Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 656

 

 

 

 

 

 

    2020         07              02                                        2020/ШЦТ/656

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г-н О-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр гудамжны 192 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Г-ын О.

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” зочид буудлын *** тоот өрөөнд маргааны улмаас М.Э-г зодож хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, хацар, хүзүүнд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” зочид буудлын *** тоот өрөөнд маргааны улмаас М.Э-н зодож хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, хацар, хүзүүнд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.О-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед манай найз нар эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээр хороололд байдаг “***” гэдэг зочид буудалд хоёр өрөө авсан. Тэгээд байж байтал О болон Н нар ирсэн. Тухайн буудлын 501 тоот өрөөнд О, З, А, Н бид нар үлдсэн ба нөгөө охидууд гараад өөр өрөөнд орсон. Тэгээд бид нар архи, пиво хувааж уусан. 2 цагийн үед Н гаднаас уух юм авах гээд гартал О хэл амаар доромжилж байгаад миний хөхний даруулгыг шувтлаад авахаар нь түүний цээж рүү гараараа түлхсэн. Гэтэл орон дээрээ хойшоо савчихаад босч ирээд намайг түлхэж, үснээс зуурсан. Мөн гараараа миний нүүр рүү цохисон.  Би гартай нь зууралдтал миний нүдний доод хэсгээс гараараа самардсан. О миний дээр гарч суугаад өмдөө бохирдуулчихаад намайг буруутгаад, миний өмдийг тайлж авсан ба өөрийнхөө өмдийг надад өгсөн. Би гэртээ ороод нүүрээ хартал хамар хажуу тийш мурийсан байсан. Надад учирсан гэмтэл одоо эдгэрсэн. О бид хоёр найзууд тул хоорондоо эвлэрсэн. Иймд ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 39-40-рт/,

 

Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 12 цагийн үед хорооллын эцэст байдаг “***” нэртэй буудалд очтол манай найз нар хоёр өрөөнд хуваагдаж орсон байсан. Бид хоёр *** дугаартай өрөөнд орсон. Тэгээд тухайн өрөөнд З, А өөр нэг танихгүй охин байсан. Тэгээд удалгүй гаднаас нэг пиво авч өгсөн. Тэгээд ахиж гадаа гараад уух юм аваад эргээд иртэл Э О-тай маргалдсан гэж хэлээд хажуугаар утсаар яриад цагдаад дуудлага өгч байсан. Э-н харахад зүүн нүд нь доороо жаахан улайж, шалбарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. М.Э-т хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, хацар, хүзүүнд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-23-рт/ гэжээ.

 

Хохирлын баримт /хх-ийн 37-рт/,

Хохирогч М.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64-рт/,

 

Шүүгдэгч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой найз Н-тэй хамт хорооллын эцэст байдаг “Ану марал” гэдэг зочид буудлын 502 тоотод очсон. Тухайн өрөөнд 9 хүн байсан. Н бид хоёр гаднаас “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво аваад тухайн пивог хамт ууцгаасан. А, Э, З, З-ийн найз, бид 5 өрөөнд сууж байхдаа тоглоод Э гэх найзынхаа хөхний даруулга тайлаад авчихсан юм. Гэтэл Э уурлаад маргаан гарсан. Тэгээд намайг түлхэж орон дээр унагаагаад дээр гарч ирээд суухад А боль гэж байсан. Намайг хоёр удаа гараараа цохисон тул би зөрүүлээд өөрийг нь түлхэж газар унагаагаад үснээс нь зуураад газар мөргүүлэх гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд нүүр орчим нь гараараа нэг удаа цохьсон. Мөн нүднийх нь оройлцоо базтал хамт байсан А намайг салгасан. Э гадаа гараад цагдаа дуудаад байсан. Дараа нь цагдаа нар ирээд Э, Н бид гурвыг аваад хорооллын эцэст байдаг цагдаагийн хэсэг дээр очсон... Би нүүрний доод хэсэгт нь маажсан. Энэ үед хацарт зулгаралт гээд байгаа гэмтэл учирсан байх. Харин хамар ясны хугарал гэдэг нь үсдэж зуурах үедээ нүүр рүү нь нэг удаа гараараа цохиход учирсан байх. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-4-рт/,

 

Шүүгдэгч Г.О-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-рт/,

- бакалаврын дипломын хуулбар /хх-99-101-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49, 52-рт/,

- “***” ХХК-ийн тодорхойлолт /хх-86-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.О-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч М.Э нь хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй талаарх баримт /хх-ийн 40-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Г-ын О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ