Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 587

 

Ц.Билэгсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01238 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Билэгсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Лхагва-Очирт холбогдох

 

Гэм хорын хохиролд 5 546 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бумдарь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бумдарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Лхагва-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр иргэн Ц.Түвшинбатын өмчлөлийн Тоёота Ланд Круйзер маркийн 43-55УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргаж, Ц.Билэгсүрэнгийн Тоёота Ланд круйзер 100 маркийн 91-12УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Осол гарсан даруйд замын цагдаагийн газарт дуудлага өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр иргэн Ч.Лхагва-Очирыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, харин иргэн Ц.Билэгсүрэнг дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн уг тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээ хийлгэхэд 3 598 500 төгрөг гэж тогтоосон. Гэвч автомашиныг засварлуулахад сэлбэг хэрэгсэл, засварын ажлын хөлс нийлээд тогтоосон үнээс илүү буюу 5 018 000 төгрөгийн зардал гарсан.

Иймд гэм буруутай этгээд болох Ч.Лхагва-Очироос хохирлын үнэлгээ хийлгэсэн хөлс 18 000 төгрөг, сэлбэг хэрэгсэл авсан 3 600 000 төгрөг, автомашиныг зассан засварын ажлын хөлс 1 400 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 28 000 төгрөг, нийт 5 546 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Барс худалдааны төвийн зүүн хойд талын гэрлэн дохиогоор эргэх үед 91-12 УБГ дугаартай Тоёота Ланд круйзер 100 маркийн машин хурдтай орж ирэн мөргөсөн. Тухайн үед уг машины жолоочийн буруу байсан. Эргэн тойронд байсан жолооч нар Ц.Билэгсүрэнгийн буруу гэж байсан. Тэгээд  хэргээ эрх бүхий байгууллагаар шийдүүлье гээд орхисон. Сүүлд шинжээчийн дүгнэлт эсрэг гарсан байсан. Тухайн үед Ц.Билэгсүрэн ослоос болж гэдэс хөхөрсөн, 50:50 хувь болсон шүү гэхээр нь шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурсан. Хэргийн газрын тэмдэглэл, зургийг үзвэл нэхэмжлэгчийн машины урд буфер, хариуцагчийн унаж явсан машины хойд буфер гэмтсэн байгаагаас нэхэмжлэгч өөрөө буруутай, араас орсон болох нь харагддаг. Хариуцагч Ч.Лхагва-Очир тээврийн хэрэгслийг үнэмлэхгүй жолоодож явсан гэдэгт маргахгүй. Харин уг осолд буруугүй, түүнчлэн хариуцагчийн унаж явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Ц.Түвшинбат тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хохирлоо нэхэмжлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Лхагва-Очироос 3 616 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Билэгсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 929 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 72 814 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Лхагва-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн, Замын Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 502 тоот шинжээчийн дүгнэлтийг үнэлж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие болон нэхэмжлэгч Ц.Билэгсүрэн нь замын хөдөлгөөнд оролцож байгаа үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасны дагуу "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.7-д зааснаар "зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсний дагуу ногоон гэрлээр эхэлж замын хөдөлгөөнд орсон намайг уулзвар нэвтэрч дууссаны дараа замын хөдөлгөөнд оролцох үүргээ биелүүлээгүй. Тухайн үед Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа Барс худалдааны төвөөс Нарны гүүрний зүүн дор байрлах хяналтын камерт үзлэг хийж баталгаажуулаагүй байж дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх шинжээч нарын гаргасан дүгнэлтийг Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нар үндэслэлтэй гэж дүгнэсэн зэргийг зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд замын хөдөлгөөнд оролцсон 2 тээврийн хэрэгсэлийн эвдрэл, 6 дугаар хуудсанд ослын газрын хэмжилтийн бүдүүвч зураг зэргээс харахад Барс худалдааны төв болон Нарны гүүрийн уулзварыг миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл түрүүлж замын хөдөлгөөнд орж, уулзварыг дуусгаж байгаа нь нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Билэгсүрэн нь хариуцагч Ч.Лхагва-Очирт холбогдуулан гэм хорын хохиролд 5 546 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэм буруугүй, хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцана гэж маргажээ.

 

           Хариуцагч Ч.Лхагва-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн зүүн урд уулзварт жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Ц.Билэгсүрэнгийн өмчлөлийн УБГ 91-12 улсын дугаартай, Тоёота ланд круйзер-100 маркийн суудлын автомашинтай мөргөлдөж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан, гэм буруутай болох нь Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 14-16, 89/

 

            Шинжээч нь дүгнэлт гаргахдаа замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгийг авах ажиллагааг хийсэн боловч уг бичлэгийн мэдээлэл байхгүй болох нь эрх бүхий байгууллагын албан бичгээр тогтоогдож байх тул замын хяналтын камерын бичлэгийг шалгах журмаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь гэм буруугийн асуудалд маргаж байгаа ч зам тээврийн осолд өөрийн гэм буруугүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Гэм буруугийн асуудал болон хохирлын хэмжээ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 1 929 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хариуцагч нь  өөрөө осол гарах нөхцөл шалтгааныг бүрдүүлээгүй, нэхэмжлэгч нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх байдлаа нотлоогүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. 

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Билэгсүрэн нь хариуцагч Ч.Лхагва-Очироос гэм хорын хохирол шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

     Ш.ОЮУНХАНД