Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

    2020          07              20                                      2020/ШЦТ/692

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Ж-н Ат холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говь-Аптай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын *** дүгээр баг “С” гэх газар оршин суух,  ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Ж овогт Ж-н А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын ** дүгээр гудамжны **тоот хашааны Нийтийн байрны *** тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Л-тай “хамаатны хүүхдүүдэд хүүхдийн баярын бэлэг авч өгөх” талаар маргалдан, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Ж.А-т холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын ** дүгээр гудамжны ** тоот хашааны Нийтийн байрны ** тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Л-тай маргалдан, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

хохирогч Ж.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр А гэртээ найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд найзаа гаргаж өгнө гэж хэлээд гарсан. Орой 18 цаг өнгөрч байхад А архи нэмж уусан бололтой, согтуу орж ирсэн. Хүүхдийн баяр болох гэж байсан болохоор нөхөр бид хоёр хүүхдийн дансанд хийж хадгалуулсан байсан мөнгөө авч хүүхдүүдэд бэлэг авч өгөхөөр ярилцсан. Тэгээд хамаатны хүүхдүүдэд бас бэлэг авч өгөх талаар ярилцаж байгаад маргалдсан. А миний зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохисон... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. А надаас уучлалт гуйсан тул бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6494 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Л-ын биед зүүн хөмсөгт шарх, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх шинэ гэмтлүүд байна... гэх дүгнэлт /хх-ийн 23-24-рт/,

 

шүүгдэгч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би хэрэг гарсан өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ ороход эхнэр маань ганцаараа байсан. Тэгээд хүүхдийн баяр болж байсан тул миний данснаас мөнгө аваад хүүхдүүдэд бэлэг авч өгөх талаар ярьж байгаад эхнэртэйгээ маргалдаж, улмаар түүний зүүн талын хөмсөг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-рт/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-рт/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37-рт/,

-хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.А-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ж.А-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ж овогт Ж-н А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.А-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-т авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ