| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2016/02110/И |
| Дугаар | 184/ШШ2017/00085 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2017/00085
2017 оны 01 сарын 09 өдөр Дугаар184/ШШ2017/00085 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** байрлах, “******* *******” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***** оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:******/-д холбогдох,
“Үйлчилгээний хөлс 1,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр М.******* өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “******* *******” ХХК болон “******* *******” ХХК нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнээс үүдэлтэй маргаанд “******* *******” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцсон. Гэрээ байгуулаад удаагүй байхад хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй байна гэж хэлсэн.
Учир нь Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан нотариатч багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно гэж заасан байдаг учраас мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд Хуульчдийн холбоонд хамаарахаас бусад албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно гэж заасан байдаг учраас би хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж хэлсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр болмогц хөлсийг төлнө гэснээр М.******* өмгөөлөгчийн Хаан банкны 5022310750 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. М.******* нь 1,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буцаан өгсөн. Манай байгууллага нь дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр болон өмгөөлөгчөөр оролцох шаардлагатайг тусгасан боловч тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зорилго биелэгдээгүй, үйлчлүүлэгчийн хүсэл зориг бүрэн хангагдаж чадаагүй гэж үзэж байгаа учраас М.******* өмгөөлөгчөөс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
М.******* өмгөөлөгч хэргийн харьяаллыг буруу тодорхойлсноос 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШТ2016/03372 дугаартай хүсэлт хянан шийдвэрлэж хэрэг шилжүүлэх тухай захирамж гарч хэргийг Хан-Уул дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлсэн шүүгчийн захирамжаар нотлогдож байна. Хариуцагчийн хаягийг захирлын зүгээс хэлсэн боловч өмгөөлөгч нь хариуцагчийн хаягийг өөрөө зөв олж тогтоон харьяаллын дагуу шүүхэд өгөх ёстой байсан.
Энэ нь үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг бүрэн хангаж чадаагүй шүүхэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж өгсөн нь чанаргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн.
Иймд өмгөөлөгч М.*******гаас өмгөөллийн үйлчилгээний хөлсний үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэ-Зориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Үйлчилгээний хөлсийг хариуцагч М.******* нь эргүүлэн төлөх үндэслэлгүй юм. Учир нь өмгөөлөгч М.******* нь гэрээний дагуу “******* *******” ХХК болон “******* *******” ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ барьцааны гэрээнээс үүдэлтэй маргаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг цуцлах, цуцалснаас үүдэлтэй хохирлыг нэхэмжлэх, газар чөлөөлөх ажлын хүрээнд үйлчлүүлэгч “******* *******” ХХК-ийн захирал Ш.Алтантуулын мэдээллийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар нэхэмжлэлийг харьяаллын дагуу шүүхэд гаргасан.
Ингэхдээ өмгөөлөгч М.******* нь хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн төсөл боловсруулах, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн тус компанид 2016 оны 5 дугаар 26-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргах өргөдлийн төсөл боловсруулан хүргүүлэх мөн 2016 оын 7 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн ажилтны ажил үүргийн хуваарийг хянан боловсруулах 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төслийг боловсруулан өгсөн байдаг.
Мөн тус компаний захирал Ш.Алтантуулд компанитай холбоотой асуудлын талаар утсаар холбогдон удаа дараа зөвлөгөө өгсөн байдаг. Дээрх ажлууд нь хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудаар, хэрэгт авагдсан шүүгчийн захирамж мөн М.*******гаас өөрийн и-мэйл хаягаар явуулсан “******* *******” ХХК-д явуулсан өргөдлийн болон гэрээний төсөл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Мөн талуудын байгуулсан гэрээнд хөлсийг буцаан төлөх тохиролцоо байгаагүй бөгөөд талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсноор хөлсийг шилжүүлнэ гэсэн байдаг. Талуудын харилцан тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хуульд заасан үндэслэлээр гэрээ байгуулагдсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэсэн. Хэрвээ тухайн үед харьяалал зөрчсөн байвал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Мөн Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба гэрчилгээнд “******* гранд” ХХК нь Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг болох нь тогтоогдсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн ба шилжүүлсэн үндэслэл нь өмгөөлөгч М.*******г чанаргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэл болохгүй.
Өмгөөлөгч нь нотариатын үйлчилгээ үзүүлэх болсонтой холбогдуулан гэрээнээс татгалзсан ба үйлчлүүлэгчид энэ тухайгаа мэдэгдсэн. Хариуцагч М.******* нь гэрээний хугацаанд үйлчлүүлэгчид 2,000,000 төгрөгөнд тохирох хангалттай хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн. Уг мөнгөө нэхээд байхаар 1,000,000 төгрөгийг нь буцаан өгсөн. Түүнээс хийсэн ажлын хөлсөө одоо буцааж төлөх үндэслэлгүй.
Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс өгсөн хаягийн дагуу шүүхийн харьяаллын дагуу нэхэмжлэлийг холбогдох шүүхэд гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн төлбөр 1,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г бичгээр байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар М.******* нь “******* *******” ХХК болон “*******ба гранд” ХХК-иудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 01 тоот “Хамтран ажиллах гэрээ”, 02 тоот “Барьцааны гэрээ”-нээс үүдэлтэй маргаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээ цуцлах, гэрээ цуцалсантай холбоотой үр дагаварыг арилгуулах, хохирол төлбөрийг нэхэмжлэх, газар чөлөөлүүлэх, шүүхэд гомдол гаргаж эцэслэн шийдвэрлүүлэх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр нотлогдож байна.
Дээр дурьдсан гэрээнд зааснаар хууль зүйн үйлчилгээ үзүүлэх ажлын нийт хөлс нь 10,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд “******* *******” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт М.*******д 2,000,000 төгрөг төлсөн, М.Амарсанаа нь урьдчилгаа төлбөрөөс 1,000,000 төгрөгийг “******* *******” ХХК-д буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч М.******* нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх болсонтой холбоотойгоор Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар “******* *******” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч М.******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох хүртэл хугацаанд нэхэмжлэгч “******* *******” ХХК-д хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж Хан-Уул дүүргийн шүүхэд “*******ба гранд” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэл бичиж гаргасан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өмгөөлөгч хэргийн харьяаллыг буруу тодорхойлсноос хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээс Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн. Хариуцагчийн хаягийг захирлын зүгээс хэлсэн боловч өмгөөлөгч нь хариуцагчийн хаягийг өөрөө зөв олж тогтоон харьяаллын дагуу шүүхэд өгөх ёстой байсан. ... шүүхэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж өгсөн ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... хууль зүйн зөвлөгөө өгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хаягийг үйлчлүүлэгчээс өгсөн мэдээллийн дагуу бичиж харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан ...” гэж тайлбарлажээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг шилжүүлэх тухай” 3372 дугаар захирамжаар “******* *******” ХХК-ийн “Барьцааны гэрээ дуусгавар болгож, газар чөлөөлүүлэх, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай” нэхэмжлэлтэй, “*******ба гранд” ХХК-д холбогдох иргэний хэргийг “... хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд бүртгэлтэй ...” гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Дээр дурьдсан маргаан бүхий иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч М.******* нь “******* *******” ХХК-ийн захирлаас өгсөн “*******ба гранд” ХХК-ийн хаягийн талаарх мэдээллийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хариуцагчийн бүртгэлтэй хаягаар иргэний хэргийг шилжүүлсэн нь М.*******г хууль зүйн үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд М.Амарсанаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй бөгөөд уг нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “... өмгөөлөгч хэргийн харьяаллыг буруу тодорхойлсон, шүүхэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан ...” гэх үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр үүсэж буй харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” гэж заажээ.
Хуульд зааснаар хариуцагч М.******* нь “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд заасны дагуу гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлах хүртэл хугацааны хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах, авсан хөлсөө буцаан төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн төлбөр 1,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан “Хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн төлбөр 1,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР