Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 30

 

 

 

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн У.Б-н нэхэмжлэлтэй А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 

Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтны хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч У.Б-гийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие У.Б тус шүүхэд гаргасан “Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтны хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  Гуравдагч этгээд Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Х.Б миний бие У.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлттэй танилцсан. Уг хүсэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулан шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн У.Б-гаас А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтны хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У.Б: “ ... Миний бие тус шүүхэд гаргасан “Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтны хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт харшлаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, иргэн У.Б-гийн нэхэмжлэлтэй А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтны хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтны хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА