсэн байдаг.

3.8.Тодруулбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагч татвар төлөгч “А Д С С” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрхүүдийг гомдол гаргагч “А Д С С” ХХК-д эдлээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.2. хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэж заасныг зөрчиж “А Д С С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь гүйцэтгэх захирал буюу Б.Чулуунзоригт эсхүл түүнээс итгэмжлэл авсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан буюу татварын улсын байцаагч нар нь тогтоогоогүй байх тул зөвтгөх боломжгүй гэж үзээд дахин шинэ акт үйлдүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэсэн байдаг.

3.9.Гэтэл Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар гомдол гаргагчид хариуцлага хүлээлгэхдээ Давж заалдах шатны шүүхийн магадлалд “оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, холбогдогчийг татаагүй, хэрхэн татах ажиллагаа хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй" гэж дурдсан дүгнэлтүүдийг арилгалгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Хууль ёсны төлөөлөгч гэсэн 3.5 дугаар зүйлийн 5-д “хуулийн этгээд энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан ..хууль ёсны төлөөлөгчийг томилж болно" гэж зааснаар хууль ёсны төлөөлөгчийг томилж тогтоогоогүйгээр Татварын ерөнхий хуулийг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.10.Хариуцагч Татварын улсын байцаагч нар 2020 оны 06 сарын 30-ны өдөр 22200600085 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.1.2 дахь хэсэг Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4 хэсгийг үндэслэн 47 139 798 төгрөгийн торгууль, Татварын ерөнхий хуулийн /2019/ 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1 дэх хэсгийг үндэслэн 49 707 876 төгрөгийн алданги ногдуулсан.

3.11.Татварын ерөнхий хуулийн /2019/ Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн 82 дугаар зүйлийн 82.1.1-д төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 82.1.2-д төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар тус тус торгууль ногдуулахаар, харин мөн хуулийн Татвар суутгах үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн 83 дугаар зүйлийн 83.2-д энэ хуулийн 83.1-д заасан этгээдийг нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 40 хувиар торгоно, 83.3-д өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийн давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно гэж тус тус зохицуулсан. Харин өнөөдрийн мөрдөгдөж байгаа 2019 онд батлагдаж 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа татварын ерөнхий хуульд татварыг хугацаандаа төлөөгүй татварт торгууль ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй.

3.12.Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж заасан байхад хариуцагч татварын улсын байцаагч нар гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж хариуцлага хүлээлгэхийн тулд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн торгууль ногдуулсан нь хууль бус байна гэж үзэж байна.

3.13.Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн боловч шүүх дүгнээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

3.14. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно", мөн зүйлийн Тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэжээ.

Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдсэн актын зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсэгт торгуулийг зарим хэсэгт нь 10 хэдэн хувиар, зарим хэсэгт нь 20, 30 хүртэл хувиар ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн тайлбар хэсгийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3.Шүүх гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

3.1.Гомдол гаргагч “А Д С С” ХХК-аас “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн 22200600085 тоот нөхөн ногдуулалтын актыг[1] хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт тус тус холбогдуулан гаргажээ.

3.2.Хариуцагч татварын улсын байцаагч нараас 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2220601805 дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”[2]-ын дагуу гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн 2015-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  22200600085 нөхөн ногдуулалтын актаар 105,829,038.02 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3.3.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2. “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн  1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 2.”Холбогдогч дараахь эрхтэй:” 2.1-д “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх” гэж тус тус заажээ.

Хариуцагч нараас гомдол гаргагч компанийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж байгаа, хяналт шалгалтад тайлбар, баримт бичгээ гаргаж өгөх тухай 20/06/01 дугаар мэдэгдлийг хяналтын шалгалтын явцад буюу 2020 он 06 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргагч компанид шуудангаар хүргүүлсэн, утсаар гомдол гаргагч компанийн захирал Б.Ч-т, ерөнхий нягтлан бодогч н.Б, нягтлан бодогч н.Н нартай ярьж мэдэгдсэн гэдэг нь шуудангийн баримт[3], утсаар ярьсан тэмдэглэл[4] зэрэг баримтаар нотлогдож байна.

Хариуцагчаас дээр дурдсан Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын актыг батлан гаргахаас өмнө гомдол гаргагч компанид тайлбар, санал гаргах боломж олгосон, татварын хяналт шалгалт хийх талаар гомдол гаргагч компанид мэдэгдсэн бөгөөд ийнхүү мэдэгдсэн ажиллагаа нь мөн дээр дурдсан хуулиудын заалтад нийцсэн гэж үзэхээр байна.

3.4.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг ...шаардлагатай тохиолдолд ...шуудан, ... бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.”, 43.3-д “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, ... өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.”, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ.”, 42.8-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно.” гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч татварын улсын байцаагч нараас маргааны бүхий нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдэн, гомдол гаргагч компанийн захирал Б.Чулуунзоригтын гэрийн хаягаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэдэг нь тэмдэглэл[5], шуудангийн дугаар бүхий баримт[6] зэргээр тогтоогдож байна. Мөн уг шуудангийн хүргүүлсэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гомдол гаргагч компани 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  гардан авсан гэдэг нь уг актад Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандан гаргасан гомдлоор[7] тогтоогджээ.

Дүгнэхэд, хариуцагч улсын байцаагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргахаас өмнө болон гаргасны дараа гомдол гаргагч компанийн захирал, нягтлан бодогч нарт мэдэгдэж, тайлбар, мэдүүлэг гаргах боломжоор хангасан, татварын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч гомдол гаргагч компанийг оролцуулаагүй, мэдэгдэхгүйгээр акт үйлдсэн, гаргасан актаа мэдэгдээгүй гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

3.5.Дээр дурдсанаас үзэхэд гомдол гаргагч компанийн “хавтаст хэрэгт авагдсан материалд гомдол гаргагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болон нягтлан бодогч нарын нэрийг бичсэн боловч хэнд нь ч материалыг танилцуулж актыг зөвшөөрөх эсэх, эсхүл хүлээн зөвшөөрөх боломжгүй эсэх талаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, эдгээр оролцогчид мэдэгдсэн гэж баримт үйлдсэн боловч тухайн баримт нь гомдол гаргагч хуулийн этгээдэд ирээгүй, мэдэгдээгүй,... гомдол гаргагч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх хууль ёсны төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт бичигдсэн эсэхийг мэдээгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны байгууллагаа болох татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гэвч анхан шатны шүүх гомдол гаргагчийг мэдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна, ... “оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, холбогдогчийг татаагүй,... хууль ёсны төлөөлөгчийг томилж тогтоолгүйгээр ...нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.6.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн (2017 он) 2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол ...хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасан.

Эдгээр хуулийн заалтыг баримтлан хариуцагч улсын байцаагч нараас гомдол гаргагч компанийг 2017 онд 453,53,332.67 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчсөн зөрчлийг шалган тогтоож, уг зөрчилд  холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг баримтлан торгууль, алданги оногдуулсан хариуцагчийн үйлдлийг гомдол гаргасан зөрчлийн талаар хуульд тодорхой тусгагдаагүй байхад тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Татварын ерөнхий хууль (2008)-ийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуулийг зөрчсөн ..., хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т татвар төлөгч хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх, хуульд заасан хугацаанд хуульд заасан татварыг төлөөгүй зөрчил, тодруулбал, гомдол гаргагч компанийн гаргасан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд торгох торгуулийн хэмжээг тодорхой заасан, харин Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох болон алдингийн хэмжээг тус тус зааснаас үзэхэд хугацаандаа төлөөгүй татварт ногдуулах, торгууль, алданги тооцох, түүний хэмжээ, үндэслэл, хариуцлагыг хуульд тодорхой тусгасан гэж үзэхээр байна.

Иймээс гомдол гаргагч компанийн “өнөөдрийн мөрдөгдөж байгаа 2019 онд батлагдаж 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа татварын ерөнхий хуульд татварыг хугацаандаа төлөөгүй татварт торгууль ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж заасан байхад хариуцагч татварын улсын байцаагч нар гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж хариуцлага хүлээлгэхийн тулд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн торгууль ногдуулсан нь хууль бус байна гэж үзэж байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

3.7.Гомдол гаргагч компанид маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн тооцооллоос[8] үзэхэд 1.суудлын автомашин, түүний эд анги сэлбэг худалдан авахад зориулж төлсөн нэмэгдсэн өргийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан 2016 онд 85,938,363,00 төгрөгийн зөрчлийн дүн /төлөгдөөгүй татварын дүн/-гээс 2,578,150.89 төгрөгийн торгууль, 2.суудлын автомашин, түүний эд анги сэлбэг худалдан авахад зориулж төлсөн нэмэгдсэн өргийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан 2017 онд 3,875,272.00 төгрөгийн зөрчлийн дүн /төлөгдөөгүй татварын дүн/-гээс 116,258.13 төгрөгийн торгууль, 3.аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 453,530,332.67  төгрөгийн зөрчлийн дүн /төлөгдөөгүй татварын дүн/-гээс 47,013,467.34 төгрөгийн торгууль, нийт 543,343,967.67 төгрөгийн зөрчлийн дүн /төлөгдөөгүй татварын дүн/-гээс 49,707,876.39 төгрөгийн торгууль тооцсон байна.

Энэхүү тооцллоос үзэхэд хариуцагч улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасныг зөрчиж 10 хувиас хэтэрсэн торгууль ногдуулсан гэж үзэхээргүй байна.

Иймд гомдол гаргагчийн “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно", мөн зүйлийн Тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэжээ. Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдсэн актын зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсэгт торгуулийг зарим хэсэгт нь 10 хэдэн хувиар, зарим хэсэгт нь 20, 30 хүртэл хувиар ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн тайлбар хэсгийг зөрчсөн байна.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагч улсын байцаагч нараас гаргасан маргаан бүхий акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд анхан шатны шүүхээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01–ний өдрийн 718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “А Д С С” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 46 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 45 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 18 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 25 дахь тал