Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

   2020          07              16                                       2020/ШЦТ/686

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч  Х овогт Б-н Аод холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агааржуулалт хөргөлтийн инженер мэргэжилтэй, “N-” шүдний эмнэлэгт менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух ба Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, Арвайхээр, *** байр ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Х овогт Б-н А.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд өөрийн ашигладаг “B B” гэх нэртэй цахим фэйсбүүк хаягаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 46 дугаар байрны 56 тоотод оршин суух гэртээ байхад нь бага насны буюу 12 настай эмэгтэй Ч.Х-нгийн ашигладаг “Ch Ch”гэх цахим фэйбүүк хаягт хандан зүй бус садар самуун үг хэллэг ашиглан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед гэртээ ганцаараа хичээлээ хийж байсан. Над руу өглөө хэд хэдэн хүн Hi гэсэн чат бичсэн байсан. Тэгээд би нээх тоолгүй орхичихсон. Тэгээд өдөр бууз жигнэж байгаад би нэг хүнтэй нь танилцаад үзье гэж бодоод зөрүүлээд Hi гээд бичтэл надаас 18+ асуулт асууж болох уу гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Гэтэл “чи хийж үзсэн үү” гэж асуухаар нь би тоглоомоор “тийм” гэж хэлсэн. Тухайн чат бичсэн хүнээс “чи хэдэн настай юм” гэж асуутал “би 19 настай” гэж хэлэхээр нь надаас нилээн хэдэн насаар ах юм байна гэж хэлээд фейсбүүк дээрээ тухайн хүний фэйсбүүкийг блок хийсэн. Миний утас гацаад байхаар нь блок хийснээс болоод байгаа юм байна гэж бодоод буцаагаад блокоо гаргачихсан. Гэтэл нөгөө хүн “чи блок хийгээд маяглаад байгаарай, бичсэн чатыг чинь групп дээр тавина шүү” гэж хэлсэн. Бас намайг бичсэн чатаа устга гэхээр нь чатаа устгачихсан. Маргааш нь дахиад чат бичсэн байхаар нь би хариу бичтэл намайг охин олж өг гэсэн. Би “надад найз байхгүй болохоор тийм хүн байхгүй” гэж хэлсэн. Намайг хагас нүцгэн зургаа явуул эсвэл өөрийгөө өг, 10 минут л хийнэ гээд байсан. Бас намайг 10 минут л уулзчих, тэгээд дахиж уулзахгүй, тэгэхгүй бол би чиний бичсэн чатыг групп дээр тавина шүү гэж хэлсэн. Тэгээд би айгаад ээж аавдаа хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.. “ гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-рт/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын дундуур охин Ч-с дуудлага ирсэн байхаар нь охинтойгоо фейсбүүк чатаар залгаж ярьтал уйлаад “намайг хүн дарамтлаад байна” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явах замдаа охиныхоо фейсбүүк рүү орж байгаад тэр дарамтлаад байгаа хүний чатыг унштал манай охиныг айлган сүрдүүлсэн, бэлгийн харьцаанд орох тухай чатууд бичсэн байсан. Тэгээд би гэртээ ирээд охиноо тайвшруулаад Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би охиныхоо фейсбүүкийг өөрийн утсан дээр оруулчихсан байдаг тул завтай үедээ байнга шалгаж үздэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, -рт/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30-33, 71-77-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Ч.Ч-н нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 64-рт/,

 

шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 8, 9 дүгээр сараас эхлэн “B B” гэх нэртэй фэйсбүүк ашиглаж байгаа. Би уг хаягаар өөрийн чөлөөт цаг болон ажлын бус цагаар, эсвэл гэртээ ганцаараа байхдаа ордог байсан. Энэ миний нууц фэйсбүүк хаяг байгаа юм, би энэ хаягаараа дамжуулан санхүү авна” гэх групп рүү нэвтэрч нийтэлсэн постыг уншиж группт байгаа эмэгтэйчүүд рүү танилцаж, уулзах уу, санхүү авах уу, сайн уу гэх мэтээр чат бичиж өөрийгөө зугаацуулдаг байсан. Энэ фэйсбүүк хаягаа ашиглаж явсаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр санаандгүй байдлаар “Ch Ch”гэх фэйсбүүк хаягны чат руу "hi” гэж бичихэд над руу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зөрүүлээд “hi” гэж хариу бичсэн. Тэгэхээр би “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд “над руу “юм үзэж байна” гэж бичсэн. Би тухайн охиноос 18+ юм асуучих уу гэж асуухад “тэг тэг” гэхээр нь “чи хүнтэй унтаж үзсэн үү” гэхэд “үзсэн” гэсэн. Тэгээд “хэдэн настайдаа үзсэн бэ” гэж асуухад “10 настай байхдаа үзсэн” гэсэн, хэдэн удаа үзсэн бэ гэж асуухад “3 удаа “ гэж хариулахаар би “хоёулаа дотно харьцаатай байж болох уу” гэхэд “ок” гэсэн. Мөн уулзаж байж болох уу гэхэд бас “ок” гэж хариулсан. Би тухайн охиноос “чи хэдэн настай вэ” гэж асуухад “13 настай” гэхээр нь “би 19 настай” гэж хэлэхэд “би ах хүнтэй уулзахгүй” гээд байсан. Би тухайн охин руу садар самуун утгатай олон чат бичсэн, бас тэр охиноос надтай уулз, уулзах уу, бэлгийн харьцаанд ороё, чи хүнтэй унтаж байсан гэсэн биз дээ, хоёулаа хийе гэх мэт чат бичихэд тэр охин надад татгалзсан хариу өгч байсан. Тэгээд намайг блок хийхээр нь би дахиж чат бичээгүй. Маргааш нь блокоо гаргахаар нь би “дахиад блок хийх юм бол өмнө нь чаталж байсан чатуудаа фэйсбүүк группт тавина шүү” гэхэд тэр охин надаас “битгий тавиарай, гуйж байна, миний гар салганаад байна” гэхээр нь “чи надтай уулз, эсвэл өөр охин олж өг” гэхэд өөр охин олж өгвөл надаас салах юм уу” гэж байсан. Би тэр охин руу надтай ганцхан уулзчих, тэгвэл ор сураггүй алга болно гэсэн утгатай чат бичсэн. Би “Ch Ch”хаяг руу чат бичихгүй хэсэг хугацаанд байж байтал над руу “нөгөө чатаа устгасан уу” гэсэн чат бичихээр нь би надтай уулзах юм бол чамтай дахиж уулзахгүй, чи надтай уулзвал чатаа группт тавихгүй” гэж хэлэхэд  намайг 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны гадаа дуудахаар нь яваад очтол  ирээгүй байсан тул “би явлаа шүү” гэхэд “би очиж байна” гэж биччихээд “айгаад байна” гэсэн. Тэгээд 2 цагдаа ирээд намайг бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-рт/,

- “И”-ийн тодорхойлолт /хх-ийн 41-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд өөрийн ашигладаг “B B” гэх нэртэй цахим фэйсбүүк хаягаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 46 дугаар байрны 56 тоотод оршин суух гэртээ байхад нь бага насны буюу 12 настай эмэгтэй Ч.Х-нгийн ашигладаг “Ch Ch”гэх цахим фэйбүүк хаягт хандан зүй бус садар самуун үг хэллэг ашиглан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ын  арван найман насанд хүрээгүй хүн буюу 13 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгож байгаа үйлдэл нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрх, ашиг сонирхол, нийгмийн ёс суртахуунд харш, зүй бус нийгмийн гаж үзэгдэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.А- нь уг гэмт хэргийг үйлдсэнээр хүүхдийн эрх, ашиг сонирхол, хүмүүжил төлөвшилд санаатайгаар халдаж, нийгмийн ёс суртахууныг санаатайгаар зөрчиж, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нийгэмд аюултай үйлдэл бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ч.Ч-д бэлгийн харилцаанд орохыг санал болгож, энэ талаар чатаар харьцсан нь хүүхдэд садар самууныг сурталчилах, уруу татах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.А-ыг хүүхдэд садар самуун үг хэллэг ашиглан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Ч.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нар хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх баримт /хх-ийн 63-рт/ хавтаст хэрэгт авагдсан байх тул  шүүгдэгч Б.А- нь бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “..гэм буруугийн талаар маргахгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Айфон-6” маркийн 1 /нэг/ ширхэг гар утсыг шүүгдэгч Б.А-од буцааж олгохоор шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт Б-н А-ыг хүүхдэд садар самуун үг хэллэг ашиглан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  Б.А-од оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Айфон-6” маркийн 1 /нэг/ ширхэг гар утсыг шүүгдэгч Б.А-од буцаан олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-од авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ