| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0028/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 48
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Нд холбогдох 1931004340027 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн С.Н, Шүүгдэгч С.Н нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “Хар горхи” гэх нэртэй газарт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 53 ширхэг 3.2 м3 хуурай нарс мод бэлтгэж тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 492048 /дөрвөн зуун ерөн хоёр мянга дөчин найман” төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч С.Н нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар сумаас Түшиг сумын “Хар горхи” нэртэй хөдөө байдаг Энхбат гэгч малчин айлд тэжээл аваачиж өгсөн. Тухайн айлдаа хоноод маргааш нь буцахдаа “Хар горхи” нэртэй газраас нь хуурай газар унасан байсан унанги мод бэлтгэсэн. Би газар унасан байсан моднуудыг тайрч, хөрөөдөж бэлтгээд, ачиж тээвэрлэсэн. Би ургаа модыг тайрч хөрөөдсөн зүйл байхгүй. Би мод бэлтгэхдээ ганцаараа байсан. Миний насны эрэгтэй хүн ганцаараа мод бэлтгээд явах боломжтой. Модоо ачаад явж байхдаа Шаамар суманд цагдаагийн ажилтанд саатуулагдсан. Намайг мод бэлтгэхэд тусалсан дэмжсэн хүн байхгүй. Би анхнаасаа мод бэлтгэх зорилготой Түшиг сум руу яваагүй. Манай ахын хадам талын хүнд тэжээл хүргэж өгөөд буцаж явахдаа гэнэт ойгоос унанги мод бэлтгээд галын түлээндээ ашиглая гэсэн бодол төрөөд ойгоос мод бэлтгэсэн. Тухайн үед надад ойгоос мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг, гарал үүсэл байгаагүй. Би мод бэлтгэх талаар сум орон нутгийн удирдлагад өргөдөл хүсэлт өгөөгүй. Уг бэлтгэсэн моднуудыг гэртээ түлшний мод бэлтгэсэн. Уг моднуудыг зарж ашиг хонжоо олох, зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Ойд унасан байсан унанги, хуурай модыг түүж бэлтгэж тээвэрлэсэн. Би модыг шар өнгийн гар хөрөө авчирсан байсан бөгөөд уг хөрөөгөөр модыг 1 метрээр тайрч хөрөөдсөн. Би мод бэлтгэх эрхийн бичиггүй ойд үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг мэднэ. Мөн гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэн явж болохгүй гэдгийг мэддэг. Газар унасан унанги мод гэж бодоод ойгоос мод авчихсан юм. 36-01 УБГ улсын дугаартай “Бонго жи-2” маркийн автомашин миний төрсөн ах Отгонбаярын автомашин. Отгонбаяр ах Улаанбаатар хотод байдаг. Манай ах намайг “машинаа түр хэрэглэж бай” гэж хэлээд өгсөн. Албан ёсны автомашины бичиг баримт ахын нэр дээр байдаг. Мод бэлтгэхдээ ашигласан хөрөө бол миний өөрийн өмч байгаа юм. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Ийм зүйл болно гэж тооцоолж бодоогүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 72-р ху/, 2.Шүүгдэгч С.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт.өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар горхи” гэдэг газраас хууль бусаар мод бэлтгэсэн. Тэр өдөр Түшиг сумын “Хар горхи” нэртэй хөдөө байдаг Энхбат гэгч малчин айлд тэжээл хүргэж өгөөд буцахдаа гэртээ түлээ бэлдсэн юм. Би өөрөө тайраагүй, унасан мод авсан болохоор хэрэг хийж байна гэж бодоогүй. Унасан моднуудыг тайраад ачихад 53 ширхэг болсон. Мод бэлтгэсэн цахилгаан хөрөө миний өөрийн хөрөө. Байгаль экологид учирсан хохирлыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн. Мод бэлтгэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл манай төрсөн ахын машин юм. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү ....гэх мэдүүлэг, 3.Хохирогч Э.Төрбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: ...Манай суманд гадны сумын иргэдэд түлээний болон хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл өнөөдрийн байдлаар иргэд болон аж ахуйн нэгжүүдэд түлээний мод нарс бэлтгэх эрх олгож байгаа боловч “Хар горхи” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл бичигдээгүй. “Хар горхи” гэх газар нь төрийн тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй бөгөөд ойн бүсчлэлийн 3 дугаар бүсэд орж явдаг. Энэ үнэлгээг аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч тогтоон гаргасан байна. Би бэлтгэсэн модны хэмжээ болон бусад шинж байдлыг мэдэхгүй болохоор сум орон нутагт хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж өөрийн зүгээс тодорхой хэлж мэдэхгүй байна. Надад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт асууж тодруулах зүйл алга. ...гэх мэдүүлэг, /ххийн 26-28-р ху/, 4.Иргэний нэхэмжлэгч С.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...Би машинаа дүүдээ өгөхдөө “хууль бус мод бэлтгэх ажилд хэрэглэ” гэж өгөөгүй. 2018 оны намар Найрамдал надруу яриад “машинтай бол барилгын халтууранд явмаар байна. Та машинаа хэрэглэхгүй бол надад хэрэглүүлээч” гэж гуйхаар нь би машинаа өгсөн. Миний машинаар бичиг баримтгүй мод зөөнө гэж огт бодоогүй. Миний машин хуучирч муудсан байгаа. Миний машинтай он ижил хуучин бонгонууд 1200000-1500000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Би машинаа 1300000 төгрөгөөр үнэлнэ. Миний дүү С.Н нь миний хамгийн бага дүү бөгөөд хүнд тусархуу, элгэмсэг, зөөлөн зантай, сайн залуу. Найрамдал эхнэр авалгүй ганцаараа олон жил явж байгаад хожуу эхнэртэйгээ суусан. Олон нялх хүүхэдтэй. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд ажил гололгүй хийдэг их хөдөлмөрч залуу байгаа юм. Хүүхдүүдээ дааруулахгүй гэж галын мод түлээнд явж байгаад ийм асуудалд орчих шиг боллоо. Түүнээс биш хууль бус үйлдэл хийгээд байх хүн биш гэж дүгнэн хэлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/, 5.Гэрч С.Уянгаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...Найрамдал мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй байх. Гоожин авах гээд хайсан боловч ой тавигдаагүй гээд гоожин өгөөгүй байсан. Манайх 01-17 насны 4 хүүхэдтэй бөгөөд гэртээ галын түлээгүй болсон болохоор айлд хивэг будаа хүргэж өгөөд ирэхдээ жаахан мод олоод ирье гээд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/, 6.Гэрч Н.Гантогтохын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: ...С.Н гэдэг хүнийг танихгүй. Түшиг сумын ИТХ–н 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 64 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн хэрэгцээнд 2000 м3 нарс модыг ойн цэвэрлэгээний ажлаар түлээнд олглох шийдвэр гарсан. Үүний дагуу Сүхбаатар сумын ЗДТГ–тай түлээний мод бэлтгүүлэх гэрээ 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатар сумын иргэдийн түлээнд 850 м3 орчим түлээг бэлтгүүлж тээвэрлүүлсэн байгаа. Модны нөөц багасаж мөс унах аюултай болсон тул дахин мод бэлдүүлээгүй. Уг гэрээний дагуу мод бэлтгэх ажлыг өнөөдрийг хүртэл зогсоосон байгаа. 2019 оны 02 дугаар сараас хойш Сүхбаатар сумын иргэдэд түлээний мод бэлтгэх гоожин /эрхийн бичиг /гарал үүслийн гэрчилгээ олгогдоогүй байгаа. Уг газар нь тусгай хамгаалалтын газарт хамаарахгүй. Ойн бүсийн 3 мужид хамаардаг. 1 портер машинд 3 орчим м3 мод ордог. Нэг метр3 модны үнэлгээ 28000 төгрөгөөр үнэлэгддэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-36-р ху/, 7.Гэрч В.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манайд малын тэжээлийн будаа ачиж авч ирж өгсөн. Ирэхдээ оройтож ирсэн бөгөөд, манайд хоноод маргааш нь буцсан. Буцахдаа “жаахан галын түлээ аваад явмаар байна” гэж хэлэхээр нь би манайхаас баруун тийш км орчим яваад байдаг хуурай модтой уулыг зааж өгөөд явуулсан. Найрамдал модоо ачиж аваад явсан. Би манайхаар дайрахгүй шууд явсан байсан. Тэгээд замдаа цагдаад саатуулагдсан гэж сүүлд сонсогдсон. С.Найрамалд мод бэлтгэх гоожин эрхийн бичиг байгаагүй. Тухайн үед сумаас гоожин олгогдоогүй байсан. Миний зааж өгсөн газраас бэлдсэн бол хуурай мод байх ёстой Тэр газарт үндсээрээ булгараад уначихсан хуурай мод зөндөө байдаг. Сүүлд асуухад “таны зааж өгсөн газраас авсан дан хуурай мод” гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/, 8.Гэрч Ч.Чойсүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хар горхи” гэх газраас түлээний мод бэлтгэх гоожин ямар ч хүнд өгөөгүй. Тухайн үед ой тавигдсан байсан боловч гоожин бичээгүй байсан. Одоог болтол “хар горхи”ос түлээний мод бэлтгэх гоожин бичигдээгүй байгаа. Тийм болохоор Найрамдал гэх хүн надаас мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэг гоожин эрхийн бичиг аваагүй. “Хар горхи” гэх газар нь төрийн тусгай хамгаалалттай, дархан цаазтай газарт хамаарахгүй. Уг газрыг “Шинэ бадрах“ ХХК нь эзэмшлээр авчихсан мод бэлтгэдэг газар байгаа. Үндсээрээ булгарч ховхорч унасан хуурай моднууд эргэж сэргэх ямар ч боломжгүй. Газарт шингэж бордоо болохгүй. Харин ч уг модыг түүж цэвэрлэгээ хийхгүй бол гал түймэр гарах аюултай байдаг. “Хар горхи”-д ойн цэвэрлэгээгээр гоожин өгөх гэхээр “Шинэ бадрах“ ХХК нь “манай эзэмшлийн газар” гээд оруулахгүй байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/, 9.Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: ...Би С.Нын хуурай эгч байгаа юм. Бид нарын хооронд хамаатан садангийн харилцаа холбоо хамаарал байхгүй. С.Н нь төлөв даруу, ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу, нийгмийн ажилд идэвхитэй, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, эхнэр хүүхдийн хамтаар өөрсдийн гэсэн хашаа байшинд амьдардаг. ...Элдэв муу зуршил зан ааш байхгүй, яг л байгаа байдал нь даруу төлөв, хүн харахад л мэдэгдэнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/, 10.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №18-04-015/16 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.С.Нын бэлтгэсэн 3.2 м3 хэрэглээний хуурай нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.2 м3 х 28500 х 1.8=164160 төгрөг болж байна. 2.Монгол Улсын ойн тухай хуулийн 42-р зүйлд хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 164160 х 3 = 4924080 төгрөг болно.
3.Иргэн С.Нын бэлтгэж тээвэрлэсэн моднуудын шинж байдлаар хаанаас, хэзээ, ямар цаг хугацаанд бэлтгэсэн болохыг тогтоох боломжгүй ба мод бэлтгэсэн Түшиг сумын “хар горхи” гэдэг газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна. 4.Монгол Улсын ойн тухай хуулийн 20-р зүйлийн 20.2.1-д иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг тул тухайн иргэн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрээс мод, модон материалыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу тээвэрлэхдээ гарад үүслийн гэрчилгээ, зохих зөвшөөрлийн бичиг баримтыг биедээ авч явах үүрэгтэй байдаг. Тухайн шалгалтын үед зөвшөөрлийн бичгийг биедээ авч яваагүй бол Монгол Улсын Ойн тухай хуулийн 35-р зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байдаг. 5.Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар мод бэлтгэх зөвшөөрөл иргэн хүн болон аж ахуйн нэгж байгууллагад олгогдоогүй байна. 6.Нэмэлт мэдээлэл байхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 45-47-р ху/, 11.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №18-04-015/01 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Үндсээрээ булгарч унасан хуурай мод эргэж сэргэх боломгүй. 2.Үндсээрээ булгарч унасан хуурай мод түүж бэлтгэх нь байгаль орчны цэвэрлэгээнй ажил болох учир байгальд хор хохирол учруулахгүй. 3.Монгол Улсын Ойн тухай хуулиар намрын түймрийн аюултай үеийг 11-р сарын 10-ны өдөр хүртэл хугацааг гэж заасан байдаг тул 2019 оны 11-р сарын 11-ний байдлаар ой тавигдсан боловч ямар нэгэн иргэн, байгууллагад мод бэлтгэх албан зөвшөөрөл олгогдоогүй байсан. 4.С.Н мод бэлтгэсэн гэх Түшиг сумын 2-р багийн нутаг “Хар горхи” гэх газарт Түшиг сумын ИТХ-ын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №19 тоот тогтоолоор “Шинэ бадрах” ХХК-д 15656 га ойн сан бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. “Хар горхи” гэх газарт ойн мэргэжлийн байгууллага болох “Шинэ бадрах” ХХК мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 5.Үндсээрээ булгарч унасан хуурай модыг түүж ойн цэвэрлэгээ хийхгүй бол ой хээрийн түймэр гарах магадлалтай байна. Ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, экологи тэнцлийг хангах зорилгоор ойн цэвэрлэгээг тогтмол хугацаанд байнга хийж байх ёстой байдаг. 6.Ойд цэвэрлэгээ хийхэд сум орон нутаг, ойн ангиас цэвэрлэгээний ажил хийгдэх талбай тусгаарлалтын материал гарч дараа нь мод бэлтгэх гэрээ хийх зэрэг дараалалтай албан шийдвэрүүд гарсан байх шаардлагатай. 7.”Хар горхи” гэх газарт хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 29-нд “Шинэ бадрах” ХХК № Т/үо-н-15 лугаартай мол бэлтгэлийн гэрээ хийж 15 га талбайг тусгаарласан мод бэлтгэлийн ажиллагаа явуулсан байна. 8.Монгол Улсын ойн тухай хуулийн 20-р зүйлийн 20.2.1-д иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. 28-р зүйлийн 28.1-т ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилсан сэргийлэх, экологийн тэнцлийг хангах зорилгоор...цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэн гэрээгээр хийнэ гэж заасан байдаг. Мөн дээрх хуудийн 28.4-т “Ойн анги арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэгдсэн модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 3-р сарын 02-ны өдрийн А-244-р тушаалаар батлагдсан “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам”-ын 3-р зүйлийн 3.1.4-т “Арчилгаа, цэвэрлэгээ хийх эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага, ойн цэвэрлэгээ хийх иргэн, нөхөрлөл нь талбай тусгаарлалтаар тогтоогдсон хэрэгцээний болон түлгний модны хэмжээгээр тооцож, ойн нөөц ашигласны төлбөрийг төлж Ойн тухай хуулийн 28.4-т заасны дагуу эрхийн бичиг авна” гэж заасан байдаг тул тухайн иргэн цэвэрлэгээний ажил хийхдээ эрхийн бичиг, зөвшөөрөл авсан байх шаардлагатай. ...гэх дүгнэлт, /хх-ийн 53-55-р ху/, 12.”Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ/518-081 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.3601 УБР улсын дугаартай 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Kiа windebongo” маркийн авто машиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 12 дугаар сарын байдлаар 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний үнэтэй болно. 2.БНХАУлсад үйлдвэрлэгдсэн модны цахилгаан хөрөөний өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 12-р сарын байдлаар 40.000 /дөчин мянга/ төгрөг болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 59-61-р ху/, 13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р ху/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-13-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 44, 52-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 45-47, 53-55-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 50, 57, 62-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 49, 64-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 110-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 81-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 82-р ху/, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, /хх-ийн 91-р ху/, мөн хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.Н нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “Хар горхи” гэх нэртэй газарт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 53 ширхэг 3.2 м3 хуурай нарс мод бэлтгэж тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 492048 /дөрвөн зуун ерөн хоёр мянга дөчин найман” төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хохирол төлсөн тухай баримт зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Нын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч С.Нын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 492048 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч С.Н нь Монгол Улсын ойн тухай хуулийн 42-р зүйлд хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байх тул /164160 х 3 = 4924080/ төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байгаа ба уг хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч С.Н нь үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч С.Нын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц 6/зургаан/ сарын дотор хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, энэ шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг болон Шаамар сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 53 ширхэг, 1.50 см урттай, 3.2м3 хуурай нарс модыг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ 1.200.000 /нэг сая, хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 36-01 УБР улсын дугаартай 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Kiа windebongo” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч С.Отгонбаярт олгохоор шийдвэрлэлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт С.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Нын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 650 /зургаан зуун тавь/ нэгжээр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Нд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
6. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг болон Шаамар сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 1.50 см урттай, 3.2м3 53 ширхэг хуурай нарс модыг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ 1.200.000 /нэг сая, хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 36-01 УБР улсын дугаартай 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Kiа windebongo” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч С.Отгонбаярт олгосугай.
8.Шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН