Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

   2020          07              20                                       2020/ШЦТ/691

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Мт холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хүнд даацын автомашинаар хувиараа ачаа тээвэрлэдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын *** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, /регистрийн дугаар **** /, Б овогт Б-н М,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй зочид буудалд хохирогч Д.М-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, зүүн этмойд хөндийн урд ханын хугарал, тархины доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед фэйсбүүкээр танилцсан Н гэх эмэгтэй болон түүний найз С, Х нартай “А” гэдэг зочид буудалд өрөө авч орсон. Тэгээд зочид буудалд ороод нэг их удаагүй байж байтал Х гэх охин гар утсаараа ярьж байгаад С гэдэг эмэгтэйг дагуулан зочид буудлаас гарсан. Үүнээс хойш 20 орчим минутын дараа бид нарын байсан өрөөний хаалгыг тогшихоор нь хаалгаа онгойлготол хэдэн танихгүй залуучууд орж ирсэн. Тэр залуучууд дунд С гэдэг эмэгтэйн нөхөр гэх М /М/ гэдэг залуу миний зүүн нүд хөмсөг орчим баруун гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед би М /М/ гэдэг залууд цохиулаад хойш газар унасан. Тэгээд намайг газар унаад байхад тэр М /М/ гэдэг залуу надад “хүний эхнэр авч явдаг хэн бэ” гэж хэлээд баруун хөлөөрөө миний цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд тэр М гэдэг залуу хамт ирсэн залуучуудтайгаа намайг зочид буудлаас чирж гаргаад **-**  улсын дугаартай приус 10 маркийн саарал өнгийн машинд чихэж суулгаад Яармагийн гол орсон. Мөн тэр залуу өөрийнхөө эхнэр С-с юм асуучихаад  уурандаа намайг цохиод байсан... Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би М гэх залуутай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/,

 

гэрч Л.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тухайн өдөр хүн гараа өргөхөөр нь машиндаа суулгатал “Таац” гэх дэлгүүр рүү явъя гэж хэлсэн. Дэлгүүрийн ойролцоо очтол М-ын машин зогсож байхаар нь яваад очтол М эхнэр Сарангэрэлтэй бууж ирсэн ба тэд хоорондоо маргаад байсан. М-тай уулзтал манай эхнэр буудалд нэг залуу, хэдэн охидуудтай байгаа гэнэ, хамт яваад уулзчих гэхээр нь би нөгөө хүнээ машинаас буулгачихаад буцаад М-тай уулзтал М нэг танихгүй гэзэгтэй залуутай муудалцаад байсан ба тэр залуугийн нэг нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-рт/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр М, М хоёр бие биеэ заамдаад байсан. Тэгээд М М-н гэдэс орчим руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-рт/, 

 

Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн шөнө найз Д-той хамт түүний машинтай халтуур хийж яваад Баянхошууны тойрог орчмоос нэг хүн авсан. Тэр хүн машинд суугаад бичил хорооллын хажууханд байдаг дэлгүүр рүү явна гэсэн. Тэгээд Д бид хоёр тэр хүнийг Таац дэлгүүрийн орчимд хүргэж өгөөд явж байтал М ах дэлгүүрээс хойш яваад нэг зочид буудлын гадна нэг танихгүй залуу болон эхнэр С, Х, Э, Н нартай зогсож байсан ба нэг танихгүй залуутай юм яриад зогсож байсан. Тухайн үед би Д-той хамт машинаас бууж М ахтай уулзчихаад буцаад Д-н машинд суусан. Тэгээд Д намайг гэрт хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Д.М-ын биед зүүн духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, зүүн этмойд хөндийн урд ханын хугарал, тархины доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 32-33-рт/,

 

“Лазер мед” эмнэлгийн комьпютер томографийн шинжилгээ /хх-ийн 34-рт/,

Хохирлын баримтууд /хх-ийн 40-рт/,

 

шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эхнэр С-рүү утсаар ярихад “...”А” нэртэй зочид буудалд байна, намайг энд нэг залуу хоргоогоод явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр зочид буудалд ороход С, Х хоёр өөдөөс гараад ирсэн. Би юу болсон талаар асуугаад С-с мөнгө нэхсэн гэх залууг нь хаана байгааг асуухад 2 давхрын өрөөнд байгаа гэж хэлсэн. Би 2 давхар руу гараад өрөөнд ороход С-н найз Н, Э нар танихгүй залуутай хамт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр залууд /М/ хандаж “чи насанд хүрээгүй охидыг яагаад дагуулаад яваад байгаа юм бэ” гэж хэлээд маргаан болсон. Тэгэхэд тэр залуу “би өөрөө энэ буудлын өрөөг авсан” гэх мэтийн үг хэлж байгаад миний хоолойг гараараа багалзуурдаад байсан ба гараа ав гэж шаардахад намайг боосон хэвээрээ байгаад байсан. Тэгээд бид 2 зууралдаад буудлын коридор руу гарсан. Тэр залуу миний хоолойг боогоод тавихгүй байхаар нь гараа зангидаж байгаад баруун гарынх нь булчин хэсэг рүү нь нэг удаа цохиод, зүүн гараараа аймхай орчимд нь нэг удаа цохиод гарыг нь тавиулсан. Би тухайн залууг гараараа цохиж байхад түүний эрүүл мэндэд гэмтэл учирсан байх, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-117-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-рт/,

- Депозит дансны хуулга /хх-ийн 45-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Д.М- “...одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би Б.М- гэх залуутай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба надад учирсан хохирол төлбөрт 1.300.000 төгрөг төлж барагдуулсан...” гэх баримт /хх-ийн 17-18, 126-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй  байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.М- нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа тул хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасныг харгалзан мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Борууд овогт Болорын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ