| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0022/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 41
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж ,тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Нт холбогдох 2031000000038 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа : Монгол Улсын иргэн 1987 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ,бие эрүүл,ухаан мэдрэл бүрэн гэх О.Н, РД:МН87051973, Шүүгдэгч О.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн иргэн Э.Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж хэвлийн тус газар цаасны хутгаар нэг удаа хатгасан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1.Шүүгдэгч О.Нын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 13ны орой сумын төвд гадуур ажилтай явж байгаад эхнэр хөдөөнөөс ороод ирсэн байхаар нь түүнтэй утсаар ярьж бид хоёр уулзсан. Тэгээд урьд шөнө болсон асуудлын талаар ярьж би эхнэр Оюунцэцэгт хандаж “урьд шөнө чамруу залгаж өөрийнхөө нөхөр Э.Быг чамтай хардаад байсан Атай уулзсан уу?”
гэж асуухад эхнэр “үгүй би уулзаж чадаагүй, утас нь холбогдохгүй байна” гэж ярьсан юм. Тэгээд би учрыг нь олох санаатай эхнэр Оюунцэцэг, тухайн үед хамт байсан найз Моломжамц нарын хамт эхнэр машин бариад хамт явцгаасан юм. Ингээд Э.Бын гэрт нь очиход Э.Б “дөнгөж хонио хариулж явсаар орж ирлээ” гэсээр гэртээ орж ирж байсан. Тэгээд би болон манай эхнэр Оюунцэцэг нар Э.Б болон түүний эхнэрээс урьд шөнө болсон асуудлын талаар асуухад Э.Б надад “ахаа манай эхнэр намайг хардах өвчтэй, урьд шөнө архи уусан согтуу надтай хэрэлдэж маргалдаж байгаад намайг танай эхнэртэй намайг хардаад гүтгээд байхаар нь би амыг нь дагуулаад хэлчихсэн чинь танай эхнэрийн утасруу залгасан ярьсан” гэж ярьсан. Тэгтэл хажууд нь байсан түүний эхнэр А нь бид хоёр руу дайрч “Э.Б танай эхнэртэй явалддаг нь үнэн биздээ, Э.Б өөрөө надад хэлсэн” гэх зэргээр орилж хашгираад дайраад эхэлсэн. Тэгээд би тухайн үед уурлаж гэрийн эзэн Э.Бт хандаж “чи өөрөө хэлсэн, үнэн байна шүү дээ” гэж хэлээд Э.Быг гараараа цохих гэтэл Э.Б надад цохиулахгүй гэж бид хоёр барьцалдаж авч ноцолдож байгаад би тухайн үед өмсч явсан гадуур куртикны халаасанд байсан цэнхэр өнгийн хуванцар бариултай цаасны хутгыг гаргаж түүний гэдэс рүү нэг удаа хатгасан байсан. Би ер нь их огцом ууртай хүн. Уурласан уурандаа л тийм зүйл хийчихсэн. Э.Б надруу “та намайг гэдэс рүү хатгачихлаа шүүдээ” гэж хэлээд гэдсээ тэврээд газар шалан дээр унаад өгсөн юм. Тэгээд би тухайн үед Э.Баас уучлалт гуйж “ах нь уурандаа л тийм юм хийчихлээ” гэж хэлээд гэрийнх нь орон дээр байсан хүзүүний ороолтыг авч гэдсээр нь баадагнаж ороож боогоод “одоо хурдан сумын төв эмнэлэг явъяа” гэж Э.Бт хэлэхэд “ахаа би өөрөө машинаа бариад эмнэлэг явчихнаа, би зүгээр” гэж хэлээд Э.Б гэрээсээ гарч машинаа асааж, бид хамт сумын төвийн эмнэлэг рүү хамт явсан. Э.Б болон түүний эхнэр А нар манай эхнэр Оюунцэцэгтэй садан төрлийн холбоотой хүмүүс. Би асуудал болдог өдөр нь сумын төвд найз нартай таарч ганц нэг шил архи уусан байсан. Гэхдээ болсон явдлыг сайн санаж байгаа. Би Э.Бын эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь 2 удаа эргэж очиж эмчилгээний зардлын мөнгө өгөх гэтэл авахгүй “ахаа бүх асуудал миний буруутай үйлдлээс болсон” гэж хэлээд аваагүй. Э.Б бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа. Тухайн өдөр би машиндаа засвар хийж байгаа куртикнийхээ халаасанд хийж мартсан байсан. Би хийсэн хэргийнхээ учир холбогдлыг ойлголгүй ийм зүйл хийсэн дээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49р ху/, 2.Шүүгдэгч О.Нын шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 01-р сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 01 цагийн үед А манай гэрлүү залгаж “манай эхнэрийг өөрийнхөө нөхөртэй явалддаг” гэж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд маргааш нь эхнэртэйгээ очиж “хэрүүлийн учраа олъё” гэж сумын төв орсон
юм. Тэгээд би эхнэрийгээ “өөрөө учраа ол” гэж хэлээд буцаж явахдаа найзтайгаа таарч 1 шил архи уусан. Тэгээд би буцаж очоод эхнэрээсээ “учраа олов уу” гэхэд олоогүй байсан. Тэгээд би “юу болоод байна” гэтэл А “угаасаа үнэн манай нөхөр өөрөө надад хэлсэн” гэв. Тэгээд нөхөр нь ирэхээр нь “юу болж байна” гэж асуутал эхнэр нь “чи тэгээ биздээ, үнэн биздээ чи надад үнэнээ хэлээ биздээ” гэсэн. Би Э.Баас “үнэн юм уу” гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд А “үнэн биздээ” гээд байсан болохоор нь итгээд уурандаа тийм үйлдэл хийсэн. Гэтэл Э.Бын эхнэр нь орилоод байсан болохоор итгэсэн юм. Э.Быг байнга харддаг учир нэг өдөр уурандаа “тэгсэн юм” гэж хэлсэн байсан. Хохирол төлбөр төлсөн зүйл одоогоор байхгүй. Би эмнэлэгт эргэж очихдоо эмчилгээний мөнгө өгнө гэхэд өөрөө хэрэггүй гэсэн. Би эхнэртээ итгэдэг. Тэр үед огцом уурласан нь миний буруу. Э.Быг эхнэр авахаас өмнө Э.Б бид хоёр малаа нийлүүлж хамт амьдардаг байсан. Ямар нэг маргаан байхгүй, хоорондоо эвлэрсэн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна. Шүүгч та ялыг минь хөнгөрүүлж оногдуулж өгнө үү. ...гэв. 3.Хохирогч Э.Бын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 18 цагийн үед би гэртээ байхад, манай нөхөр, хөрш айлын Н түүний эхнэр Оюунцэцэг нарын хамт манай гэрт ирсэн юм. Ингээд урьд нь 2-оос 3 хоногийн өмнө манай эхнэр А, Нын эхнэр Оюунцэцэгтэй намайг хардаж тэр хоёр утсаар хэрүүл маргаан хийсэн байсан. Тэгээд тэр хэрүүлээр манайд ирсэн юм байна лээ. Тэгээд тэр орой дахин А, Оюунцэцэг нар хоорондоо хэрэлдэж байхад Оюунцэцэгийн хажууд нь хамт байсан Н над руу ”чи юу гэж худлаа зүйл яриад, хэрүүл маргаан болгоод байгаа юм бэ?” гэж уурлаж хэл үгээр дайрч эхлэсэн. Тэгээд бид хоёр мөн хоорондоо хэрэлдэж маргалдаж барьцалдаж аваад ноцолдож байхад Н хаанаас ч юм мэдэхгүй цэнхэр өнгийн бариултай цаасны хутга гаргаж ирээд миний гэдэс хэвлийн баруун хэсэгт нэг удаа хатгасан юм. Тэгтэл миний гэдэснээс цус гараад эхэлсэн. Тэгээд би Нт “та намайг хатгачихлаа шүү дээ” гэж хэлэхэд юу ч дуугаралгүй надаас холдож орон дээр сууж байгаад “эмнэлэг рүү хамт явъя, эмчид үзүүлье” гээд босохоор нь би “та өөрөө яваа, би эхнэртэйгээ хамт өөрийнхөө машинтай явна” гэж хэлэхэд Н юу ч дуугаралгүй манай гэрээс эхнэрийнхээ хамт гараад явсан. Тэгээд би Цагааннуур сумын төвийн эмнэлэгт очиж эмчид үзүүлж шархандаа 3-н оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд тэр оройноо шууд Сэлэнгэ аймгийн төвд ирж Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ирж хэвтэн, шархандаа цэвэрлэгээ хийлгэж 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл хэвтэн эмчилүүлсэн байгаа. Тийм л зүйл болсон. Нын эхнэр Оюунцэцэгийн төрсөн ээж манай хамаатан. Бид садан төрлийн холбоотой хүмүүс. Н намайг эхнэртэйгээ хардаж “та хоёр үнэнээсээ явалддаг юм байна тэ?” гэх зэргээр уурлаж, намайг гараараа цохих гээд би “цохиулахгүй” гэж ноцолдож байх үед өмсөж явсан
куртикнийхээ халааснаас цэнхэр өнгийн хуванцар бариулттай цаасны хутга гаргаж ирээд миний гэдэс хэвлийн тус газарт нэг удаа хатгаад авсан. Одоогоор надад өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа бүрэн эдгэрсэн байгаа. Би болсон асуудлыг сайн санаж байгаа, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ныг бол мэдэхгүй.Би урьд өмнө нь Нтай хэрэлдэж маргалдаж байгаагүй .Анх удаа тийм зүйл байна. Бидний дунд ямар нэг өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй.Надад Н болон өөр хэн нэгэн хүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл би урьд өөрийн эхнэр Атай хэрэлдэж байх үедээ Ныг эхнэр Оюунцэцэгтэй явалддаг талаар худлаа хэлж энэ үгийг манай эхнэр А нь Оюунцэцэгт хэлж тэгээд анх хэрүүл маргаан болсон бүх асуудалд би буруутай. ...гэх мэдүүлэг, /ххийн 14-15-р ху/, 4.Гэрч Э.Бын 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2014 онд Н ахынд мал малладаг байсан юм. Тэгээд 2015 онд Атай гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан юм.Намайг 2014 онд Н ахынд малчин хийдэг байхад Н ах Улаанбаатар хотод ажилладаг хааяа нэг ирдэг байсан. Би гэрт нь Н ахын эхнэр Оюунчимэг эгчтэй хамт байдаг байсан юм.Тэгээд тэднийд байхдаа эхнэр Атай танилцаж дараа жил нь гэр бүл болсон юм. А надтай суусан цагаасаа л намайг Оюунцэцэг эгчтэй хардаж хэрүүл маргаан хийсэн байдаг юм. 2020 оны 01-р сарын 12-ны өдөр эхнэр бид хоёр найз Нынд очиж жаахан архи дарс уусан юм. Тэгэхэд тэр орой нь манай эхнэр Оюунцэцэг эгчтэй утсаар ярьсан юм шиг байна лээ. Би тэр үед нь уусан архиндаа их согтсон байсан болохоор санахгүй байна.Тэгээд маргааш нь буюу 01-р сарын 13-ны үдээс хойш 17 цаг өнгөрч байхад байхаа би хонио эргүүлчихээд гэртээ ирэхэд Н ах эхнэртэйгээ манайд ирсэн байсан.Тэгээд манай эхнэр намайг Оюунцэцэг эгчтэй харддагаараа хардаж хэрэгтэй хэрэггүй юм ярьж маргалдаж байгаад намайг “Оюунцэцэг эгчтэй унтсан” гэж өөрөө хэлсэн биздээ, чи гээд надруу дайрсан. Тэгэхэд нь Н ах өөрөө хэлсэн юм бол үнэн байна л даа гээд босч ирээд надтай барьцалдаж авахад би орон дээр суулгах гээд тэвэрч аваад түлхэхэд халааснаасаа цаасны хутга гаргаж ирээд миний гэдэсний зүүн хэсэг рүү хагалчихсан юм.Тэгэхэд нь би “та намайг хутгалчихлаа ш дээ, яаж байгаа юм бэ” гэсэн чинь Н ах балмагдаад намайг сумын төврүү эмнэлэг рүү авч явах гээд сандарсан. Тэгэхэд нь би “та яах юм бэ, би эхнэртэйгээ явчихъя” гээд өөрийнхөө машиныг өөрөө жолоодоод сумын төвд эмнэлэгт үзүүлэхэд тариа хийж оёдол тавьсан юм. Тэгээд орой нь “аймгийн эмнэлэгт очиж үзүүл” гэхэд нь тэр оройноос аймгийн төвд ирж нэгдсэн эмнэлэг үзүүлэхэд /ЭХО-д/ “дотор эрхтэн зүгээр байна, хэд хоног хэвтээд боолтоо солиул” гээд хэвтүүлсэн. Миний биеийн
байдал зүгээр байгаа, эмнэлгээс гараад сумандаа очиж нэг хоёр удаа боолтоо солиулна, тэгээд л дуусна.Н ах тухайн үед архи уусан халамцуу байх шиг байсан. Н ах бид 2-ын хооронд урьдын ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй. Би Оюунчимэг эгчтэй ямар дотно харьцаа байхгүй, тэднийх манай хоёр нь ер нь бол ойролцоо нутагладаг, хааяа Оюунцэцэг эгч “гэрт дөхүүлээд өг” гэхэд нь дөхүүлж өгдөг. Манай эхнэр байнга хардаад байдаг болохоор нь нэг өдөр уурлаад тэгсэн. Би “Оюунаа эгчтэй унтсан, тэгээд яадаг юм” гээд худлаа хэлчихсэн юм. Өөр зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/ ,5.Гэрч С.Оюунцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 12-наас 13-ний шилжих шөнийн 01 цагийн үед намайг гэртээ нөхөр хүүхдийн хамт амарч байхад А манай нөхөр Нын 88774280 гэсэн дугаарын гар утас руу 89426210 дугаарын утаснаас залгаад байхаар нь би нөхрийн гар утсыг унтраасан .Тэгсэн удалгүй А миний гар утас руу залгахаар нь би утсаа авсан чинь А надаас мэнд усаа асуусан.Тэгснээ А цаашаа нөхөртөө утсаа өгөөд “Оюунаа анай яръя” гэж байна гээд нөхөртөө утсаа өгсөн.Энэ үед цаана нь нөхөр нь нилээн согтуу “хэн бэ” гэж дуугараад байхаар нь би утсаа салгаад унтраасан.Э.Бын эхнэр А над руу 2018 оны хавраас хойш удаа дараа нөхөртэйгээ намайг хардаж хэрүүл маргаан хийж байгаа юм.Уг нь Э.Б 2014 оны зун 6 дугаар сараас хойш намар 9 дүгээр сар хүртэл манайхтай хамт мал хунараа нийлүүлээд зуссан.Энэ үед Э.Б эхнэргүй манай нөхөр бид хоёрт тусалж манай гэрт хамт амьдардаг байсан. Манай нөхөр зун Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай ирж очин ажил хийдэг байсан юм.Тэр үеэр Э.Б манай малыг өөрийн малтайгаа малладаг байсан.Тэрнээс хойш Э.Б манайд 3 сар мал маллаж байгаад намар манайхаас яваад сүүлд нь Атай нэг гэр бүл болсон. Ингээд Э.Быг түүний эхнэр А надтай хардаж хэрүүл маргаан хийн, утсаар хэрүүл маргаан үүсгэдэг.Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед нөхөр бид хоёр луу залгаад хэрүүл маргаан хийлгүй согтуу байхаар нь бид хоёр утсаа салгаж унтраасан.Тэгээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр 10 цагийн үед хөдөө гэрээсээ бид хоёр Э.Б түүний эхнэр А хоёртой учир зүгээ олох гээд өөрийн цагаан өнгийн машинтай сумын төв рүү явсан .Тэгээд манай нөхөр намайг “Э.Бынд очиж учир зүгээ ол” гэж хэлээд Н ганцаараа гараад явсан. Би ганцаараа Э.Бынд гэрт очиж чадаагүй. Манай нөхөр 16 цагийн үед Эрдэнэбат ахын гэрт Моломжамцын хамт ирсэн.Тэгээд бид гурав Э.Бын гэрлүү явсан .Бид гурвыг Э.Бын гэрт очиход эхнэр нь гэртээ ганцаараа нөхөр нь хонио хариулаад дөнгөж гэртээ ирж байсан. Ингээд бид хэд гэрт нь орж манай нөхөр Атай уулзаад “юу болоод байгаа юм, А чи бүх учраа ярь” гэсэн.Тэгсэн А танай эхнэр манай нөхөртэй 2-3 удаа уулзаж унтаж хэвтсэн
талаар янз бүрийн юм худлаа яриад байсан .Тэгсэн манай нөхөр Э.Быг “чи үнэнээ хэл” гэсэн чинь Э.Б “би танайд зун 3 сар амьдарч байсан түүхээ ярьсан чинь, манай эхнэр Оюунцэцэг эгчтэй намайг хардаад хэрүүл маргаан хийгээд байгаа” талаар ярьсан. А нөхрөө “чи худлаа ярьж байна, чи өөрөө надад Оюунцэцэг эгчтэй 2-3 удаа унтаж хэвтсэн талаараа яриа биз дээ” гэж худлаа ярьж нөхөр Э.Б бид нарыг хэрүүл маргаан хийлгэсэн.Тэгээд манай нөхөр Н гэнэт уурлаад Э.Б луу “чи худлаа яриад байна шдээ” гэж хэлээд Э.Быг нэг удаа гараараа бие хэсэг рүү нь цохиж авсан чинь Э.Б босоод үүднийхээ тэнд очиж зогссон чинь манай нөхөр Э.Быг цэнхэр иштэй цаасны хутгаар гэдэс хэсэг рүү хатгасан. Тэгээд удалгүй Э.Бын гэдэснээс цус гараад А “танай нөхөр ,манай нөхрийг алчихлаа” гээд над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалаад Аг цааш нь түлхэн нүүр хэсэг рүү самардсан .Тэгээд удалгүй Э.Бт эхнэрийн хамт өөрийнхөө машинтай сумын эмнэлэг рүү явсан ба бид гурав араас нь өөрийнхөө жижиг цагаан машинтай сумын эмнэлэг рүү явсан. Н сумын цагдаа руу болсон учраа хэлэхээр явсан. Би Э.Б болон А хоёртой төрөл садангийн холбоотой, Э.Б манай ээж талын төрөл садан, харин А манай аавын эгчийн хүүхэдээс нь гарсан охин байгаа юм.Уг нь бид нар төрөл садангийн холбоотой, яагаад нөхрөө надтай хардаад байдаг талаар би мэдэхгүй. Над руу А удаа дараа утсаар ярьж хэрүүл маргаан хийж байгаа. Би Атай хэрүүл маргаан хийж зодолдож байгаагүй.Урд өмнө нь оноос өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын эхээр манай нөхрийн найз нартай “Усан болор” караоке кафед орж сууж байхад Э.Бын эхнэр А халамцуу надтай таараад надаас уучлалт гуйсан. Учир нь А нөхрөө надтай хардаад хэрүүл маргаан үүсгээд тэрнээсээ болоод надаас уучлалт гуйгаад явсан .Тэрнээс хойш А гэртээ очоод нөхөр Э.Бт ярихдаа “би Оюунаа эгчтэй таараад тэгсэн чинь Оюунаа надаас уучлалт гуйж надад бүх үнэнээ ярьсан .Одоо чи бүх үнэн хэл” гэж нөхөртөө хэлсэн байна лээ. Энэ талаар надад Э.Б хэрэг болсны дараа эмнэлэгт хэвтэж байхдаа ярьсан. А жоохон хартай юм шиг байна лээ, нөхрөө өөрийнхөө дүү болон ойр хавийн хүмүүстэй хардаад байдаг гэсэн .Зан аашийн хувьд Э.Б даруухан ,төлөв даруу, илүү дутуу зан байхгүй залуу .Эхнэр А их ааштай .Манай нөхөр Н Цагааннуур сумын иргэн Моломжамцын хамт архи уусан байсан .Ингээд нөхөр бид хоёр Моломжамцын хамт Э.Бын гэрт очсон.Тэр хоёр эрүүл байсан. Манай нөхөр намайг хардаж цохиж зодсон асуудал байхгүй.Тийм зүйл болоогүй.Би урьд өмнө манай нөхөр Э.Бтай хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/, 6.Гэрч Б.Агийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нөхөр Э.Бтай хамт амьдарснаас хойш нөхрөө харддаг, учир нь Оюунцэцэг эгч над руу утсаар ярих болгондоо манай
нөхөртэй утсаар ярьдаг юм. Би нөхрөөсөө юуны талаар ярьсан юм гэж асуухад заримдаа надад юуны талаар утсаар ярьснаа хэлдэг, заримдаа утсаар ярьсан зүйлээ надаас нуугаад байдаг юм.Тэгээд би Оюунцэцэг эгчтэй харддаг. Манай нөхөр надтай суухаасаа өмнө Н ахын гэрт малын өөрийнхөө малтай цуг маллаж гэрт нь амьдардаг байсан гэж надад хэлсэн .Ингээд Оюунцэцэг эгч юм л бол манай нөхөртэй утсаар ярина ,эсхүл манай нөхөр хонь хариулж явах үедээ Н ахын гэрт ороод суучихдаг ,эсвэл Оюунцэцэг эгч манайд ирэхдээ манай нөхрөөр “гэрт хүргээд өгөөч” гэх мэтээр яриа өдөөд байгаа юм шиг санагддаг. Юм л бол миний гар утас руу залгаад “нөхөртэй чинь ярья” гээд манай нөхрийг “ийм юм хийгээд өгөөч энэ тэр” гэж утсаар дуудаад байдаг.Тэгээд нөхөр бид хоёр 2020 оны 1 дүгээр сарын 12-ний өдөр 17 цагийн үед хонь ямаагаа хотлуулаад сумын төв рүү ундны ус авахаар машинтайгаа явахад манай урд өвөлждөг Бүрэнсайхан ах бид хоёртой сумын төвөөс машинаа авахаар хамт явсан. Ингээд Бүрэнсайхан ах Энхбатын ахын гадаа ирээд манай нөхөр Бүрэнсайхан ахын машиныг асааж өгсө. Тэгээд бид хоёр хадмынхаар ороод тэндээс гараад цагаан худаг дээрээс усаа аваад гэрлүүгээ буцах замдаа Бүрэнсайхан ахынхаар орсон юм. Тэгсэн чинь Бүрэнсайхан ах шинэ оны юм гээд 0,75 литрийн “Ерөөл” архи гаргаад манай нөхөртэй тэр хоёр хувааж уугаад нилээн халсан. Би тэгэхэд тэр архинаас огт уугаагүй ээ.Тэгээд тэр хоёр халамцуу доошоо Батбаяр гэх найзынх руугаа явахаар болоод гараад явж байсан чинь миний утас руу манай нөхрийн найз Отгонбаяр гэх залуу “миний машин эвдэрчихлээ, хүрээд ирээч” гэсэн юм.Тэгээд бид гурав цагаан худагны хажууд очиход манай нөхрийн бас нэг найз болох Хаянхярваа манай машинд суугаад “Элгэмсэг” гэдэг дэлгүүр дээрээс архи аваад бид дөрөв Батбаярынд очсон.Тэгээд нөгөө хэд авчирсан архиа уусан. Манай нөхөр тэр өдрөөс 5 хоногийн өмнө би Оюунцэцэг эгчтэй уулзаж байсан талаараа надад үнэнээ хэлсэн юм. Тэгээд дахиж энэ талаар ярихгүй гэж амласан юм.Тухайн үед манай нөхөр нилээн согтоод надад найз нь цагтаа хүлгийн сайныг унаж ,хүүхний сайхантай уулзаж явсан гэх мэтийн юм яриад байхаар нь уур хүрээд Оюунцэцэг эгчийн нөхөр Н ахын утас руу залгасан чинь холбогдохгүй байсан.Тэгэхээр нь Оюунцэцэг эгчрүү залгаад “Э.Б тантай ярина гэнээ” гээд өгсөн чинь манай нөхөр согтоод “хэн бэ” гээд байхаар нь утсыг нь аваад “та яагаад ийм байсан байж надаар уучлалт гуйлгаад байсан юм бэ ?Ийм муухай байж болохгүй шдээ” гээд би утсаа тасалсан.Тэгсэн чинь маргааш нь орой 17 цагийн үед манайд Н ах,Оюунцэцэг эгч ,Моолоо гэдэг ахтай тэр гурав манайд ирсэн.Тэр үед манай нөхөр хонио эргүүлчихээд араас орж ирсэн .Тэгсэн чинь Н ах “юу болоод байгаа юм бэ ?” гэж асуугаад “чи манай эхнэртэй унтаж хэвтдэг байсан нь үнэн юм уу ?” гэсэн чинь манай нөхөр “үгүй ээ худлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Н ах нэг удаа цохиод авсан. Тэгээд Н ах хутга авчирч “ална чамайг” гэхээр нь би айгаад эгч рүүгээ залгаад Цагдаагийн утасны дугаарыг асуусан чинь Болор-Эрдэнэ эгч “мэдэхгүй” гэсэн. Тэгээд ярьж
дуусчихаад байж байсан чинь Оюунцэцэг эгч “орж учраа ольё” гээд гэрлүү орсон. Гэрт очоод байж байсан чинь манай нөхөр гарч яваад малаа эргүүлчихээд эргээд ирсэн юм.Тэгээд дахиад ирэхэд Н ах дахиад “үнэн юм уу” гэж асуусан чинь манай нөхөр бас “худлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үнэн биздээ чи надад өөрөө хэлсэн биздээ” гэсэн чинь Н ах машинаасаа авчирсан цэнхэр өнгийн цаасны хутгаар манай нөхрийн гэдэс рүү нь нэг удаа хатгах шиг болсон. Тэгсэн чинь манай нөхөр “ёо” гээд эвхрээд унасан юм.Тэгэхэд Моолоо ах Н ахыг аваад гарсан. Би тэгээд нөхөртэйгөө сумын төвийн эмнэлэг дээр ирсэн ийм л асуудал болсон .Н ах манайд ирэхдээ согтуу байсан .Харин Оюунцэцэг эгч эрүүл байсан. Манай нөхөр Нтай хэрүүл маргаан хийж байгаагүй. Манай нөхрийг Н ах баруун гараараа толгой хэсэгт нэг удаа цохиулаад гараад явсан. Гарч явахдаа “би тэгвэл үхчихье” гээд гэрээс гарсан. Н мөн адил уурлаад машинаас хутга аваад “ална” гээд хашгираад байсан. Би тэгээд нөхрийнхөө араас гартал манай хүн хонь руугаа явсан байсан.Ингээд би сумын цагдаа дуудлага өгөх гээд Болор-Эрдэнэ эгч рүү утсаар ярьж асуухад манай эгч “цагдаагийн дугаарыг мэдэхгүй” гэсэн.Тэгээд удалгүй манай нөхөр хонио туугаад гэртээ орж ирээд байж байтал Н ах дахин “манай эхнэртэй унтаж хэвтсэн юм уу” гэж асуухад Э.Б “үгүй” гэсэн.Тэгэхээр нь би нөхөртөө “чи худлаа хэллээ,чи надад үйлдлээр хэлсэн биздээ” гэсэн чинь Н ах орон дээр сууж байгаад босож цаасны хутгаар гэдэс хэсэгт нь нэг удаа хатгасан. Энэ үед манай нөхөр газар шалан дээр эвхрээд унасан .Моолоо Н ахыг гэрээс аваад гарсан. Тэгээд би Оюунаа эгч рүү “таниас болж миний нөхөр үхчихлээ” гэж дайрсан .Тэгсэн Оюунаа эгч намайг маажсан. Би “нөхөрт туслаач би машинд оруулах нөхрөө дийлэхгүй байна” гэтэл энэ гурав аргаж машин руу оруулсан.Тэгтэл манай нөхөр машиндаа суугаад намайг дуудаад би сумын эмнэлэгт ирсэн. Би Н ,Оюунцэцэг нарыг сайн танина. Оюунцэцэг эгч манай эмээгийн дүүгийн хүүхэд байгаа юм.Бид нар хоорондоо төрөл садангийн холбоотой. ...гэх мэдүүлэг, ./хх-ийн 22-23-р ху/, 7.Гэрч С.Болор-Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би А, Э.Б, Н, Оюунцэцэг нарыг танина А миний төрсөн ахыг том охин нь байгаа юм .Э.Б, Агийн нөхөр,Оюунцэцэг манай ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Н Оюунцэцэгийн нөхөр нь байгаа юм.Бид нар төрөл садангийн холбоотой.Намайг хөдөө гэрээс сумын төв рүү машинтай явж байхад 2020 оны 01 дүгээр сарын 13ний орой 18 цагийн үед манай ахын том охин А “би гэрээсээ гараад сүлжээ ордог газар гарч ирээд ярьж байна, цагдаагийн дугаар байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “яасан юу болсон бэ?” гэсэн чинь юм ярилгүй “зүгээр зүгээр анай” гээд уйлсан байдалтай яриж байсан.Надад манай дүү А нэг жилийн өмнө манай нөхрийг Оюунцэцэг эгч дагуулж авч яваад архидуулаад байна.Тэгээд нөхрөө авах гээд Оюунцэцэг эгчийнд очсон чинь “чамд энэ хүн яаж явах нь ямар
хамаатай юм бэ, гэрлүү яв гээд хөөж байсан” талаар ярьж байсан.Бас нэг өдөр Агийн гэрт Оюунцэцэг ирчихээд нөхрийг нь “намайг хүргээд өгөөч” гээд дагуулж авч явах гээд байсан талаар ярьж байсан. Өөр юм ярьж байгаагүй. Энэ хоёр хоорондоо гайгүй сайн харилцаатай байдаг гэж боддог. Тэгэхээс муудалцаж хэрүүл уруул хийдэг байсан талаар мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/, 8.Гэрч Б.Моломжамцын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр 15 цагийн үед Цагааннуур сумын иргэн Нтай би согтуу архи уусан явж байгаад “Наран” хүнсний дэлгүүрийн үүдэнд таарсан. Ингээд би Нын машинд суугаад сумын төвд “Ноён Уул” хүнсний дэлгүүрийн үүдэнд Мөнхтөртэй таараад Мөнхтөр, Наар шил 0.5 литрийн “Хараа” архи авахуулаад Н бид хоёр Мөнхтөрийн гэрт очиж нөгөө дэлгүүрээс авсан архи хувааж уусан.Тэгээд би Мөнхтөрийн гэрээс гараад Нын машины ард суугаад тасраад унтсан.Намайг Нын машины ард унтаад байж байтал хүн орилоод байхаар нь би сэрээд машинаас гараад байж байтал миний урдаас Н эхнэрийнхээ хамт машиндаа суугаад ирэхээр нь би гэртээ хүргүүлсэн. Би Э.Бын гэрт ороогүй, гадаа харанхуй болсон байсан. Би Ныг танина, манай сумын залуу гэдгээр нь мэднэ .Харин эхнэрийн танихгүй.Би энэ хоёр хүнийг ерөөсөө танихгүй.Би ерөөсөө хэрүүл маргаан хийснийг мэдээгүй, тухайн үед архи уугаад тасарсан байна лээ .Нын машин дотор бид хоёр бас Нын эхнэр бид гурваас өөр хүн байгаагүй .Тэгээд Н намайг гэрт хүргэж өгөөд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/, 9.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №44 шинжээчийн дүгнэлт: 1.Э.Бын биед хэвлийн өмнөд хананд зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо . 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 30-р ху/, 10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 02-10-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 29-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 30-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 31-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 32-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар
татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 46-47-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 54-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 55-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, /хх-ийн 70-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч О.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн иргэн Э.Бтай хэрүүл маргаан үүсгэж хэвлийн тус газар цаасны хутгаар нэг удаа хатгаж “хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, / мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Нын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч О.Нт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохиролгүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзсэн болно. Шүүгдэгч О.Нын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э:Э.Бын биед хөнгөн хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч О.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналын дагуу шүүгдэгч О.Нт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч О.Нын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай цаасны хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Нын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.Нт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч О.Н нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай цаасны хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч О.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН