Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

 

    2020         07               02                                       2020/ШЦТ/657

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Л.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Л.н Р-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                        

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, А овогт Л-ийн Р.

 

Шүүгдэгч Л.Р  нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй зочид буудлын гадна “хэрүүл, маргаан хийлээ” гэх шалтгаанаар  иргэн Э.А-ийн биед халдаж, түүнд баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Р ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Л.Р т холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Л.Р т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Р  нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй зочид буудлын гадна “хэрүүл, маргаан хийлээ” гэх шалтгаанаар  иргэн Э.А-н биед халдаж, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Л.Р  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “А” гэх нэртэй буудалд Б, БямБбаа нартай уулзаад хоёр шил пиво уучихаад Б бид хоёр явлаа гээд буудлаас гараад хуурай ах З автомашин дотор сууж байтал үл таних согтуу хоёр эрэгтэй хүн ирсэн. Тэгээд нэг нь намайг хэл амаар доромжилсон тул би тухайн эрэгтэйд хандаж “чи цааш яв, би цагдаа дуудлаа” гэж хэлтэл явахгүй байхаар нь айлгах гээд “би цагдаад ажилладаг” гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй явахгүй байхаар нь машинаас буугаад гар утсаараа оролдож байтал анх намайг хэл амаар доромжилсон эрэгтэй миний баруун талын хацар руу гараараа нэг удаа цохиж газар унагааж байгаад толгой руу хөлөөрөө маш олон удаа өшиглөж байгаад зугтаацгаасан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 117-рт/,

 

гэрч Ч.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 05 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн Э-н замаар дээш өгсөөд “Таац” нэртэй дэлгүүрийн орчимд миний эзэмшлийн **-** УНН улсын дугаартай соната 6 маркийн тээврийн хэрэгсэлд А бид хоёр сууж байсан. Гэтэл **-** дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних 3 эрэгтэй хүн, буугаад ир охидууд минь гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тухайн үл таних эрэгтэй миний тээврийн хэрэгсэл рүү ирсэн. Тухайн үед миний машины цонх онгорхой байсан. Тэгээд миний куртикний энгэрээс заамдаж, боосон. Гэтэл үл таних эрэгтэйтэй хамт явж байсан нэг эрэгтэй А-г машинаас татаж буулгаад зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/,

 

гэрч М.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Р-тай хамт зочид буудалд үйлчлүүлээд 11 цагийн орчимд тухайн буудлаас гарсан. Тэгээд өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суух явцад үл таних хүмүүс тээврийн хэрэгсэл дотроосоо гөлөг минь гээд орилоод байсан. Гэтэл Р үл таних хүмүүс дээр очоод тухайн хүмүүсийн тээврийн хэрэгсэлд суугаад нэг эрэгтэйтэй нь маргалдаж, бие биеэ цохилцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6041 дугаартай дүгнэлтэд: 1. Э.А-н биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацранд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.  Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 38-39-рт/гэжээ.

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-25-рт/,   

Шүүгдэгч Л.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэг гарсан өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хамт явж байсан Лхагва болон хяналтын камерийн бичлэг зэргийг үзэхэд хохирогч Э.А-н газар унагааж байгаад хөлөөрөө өшиглөж, дэвсэж байсан. Би тухайн эрэгтэйн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51рт/,

 

Шүүгдэгч Л.Р-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-рт/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-рт/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.Р-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Э.А нь хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй талаарх баримт /хх-ийн 117-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Л.Р ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. А овогт Л-н Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Р-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Р-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Р  нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Р-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ