Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 118/2021/0029/3 |
Дугаар | 221/МА2022/0023 |
Огноо | 2021-12-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0023
М.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга Ю.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Ю.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.М, гуравдагч этгээд Д.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 118/2021/0029/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Э нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ю.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “ ... Аймаг , нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д заасан захин сонгууль товлон зарлах 70 хоногийн хугацааг 9.9-д заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гариг буюу 06 сарын 21-ний өдрөөс урагш тоолоход 04 дүгээр сарын 11 - ний өдрийн дотор дахин сонгуулийг товлон зарлахаар байсан байх боловч энэ хугацаанд Алдархаан сумын Сонгуулийн хорооноос асуудлыг хэлэлцээгүй, 2020 оны ээлжит сонгуулийг эрх бүхий байгууллагаас зарлах хүртэлх хугацаанд ямар нэгэн захиргааны акт гаргаагүй, үүргээ биелүүлээгүй /эс үйлдэхүй/ зөрчил гаргасан тул хуулийн 9.13-т заасан “ Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас халах" бүрдсэн үндэслэл байна .... /шүүхийн шийдвэрийн 21-р талын 3 дахь догол мөр/, “... Уг өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан сахилгын шийтгэл гаргаснаас хойших 12 сарын хугацааг тоолоход уг хугацаа нэхэмжлэгч М.Эийн тухайд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болохоор байх тул хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь маргаан бүхий 2021 оны 04 сарын 07-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/04 дүгээр захирамжийг хуульд заасан 12 сарын хугацааны дотор гаргасан байна ... /шүүхийн шийдвэрийн 22-р талын 5 дахь догол мөр/ гэж дүгнэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан "сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар"-ын хугацааг хэтрүүлж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна . Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар" , "зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа" нь заавал хамтдаа хэрэглэхийг шаардахгүй, тус тусдаа ойлголтууд юм. Анхан шатны шүүх шийдвэртээ "зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа”-г хэтрүүлээгүй байна гэсэн дүгнэлт нь маргаан бүхий 2021.04.07-ны өдрийн Б/04 дүгээр захирамж хууль зөрчөөгүй , хуулийн хугацаанд гаргасан болохыг тодорхой харуулж байна.
3.2.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн албаны зарчмыг тодорхойлсон ба "хууль дээдлэх зарчим" нь төрийн албаны үндсэн зарчмуудын нэг юм. Хэрвээ хариуцагч Ю.Д миний бие нэхэмжлэгч М.Э-д сахилгын шийтгэл ногдуулахгүй эс үйлдэхүй гаргасан бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтуудыг зөрчиж хууль дээдлэх зарчим алдагдаж, миний бие хуулийн хариуцлага хүлээх байсан.
3.3.Миний бие Алдархаан сумын Засаг даргын үүрэгт ажлыг 2020 оны 12 сарын 16 - ны өдрөөс хүлээн авч , бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн . Намайг Засаг даргаар ажиллаж байхад Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Завхан аймгийн Засаг даргад хандсан 2021.02.16-ны шийдвэр гүйцэтгэх газрын өдрийн 1/173 тоот албан бичгийг аймгийн Засаг дарга надад нэр цохож арга хэмжээ авахыг даалгаж байсан болохоос өөр шүүхийн шийдвэрт дурдсан Засаг даргын 2020.09.22-ны өдрийн 1/1025 тоот албан бичиг сумын Засаг даргын Тамгын газар, тамгын газрын бичиг хэрэгт ирсэн, ирж бүртгэгдсэн зүйл огт байдаггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн " .... М.Эийн гаргасан зөрчлийн талаар Алдархаан сумын Засаг дарга 2020 оны 09 сарын 23-ны өдөр мэдсэн...” гэсэн дүгнэлт нь огт нотлогдоогүй болно.
3.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ Үндэслэх” хэсэгт " .... Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр, санал хураалт авах өдрийг 10 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна. ийнхүү эрх бүхий байгууллагаас дараагийн ээлжит 2020 оны сонгуулийг товлон зарласнаар өмнөх ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулах боломжгүй, ач холбогдолгүй нөхцөл байдал үүсжээ ...” /шүүхийн шийдвэрийн 22 дугаар талын 2 дахь догол мөр/ гэж дүгнэжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жилд дахин болон нөхөн сонгуулийг явуулахыг хориглосон зүйл, хэсэг, заалт огт байдаггүй, мөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0335, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаар тогтоолуудад дахин сонгуулийг зарлаж явуулахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан тухайн сумын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг, мөн төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж байна гэж дүгнэсээр байтал дахин сонгуулийг зохион байгуулах нь ач холбогдолгүй нөхцөл үүсжээ гэсэн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, өмнөх шүүхийн шийдвэрүүдийн дүгнэлтийг үгүйсгэсэн, харамсалтай дүгнэлт хийжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
3.Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч М.Э-оос “Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.
3.2.Маргаан бүхий Б/04 дүгээр захирамжаар[1] Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч М.Э-т төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.3.Нэхэмжлэгч М.Э нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Завхан аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[2] Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Алдархаан сумын сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллажээ.
3.4.Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 50 хоногийн дотор тус сумын Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж чадаагүй тул хуульд заасны дагуу Алдархаан сумын Сонгуулийн хороо 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоолоор[3] дээрх сонгуулийн дүнг хүчингүй болгохоор шийдвэрлэж, дахин сонгууль товлон зарлахаар шийдвэрлэсэн.
Гэвч Алдархаан сумын Сонгуулийн хороо нь өөрийн гаргасан уг шийдвэрийг биелүүлээгүй, дахин сонгуулийг зарлаагүй, зохион байгуулаагүй, үүнээс шалтгаалж бодит байдалд 2012 онд сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 7 жилийн хугацаанд тус нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д зааснаар хамгаалагдсан Алдархаан сумын иргэдийн сонгох, сонгогдох эрх, мөн төрийн үйл ажиллагааны “ардчилсан ёс, хууль дээдлэх” зарчим тус тус ноцтой зөрчигдсөн.
Мөн Алдархаан сумын Сонгуулийн хороо нь хуульд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 15-өдрийн дотор дахин сонгуулийг товлон зарлаж, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тус тус захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоож, 2016 оны дахин сонгуулийг товлон зарлаж, тус сумын хэмжээнд зохион байгуулж, явуулахыг Алдархаан сумын Сонгуулийн хороонд даалган шийдвэрлэж, уг шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна[4].
3.5.Түүнчлэн дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлж Алдархаан сумын Сонгуулийн хорооноос тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийг дараагийн ээлжит 2020 оны сонгуулийг товлон зарласан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл дахин товлон зарлаагүй, зохион байгуулаагүй, үүнээс шалтгаалж бодит байдалд 2012 онд сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон Тэргүүлэгчид сонгогдох хүртэл 8 жилийн хугацаанд тус нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн.
Үүнээс гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш дараагийн ээлжит 2020 оны сонгуулийг товлон зарласан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д зааснаар хамгаалагдсан Алдархаан сумын иргэдийн сонгох, сонгогдох эрх, мөн төрийн үйл ажиллагааны “ардчилсан ёс, хууль дээдлэх” зарчим тус тус ноцтой зөрчигдсөн гэх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зөрчил арилаагүй үргэлжилсэн гэдэг нь Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдээлэл[5], Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273 албан бичиг[6], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/173 албан бичиг[7] зэргээс тогтоогдож байна.
3.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Орон нутгийн Хурлын сонгуулийг ... сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, ... зохион байгуулж явуулна.”, 17 дугаар зүйлийн 17.3.7-д “Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: сум, -...ийн Хурлын нэмэлт санал хураалт, ээлжит бус, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах”, 17.3.15-д “энэ хуулийн 9.10-т заасны дагуу дахин сонгуулийг товлон зарлах” гэжээ.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.”, 9.10-т “Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.”, 9.13-д “Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас хална.” гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: хууль тогтоомжид заасан бусад үүрэг.”, 48 дугаар зүйлийн 48.1.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зохицуулжээ.
3.7.Дээр дурдсан хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч М.Э нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий Алдархаан сумын сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа “дахин сонгуулийг товлон зарлах, зохион байгуулах” үүргээ хэрэгжүүлээгүй, уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас бодит байдалд Алдархаан сумын иргэдийн сонгох, сонгогдох эрх, мөн төрийн үйл ажиллагааны “ардчилсан ёс, хууль дээдлэх” зарчим тус тус ноцтой зөрчигдсөн зөрчил гарсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
3.8.Анхан шатны шүүхээс Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараагийн ээлжит сонгуулийг товлон зарласан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч М.Э-ийг “дахин сонгуулийг товлон зарлах, зохион байгуулах” үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан өдрийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаанд хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүхээс Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273 дугаар албан бичгийг сумын Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн хугацааг сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан зөрчлийг илрүүлсэн өдөр гэж үзэн хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацааг” хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Завхан аймгийн Засаг даргаас “...Дахин сонгуулийг хуульд заасны дагуу зохион байгуулж явуулах асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл чиглэлийг хүргүүлсэн, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл хүргүүлсэн боловч дээрх шүүхийн шийдвэр биелэгдээгүй дараагийн ээлжит сонгуулийн цаг хугацааг хүргэсэн зөрчил гаргасан...Алдархаан сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүн болон холбогдох төрийн албан хаагчид хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.” гэсэн агуулга бүхий 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1025 дугаар албан албан бичгийг[8] Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/273 албан бичгийн хамт хариуцагч Алдархаан сумын Засаг даргад 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн гэдэг нь шуудангийн дэвтэр[9]-ээс тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүхээс уг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас хариуцагч Засаг даргад шуудангаар хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу энэ хугацааг хариуцагч уг албан бичгийг мэдсэн гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.
3.9.Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчаас зөвхөн дээрхи Завхан аймгийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1025 дугаар албан албан бичгийн үндэслэлийг судлаагүй, түүнээс гадна нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/173 албан бичгийг[10] судалж, үүнд дүгнэлт өгч уг актыг гаргасан гэдэг нь тогтоогдож байна.
3.10.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгч М.Эийг “дахин сонгуулийг товлон зарлах, зохион байгуулах” үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэдгийг илрүүлсэн хугацааг зөвхөн Завхан аймгийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1025 дугаар албан бичгийг шуудангаар хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр болон уг зөрчлийг хариуцагч мэдсэн өдрөөс тооцох боломжгүй, харин тухайн зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэтгэсний дараа уг зөрчлийг хариуцагч Засаг дарга илрүүлсэн гэж үзнэ.
3.11.Үүнээс дүгнэхэд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчин нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн Завхан аймгийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1025 дугаар албан албан бичгийг шуудангаар хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг үндэслэн хариуцагчийг зөрчлийн талаар мэдсэн, зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07–ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 17 дугаар зүйлийн 17.3.7, 17.3.15, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э-оос Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга Ю.Д-гийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас, 187 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас, 186 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 68-87 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 248 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 212 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 208 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 205-207 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 212 дахь тал