Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

    2020          06              29                                      2020/ШЦТ/644

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н-н Г-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 07-ны өдөр *** аймгийн **суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, **** багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/, Ш овогт Н-ийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод хохирогч П.Б-г заазуураар зүсэж, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, зүүн шилбэ, баруун тавхайд шарх, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Б бид хоёр байр түрээсэлж амьдардаг байсан ба хэрэг гарах үед байрны түрээсийн гэрээ дууссан тул хашаа байшин руугаа нүүсэн байсан. Би охиныхоо хүүхдийг харж, харин Б гэрээ нүүлгэхээр явсан. Тэгээд 3 хоногийн дараа Б-тай утсаар ярихад “найзынхаа гэрт архи ууж байна” гэж хэлсэн. Гэтэл утсаар ярьж дууссаны дараа Б утсаа таслаагүй орхисон байсан ба яриаг нь чагнахад Б нэг эмэгтэй хүнтэй “хайртай шүү” гэх мэтээр ярьж байсан. Иймд би юу болоод байгааг мэдэхээр гэрт нь очоод хаалгыг нь тогшиход хаалгаа тайлахгүй байсан учир жижиг цонхыг нь хагалж байгаад хартал Б орноос босоод хувцсаа өмсөж байгаа байдалтай зогсож байсан. Би гэрт ороод орон дээр байсан хөнжлийг нь сөхөхөд өмнө нь Б-тай хамт байсан эмэгтэй хэвтэж байсан. Тэр үед би Б, П.Б нарын ямар харилцаатайг ойлгож уурлахад П.Б намайг хараагаад байхаар нь нурууны маажуураар толгой руу нь 4-5 удаа цохиход миний өөдөөс өшиглөсөн. Б миний гараас нурууны маажуурыг авсан тул ширээн дээр байсан заазуурыг аваад П.Б-гийн зүүн шилбэнд нэг удаа, баруун өсгийнд нэг удаа заазуурдаад, ширээн дээр байсан аягатай хоолыг Б руу шидчихээд гараад явсан. Гараад явж байхдаа Бын машины цонхыг нь хагалчихсан. Энэ бүх үйлдэл хоромхон хугацаанд болж өнгөрсөн...” гэв.

 

Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хааяа уулзаж, учирдаг Б гэх өвгөн намайг дуудахаар нь гэрт нь явж очтол Б ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд Б бид хоёр хамт хоол хийж идчихээд архи ууж байгаад орой болсон тул би тэдний гэрт нь хонохоор болоод би хувцсаа тайлаад дотуур хувцастайгаа орон дээр хэвтсэн. Харин Б унтчихсан. Гэтэл удалгүй хаалга нүдээд, цонх хагарах чимээ гарахаар нь Б босч хаалга онгойлготол нэг эмэгтэй орж ирээд ширээн дээрээс аяга авч шидсэн. Мөн  ширээн дээрээс нурууны маажуур аваад миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиход миний толгой хагарч цус гарсан. Тухайн үед би орилж, тийчилж байтал нөгөө эмэгтэй ногоон иштэй заазуур аваад миний баруун хөлийн ул хэсэгт 1 удаа, зүүн хөлийн шилбэ хэсэгт 1 удаа цавчиж, цохьчихоод гараад явчихсан. Энэ үйл явдал 30 секунд орчим болж өнгөрсөн. Тэгээд миний ухаан санаа балартаад хэвтэж байтал Б-ын хүүхдүүд ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд оёдол тавиулсан. Би 349.510 төгрөг хүлээн авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/,

 

гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ амарч байтал аав Б залгаад “хүн ирээд машины цонх хагалаад, Б-г заазуурдчихлаа, миний хүү ирээд Б авчих” гэж ярихаар нь энэ талаар нь эгч Б.Н рүү залгаж хэлсэн. Тэгээд эгчтэйгээ уулзаад аавын гэрт ирсэн. Аавын гэрт ирээд хашаа руу нь ороход аавын машины шилийг хагалчихсан, үүдний таамбар нь онгорхой, гэрийнх нь хаалганы гадна талын бариулыг хугалаад хаячихсан байсан. Дотогш ортол шал нь цус болчихсон, аав Б нь Б гэдэг хүний цусыг тогтоох гэж байгаа бололтой, цагаан даавуунууд урчихсан байсан. Б гэдэг хүн гэрийн хойд талын хана дагуу байдаг орны урд сөхрөөд сууж байсан. Намайг юу болсон талаар асуутал аав “Г ирээд гэрийн эд зүйлс эвдээд, энэ хүнийг заазуурдаж цус нөжтэй нь хутгачихаад явчихлаа” гэж хэлсэн. Б гэх хүнийг хартал царай нь цонхийчихсон, толгойноос нь цус их гарсан байдалтай байсан тул түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Би Б гэдэг хүнийг эмнэлэгт үзүүлэхэд “толгойн ясандаа хүрсэн шархтай байна, толгойнд нь заазуурны шарх байна, мөн толгойноос нь аяганы хэлтэрхий гарч ирлээ” гэж хэлсэн. Мөн баруун хөлийн өсгий хэсэг нь ясандаа хүртэл заазуурдуулсан, зүүн хөлийн шилбэ хэсэгт гүехэн заазуурдуулсан шархтай байна гээд оёдол тавиад, толгой, хөл, өсгий, шилбэ хэсгийн рентгэн зураг авахуулж, баруун хөлийн өсгий хэсэгт гипс тавьсан. Рентгэн зураг аваад алхаж, гишгэж болохгүй, хэвтрийн дэглэм барьж, яаралтай MRI зураг авахуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-рт/,

 

гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед манай гэрт 1 шил архи, хүнсний зүйл авч ирсэн. Ингээд бид 2 авчирсан архийг нь ууж дуусгаад надад байсан тал шилтэй архийг ч бас уусан. Ингээд хамт хэвтэж амарсан. Орой 17 цаг 30 минутын үед хамтран амьдрагч Г утсаар залгаад хаана байгаа талаар асуухад нь би “найз Түндэгийн гэрт архи ууж байна” гэж худал хэлсэн. Тэгээд хэвтэж байтал гэнэт байшингийн таамбартай талын жижиг цонх хагараад хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол Г байсан бөгөөд надад “чи заваарч явлаа, араар тавьлаа” гэж уурлаад орон дээр хэвтэж байсан Б-ийн үснээс нь зулгаагаад ширээн дээр байсан гутлын өсгийвчийг аваад ирмэгтэй талаар нь Б-ийн толгой руу цохиод толгойг нь хагалчихсан. Би тэднийг салгах гэтэл намайг түлхэж унагаасан. Би согтуу байсан болохоор хурдан босч чадаагүй. Тэр үед Б орилж Г руу дайртал Г Б ор руу түлхэж унагаасан. Г зуухны хажууд байсан заазуурыг авч Б руу дайрсан. Тэр үед Б хөлөөрөө тийчлээд байсан бөгөөд 2 хөлийг нь заазуураар цохиход цус гарсан. Г гэрээс уурлаад гараад явсан. Цонхоор хартал миний машины баруун талын хаалганы 2 цонх, урд салхины шилийг сүхээр цохьчихоод явсан... Г машины хаалганы 2 ширхэг цонх, урд талын салхины шилийг хагалсан. Г бид 2 гэрлэлтийн баталгаагүй ч хамтран амьдрагч тул тухайн машин бид хоёрын дундын хөрөнгө. Иймд би машины цонхийг үнэлүүлэхгүй. Надад ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай

1. П.Б-гийн биед дух, зүүн шилбэ, баруун тавхайд шарх, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид алдагдуулахгүй. /хх-ийн 39-40-рт/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон алаг өнгийн хуванцар 12 см иштэй, 27 см

урттай 6 см өргөнтэй  заазуур дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

  1. Ногоон алаг өнгийн хуванцар 12 см иштэй, 27 см урттай 6 см өргөнтэй

заазуур дээрх цусны бүлгийн харъяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.

  1. Биологийн ул мөр гэсэн гялгар ууттай 2 ширхэг марль дээр цус болон

биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 42-43-рт/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би ** дугаар хороололд охиныхоо хүүхдийг хараад байж байсан. Тэгээд 17 цаг 28 минутад Б-тай утсаар ярихад “явсан ажил бүтсэнгүй, гэрт даараад байхаар нь найз Т-д архи уугаад сууж байна, энд хононо” гэж хэлсэн. Б “за баяртай” гэж хэлчихээд гар утсаа таслахгүй тавьчихсан. Тэгэхээр нь би утсыг нь чагнаад байж байтал нэг эмэгтэйтэй хөхрөлдөөд “авгай байна, хайраа” гэж хэлээд бие биеэ үнсээд байгаа дуу нь сонсогдсон. Тэгэхээр нь миний хардах сэтгэл оволзоод, араараа тавиулж байгаагаа мэдээд охин А руу залгаад “хоёр хүүхдээ авах боломж байна уу, надад яаралтай ажил гарлаа” гэж хэлээд хоёр зээгээ охиныхоо ажил дээр аваачиж үлдээгээд Б-ын гэрт очиход Б-ын машин хашаанд байсан. Байшингийн хаалга нүдэхэд онгойлгохгүй байсан. Би амбаарын хаалгыг нь таттал цоож нь мултарч онгойсон. Бүргэд хаалгыг нь цохиход хаалгаа онгойлгохгүй байхаар нь түлээний сүхийг аваад байшингийн жижиг цонхийг хагалаад шагайж хартал Б хувцсаа өмсөөд зогсож байсан. Тэгээд хаалга нүдэхэд Б өөрөө хаалга онгойлгохоор нь байшин руу орсон. Орон дээр хүн байхаар нь харах гээд хөнжлийг нь татахад өмнө нь Б-тай явалдаж байсан авгай хагас нүцгэн хэвтэж байсан. Би түүнийг үснээс нь зулгаагаад орноос буулгахад тэр эмэгтэй “янхан минь” гэж хэлээд өшиглөх үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би орны өмнө байрлах ширээн дээр байсан нурууны маажууртай гутлын өсгийвчийг аваад зориуд ирмэгтэй хэсгээр нь тэр хүүхний толгой хэсэгт цохиход толгой нь хагарч цус гарсан. Тэгээд над руу дайрахаар нь түүнийг түлхэж орон дээр унагаасан. Унахдаа миний барьж байсан өсгийвчийг шувтарч аваад өөдөөс шидсэн боловч онож чадаагүй. Би хажуу тийш хартал ногоон иштэй заазуур харагдахаар нь тухайн заазуурыг аваад өөдөөс нь очтол хөлөө өшиглөөд байхаар нь зүүн гартаа барьсан заазуураар зүүн хөлийн шилбэ хэсэг, баруун хөлийн ул хэсгийг нь зүсчихсэн. Гэтэл тэр хүүхэн миний өөдөөс саладтай шилэн сав шидэхээр нь бултаад байшингаас гараад амбаарт байсан сүхийг барьж аваад гадаа тавьсан байсан цагаан өнгийн машины баруун талын хаалганы 2 шил, урд талын салхины шилийг нь цохьчихоод явсан. Би эр, эмийн хардалтаас болж тэр эмэгтэйн биед халдсан. Хийсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52-рт/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 71-75-рт/,

Хохирогч П.Б-гийн гаргасан хүсэлт /хх-ийн 76-рт/,

 

Шүүгдэгч  Н.Г-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60-рт/,

- Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн тодорхойлолт /хх-61-рт/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

 

Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, *** хохирогч П.Б-г заазуураар зүсэж, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, зүүн шилбэ, баруун тавхайд шарх, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзлээ.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Г.Б нь шүүгдэгчээс 349.510 төгрөг хүлээн авсан, цаашид гарах зардлаа нэхэмжлэх талаар мэдүүлсэн байх тул энэхүү гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ггаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан тул ялаас чөлөөлж өгнө үү гэх санал, хүсэлтийг тус тус гаргав.

 

 Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан ялаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Шүүгдэгч Н.Г-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий байна. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох бөгөөд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Түүнчлэн, шүүгдэгч нь түлээний сүх авч байшингийн цонхийг хагалж улмаар гэрт орж хохирогчийн үснээс нь зулгаах, нурууны маажууртай гутлын өсгийвчийг авч толгой хэсэгт цохих, заазуураар хөлийг нь зүсч гэмтээсэн мөн гэрээс гарч сүх авч машины шилний цонхыг хагалах гэх зэргээр идэвхтэй хууль бус үйлдэл хийсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүх ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрх санлыг мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага

болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ш овогт Н-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Г-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Н.Г-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 сантиметрийн урттай, ногоон өнгийн иштэй, бариул хэсэг 11 сантиметр, ажлын хэсгийн урт 16 сантиметр, өргөн 6 сантиметр 1 /нэг/ ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ