Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 65

 

Б.Ад холбогдох

                эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Соёлмаа,

            Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 963 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлээр Б.Ад холбогдох эрүүгийн 1710000000192 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а байрны 55 тоотод “дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.Стэй маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, суга, ташаан толгойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргээ прокурорт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн баталгааг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 229 тоот прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоолыг гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана..." гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх..."-ийг хяналт тавилгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурор тогтоол гаргана..." гэж заажээ. Дээрх нөхцөл байдал нь хохирогч, түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шүүх хянан үзэхэд шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэх баримт хэрэгт хавсарган ирээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 963 дугаартай захирамжаар Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Б.А нь "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокуророос оногдуулсан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байхад хохирогч Т.С нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар үндэслэлгүй нэхэмжилсэн хохирлоо бүрэн барагдуулж аваагүй тул эвлэрэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсний дагуу шүүхээс "яллагдагч, хохирогч нар хоорондоо эвлэрээгүй" байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Яллагдагч Б.Ад холбогдох "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан "Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх заалтад багтсан гэмт хэргийг үндэслэлгүй буцааж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 963 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад саналаа илэрхийлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Б.А нь анхнаасаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байсан. Энэ асуудал нь прокурорын болон шүүхийн шатанд өөрчлөгдөөгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан үндэслэл бол бүрэн хангагдсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан цэг, таслалтай асуудлыг прокурортой ижил түвшинд ойлгосон. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлээр Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж,

Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ... ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, ... болно” гэж тус тус заажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн баримтыг хавсаргаагүй байхад прокурор “Б.А нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заагдсан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр Б.Аийн хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалт хамаарахыг анхаарвал зохино.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 963 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.