Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

    2020         06             25                                       2020/ШЦТ/632

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Э-н Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, өвөө, эх,  2 дүү нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр өргөө гудамж, ** байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Г овогт Э-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***” гэх цайны газрын гадна хохирогч Ц.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж, биед нь зүүн зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө хамт ажиллаж байсан Г, А, И гуравтай 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад гэр рүүгээ харих замдаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” цайны газарт орж ганцаараа хоол идээд 02 цагийн үед гарч ирээд үүдэнд нь тамхи татаад зогсож байтал хажууд зогсож байсан улаан куртиктэй болон десант куртиктэй 2 залуугийн улаан хүрэмтэй залуугаас нь “цаг хэд болж байна” гэж асуутал десант куртиктэй залуу нь “зайл пизда минь” гэхээр нь би “чиний нүдэнд пизда шиг харагдаад байна уу” гэж хэлтэл намайг заамдаад гэр хороолол руу орж зодолдоё гэж хэлэхээр нь би чамтай зодолдохгүй, харьж унтмаар байна гэж хэлэхэд намайг тавьсан. Тэгээд такси барих гээд гараа өргөөд зогсож байтал гэнэт десант хүрэмтэй залуу миний нүүр рүү гараараа 2 удаа цохьчихоод зугтах гэхээр нь хүрэмнээс нь зуураад тавихгүй барьж байтал урдаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж байсан. Би тухайн хүмүүст “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн... Би ажилдаа 5 хоног явж чадаагүй. Нэг гараа нь 50.000 төгрөгийн цалинтай. Миний зүүн нүдэнд сорви үлдсэнд гомдолтой байна... Эмнэлгээр явсан бүх зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12-рт/,  

гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би хэрэг гарсан шөнө ахлагч Б-н хамт *** чиглэлд буюу  хорооллын эцэс орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёрт дуудлага ирээгүй, манай ажлын хэв журмын ахлах байцаагч цагдаагийн ахмад Ө болон дэд ахлагч Х нар Б бид хоёрыг “хүрээд ир, хүн эрүүлжүүлэх рүү аваад яв” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр яваад очтол зодолдсон зодуулсан гээд 3 хүн хүлээлгэн өгсөн. Тэр хүмүүсийг нь автомашиндаа суулгаж аваад хорооллын эцэст байрлах “**” нэртэй караоке руу дуудлаганд явсан. “**” караокед очоод тухайн 3 залууг аваад караоке руу орж дуудлага өгсөн хүмүүстэй уулзаж байгаад нэг хартал нөгөө зодуулсан гэх залуу ирээд “бид нар учраа олохоор боллоо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дуудлагаа шийдчихээд караокегоос гартал нөгөө зодуулсан гэх залуу “нөгөө хүмүүс чинь явчихаж, би гомдол гаргамаар байна” гэж хэлсэн. Тэгээд ахлагч Б ямар журмаар гомдол гаргадаг талаар нь тайлбарлаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Б-ийн биед зүүн зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх байх боломжтой.  

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-23-рт/ гэжээ.

 

шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө найз Г-н хамт хорооллын эцэст байдаг караокед сууж байгаад караокеноос гараад тамхи татаад зогсож байгаад нэг залуутай маргалдсан. Гэхдээ тухайн залуутай ямар шалтгаанаар маргалдсан талаараа санахгүй байгаа. Би тэр залуутай маргалдаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “**” гэх цайны газрын гадна хохирогч Ц.Б-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, биед нь зүүн зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Б-ийн “...Намайг такси барих гээд гараа өргөөд зогсож байтал десант хүрэмтэй залуу миний нүүр рүү гараараа 2 удаа цохичихоод зугтах гэсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Б-н “...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө найз Ган-Эрдэнийн хамт хорооллын эцэст байдаг караокены гадна тамхи татаж байгаад нэг залуутай маргалдсан. Тэгээд би тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт хохирогч Ц.Б хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул хохирогчийг хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдлыг харгалзан Э.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Э.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Г овогт Э-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ